Үндсэн хуулиа судалж, мэдээгүйгээс иргэд эрхээ бүрэн эдэлж, хамгаалж чадахгүй байна
АИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж асан Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Гомбожавтай Ардчилсан шинэ Үндсэн хуулийн талаар илэн далангүй яриа өрнүүллээ.
-1992 оны Үндсэн хууль бол бүх ард түмний бүтээл мөн гэснийг өдгөө хүмүүс нэг л ойшоохгүй, бэлгэдлийн чанартай тодорхойлолт гэж хандаад байх шиг санагддаг. Үүний утга учрыг Та баримттай, тодорхой тайлбарлаж өгнө үү?
-1992 оны Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний оюун санааны бүтээл. АИХ-ын депутатууд ингэж тодорхойлно. Зарим хүн 1992 онд 430-аад депутат, 100 орчим хоног хуралдаад л Үндсэн хууль гаргасан гэж ярьдаг. Үнэндээ бол 1960 оны Үндсэн хуулийг шинэчлэх асуудал 1980-аад оны сүүлчээс яригдаж байсан бөгөөд тухайн үед МАХН-ын даргаар ахлуулсан комисс томилогдсон байв. Үүний дараа Ардчилсан хувьсгал ялснаас үүдэн Үндсэн хуулийг боловсруулах комиссын бүрэлдэхүүнд ч өөрчлөлт орсон. Тавих зорилго, агуулга, сэдэв ч өөр болсон. Тэр үеийн Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан юм. Тэр комисс Үндсэн хуулийн төслийг боловсруулаад, Улсын Бага Хурлаар хоёр ч удаа хэлэлцээд, дараа нь бүх ард түмнээр хэлэлцүүлэх ажлыг тэр үеийн Ардын Их Хурал, Улсын Бага Хурал, Засгийн газар, төрийн болон орон нутгийн төв байгууллагууд зохион байгуулсан. Би энд нэг тоо хэлье. Тухайн үеийн баримтуудыг сөхөж харвал Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхэд 900 мянга гаруй хүн оролцсон. Энэ бол сонгуулийн насныханы ихэнх нь юм. Мөн үүний тэн хагас нь буюу 415.428 хүн санал хэлж, 5177 санал ирүүлсэн байдаг.
-Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан Үндсэн хуулийн төсөл шат шатны хэлэлцүүлгийн дараа хэр их өөрчлөгдсөн бэ?
-5177 саналаас алийг нь авах, алийг нь авахгүй байх вэ гэдгийг судална гэдэг том ажил байсан. Үүнийг дэнслэхээр манай орны тэргүүлэх эрдэмтэн, мэргэжилтэн 90 хүнээс бүрдсэн ажлын 10 хэсэг байгуулагдаж байлаа. Анх “Их цааз” гэдэг нэртэй байсан, түүний бүлэг тус бүр дээр ажиллуулахаар дээрх тооны ажлын хэсэг байгуулсан юм.
Мөн бусад орны үндсэн хуулиудыг судалж, харьцуулсан. Хэлэлцүүлгийн явц зөвхөн дотоодод төдийгүй олон улсын хэмжээнд явагдсан юм. С.Зоригоор ахлуулсан парламентын бүлгийнхэн гадаадын эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллага болон олон улсын байгууллагынхан оролцсон хурал, семинарыг Монголд зохион байгуулсан. Тэр хурал, семинаруудад үндсэн хуулиар мэргэшсэн, дагнан судалгаа хийдэг гаднын нэртэй эрдэмтэн, судлаачид оролцож хэлэлцэн, санал, зөвлөгөө өгч байсан. Энэ мэтээр Монголын бүх ард түмэн, гадна дотнын тэргүүлэх зэргийн эрдэмтэн, судлаачид Үндсэн хуулийн төслийг шүүн, тунгааж баталснаар өнөөдөр мөрдөгдөж байна. Товчхондоо, нийт иргэдийн оролцоотой, хүн төрөлхтний оюун санааны дэвшилтэт ололтуудаас өөрийн орны нөхцөл байдалд тохируулан шингээсэн хууль болсон.
УБХ-аас өргөн барьсан тэр хувилбар АИХ-аар батлагдах хүртэл нэлээд өөрчлөлт орсон. Эдгээрээс тэмдэглэж хэлэхээр зүйл гэвэл, нийгмийн байгуулалынхаа хэлбэрийг сонгох гэж ес хоног хэлэлцэж байсан. Зарим нь парламентийн засаглалтай болно, нөгөө хэсэг нь ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв гээд. Үр дүнд одоогийн засаглалын хэлбэр буюу ерөнхийлөгчийнх ч биш, парламентийнх ч биш холимог хувилбар дээр тогтсон юм.
-Тухайн үед АИХ-ын депутатууд ниймгийн байгуулалаа ийн хуульчлахдаа өнөөдрийн байдалд хүрнэ гэж тооцоогүй байсан уу?
-АИХ-ын зарим депутат “Сонгодог парламентын хэлбэрээр байх ёстой байсан юм” гэж одоо хэр нь шүүмжлэлтэй ханддаг.
Ерөнхийлөгч аж ахуй, санхүүгийн ажилд оролцох ёсгүй гэсэн хэрнээ Засгийн газарт чиглэл өгдөг, ҮАБЗ-ийн дарга, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хувьд зарим талаар яах аргагүй аж ахуйн ажилд оролцдог. Тэр нь буруу юм. Жишээлбэл, хоёр гурван жилийн өмнө Утаатай тэмцэх үндэсний хорооны дарга нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан. Гэсэн ч тэр ажил үр дүн гараагүй, өнөөдөр ч утаатайгаа байж байна. Ийм юманд Ерөнхийлөгч хутгалдаж, нэр нүүрэндээ нөлөөлүүлэх ёсгүй байгаа юм. Бид Ерөнхийлөгч аж ахуй болон санхүүгийн асуудалд оролцохгүй гэж тооцон Үндсэн хуульд заалтууд оруулсан ч үр дүн нь өөр болчихсон.
-Монгол Улс 1924, 1940, 1960, онуудад Үндсэн хууль баталж байсан. Ардчилсан, шинэ гэдэг тодотголтай 1992 оны Үндсэн хуулийн ололт, дэвшил нь юу байсан бэ?
-Хамгийн энгийнээр хэлвэл, өмнө нь нэг намын төрийн дээр байсан юм. “Марксист, Ленинист онолыг удирдлага болгосон МАХН бол манай нийгмийг удирдан чиглүүлэгч хүч мөн” гэсэн Үндсэн хуулийн заалттай, нам шийдвэрлэж байж, төр тэрийг нь ёс маягаар бататгадаг байдлаар нэлээд олон жил явсан юм. Гэхдээ МАХН-ын бүх түүх тийм байсан уу гэвэл үгүй. 1940-1950-иад оны үед Засгийн газрын дор нам ажилладаг байлаа. 1960-аад оноос нам хүчирхэгжиж, төрийн дээр гарсан хэрэг. Үүнийг л 1992 оны Үндсэн хуулиар өөрчилсөн. Гэхдээ өнөөдөр энэ зарчмыг гажуудуулсан байдал гараад байгаа бөгөөд үүнийг нь 1990, 1992 оны их Ардчиллын үндсэн дээр хийсэн Сонгуулийн тухай хуулийн заалтуудаар засах боломжтой. Өөрөөр хэлбэл, нам, төрийн бус байгууллагууд, иргэд төлөөллөө УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй байв. Өнөөдөр энэ өөрчлөгдсөн. Зөвхөн нам л нэр дэвшүүлж байна, ард түмний сонгоогүй, намын жагсаалтаар УИХ-ын танхимд сууж буй гишүүд байна. Үндсэн хуульд “Төрийн эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан байгаа. Ард түмэн хэзээ мэдлээ хэрэгжүүлдэг вэ гэхээр сонгуулийн өдөр санал хураах хайрцагт саналаа хийх үедээ тэр мэдлээ хэрэгжүүлдэг юм.
Мөн хүний эрхийг Үндсэн хуульдаа бүлэг болгон оруулж өгсөн явдал. Дэлхийн бусад орны дэвшилттэй хийгдсэн үндсэн хуулийн жишгийг хангасан заалтуудтай. Эрх чөлөөг ард нийтэд эдлүүлэх заалттай, түүнийг нь хэрэгжих боломжийг хуулиар бүрдүүлсэн. Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй, ...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй...” гэж заалт бий. Гэтэл өнөөдөр “Хот утаатай байна, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна” гэж байна, мөн ураны хайгуул энэ тэрээс үүдэн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна гэдэг асуудал гараад, үүнд Үндсэн хууль буруутай мэт яриад байгаа. Үндсэн хуульдаа дээрх заалтуудыг оруулсан байгаа учраас салбар, органик хуулиудаараа зөрчилдөхгүй байх нөхцлийг хангах ёстой.
Үндсэн хуульд бүхнийг нэг бүрчлэн заах боломжгүй, тухайн орны улс төр, эдийн засаг, нийгмийн төвлөрсөн бодлогын илэрхийлэл болж бичигддэг.
-1992 оны Үндсэн хууль “Монголын ард түмэн бид ...” гэж эхлээд “...мэдэгтүн, сахигтун.” гэж төгсдөг. Үүний утга учир, мөн чанарыг хүмүүс тэр бүр ойлгохгүй байх шиг?
-Иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан байгуулна гэдэг эхний өгүүлбэр бий. Түүнээс төрийн, эсвэл намын гэж бичээгүй. Харин ч иргэнийг сайн сайхан амьдруулахад төр, нам, ТББ, Үйлдвэрчний эвлэл юу байдаг юм тэр бүхэн үйлчлэх ёстой гэдгийг Үндсэн хуульд заагаад өгчихсөн байгаа. Төгсгөлийн “...мэдэгтүн, сахигтун.” гэдэг үг бол иргэдэд, тэр дундаа төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа хүмүүст онцгойлон зориулагдсан гэж ойлгож болно. Тэд хуулийг сахиж, мөрдөн иргэдийн сайн сайхны төлөө үйлчилж байх учиртай хүмүүс.
-Ази судлаач Елен Сэндэрс “Монголд эрх чөлөө, тэгш байдал, шударга ёс, тэр дундаа өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн хууль батлагдаж, ардчилалын хөх толбот орон боллоо” гэж тодорхойлж байсан гэдэг. Мөн НҮБ-аас онцгойлон сайшааж байсан гэдэг. Ер нь 1992 оны Үндсэн хуулийг олон улсад хэрхэн үнэлж байсан бэ?
-Төсөл боловсруулах явцад олон улсын байгууллага, нэртэй эрдэмтэд зөвлөмж, зөвлөгөө өгөх байдлаар оролцсон. Яг Үндсэн хууль батлагдсаны дараа олон улсын үндсэн хуулийн асуудал сонирхдог эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллага судалж, дүгнэлт гарган үнэлгээ өгсөн байдаг юм. Түүн дээр Монгол Улсын Үндсэн хууль бол сайн болжээ. Хүний эрхийг хангах тал дээр чамбай сайн заалтууд орсон гэдэг. Мөрдөгдөөд 23 жил болж, ингээд харахад боломжийн байгаа харагддаг юм.
-Ардчилсан, шинэ Үндсэн хуулийг АИХ-аар 76 хоног хэлэлцсэн. Тэр өдрүүдийг Та эргэн дурсаач?
-Тэр үеийн АИХ болон УБХ-ын бүрэлдэхүүн онцлогтой. Монгол Улсын хөгжлийн чиг, хандлагыг тодорхойлох зорилгын дор нэгдсэн. Тэр үеийн депутатуудад өөрт болон тодорхой хэсэг бүлэгт ашигтай хууль гаргачихсан гэдэг хувийн эрх ашиг байгаагүй.
Мөн их гүрний хараат байдлаас энэ агшинд л гарах ёстой гэдэг дээр бидний сэтгэл, зориг нэг байсан. 70 жил тусгаар улс нэртэй, их гүрний удирдлагад байсан зовлонг бид мэднэ. Түүнчлэн багш, эмч, сэтгүүлч, инженер, саальчин, төрийн түшмэл гээд бүхий л салбарын шилдгүүдийн төлөөллүүд байсан учраас жинхэнэ утгаараа Монголын ард түмний төлөөлөл болж чадаж байсан юм. АИХ болон УБХ, мөн УИХ-ын анхны бүрэлдэхүүнийг би ярьж байна. Дахиж тийм бүрэлдэхүүнтэй болоход амаргүй.
Дараагийнх нь, бидэнд намчирхдаг үзэл байгаагүй. Намчирхсан байдал гаргасан бол МАХН тухайн үед бүх эрх мэдлийг авах бололцоо байсан. Гэхдээ тэгээгүй. Миний даргалж байсан АИХ-ын орлогчид нь саальчин, хүний эмч, ҮДН, СДН-ын төлөөлөл байсан. Ардчилсан гэдэг зарчимд нийцсэн бүрэлдэхүүн байв. Бидэнд бэрхшээл байсан, нийгмийн байгууллын шилжилт явагдсан байсан учраас тэр талаараа ойлгоц сайнгүй байсан. Наад зах нь хурлын дэгээ баталж чадахгүй гурав хонож байсан. Би хуралдаан даргалахдаа ажлаа явуулах үүднээс хоол оройтуулах, унтах цагаас нь хасдаг ч юм уу, шөнийн 01 цагийн үед хуралдах зэргээр нэлээд захиргаадаж, муйхарладаг байжээ гэж бодогддог. Тухайн үеийн АИХ-ын 430 депутатын 427 нь Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож, 420 нь батлалцсан. Тэр бүх депутат, тэдний ар гэрийнхэн нь Үндсэн хууль батлуулахын төлөө сэтгэл, зүрхээ зориулж байсныг би мэднэ.
Биднийг хуралдаж байхад хэвлэл, радиогоос гадна бичгээр иргэдийн санал тасралтгүй ирж байсан юм. Жишээлбэл, төрийн сүлд тэмдгийн талаар хэлэлцэж байхад 60-70 загвар ирж, тэр бүхнээр үзэсгэлэн гаргасан. Тэгээд депутатууд үзэж, танилцаад Ц.Ойдовын зургийг сонгож байлаа. Тэр хувилбар дээр депутатууд хэлэлцэж, нэлээд өөрчлөлт оруулж байж баталсан юм. Мөн монгол түмний эрт үеийн уламжлалыг сэргээж, есөн хөлт цагаан тугийг хийсэн. Тэгэхдээ Монгол Улсын өнцөг булан бүрээс хурдан удмын адууны дэл, сүүлийг авчирж, засаг төрийн дээд байгууллагад өргөн бариад, үүнийг төрийн урчууд бүтээсэн. Асар их бэлгэдлийн агууламжтай, Монгол Улсад цор ганц байна гэж бид бодож хийсэн ч өнөөдөр 21 аймаг, 300 гаруй сум, бараг л баг бүр гарт таарсан эдээр хийсэн, өөр өөрийн есөн хөлт цагаан тугтай болчихсон байна.
-Хувь хүнийхээ зүгээс тэр үеийн хамгийн сэтгэл хөдлөм дурсамжаасаа хуваалцаач ?
-Үндсэн хуулийг батлах тэр агшин. Миний санаж байгаагаар монгол түмэн Ж.Гүррагчаа сансарт нисэхэд, мөн Ардчилсан Үндсэн хууль батлахад, сүүлийнх нь Н.Түвшинбаяр олимпийн алтан медаль авахад л гурван удаа нийтээрээ бахдаж, баярласан.
Ер нь тусгаар улс байна гэдэг шиг үнэтэй зүйл үгүй. Тухайн үеийн социалист системд байсан орнуудаас Үндсэн хуулиа баталсан анхны улс нь Монгол. Үүгээр бусад улс “Монгол үнэхээр өөр юм” гэж бахархдаг юм. Халимаг, Буриад, Өвөрмонголд явж байхад тэдний амьдрал сайхан байгаа хэдий ч “Та нар өөрийн сүлдтэй, тугтай, төртэй, тусгаар улс байдаг нь ямар сайхан юм бэ” гэдэг юм. 1992 оны 1 дүгээр сарын 13-нд Үндсэн хууль батлалцсан 430 депутатын 228 нь өдгөө сэрүүн тунгалаг байна. Долоо нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
Үндсэн хуулийг анх 430 хувь хэвлэж, АИХ-ын депутатуудад тараасан. Надад өгсөн эх нь энэ байна. Би үүндээ маш их хайртай, өөрөөсөө ер салгадаггүй. Бид олон хоног хуралдсан болохоор зав чөлөөгөөр нь нэг, нэгэндээ шүлэг бичдэг байлаа. Минийх дээр жишээлбэл,
...Адуу нийгэмлэгийн Гомбожавын
Аргамаг нь сүлдэндээ давхиж явна
Төрсөн нутаг нь Сүхбаатар ч
Төрөлх сэтгэл нь Төв аймагтаа /Ш.Сүрэнжав 44 дүгээр тойрог/
...Хар, цагаан хөхөл нь төрийн туг болон намирсан
Хатан дөрвөн туурай нь ертөнцийн талыг тамгалсан
Харийн газрын овьёосонд нутгаа мартаж идээшээгүй
Халхын заяа хүлэг морио сүлдэндээ аргамжиж чадлаа
Монголоо алдахгүй гэж морьтойгоо үлдлээ
Хүнээ алдахгүй гэж үнэнтэйгээ үлдлээ /сэтгүүлч Б.Энхтуяа/ гэх мэтээр бичвэрүүд байна.
-Гэхдээ өнөөдрийнхөөр бол таны жишээ татсанчлан үр дүн нь та бүхний тооцоолж байснаас өөр арай өөрөөрөө илэрч байна?
-Одоо парламентийн ажлын хурдац бага байна. Асуудлыг түргэн шийдвэрлэх шаардлагатай байхад УИХ, Засгийн газрын ажил удаашраад байгаа юм. УИХ бол санхүүгийн эрх мэдэлгүй, бусад яам тамгын газрын жишгээр төсвөөс хуулийн дагуу санхүүжээд явж байх учиртай. Тэгэхгүй тодорхой хэмжээний санхүүгийн эрх мэдэлтэй болоод ирэхээр шийдвэр гаргахад хүртэл нөлөөлөөд, ажил удаашраад байгаагийн шалтгааны нэг. Ингэхээр Ерөнхийлөгч зайлшгүй улс орны аж ахуй, санхүүгийн ажилд оролцох болчихоод байгаа юм уу гэж харагдаад байгаа юм. Уг нь чиглэлээ өгөөд, хяналтаа тавиад явах ёстой.
-Зургаан бүлэг, 70 зүйлтэй Үндсэн Хуулийг 23 жил дагаж мөрдсөн. Уг хуулийг батлалцсан хүний хувьд энэ хугацаанд алдаа, оноог нь хэрхэн дэнсэлж, шүүж байна вэ?
-23 жил Үндсэн хуулийн дагуу амьдарсан. Одоо харахад зөв замаар явж иржээ гэж би хэлнэ. Малчид малтай, иргэд газартай, өмчтэй болжээ. Тухайн үед мал сүргийн нийт тоо 20 гаруй сая байдаг байсан бол өнөөдөр 52 сая хүрчихээд байна. Энэ мэтээр хүний хамгийн гол эрх бол өмчлөх эрхийг хангаж чадсан. Мөн чөлөөтэй ярьдаг, бичдэг болсон. Одоо бол бүр хэтэрсэн тал ч харагдаж байна. Олборлох, уул уурхайн салбарын үйл ажиллагаа чөлөөтэй явагдаж байна. Гэхдээ Монголд өнөөдрийнх шиг 3000 орчим уурхай хэрэггүй, 20-ийг нь л энэ үеийнхэн ашиглаад, хойч үеийнхэндээ бас үлдээх ёстой юм.
-2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийн талаар Та ямар байр суурьтай байдаг вэ?
-Тэр өөрчлөлтийг хууль бус гэж би үздэг. Үндсэн хуульд хоёр удаа халдсан. Долоон зүйл бүхий өөрчлөлтийг хийхээр 1999 оны 12 сарын 24-ний өдөр нэг удаа өргөн барьсан. Үүнийг нь Үндсэн хуулийн цэц хэлэлцээд, “Үндсэн хууль зөрчиж байна” гэдэг дүгнэлт гаргасан. Үүнийг УИХ цэцийн дүгнэлтийг бүр 11 дүгээр сарын 19-нд хэлэлцэж, хүчингүй болгосон. Тэгмэгц МАХН 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “нөгөө долоог” дахиж өргөн бариад, 24-ий өдөр баталчихсан. Үүнд явцын алдаа гаргасан. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн манаач. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бол түүнийгээ хууль санаачлагчид цэцэд өгөх ёстой. Цэц УИХ-аар оруулах ёстой. Үндсэн хуулийн 66-д ингээд заачихсан байгаа. Гэтэл тэрийгээ хийсэн болох гээд 09.15 минутад Үндсэн хуулийн цэцэд төслөө өгөөд, 11.15 минутад УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Хоёр цагийн дотор Үндсэн хуулийн цэц уг төслийн талаар дүгнэлт гаргах боломжгүй. Гэхдээ хэлэлцэж байгаа асуудал нь 1999 оны төсөл байсан учраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа УИХ-ын чуулган дээр орж, дүгнэлтээ танилцуулж, үгээ хэлсэн. Ерөнхийлөгч хориг тавьсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл тэр нэмэлт, өөрчлөлт хүчинтэй гээд явж байна.
УИХ-ын хуралдааныг хийхэд дийлэнх олонх буюу 51-ээс доошгүй гишүүн ирсэн тохиолдолд эхэлдэг байсан. Нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын 39 гишүүн танхимд ирснээр хуралдаан эхэлж, 20-иулаа шийдвэр гаргах боломжтой болсон. Байнгын хороо бол таван гишүүн ирэхэд хурал эхэлж, гурав нь шийдвэр гаргах бололцоотой болсон. Уг нь хуралд суу, шийдвэр гарга, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавь гэж иргэд сонгосон биз дээ. Мөн нэг удаагийн чуулган 75-аас доошгүй хоног, жилд 150-иас доошгүй хоног хуралдах ёстой гэдгийг 50 болгосон. Жилийн 365 хоногт ердөө 100 өдөр л хурал хийнэ. УИХ ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж үзвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөөд, тараах эрхтэй байсныг болиулсан.
-Одоо ч гэсэн зарим судлаач, эрдэмтэн, мөн УИХ-ын гишүүд “Үндсэн хууль батлагдаад 20 гаруй жил болж. Улсын амьдрал маш их өөр болсон болохоор үндсэн хуулийг өөрчлөх цаг болжээ” гэдэг …?
-Сонсох нээ зөв ч юм шиг, гэхдээ хугацаа гэдэг бол Үндсэн хуулийг өөрчлөх хэмжүүр биш. Аливаа нэг удирдах албан тушаалтнууд хуулиа сайн мэдэхгүй байж ямар нэг дутагдал гарвал хуулийн цоорхой, эрхзүйн хувьд боловсронгуй болох ёстой гэж яриад хууль руу муугаа түлхдэг дутагдалтай. Хуулиа биелүүлэхгүй хэрнээ дутагдалдаа тааруулж хууль өөрчлөх гээд байгаа нь буруу. Дутагдалдаа тааруулаад долоон өөрчлөлт хийснээс болоод Монголын төр тогтворгүй, УИХ Засгийн газраа хянаж чадахгүйд хүрээд байна. Үндсэн хуулийг иргэд төдийгүй төрийн захиргааны төв байгууллагын болон орон нутгийн төрийн албан хаагчид нарийн судалдаггүй, ашиглаж чадахгүй байгаа дутагдал бий. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх гэсэн чинь салбар хууль чинь зөрчилдөөд байна гэж дуугарах хүн алга л байна. Тэр бүү хэл, засаг дарга нар хуулиас давсан шийдвэр гаргачихаад байгааг мэддэггүй. Жишээ нь, Хэнтий аймгийн ИХТ-аас “Өндөрхаан биш Чингисхаан гэж нэрлэнэ” гэж шийдвэр гарчихсан. Угтаа бол Өндөрхаан гэдэг чинь Чингисхаан гэсэн үг биз дээ. Тэгээд тухайн нэрийг АИХ-ын тогтоолоор оноосон, тэр шийдвэр хүчингүй болоогүй байхад ИТХ-д энэ талаар ярих ямар ч эрх байхгүй. Энэ мэт олон жишээ дурдаж болно. Үндсэн хуулиа судалж, мэдээгүй учраас монголчууд олгогдсон эрхээ эдэлж, хамгаалж чадахгүй байна. Тийм учраас нийт иргэд, төр захиргааны байгууллагын ажилтнууд, Засгийн газар, УИХ-ын гишүүд Үндсэн хуулиа судлаач, мэдээч.
-Үүний тулд хэн, хэрхэн ажиллах ёстой вэ?
-Маш чухал асуудал. Өнөөдөр төрийн өндөр дээд албан тушаалтнууд Үндсэн хуулиа өөрчилье гэхийн оронд олон нийтэд ойлгуулах тал дээр анхаарал тавих ёстой юм. Аймаг, сум, багт хүрч ажилладаг гэдэг утгаараа Засгийн газар үүн дээр идэвхтэй ажиллах ёстой. Ерөнхий боловсролын сургуулиудад тодорхой хөтөлбөрийн дагуу хичээл орж байвал зохино. Үүнийг хийх эрхзүйн орчныг бүрдүүлье гэдэг дээр ажилаж байгаа. Үндсэн хуулийг нэг уншихад ойлгочихдоггүй юм. Үг, өгүүлбэр бүрийг хуульд бичсэн утгаар нь ойлгож, тайлбарлах амаргүй.
-Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон гэж үзэж байна уу?
-Цаг нь болоогүй. Үндсэн хуулийн заалтууд нийгмийн хөгжилд чөдөр, тушаа болоод байгаа зүйл байхгүй. Харин хэрэглэх явцад төрийн бүх шатны байгууллага алдаа, завхарал гаргаад байна. Үндсэн хуульд гар хүрэх гэж байгаа бол тэр хэсэг өндөр ёс суртхуунтай, ард нийт түүнийг нь хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг сайн судлах хэрэгтэй.
Үндсэн хуулийг өөрчлөх бол хамгийн багадаа 1992 оных шиг хэмжээний цар хүрээг хамруулан, мөн хэмжээний цаг хугацаа зарцуулах ёстой.
-Өөрчлөлт оруулах шаардлага байхгүй гэсэн үг үү?
-Зарим зүйлийг өөрчлөх ёстой гэж харагдаад байгаа юм. Тухайлбал, нийгмийн байгуулалыг парламентийн засаглалтай гэж тодорхойлсон хэрнээ сонгодог утгаар нь байгуулж чадаагүй. Үүнийг явцын дунд өөрчлөх ёстой. Яаж гэхээр, манай улсын өнгөрсөн туршлагаар батлагдсан дээд, доод хуралтай байх нь зөв. Дээд хурал жилдээ хоёр удаа хуралддаг, гол албан тушаалтнуудаа томилдог, үндсэн чиглэл, төсвөө баталдаг. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьдаг байвал зохимжтой.
Мөн шүүх эрх мэдэл, орон нутгийн эрх мэдэл дээр дутуу заасан, хэтэрхий хяналтгүй, хэрэгжихгүй байгаа заалтууд бий. Хотыг засаг захиргааны нэгж биш, аж ахуйн нэгж байхаар хуульчилсан. Манай нийгмийн амьдралаас үзэхэд хотыг засаг захиргааны нэгжид оруулахад болохгүй юм байхгүй гэж харагдаж байгаа. Эсвэл 5000-6000 мянган хүнтэй сум, 50.000-60.000 хүнтэй сум адилхан эрх хэмжээтэйгээр үйл ажиллагаа явуулах болчихоод байгаа тал бий. Энэ мэтээр бүхэлд нь биш, зарим нэг зүйл дээр нэмэлт, өөрчлөлт хийж болно.
Үндсэн хуулийн үзэл баримтлалыг ухаараагүй, засаг төрийн ажлын мэдлэг туршлагаар нимгэн зарим нэг хүн Үндсэн хуулийн хүчийг бүрэн ашиглаагүй байж, өнөөдрийн үйл ажиллагаанд оршиж байгаа зарим нэг дутагдлаа Үндсэн хуулиас л болж байгаа мэтээр тайлбарладаг. Улс орнуудын түүхээс харахад хаана хууль хэрэгжихгүй байна, тэнд үндсэн хуулиа байн байн өөрчлөх хандлага давамгайлдаг. Мөн төрийн нэрийн өмнөөс ажилладаг байгууллага, албан тушаалтнууд хээл хахууль авилгатай байнга холбогддог нь Үндсэн хуулийг өөрчлөх донг төрүүлж байдаг. Орчин үеийн дэлхийн хөгжилтэй орнуудын зүгээс хөгжиж байгаа орнуудын удирдлагад ажиллаж байгаа хүмүүст нөлөөлж, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хууль, Үндсэн хуулийг өөрчлөх хандлага гарах болсон.
-Гаднын эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагын удаа дараагийн зөвлөгөө зөвлөмжийн дараа 900.000 гаруй иргэний оролцоотойгоор жил гаруй хэлэлцүүлж, боловсруулсан 1992 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол яаж ажиллах ёстой юм бэ?
-Юуны өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь зүйтэй. Зөвхөн нам биш ТББ, иргэд өөрсдийн төлөөллөө УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлдэг болгон өөрчилсний үр дүнд бүрэлдсэн УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй. Мөн 76 хүн биш, дээд, доод хуралтай болж 300-400 хүний бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж гэмээ нь алдаа мадаггүй болох болов уу. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тухайн үеийн УИХ-ын төлөөлөл 1/3-аас илүүгүй оролцоотой байвал зохино. Тэр ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төслийг 1992 оны Үндсэн хуулийн хэмжээний хэлэлцүүлэг явуулсны дүнд Ерөнхийлөгч УИХ-д өргөн бариад, онцын их засваргүйгээр баталвал амбицгүй, сайн хууль гарах боломжтой.
Эх сурвалж:
"Өдрийн сонин"
2015.01.13
№008/4966
No comments:
Post a Comment