УИХ-аар гурван жилийн хугацаанд яригдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал болон Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь өнөөдрийн хамгийн анхаарал татсан сэдэв байх байлаа.
Төсвийн дараа анхаарал хандуулж, улстөрчдийн ярих, улс төрийн намуудыг зөвшилцлийн ширээний хойно суулгах энэ асуудал харамсалтай нь хэсэг бүлгийн маазрал, өөрт ашигтай батлуулах гэсэн улс төрийн зарим нэг нам эвслийн эсэргүүцлээс үүдэн ач холбогдлоо алдаж, нийгмийн өөр дуулианд дарагдчих гээд байгаа юм.
Дарах хүсэл ч байгаа бололтой. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах талаар бид “дордуулсан долоон өөрчлөлт”-ийг оруулснаасаа хойш ярьсан. Гурван жилийн тасралтгүй судалгаанд үндэслэн өөрчлөлт оруулъя, гэхдээ хүч түрж биш ард түмэндээ мэдээлэл өгөөд асууж зөвлөөд өөрчилье гэж оруулаад ирэхэд цаг нь биш гэж дараад хэвтчих хүсэл олон хүнд байгаа нь өнгөрсөн өдрүүдийн үйл явдлаас харагдлаа.
Үндсэн хуулиар дамжуулан ард түмэн төрийн үйл хэрэгт оролцох боломжтой гэсэн үг.
Өнгөрсөн 10 гаруй жил бид цаг нь биш гэсэн шалтгаан тоочиж үүнийг хойшлуулсан. Үр дүнд нь ард түмний амьдрал туйлдаж, улс төрийн намуудаар дамжуулж төрд суусан хэсэг бүлэг ханаж цадахаа мэдэхгүй баяжлаа, идэж уулаа.
Төрийн дээр нам сандайлж, гурван толгой төрөөр хангалттай удаан тоглолоо. Хэн дуртай нь өөрийгөө захирагчаар томилж, аймаг, сумынхаа нэрийг хот болгон өөрчилдөг гажиг тогтжээ. Одоо энэ бүхнийг өөрчлөх цаг нь болсон байна. Саяхан даа, хэдхэн сарын өмнө УИХ дахь МАН-ын нэр бүхий гишүүд Сонгуулийн хуульд ард иргэдийн саналыг авах асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай санал санаачилга гаргаж байлаа.
Нарийн хэлбэл, 2015 оны дөрөвдүгээр сарын 7-нд МАН-ын дарга М.Энхболд болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар намынхаа удирдах зөвлөлөөс гарсан сонгуулийг пропорциональ, мажоритарын холимог тогтолцоогоор явуулах уу, эсвэл 100 хувь мажоритар тогтолцоогоор явуулах уу гэдэг санал асуулгыг бүх ард түмнээс асуух тухай шийдвэр гаргасан талаар ярьж байсан удаатай.
Тэд нэг өглөө л бүгдийг нь цуглуулаад санал авчихна гэж ярьсан. Сонгуулийн системийн “жижигхэн” асуудлаар санал асуулга явуулж найман тэрбум төгрөг зарцуулах талаар санал санаачилга гарган, хууль боловсруулж өргөн мэдүүлж байсан МАН-ынхан таван сарын дараа гэнэтхэн л ард түмнээсээ асуух шаардлагагүй гэж шийдэх нь тэр.
Гэхдээ сонгуулийн хуулийн тогтолцоог биш Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар ард түмнээс асуух шаардлагагүй хэмээн мэдэгдэл хийж олны нүдийг орой дээр нь гаргалаа. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэ эрхээ эдэлнэ” хэмээн заачихсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар дамжуулан ард түмэн төрийн үйл хэрэгт оролцох боломжтой гэсэн үг.
Тиймдээ ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь өнөөгийн төрийн гаргаж болох хамгийн зөв шийдвэр гэж хэлэхэд буруудахгүй юм. Харамсалтай нь ард түмнээс өөрсдийгөө дээгүүр тавьж, Үндсэн хуульд өөрсдийн хүслээр чимээгүйхэн өөрчлөлт оруулах гэсэн сонирхол нэг хэсэг улстөрчид, нэг биш улс төрийн намуудад байдаг бололтой юм. Тэд өөрсдийгөө ард түмнээс том эрх мэдэлтэн гэж эндүүрчихэж.
Монгол төрд өнгөрсөн 25 жилд 13 Ерөнхий сайд ажиллаж, мөн тооны Засгийн газар солигдсон. УИХ-ын үйл ажиллагаа нэг салангид дарга нь гэх хязгааргүй эрх мэдэлтэн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэсэн тус тусдаа хоёр субьект мөн л хууль тогтоож, хориг тавьж хэн хэнийхээ ажилд тээг саад болж ирсэн.
Энэ төрд суугаа 76 хүн бүгдээрээ л Үндсэн хуулийн гажуудлаас болж засаглалын хямрал болчихлоо хэмээн ярьдаг. Ганцхан энэ удаагийн парламент ч биш өмнөх бүх л парламентын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байсан. УИХ-ын гишүүн
Д.Лүндээжанцан гэх мэт МАН-ын нөлөө бүхий улстөрчид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах цаг болсон гэж ярьдаг нь өнөөдөр ч цагаан цаасан дээр тодоор бичигдсэн нь нууц биш. Тийм байтал эцэг хуулиа улстөрчид бид өөрсдөө өөрчлөх ёстой. Ард иргэдээс асууж яах юм гэх мэтээр асуудлыг арай өөр тал руу эргүүлээд байгаа нь юутай ч ард түмнээ боддог намын хийх ажил биш баймаар.
Тэдэнд ард түмнээс давсан эрх мэдэл эдлэх гэж, эцэг хуулийг өөрсдийн эрх ашиг хүсэл сонирхлоор өөрчлөх гэж санал асуулгыг эсэргүүцэж байна гэхэд хэтийдсэн болохгүй. Улстөрч гэх “сэтэр” зүүсэн хэн болгон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь биш гэж тайлбарлах аж. Тэгвэл цаг нь хэзээ гэж.
Улстөрч гэх “сэтэр” зүүсэн хэн болгон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь биш гэж тайлбарлах аж.
Цаг нь болоогүй гэж хүлээж суусаар бид хэдий хэр хугацаа алдах вэ. дахиад 10 жил Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь эрх мэдлээ булаалдаж, УИХ-ынэ хэн дуртай гишүүн сайдыг огцруулж, дан давхар дээлний маргааныг дахиад 20 жил хийх хэрэг үү. Хатуухан хэлэхэд, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад тохиромжтой хамгийн сонгодог парламент өнөөдөр бий болчихоод байгаа. Бие даагч гишүүд байна, энэ парламентад.
МАН, АН адилхан шахуу суудалтай. Дээрээс нь гурван ч жижиг нам энэ төрийн бодлогод оролцож байна. Нэг үгээр хэлбэл, олонхи байхгүй энэ парламентаас хамгийн сайн хэлэлцэж ярилцсан хууль батлагдаж гарах учиртай бус уу. Цөөнхийн эсэргүүлцэл, нэг суудалтай бие даагч, нөгөө намуудын үзэл бодол туссан өөрчлөлт батлагдах учиртай.
Нөгөө талаар дээр хэлсэнчлэн төрийн эрх барих үйл ажиллагаанд оролцох эрхийг нь эдлүүлж ард түмнээс асуух нь хамгийн зөв хувилбар юм шүү, улстөрчид өө. УИХ-ын нэр хүнд муудчихсан, ийм хүмүүсээр шийдвэр гаргуулахгүй гэж ард түмэн эсэргүүцэж байгаа л бол ард түмнээсээ асуух нь хамгийн зөв шийдвэр болно. Ард түмэнд харин ямар ямар заалтыг хэрхэн өөрчлөх талаар нарийн мэдээлэл өгч, давуу талыг нь тайлбарлаад өгчихвөл тэд өөрчлөх үү, үгүй юу гэдгээ өөрсдөө шийдчих ухаантай хүмүүс. Тэдэнд мэдээлэл дутагдаж байгаа.
Улстөрчдийн маазралаас илүүтэй, бид чадна, ардаас асууж яах гэсэн юм гэх хийрхлээс илүүтэй юуг хэрхэн өөрчлөх, тэр нь ямар ач холбогдолтой вэ гэдэг л чухал байгаа. Харамсалтай нь өнөөдөр Үндсэн хуульд орсон хамгийн чухал заалт, ач холбогдлыг тайлбарлах гэхээс илүү хуулийн төслийг боловсруулсан нэг улстөрчийн хэлсэн үгээр сөрөг пиар явуулж, 99 хүнийг есөн гариг, есийн тооны бэлэгдэл, таван жилийг таван гараг гэх мэтээр элэглэн шоглож сууна.
Эцэг хуульд өөрчлөлт оруулах асуудал болохоос Ц.Нямдорж нарын хардлага сэрдлэг, хууль боловсруулсан нэг гишүүний тайлбарлах өнцөг энд чухал биш. Энэ бүхний цаана ямар том асуудлыг бид хөндөн гаргаж тавих гэж байгааг сөрөг хүчний гишүүд ард түмэнд ойлгуулахыг ч хүсэхгүй байгаа нь илт.
Төрийн эрхийг ард түмэн Үндсэн хуулиар дамжуулан эдэлдэг юм.
Цаг хугацаа давчуу байж болох ч хэрэгтэй хэрэггүй асуудал руу анхаарч суухын оронд иргэдэд энэ талаарх мэдээллийг хүргээд санал асуулга явуулах хугацаа бидэнд байна. Төсөв батлагдах явцад ч Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол энэ бүх хямралтай нөхцөл байдлаас гарч чадахгүй гэдгийг ойлгосон. Өнгөрсөн хугацааны сандал суудлын хэрүүл, Засгийн газраа огцруулж тоглож байгаа бүхэн дордохын долоон өөрчлөлтийн хар гай.
Маргааш ч гэсэн бид өнөөх л сандлаа ярьж, бие биеэ шантаажилж огцруулах талаар ярьж суух гэж үү. Ард түмэн хэрвээ өөрчил гэж зөвшөөрвөл парламентад суусан 76 хүн кноп дараад л явуулах ёстой. Яагаад гэвэл тэд ард түмний саналаар энэ танхимд суусан. Тиймээс ч ард түмэн өнөөдөр шийдвэр гаргаж, өөрчлөх, үл өөрчлөх асуудлаар байр сууриа илэрхийлсэн цагт түүнийг эсэргүүцэх улстөрч энэ танхимаас гарахгүй гэж найдъя.
Төрийн эрхийг ард түмэн Үндсэн хуулиар дамжуулан эдэлдэг юм. Тэр эрхээ бид эдэлмээр байна. Үндсэн хуульдаа хэн нэг улстөрч, ашиг сонирхлын зөрчилтэй намаар өөрчлөлт оруулахыг ард түмэн хүсэхгүй байна, улстөрчид өө. УИХ-ын гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэх. Эсвэл ард түмнээс асууж болохгүй гэсэн хоёр үзүүртэй зүүний цаана тэд олон тохиролцоог нууж байгаа нь дамжиггүй.
Эх сурвалж:
Сэтгүүлч Б.ӨНӨРТОГТОХ
"Монголын Мэдээ" сонин
2015.11.17
No comments:
Post a Comment