Ерөнхий сайд УИХ-ыг тараадаг байж болно
УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.
- Удахгүй Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиох гэж байна. Энэ өдрийн ач холбогдлыг та хэрхэн хардаг вэ?
- Үндсэн хуулийн өдөр гэдэг чухал өдөр. Тусгаар улс үндэстний хувьд бид яаж оршин тогтнох вэ, нийгмийн амьдралаа яаж зохион байгуулах вэ, ямар засаг төр, эдийн засагтай байх вэ, улс үндэстний хувьд хамгийн үнэтэй зүйл нь юу юм бэ гэхчлэн Монгол Улсыг нэгэн гэр бүл гэх юм бол бидний амьдралын бүхий л суурь зарчмыг Үндсэн хуульд зангидсан байдаг. 1992 оны Үндсэн хууль Монгол хүн бүрд, айл бүрд гэрэл гэгээтэй, сайн сайхан амьдрах боломжийг өгсөн. Учир нь энэ Үндсэн Хууль Монгол хүн эх орондоо эзэн нь байх, эрх чөлөөгөө эдэлж амьдрах зарчмыг та бидэнд баталгаажуулж өгсөн. Гэтэл Үндсэн хуулиараа баталгаажуулчихсан дарангуйлалтай улсууд ч байгаа шүү дээ. Зарим хүний өнөөдрийн амьдралд байгаа болохгүй бүтэхгүй бүхэн Үндсэн хуулиас болоод байгаа мэт ханддаг, гадаадаас хуулсан, гадны юм мэтээр хэлдэг хүмүүс бий. Би хувьдаа үүнтэй санаа нийлдэггүй. Өөрсдийгөө, бас социализмын төгсгөлд бий болсон монголын нийгмийн том зөвшилцөл, үнэтэй үзэл санааг ингэтэл нь үгүйсгэж байгаа олон хүн асуудалд илүү нухацтай хандаасай гэж боддог.
- Гэхдээ одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар их хүчтэй ярих болж. УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг хүртэл байгуулж, энэ талаар судалж байна?
- Бид Үндсэн хуульдаа байгаа маш чухал боломжуудыг гүйцэд нээж ойлгож, хэрэгжүүлж чадаж байгаа билүү? Манай иргэд, тэр ч бүү хэл УИХ-ын танхимд суугаа бидний хэчнээн нь Үндсэн хуулиа судалсан, үзэл санааг нь гүйцэд ухаж ойлгож байгаа вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Олон хүн үгүйсгэхээ л түрүүлээд байгаа харагддаг. Ардчилал төлөвшсөн хууль дээдэлдэг орнуудад иргэндээ хүүхэд байхаас нь Үндсэн хуулийнхаа үзэл санааг ойлгуулахад их анхаарал тавьдаг юм билээ. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага огт байхгүй гэж хэлэхгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой, Засаглалын хяналт тэнцвэрийг сайжруулахтай холбоотой зарим асуудлыг улам боловсронгуй болгох зарим тодорхой шаардлага амьдралаас гарч байгаа. Жишээ нь УИХ-ын гишүүн дан дээлтэй байх асуудлыг Үндсэн хуульд гар хүрэлгүй шийдэх бүрэн боломжтой. Харин УИХ, Засгийн газрын тэнцвэрийг илүү сайн хангахын тулд Үндсэн хуулиар Ерөнхий сайдад УИХ-ыг тараах эрх олгох асуудлыг сайтар судалж, Үндсэн хуульдаа тусгаж болох юм. Парламентын засаглалтай олон оронд ийм зохицуулалт бий. Харилцан хяналтын механизм байхгүй бол парламент хэт улс төржиж, Засгийн газар ажиллахад хэцүү болдог, улс орны ажил амьдралыг хойш татдаг жишээ олон бий. Жишээ нь АНУ-ын конгрессийг хар л даа. Өнгөрсөн намар төсвөө батлахгүй хоёр талцаж Засгийн газар нь хэд хоногоор үйл ажиллагаагаа зогсоосныг хүртэл бид харж байсан. Манай 2000 оны Үндсэн хуулийн дордуулсан долоон заалт гэгддэг өөрчлөлт УИХ, Засгийн газрын зөрчлөөс болсон гэж олон хүн үздэг.
- Гэхдээ Монгол Улсын хувьд парламент сонгодог хэлбэрээрээ хөгжиж чадахгүй байна шүү дээ. Их хурал төрийн эрх барих дээд байгууллага гэж байгаа боловч манайд Ерөнхийлөгч их нөлөөтэй. Дээрээс нь УИХ Засгийн газраасаа хараат байдалд орчихсон гэх мэт?
- УИХ-ыг шүдгүй арслан болсон гэх шүүмжлэл бий. Гэхдээ УИХ-ын хувьд Үндсэн хуулийн эрх мэдэл дутаад байгаа юм байхгүй. УИХ-ын зарим чиг үүргийг бусад хуулиар тодотгох, амьдрал дээр үйл ажиллагааг нь улам сайжруулах гээд олон ажил байгаа. Наад зах нь ард түмний төлөөлөл болсон УИХ албан тушаалтнуудыг дуудахад хүрч ирээд үнэн зөв мэдээлэл өгдөг байх ёстой. Гэтэл өнөөдөр УИХ албан тушаалтныг дуудахад ажилтнаа явуулдаг, тэд нь өгөх ёстой мэдээллээ өгөхгүй элдэв тайлбар хийж аргалаад гарах нь хэвийн үзэгдэл. Парламентыг үл хүндэтгэх, хууран мэхлэхийг олон оронд хуулиар хориглож, ийм үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж хариуцлага ноогдуулдаг. Энэ мэт зохицуулалт манайд шаардагдаж байгаа. УИХ, Засгийн газрын давхардал арилбал Засгийн газар нь УИХ-аа атгачихсан өнөөгийн гажуудал багасна гэж боддог. Харин Ерөнхийлөгчийн тухайд парламентын засаглалтай орон юм бол Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог болъё гэдэг яриаг би хувьдаа огт дэмждэггүй. Энэ бол дэвшил биш, том ухралт болно. Парламентын засаглалтай, Ерөнхий сайд нь Засгийн газраа тэргүүлдэг боловч Ерөнхийлөгч нь бүх ард түмнээс сонгогддог, харьцангуй эрх мэдэлтэй энэ тогтолцоо зөвхөн манайд биш, дэлхийн олон оронд байдаг. Бидэнд хамгийн ойр жишээ гэвэл Европын хуучин социалист орнууд байна. Бараг бүгд манайх шиг парламентын тогтолцоотой боловч Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сонгогддог. Хамгийн сүүлд Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог байсан Чех хүртэл 2013 оноос Ерөнхийлөгчөө ард иргэдийнхээ саналаар сонгодог болчихлоо.
- Зүүн Европын орнууд яагаад манайх шиг тогтолцоог авсан юм бол? Бас та Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болбол ухралт болно гэлээ. Үүнийгээ тайлбарлаач?
- Улс орон бүр өөрийн тогтолцоогоо сонгосон түүх янз бүр байдаг. Гэхдээ хуучин социалист орнууд бүгд манайхтай адил энэ тогтолцоогоо хадгалаад байна гэдэг нэг зүйлийг хэлж байгаа биз. Төрийн алба нь олон жилээр тогтворжсон, улс төрийн зөвшилцлийн соёл төлөвшсөн орнуудтай харьцуулахад хуучин социалист орнуудад улс төрийн савалгаа, талцал маш их байдаг. Манайд ч ийм л байгаа. Ийм орчинд бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч үндэсний зөвшилцөл, эв нэгдлийг илэрхийлэгч, улс төрийн хүчнүүдийг холбогч гол субьект болдог. Гэтэл Ерөнхийлөгч парламентын гишүүдийн олонхоос сонгогддог бол энэ чухал үүргийг гүйцэтгэж чадах уу? Үгүй шүү дээ. Олонх болсон намын төлөөлөл төдий л байна шүү дээ. Чех ийм л шалтгаанаар Ерөнхийлөгчөө бүх нийтээс сонгодог болж байна. Нөгөө талаас аюулгүй байдлын том шалтгаан бий. Улс оронд онцгой нөхцөл байдал үүслээ гэж бодоход улс төрийн намуудын хоорондын хэрүүл маргаан, цаг алдсан талцал биш, үндэсний эрх ашгийн төлөө шуурхай шийдвэр гаргах тогвортой эрх мэдэл чухал. Манай гурван гишүүнтэй ҮАБЗ үүнд маш чухал үүрэгтэй. Манайд парламентын институц аюулгүй байдлын нууц асуудлыг хэлэлцэж үр дүнтэй шийдвэр гаргах түвшинд төлөвшиж чадаагүй байна. Геополитикийн онцлог нөхцөлд байдаг Монгол Улсын хувьд бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг тэргүүлдэг энэ тогтолцоо хамгийн зөв гэдэгт би итгэдэг. Тиймээс хэн гэдэг хүн Ерөнхийлөгч байхаас үл хамаараад бид цаашид Ерөнхийлөгчийн институцийг сулруулах биш, харин боловсронгуй болгохын төлөө явах нь улс үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд тустай.
- Ярианыхаа сэдвийг өөрчилье. Одоо УИХ-аар дан, давхар дээлийн асуудал ид яригдаж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталсан ч хэрэгжих хугацаа нь хэзээнээс байх вэ гэдэг дээр бүлгүүд санал зөрж байгаа. Үүнд таны байр суурь ямар байна?
- Энэ хуулийг ойрын үед хэлэлцэж батлах ёстой. Хэрэгжих хугацаа нь энэ оны 7 сараас байх нь зөв гэж бодож байна. Эрх барьж байгаа намын гишүүн гээд намаа хамгаалж 2016 он гэж ярьж болно л доо. Гэхдээ бид улс орны, үндэсний том эрх ашгаа харж байгаа бол, улс оронд тулгамдаж байгаа асуудлуудыг сайтар тунгаавал ийм шийдвэр гаргах нь буруу гэж бодож байна. Энэ улс орон зөв замаар явж байж л аль нам нь хамаагүй бидний, бидний үр хүүхдийн амьдрал зөв болно. Монгол орон зөв явбал маш богино хугацаанд хөгжчих гээд байна. Саар байх юм бол маш түргэн уруудаж мэдэхээр салаа замын уулзвар дээр зогсож байна, яг одоо. Зөв зам гэдэг бол хамгийн гол нь Засаглалаа зөв болгох, байхгүй болчих гээд байгаа хариуцлагын механизмаа засч сайжруулах асуудал. Манайд эдийн засгийн хямрал нүүрлэсэн гэхээсээ илүү улстөрийн хямрал, хариуцлагагүйн зуд нүүрлэж байгаа. Энэ ажлыг УИХ, Засгийн газраа байр байранд нь аваачихаас л эхлэх ёстой. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг биз дээ. Үүнийг хийхгүйгээр төрийн албаа сайн болгож чадна гэдэгт би огт итгэхгүй байна.
-Гэхдээ танай намын бүлгийнхэн энэ хуулийг баталсан өдрөөс нь эхэлж хэрэгжүүлэхтэй санал нийлэхгүй байна шүү дээ?
- Хүмүүс Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлнө гэж болгоомжилж байна. Энэ болгоомжлол оргүй биш. Гэхдээ зөвхөн ийм өнцгөөр хандвал өнөөдөр л тогтвортой байвал 2016 оноос хойш юу ч болсон яах вэ гэсэн үг болно шүү дээ. Тиймээс улс төрөө тогтвортой байлгах бусад боломжуудаа нээж ашиглах ёстой. Тэгээд ч Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно гэсэн байгаа. Би хувьдаа УИХ энэ хуулийг Засгийн газрын 1/3-ээс илүүгүй нь Засгийн газрын гишүүн байж болно гэж өөрчилж баталж болно гэж бодож байгаа. Ерөнхий сайд дангаараа танхимынхаа тавин хувийг төлөөлнө гэж үздэг. Тиймээс энэ хууль батлагдлаа гээд Засгийн газраа тэр чигээр нь өөрчлөх ч шаардлага байхгүй шүү дээ. Нөгөө талаас нь харвал олон жил улстөрд явчихсан хашир, зангарагтай улстөрчид сайд биш, УИХ-ын гишүүнээ хийгээд Засгийн газартаа шаардлагаа тавиад явбал хариуцлага гэдэг зүйл бодитойгоор өөр түвшинд яригдаж эхэлнэ биз дээ. Гэтэл өнөөдөр тэд өөрсдөө дарга ч биш, цэрэг ч биш болчихоод байна.
- Хуулийг 2016 оноос хэрэгжүүлэхээр боллоо гэхэд ямар байдал үүсэх вэ?
- Ний нуугүй хэлэхэд зарим нэг сайд нар миний дээр хөх тэнгэр л байна гэж боддог, улс орны эдийн засаг, өр зээлийн асуудалд казинод азаа үзэж байгаа юм шиг ханддаг, хариуд нь Засгийн газар нь ч, УИХ нь ч яаж ч чаддаггүй аялдан дагалддаг тийм л байдалтай байгаа шүү дээ. Нэг хоёр сайд дураараа загнаж бусад нь хүлцэж нүдээ аньж өнгөрөөдөг энэ хариуцлагагүй байдлын төлөөсийг хэдэн дарга нар биш, бид бүгдээрээ, бидний нялх балчир хүүхдүүд хүртэл үүрч төлнө. Иймээс л бид улс орон боломж, эрсдлийн зааг дээр байгаа энэ цаг үед бие биеэсээ хариуцлага шаардахаас өөр арга алга. Үүнийг харсаар байж дахиад хоёр гурван жил дуугүй урсах гэж үү.
- Шинэ оны өмнөхөн УИХ-ын байнгын хорооны дарга нарыг шинээр томиллоо. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг байнгын хороонд ижил тэгш харъяалуулах асуудал яригдсан. Цөөнхөө сөрөг хүчний байр сууринаас ажиллуулах нөхцөл боломжийг олгоход энэ УИХ хойшоо л суугаад байх юм. Энэ чинь өнөөх л хариуцлагын тогтолцоо алдагдахад хүргээд байгаа юм биш үү?
-Монголын улстөрд өнгөрсөн 20 жилийн хэт улстөржилт анихад төвөгтэй шарх сорви их үлдээжээ гэж боддог. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг аль аль талдаа л асуудал бий. УИХ анх бүрэлдэх үеэс эхлээд л МАН-ын хандлага олон асуудал үүсгэсэн шүү дээ. Ноёны бөх тахимаа өгөх дургүй гэдэг шиг загнаж шинэ бүрэлдсэн УИХ-ын ажлыг арагш чангааснаас болж өнөөдрийн олон асуудал үүссэн. Гэхдээ бид бүхнийг өнгөрсөнтэй холбоод байвал олон жилийн улс төржилтийн ул мөр биднийг улам л хойш чангаана. Тиймээс бид улс орноороо тавьсан зорилготой, холыг зорьж яваа бол урагшаа харж парламентын засаглалаа бэхжүүлэх, аль болох сайн, эрүүл ажиллагаатай, олонхи цөөнхийн хяналтын тэнцвэр сайтай парламентыг бий болгоход зорих нь чухал. Өнөөдөр тухайн улстөрийн хүчинд ашигтай, ашиггүй юм шигээр харагдаж байгаа хандлага урт хугацаандаа монголын парламентын төлөвшил, бидний ирээдүйд хүсээгүй үр дүн авч ирж болно. Монголчууд “үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж боддог уужуу ухаантай ард түмэн. Бид зөв зарчим барьж явах ёстой. Тиймээс байнгын хороодод улстөрийн намуудын төлөөллийг суудлын харьцаагаар нь тэнцвэртэй оруулах асуудлыг шийдэх нь зөв гэж бодож байна.
Эх сурвалж:
"Өдрийн шуудан" сонин
Сэтгүүлч Б.Энхжаргал
No comments:
Post a Comment