Friday, November 13, 2015

Ерөнхий сайд асан Д.Содном - 2015.11.10

Ерөнхий сайд асан, монгол улсын гавьяат эдийн засагч Д.Содном бичиж байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах миний санал

Монгол Улсын Үндсэн хуульд зарим өөрчлөлт оруулах энэ саналаа би УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарт 2011 оны гуравдугаар сарын 12-нд гардуулан өгч Их хурлын гишүүддээ танилцуулж санал авахыг зөвлөж байсан юм.
Гэвч хариу авалгүй өнгөрсөн. Гурван жилийн өмнөх энэ байр суурь маань өдгөө ч хэвээрээ бөгөөд саяхан тэмдэглэсэн шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ойн үеэр “эцэг”хуулийг өөрчлөх нь зөв буруу талаар тухайн үеийн депутатууд санал бодлоо илэрхийлж байв.
Тиймээс Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар олгогдсон эрхийнхээ дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсын төрийн байгуулал” хэмээх Гуравдугаар бүлэгт өөрчлөлт оруулах өөрийн байр суурийг ард түмэнтэйгээ дахин хуваалцахаар шийдлээ.


1.Үндсэн хуулийн “Төрийн байгуулал”-ын тухай заалтуудыг өөрчлөх саналын үндэслэл:
  • Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн “Монгол Улсын бүрэн эрхт байдал”-ыг хангах заалтууд тууштай хэрэгжих ёстой. Гэтэл Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд заасан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн зарчмын заалт хэрэгжихгүй удлаа.
  • Монголын эдийн засгийн гол амин сүнс нь өнөөдөр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болчихоод байгааг эрхэм түшээд ойлгож буйд итгэнэм
Гэтэл хөрөнгө оруулалт нэмэгдэх шинжгүй, харин ч өнгөрсөн оны сүүлийн гурван сард хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан талаар Монголбанкны цахим хуудаст бичсэн байна билээ. Хөрөнгө оруулалтын хуулийг сурталчилж, хууль хэрэгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх, улмаар гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд “хайртай” болгохын тулд өнгөрсөн оны сүүлчээр Хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргаж, Эдийн засгийн хөгжлийн сайдад хариуцуулсан.
Хөрөнгө оруулалтын тухай хуулиа машин гэж бодвол бид моторыг нь боогоод угсарчихаад байна.
Харамсалтай нь, тус газрын энэ талаар хийж хэрэгжүүлж байгаа тухай мэдээлэл битгий хэл нэг үсэг ч хайгаад нэмэргүй, юу ч алга. Хөрөнгө оруулалтын газраас хуультай холбоотой асуудлаар асууж лавлахад “Манайх хариуцахгүй, мэдэхгүй, холбогдох яам нь мэднэ” гээд Сангийн яам руу чиглүүлнэ. Харин Сангийн яам нь бас юу хийж байгаа нь тодорхойгүй, таг л байна.
Зүй нь бол өнгөрсөн хугацаанд Хөрөнгө оруулалтын шинэ хуулиа сурталчлах, Хөрөнгө оруулалтын шинэ газар нь үйл ажиллагаагаа тодорхой болгочихсон, энэ хугацаанд тогтворжилтын гэрчилгээ хэдийг олгосон, энэ хуулийн хүрээнд хэдэн төсөлд татварын хөнгөлөлт чөлөөлөлт өгсөн бэ гэдгээ гаргачихсан баймаар хангалттай хугацаа.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлд холбогдох бусад хууль тогтоомжид зохих өөрчлөлтүүд хийгдэхгүй, хэзээ хийгдэх нь тодорхойгүй хүлээлт үүсгэн, бүрхэг хэвээр байгаа нь монголчууд бид аливааг бүрэн төгс хийж чаддаггүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын тухай хуулиа машин гэж бодвол бид моторыг нь боогоод угсарчихаад байна.
Гэтэл нөгөө машинд нь шатахуун алга, бас дөрвөн дугуйг нь угсраагүй байна шүү дээ. Ийм машинаар бид холын замыг туулах нь байтугай урагшаа алхам ч хөдөлж чадахгүй нь ойлгомжтой. Энэ 2014 оныг Засгийн газраас “Үйлдвэржилтийг дэмжих” жилээр зарласан.
Удахгүй, ердөө cap шинийн дараахан бүтээн байгуулалтын ажлууд юу юугүй эхлэх гэж байхад Хөрөнгө оруулалтын хуулийн дагалдах хуулиуд хэрхэх эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй. Уг нь бүх зүйл тодорхой болчихвол төсөл хөтөлбөрүүд түргэн хугацаанд дахин сэргэж хөдөлгөөнд орно, тэр чинээгээрээ манай эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Гэтэл хаврын чуулганаас өмнө энэ дагалдах хуулиудаа УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхгүй бол дахиад л хагас жилийн хугацаа алдах гээд байна.
Тодруулбал, ид бүтээн байгуулалт хийж байх улиралд бид юу ч хийж чадахгүй өнгөрч, өнөөх дээр дооргүй яриад буй эдийн засгийн өсөлт “үлгэр” болох нь. Бид улирлаас хамаарч бүтээн байгуулалтаа хийх богинохон хугацаатай улс. Хатуухан анхааруулахад Хөрөнгө оруулалтын хуулийг дагаж мөрдөх журмуудыг батлах, хөнгөлөлт чөлөөлөлт олгох татварын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажлуудаа УИХ амрахаас өмнө батлуулахгүй бол хөрөнгө оруулалт, эдийн засгийн орчин тогтвортой хөгжихгүй, энэ хэрээр гадаад худалдааны тэнцэл алдагдах, валютын ханш өсөх, инфляц нэмэгдэх, эдийн засаг хумигдаж, бизнесмэнүүд хаалгаа барих, ажилгүйдэл ихсэх гээд сөрөг үр дагаврууд гарна. Гол нь арай гэж нүүрээ нааш нь харуулах гэж байсан гадаадын хөрөнгө оруулагчид захаасаа нүүр буруулж эхэлсэн гэхэд хатуудсан болохгүй.
Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хараат эдийн засагтай, түүнийгээ солонгоруулж, аж үйлдвэрийн болон бусад төслүүдээ дэмжих хүсэл сонирхолтой л бол Засгийн газар, УИХ хамтран Хөрөнгө оруулалтын хуулийг амь оруулах бусад хууль тогтоомждоо хурдхан шиг нэмэлт өөрчлөлт оруулах нь юу юунаас чухал байна.
Хэдийгээр хууль баталчихаад байгаа гэх боловч асуудлууд цөөнгүй байгаа, хамгийн наад захын жишээ гэхэд уг хуулийн есдүгээр зүйлд тогтворжуулах гэрчилгээ олгох асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоох учиртай.
Мөн хуулийн 11.2-т “барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний,нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих, эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих зорилгоор импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно” гэж нарийвчлан заасан.
Эдгээр аж үйлдвэр, тухайлбал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд гааль болон НӨАТ-аас чөлөөлж байгаа ч бусад төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх асуудлыг цаг алдалгүй хуульчилж өгмөөр байна. Мөн аливаа бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэхэд барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалтад түр хугацаагаар ажиллах гадаадын нарийн мэргэжлийн ажиллагсад онцгой үүрэгтэй байдаг.
Үүний ач холбогдлыг ойлгож, Хөрөнгө оруулалтын хуулийн 12.1.3-т гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхтэй холбогдсон хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаралтай хийх хэрэгтэй. Тулгамдаж буй дээрх асуудлуудыг яаралтай цэгцэлж, ажил хэрэг болгож чадвал өнөөх бидний хүсээд яриад байгаа “Ухаалаг төр” гээч нь жинхэнэ утгаараа мөн болох билээ.
Уг нь манай Засгийн газар хийе, асуудлаа шийдүүлье гэвэл хурдан хугацаанд ажиллаж, хууль тогтоомжоо батлуулж чаддаг шүү дээ. Үүний хамгийн сүүлийн жишээ гэвэл хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Мэдээж хүнсний аюулгүй байдал нь хамгийн чухал асуудал мөн. Тийм ч учраас Засгийн газар саяхан гаднаас худалдаж авах 100 мянган тонн улаан буудайг гааль болон НӨАТ-аас чөлөөлүүлэх хуулийн төслийг маш богино хугацаанд санаачлаад, боловсруулаад, УИХ-аар оруулж хэлэлцүүлээд бүр батлуулаад авлаа. Гэхдээ эдийн засгийн аюулгүй байдлыг түүнээс дутахгүй чухал гэж тооцон Хөрөнгө оруулалтын хуульд амь оруулах цаг болжээ гэдгийг хүн бүр хэлж байна. Монголын эдийн засгийн гол амин сүнс нь өнөөдөр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болчихоод байгааг эрхэм төрийн түшээд ойлгож буйд итгэнэм.
Засгийн бүх эрх улс төрийн намуудын мэдэлд ороод байгааг нэн даруй зогсоож Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөх зорилготой өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах нь миний саналын гол үндэслэл юм.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийг зөрчсөн, түүнд зохицохгүй байгаа хуулиуд гэж үзэхэд болохоор байгаа.

-Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын үүрэг эрхийг зааглах, Бэлгэдлийн гэж үзэж болохоор байгаа Ерөнхийлөгчийг улс, нийгмийн хөгжлийн төлөө ажиллах тодорхой өргөн үүрэгтэй, үр дүнгийн төлөө хүлээх өндөр хариуцлагатай Ерөнхийлөгч болгох үзэл болол бол миний саналын бас нэг үндэслэл юм. 2.Үндсэн хуулийн Гуравдугаар буюу "Монгол Улсын төрийн байгуулал” гэсэн бүлэгт дараах өөрчлөлтийг оруулах саналтай байна:

2.1.Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэсэн заалтыг “Улсын Их хурал хоёр танхимтай, Дээд танхим нь 350 гишүүнтэй, Доод танхим нь 35 гишүүнтэй байна” гэж өөрчлөх.
Нэмэлт тайлбар: Дээд танхим жилд 2-3 удаа хуралдана. Доод танхимын ажилд хяналт тавих, түүнээс боловсруулсан, баталж гаргасан хууль, түүний хэрэгжилтийг хянах, шаардлагатай гэж үзсэн нөхцөлд өөрчлөх, Ерөнхийлөгч бөгөөд Засгийн газрын тэргүүний үйл ажиллагаа Монгол Улсын хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавина.
Доод танхим байнгын ажиллагаатай хууль боловсруулах батлах ажиллагааг хариуцна. Дээд, Доод танхимын үндсэн үүргийн эдгээр асуудлыг Үндсэн хууль болон холбогдох хуульд тусгах хэрэгтэй.
Улсын дээд Шүүхийн шүүгчид, Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчдыг томилох асуудлыг Дээд танхимын онцгой бүрэн эрхэд хадгалж, түүний шийдвэрлэх асуудалд хамааруулах нь зүйтэй болно.

2.2.Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийг “Улсын Их Хурлын Дээд танхимын гишүүдийг сум, дүүргийн иргэд өөрсдөө нэр дэвшүүлэн зургаан жилийн хугацаагаар сонгоно, Доод танхимын гишүүдийг Дээд танхим томилно” гэж өөрчлөх. 
Нэмэлт тайлбар:
  • УИХ-ыг зургаан жилийн хугацаагаар сонговол төрийн тогтвортой үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх, сонгогдсон гишүүд богино хугацаанд ажиллах түр хүмүүс шиг биш, үр бүтээл гаргаж дүгнүүлэх сэтгэлээр ажиллах нь илүү байх болно. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүдийн 20 хувийг хоёр жил тутамд шинэчилж байх, тэдэнд ёс зүй, ажлын хариуцдагаар тавих шаардлагыг өндөржүүлэх заалтыг Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт нэмэлт болгон оруулах нь зүйтэй.
  • Дээд танхимын гишүүнд нэр дэвшүүлэх сонгох эрхийг сум, дүүргийн иргэдэд бүрэн утгаар нь өгсөн нөхцөлд, гишүүдийн олонхи нь оршин суугаа газартаа эрхэлсэн ажлаа хийж, сонгосон иргэдийнхээ дунд амьдарч байх нөхцөлд жинхэнэ ард иргэдийн хүсэл сонирхлыг илэрхийлэн төрийн эрх барих ажилд шууд оролцох бодит нөхцөл бүрдэнэ.
  • Тухайн сум, дүүргээс УИХ-ын гишүүнд сонгохоор нэр дэвшүүлэх эрхийг тэнд амьдардаг иргэд, тэндхийн эмэгтэйчүүд, залуучууд, үйлдвэрчний зэрэг олон нийтийн байгууллагын төлөөлөлд болон улс төрийн намын төлөөлөлд адил байх нөхцөлөөр олгох нь зүйтэй. Төрийн бус олон нийтийн байгууллагуудын тухай болон Улс төрийн намуудын тухай хуулийг нэг хууль болгон өөрчлөх хэрэгтэй. Зөвхөн энэ нөхцөлд нам төвтэй биш төр төвтэй засаглалтай болох алхам хийгдэнэ, намын нэрээр эрх мэдэл албан тушаал авдаг, түүгээр дамжиж хувийн ашиг сонирхлыг хангадаг, гэмт хэрэгтэн намын хамгаалалтад ордог зэргээс болж төр, нийгмийн хооронд харилцан итгэлцэл алдагдах, тогтворгүй байдал үүсэх даамжрахаас сэргийлж, төрийн бүх шатны байгууллагад хариуцлагыг өндөржүүлэх нөхцөл бүрдэнэ. Ийм зарчмын үүднээс сонгуулийн тухай хуулийг үндсээр нь өөрчлөн боловсруулж батлах нь зүйтэй.
  • УИХ-ын Доод танхим нь хууль эрх зүй, эдийн засаг, нийгмийн ухааны холбогдох мэргэжлийн, туршлагатай шилдэг боловсон хүчний бүрэлдүүнтэй, байнгын ажиллагаатай байх бөгөөд танхимын гишүүдийг өндөр цалин хангамжтай ажиллуулах нь зүйтэй. Зохих мэргэжил, туршлагын шаардлагад зохицох хүмүүсийг Дээд танхимын гишүүдээс бүрэн бүрдүүлэхэд хүндрэл гарч болно. Ийм учраас Доод танхимын гишүүдийн заримыг Дээд танхимын гишүүн биш хүмүүсээс сонгон шалгаруулж томилох нь зүйтэйг анхаарч хуулийн холбогдох заалтуудад тусгах/.
2.3.Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн хурлыг зургаан жилийн хугацаагаар сонгох сонгуулийг Улсын Их хурлын сонгуультай нэг хугацаанд зэрэг явуулна” гэсэн өөрчлөлт оруулах.
Тайлбар: УИХ болон аймаг, нийслэлийн хурлын хугацаа адил, сонгууль нь нэг хугацаанд зэрэг явагддаг байх нь ажил уялдаатай, хөрөнгө цаг хэмнэх ач холбогдолтой.

2.4.Үндсэн хуулийн Хоринтавдугаар зүйл буюу Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагдан шийдвэрлэгдэх асуудалд дараах зүйлийг хамруулах нэмэлт оруулах:
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг урт, дунд хугацаанд хөгжүүлэх стратеги бодлогыг, хэрэгжүүлэлтийг нь хангах гол төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний хамт хуульчлан баталж, гүйцэтгэлд хяналт тавина”
Тайлбар: УИХ-аас хуульчилж баталсан хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй, түүнийг үе үеийн парламент, засгийн газар нь уламжлан авч хэрэгжүүлдэг байх, тавьсан гол зорилтыг амжилттай хэрэгжүүлж чадсан нам буюу хувь хүнд итгэл үзүүлдэг болсон нөхцөлд улс цэгцтэй бодлогоор тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ. Сонгуульд олон санал авч Төр, засгийн удирдлагад гарахыг гол зорилго болгосон улс төрийн нам буюу хувь хүн үндэслэл тооцоогүй, хоосон амлалт зарлаж гарч ирээд хувийн ашиг сонирхолоо бүрдуүлээд алга болдог гажиг засагдана.

2.5.Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт дараах асуудлуудаар нэмэлт оруулах:
  • Дээд танхим нь хурлын чөлөө цагт байнга ажиллах тэргүүлэгчидтэй байх;
  • УИХ-ын даргыг УИХ-аас сонгох;
  • УИХ-ын дарга нь орон тооны бөгөөд УИХ-ын Дээд танхим болон УИХ-ын Тэргүүлэгчдийн дарга байх;
  • УИХ-ын Дээд танхимын гишүүдийн 20 хүртэл хувийг хоёр жил тутамд өөрчлөх сонгууль явуулж байх;
  • УИХ-ын гишүүдээс ёс зүйн болон ажлын хариуцлага алдсан, гэмт хэрэг, ялангуяа авлигын хэрэгт нэр холбогдсон тохиолдолд өөрөө огцроогүй бол түүнийг огцруулж, нөхөн сонгууль явуулах саналыг Дээд танхимаас зохих тойргийн сонгогчдод үндэслэлтэйгээр тавьж шийдвэрлүүлдэг байх;
  • Улс орны болон орон нутгийн хөгжлийн онц ач холбогдол бүхий асуудлыг шийдэхэд иргэдийн саналыг авч байх зорилгоор нийт иргэд болон аймаг, нийслэлийн иргэдийн саналыг авч байх зорилгоор нийт иргэд болон аймаг нийслэлийн иргэдийн дунд тодорхой асуудлаар санал асуулгыг тогтмол явуулдаг байх.
2.6.Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлд байгаа “Улсын Их Хурлын дэд даргыг нам эвслийн бүлгээс сонгоно гэсэн заалт”, мөн 31 дүгээр зүйлийн “Ерөнхийлөгчид намаас нэр дэвшүүлэх тухай заалтыг хасах”
Нэмэлт тайлбар: Төрийн байгууллагын удирдлагыг сонгох томилох, бүтцийг бүрдүүлэхэд улс төрийн нам оролцдогийг, УИХ-ын гишүүдийг намын бүлэг болгож хуваадгийг, бусад арга хэлбэрээр Төр, засгийн байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн нам оролцохыг хязгаарлах нь зүйтэй. УИХ, Засгийн газрын гишүүд ямар нэг намын харьяалалд байхыг хориглох нь зүйтэй. Энэ бүх нөхцөлд ард түмнийг төлөөлсөн УИХ-ын гишүүд, Төр, засгийн бүх шатны байгууллагад ажиллагсад улс нийгмийн эрх ашгийг эрхэмлэсэн санаа бодлоо бусдаас “улс төрийн аль нэг намын дарамтаас” хамааралгүйгээр илэрхийлэн ажиллаж байх болно.

2.7.Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний ажлыг хавсран гүйцэтгэж болохоор заасныг хасах.
Тайлбар: Хууль тогтоох, гүйцэтгэх эрх үүргийг заагтай байлгах нөхцөлд харилцан тавих шаардлага, хүлээлгэх хариуцлага өндөр байх болно/.

2.8.Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийг өөрчлөх. Тухайлбал, “Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын Дээд танхимаас сонгож, түүнд Засгийн газрыг тэргүүлж ажиллах үүргийг хариуцуулах” гэсэн өөрчлөлт оруулах.
Тайлбар: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох нь Парламентын засаглалыг бататгах, засгийн бүх эрхийг мэдэлдээ байлгах эрхийг нь ард түмэнд эдлүүлэх, Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын үүрэг хариуцлагыг зааглан тодорхой болгож өгөх зэрэг олон талын ач холбогдолтой. 

2.9.Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийг өөрчлөхтэй холбогдуулж хуулийн 33 дугаар зүйлд заасан Ерөнхийлөгчийн эрх үүргийн асуудлуудыг УИХ-ын Дээд танхимын даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийн асуудал болгох нь зүйтэй.
Тайлбар: Нэгэнт Ерөнхийлөгч нь Засгийн газрыг тэргүүлж байх учраас түүний бүрэн эрхэд хамаарах асуудлаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, Засгийн газарт чиглэл өгөх гэсэн заалтыг хасах, түүнчлэн бүрэн эрхийн бусад асуудлыг УИХ-ын Дээд танхимын даргад эдлүүлэх замаар эрх үүргийн хуваарилалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй болно.

2.10.Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийг өөрчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэд Ерөнхийлөгчтэй байлгах заалттай болгох.
Тайлбар: Ерөнхийлөгч нь Засгийн газрын үйл ажиллагааг хариуцах учраас өдөр тутмын үйл ажлыг эрхлэх, түүнийг эзгүй, чөлөөлөгдсөн, огцорсон, нас барсан нөхцөлд бүрэн эрхийг нь дэд Ерөнхийлөгч хариуцдаг байх нь зөв.

2.11.Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад дараах нэмэлт оруулах: “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх урт, дунд хугацааны стратеги төлөвлөгөөг, хэрэгжилтийг нь хангах гол төсөл, арга хэмжээний цогц төлөвлөгөөний хамт боловсруулан УИХ-д өргөн барьж батлуулах, тэдгээрийг байнга боловсронгуй болгох, хэрэгжүүлэлтийг үр дүнтэй зохион байгуулахыг УИХ-ын өмнө хариуцна”
Тайлбар: Засгийн газрын хариуцах гол асуудал нь УИХ-аас баталсан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт дунд хугацааны бодлого төлөвлөгөө, бусад хуулийг хэрэгжүулэх ажил байх ёстой/.

2.12.Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд дараах нэмэлт өөрчлөлт оруулах:
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд хугацааны стратеги бодлого, төлөвлөлтийн асуудлыг хариуцсан яамыг Засгийн газрын Тэргүүн шадар сайдын зэрэглэлтэй хүнээр удирдуулан тогтвортой ажиллууна”

2.13.Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлд: “Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна” гэсэн өөрчлөлт оруулах.
Миний дээрх саналд дурдсан
  1. УИХ-ыг хоёр танхимтай болгох;
  2. Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөх зорилгоор сонгуулийн журмыг өөрчлөх;
  3. Ерөнхийлөгчид Засгийн газрын үйл ажиллагааг хариуцуулах;
  4. Монгол Улсыг урт, дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй болгох зарчимын асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулах, Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.16 дахь заалтын дагуу иргэдийн дунд санал асуулга явуулах нь зүйтэй байна.
Улс төрийн намын нэрээр нэр дэвших буюу намын томилолтоор УИХ-ын гишүүн болж байх сонирхолтой хүмүүс УИХ-д олонхи байгаа нөхцөлд төрийн тогтолцоог сайжруулах, сонгуулийн системийг өөрчлөх замаар Үндсэн хуулийн заалтын дагуу засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөхөөс цааргалж, төр төвтэй биш нам төвтэй засаглалтай байхыг эрхэмлэдэг мэт санагдах болсныг ч энэ дашрамд дуулгах нь зөв байх.

Эх сурвалж:
Л.Оюунгэрэл, "Өдрийн шуудан" сонин

No comments:

Post a Comment