2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай хамтруулаад санал асуулга явуулах нь зүйтэй
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцаны байр суурь
-Яг одоогийн энэ цаг үе Үндсэн хуульд өөрчлөлд оруулахад хэр тохиромжтой байна вэ. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Би 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан үндсэн хуульд Б.Чимэд багшийнхаа хамт эх баригчаар оролцсон. Түүнээс хойш хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Ер нь аливаа улсын Үндсэн хуульд тодорхой хугацааны дараа өөрчлөлт орж, урт удаан хугацааны туршид үйлчилдэг. Бидний жишээ татах дуртай АНУ-ын Үндсэн хууль гэхэд 300-гаад жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд 27 удаагийн өөрчлөлт орсон. Ихэнх өөрчлөлтүүд нь батлагдсан даруйдаа. Үндсэн хууль хэрвээ тогтвортой удаан үйлчилж чадвал тухайн улс орон, ард түмний аж амьдрал, нийгмийн тогтвортой байдалд үлэмж нөлөөтэй.
Манай Үндсэн хууль үйлчилж эхлээд 24 жил рүүгээ ороод явж байна. Энэ хугацаанд нэг өөрчлөлт хийсэн. Үндсэн хуульд тийм амар гар хүрч болдоггүй. Энэ хуулийн зүйл заалт болгон нь хоорондоо нарийн уялдаатай. УИХ-ын гишүүн Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаад Үндсэн хуульд зарим өөрчлөлтийг хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Үүний дагуу УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан 6-7 сар ажиллалаа.
Ажлын хэсэг дээр саналын зөрүүнүүд маш их гарсан. Гарын үсэг зурсан миний хувьд ч саналын зөрүүнүүд байгаа. Өргөн барьсан төсөл дотор бидэнтэй ярилгүй Үндсэн хуулийн нэрийг “Эх хууль” гэж нэрлэсэн, УИХ-ын гишүүдийн тоон нэмсэн, бүрэн эрхийн хугацааг таван жил болгон өөрчилсөн зэрэг нь өөрчлөлтүүд нь Үндсэн хууль боловсруулах журмын тухай хуультай зөрчилдөөд байгаа. Ер нь бэлэн болсон төслөө ард түмний санал асуулгаар шийдүүлэх ёстой гэдэг байр сууринаас бид гарын үсэг зурсан.
Харамсалтай цаг хугацааны хүчин зүйл тулчихсан байна. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг яаралтай өөрчиллөө гэж бодоход ард түмний санал өгөх эрхэд халдаж болзошгүй. Тиймээс судалж үзэж, дүгнэж цэгнэх ёстой.
Манай 1992 оны Үндсэн хууль бол үндэсний мэргэжилтнүүдийн оюуны чадавхад тулгуурласан ард түмний өөрсдийнх нь бүтээл туурвил юм.
Үндсэн хуульд хийх шаардлагатай өөрчлөлтүүдийн талаар олон түмэн их ярьж байгаа. Тухайлбал, давхар дээл тайлах, яамдын тоог нарийн тогтоож өгөх, Ерөнхий сайд кабинетаа эмхлэн байгуулах, зарим аймгийн төвүүдийг хотын статустай болгох зэрэг асуудлууд байгаа. Түүнтэй санал нийлж байна. Санал нийлэхгүй асуудлууд ч байгаа. Тиймээс Их Хурал дээрээ сайн хэлэлцээд, дараагийн парламент ч бас үүнийг хэлэлцэж болно. Ингээд орон нутгийн сонгуультай юм уу эсвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай хамтруулаад Үндсэн хуулийн ийм өөрчлөлтүүдийг ард түмэн дэмжих үү үгүй юу гэдэг дээр санал хураах нь зүйтэй гэсэн хувийн байр суурьтай байгаа.
Ингээд үзэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа сайжруулж оруулах ёстой. Үндсэн хуулийн дархлааг маш сайн хангах ёстой. Ингэж байж Үндсэн хуулийн үндсэн хуулийн амьдрах чадвар нь сайжирна.
-Өргөн баригдсан төслөөр Ерөнхийлөгчийн эрх мэдээл нэлээд хумигдах юм билээ. Жишээ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг эрхийг нь хасна, мөн хууль санаачлах эрхийг нь хасна гэх мэтчилэн.
-Судлаачийн байр сууринаас аваад үзвэл Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах нь зүйтэй гэж үзэж байгаа. Одоогийнхоор бол хоёр засгийн газартай юм шиг болчихоод байгаа юм.
Сонгодог парламентын засаглалтай улсад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд нь толгойлдог боловч манай улсын хувьд Ерөнхийлөгч тэргүүлдэг. Өргөн баригдсан хуулийн төсөлд гарын үсэг зурсан боловч санал зөрүүтэй олон зүйл бий. Энэ зөрүүнүүдийг арилгасны дараа ард түмнээс санал авах ёстой. Үзэл баримтлалыг дэмжих үү үгүй юу гэдэг томьёоллыг УИХ-аар хэлэлцээд ард түмнээсээ асууж шийдүүлэх ёстой.
-Гишүүдийн тоог нэмэх тухайд?
-Өнөөдрийн нийгмийн сэтгэл зүй гишүүдийн тоо нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Ийм учраас одоо байгаагаараа 76-гаараа байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
Эх сурвалж:
No comments:
Post a Comment