Үндсэн хуулийг өөрчлөх захиалга нийгмийнх биш, намуудынх байдаг юм
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.ОЧИРБАТТАЙ ярилцлаа.
-Тантай Үндсэн хууль, Тавантолгой гэсэн хоёр сэдвээр ярилцъя гэсэн юм. Болох уу?
-Болно оо, болно.
-Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар их ярих боллоо. Үнэхээр 1992 оны шинэ Үндсэн хуулийн нөөц бололцоо нь шавхагдчихаад байна уу?
-Манай Үндсэн хууль бол нэлээд урт хугацаанд үйлчлэх, их алс ирээдүйгээ харсан тийм хууль л даа. Ерөөсөө Монгол Улсад хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулна гэсэн зорилготой. Энэ бол их урт хугацаанд үргэлжлэх үйл явц. Түүнээс таван жилийн дараа, 10 жилийн дараа гээд тодорхой хугацаа тавиад төлөвлөгөө зохиодог шиг биш. Тийм учраас энэ бол их алс ирээдүйг харсан агуулгатай хууль гэдгийг хэлье.
-Нөөц нь шавхагдаагүй гэсэн үг үү?
-Үндсэн хуульд хугацаа тавьдаггүй юм. Би чамд хэдэн жишээ хэлье. Хүний эрхийг дээдэлсэн зарчим шинэ Үндсэн хуульд суусан. Хүний эрх гэдэг мөнхийн сэдэв биз дээ. Тодорхой хугацаанд хүний эрхийг хамгаалчихаад дараа нь больчихно гэж байхгүй. Үүн шиг эдийн засгийг бас холимог болгосон. Хүний эрхтэйгээ уяж шүү дээ. Төрийн өмчтэй, хувийн өмчтэй, ерөөсөө л өмчийг чөлөөтэй болгох зарчим сууж өгсөн. Өмч гэдэг бол хүн өөрийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлэх баталгаа нь болдог юм байна. Өмчтэй болно гэдэг бусдаас хамаарал багатай болдог юм байна л даа. Чи социализмын үед ямар байсныг мэднэ биз дээ?
-Өмчгүй байсан.
-Тийм, социализмын үед хувийн өмчтэй байхыг зөвшөөрдөггүй байлаа шүү дээ. Жаахан өмчтэй байвал энэ эдийн шуналтай, энэ баян гээд ад үздэг байсан үе. Ямар сайндаа л анкет дээрээ заавал “ядуу ардын хүүхэд”, “малчин ардын хүүхэд” гэж бичдэг байлаа шүү дээ. Баян хүний хүүхэд гээд бичвэл болохгүй. Яагаад гэхээр 1924 оны Үндсэн хуульд хөрөнгөтэй баян түшмэл, лам хүний сонгох, сонгогдох гээд иргэний эрхийг хасчихсан байсан юм. Ингэж тайж, баячууд байсан ч хүн бүр л ядуу, малчин ардын хүүхэд болсон. Өмнө нь тайж байсан гэвэл чамайг сургууль, соёлд явуулахгүй. Жишээ нь, би лам хүний хүүхэд. Миний эцэг Галавтай хүрээнд шавилж байсан лам. Гэвч би ламын хүүхэд гэвэл дуусаа шүү дээ. Гэх мэт хүний эрх, өмчтэй байх асуудлыг 1992 оны Үндсэн хуулиар тунхаглаж өгсөн.
Өмчийн тухайд эргээд ярихад чи хэдэн жил өмчтэй байж байгаад буцаад улс өмчийг чинь хурааж авна гэж байхгүй. Нөгөө талаар Үндсэн хуульд төрийн зохион байгуулалтыг хийж өгсөн. Улс төрийн нэг хүчний ноёрхлыг халаад, олон намын тогтолцоонд оръё гэсэн. Энэ бол байнга, мөнх мөрдөгдөх зарчим. Өмнө нь социализмын үед 70-аад жил нэг намын ноёрхолд байхад олон ургальч үзэл, хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж хязгаарлагдмал байсан. Хаалттай гэж хэлэх нь хаашаа юм, хязгаарлагдмал байсан нь үнэн. Үүнийг өөрчилсөн, энэ бол Үндсэн хуулийн урт хугацаанд мөрдөгдөх нэг зарчим. Хүн өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол нэг суурь зарчим. Гэх мэтчилэн олон асуудлаа тунхагласан учраас манай Үндсэн хууль их урт хугацааны үйлчлэлтэй байх ёстой л доо.
-Энэ бол шилжилтийн үеийн Үндсэн хууль, үүргээ гүйцэтгэсэн гэх юм.
-Хүмүүс янз бүрээр л ярьдаг юм. Улс их хөгжөөд л, Үндсэн хууль хоцроод байна гэж. Наадахь чинь худлаа. Тэгээд ч шилжилтийн үеийн гэвэл 1990 оны тавдугаар сард баталсан Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль бий. Тэр л шилжилтийн тухай хууль байсан.
-Ямар хууль байсан юм бэ?
-Тэгэхэд 1960 оны Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг буюу төрийн байгуулал гэдгийг бүгдийг хүчингүй болгоод шинэ нэмэлт хийсэн юм. 1990 оны тавдугаар сард хийсэн тэр нэмэлтийн дагуу анхны ардчилсан сонгууль явагдаж, АИХ-ын 430 депутатыг сонгосон. Тэндээсээ УБХ-ыг, бас Ерөнхийлөгчөө сонгосон. Тэгэхэд Бүгд найрамдах Монгол ард улсын гэдэг нэрээрээ явж байсан шүү дээ. Дараа нь урт хугацаанд иж бүрэн мөрдөгдөх Үндсэн хуулиа боловсруулах тэр комиссыг Ерөнхийлөгч байсан надаар толгойлуулж байгуулсан. Тэр комисс 1990 оноос 1991 оны сүүлийн хагас хүртэл жил хагас Үндсэн хуулийнхаа шинэ төслийг боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлсэн.
Монгол Улс тэр үед хоёр сая гаруй иргэнтэй, сонгуульд санал өгдөг нь нэг сая орчим хүн байсан. Давхардсан тоогоор сонгуулийн насны 900 гаруй мянган хүн одоогийн Үндсэн хуульд санал өгсөн байдаг юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн насны бүх иргэний 90 хувь нь саналаа өгсөн. Нэг ёсондоо бүх ард түмнээр хэлэлцэгдэж, батлагдсан Үндсэн хууль. Тэр бүх саналын 40-өөд хувийг Үндсэн хуульд, үлдсэнийг бусад дагалдах хуульд тусгасан. Бүр аж ахуйн чанартай, орон нутагтаа шийдэж болох саналуудыг аймаг, орон нутгийн удирдлагад нь уламжилж, иргэдийн саналд анхаар гээд үүрэг өгч байлаа. Ерөөсөө тэр саналуудаас энэ огт хэрэггүй юм байна гэж нэгийг ч орхиогүй. Мэдээж давхардал бол их байсан. Ингэж л хийсэн Үндсэн хууль.
-1992 оны шинэ Үндсэн хуулийн өөр ололтын талаар та юу хэлэх вэ?
-Үндсэн хуульд засаглалын хуваарийг их тодорхой болгож өгсөн. УИХ жишээ нь юу хийх вэ. Хууль тогтоох дээд эрх УИХ-д байна. Засгийн газар бол эдийн засаг, нийгэм, аж ахуйг удирдана. Шүүх засаглал бол иргэдийн эрхийг хамгаалах, маргааныг шийдвэрлэх. Өөрөөр хэлбэл, хуулийг хэрэгжүүлэхэд зөрчил гарвал түүнийг шүүдэг. Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, улс орон ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хүн. ҮАБЗ-ийг тэргүүлнэ, гадаадад Монгол Улсаа төлөөлнө, одон медаль өгнө гэх мэтээр заагаад өгчихсөн. Засаглалын үүргийг ингэж тодорхой болгож өгөөд зогсохгүй харилцан хамаарал, уялдааг зохицуулж өгсөн. Тус тусдаа пижигнээд байж болохгүй гээд маш тодорхой зохицуулалтыг хийж өгсөн л дөө. Жишээ нь, хууль санаачлагч гурван том субъект байна. Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн хууль санаачилна. Хууль тогтоох дээд байгууллага хуулиа баталчихлаа гэхэд тэрэнд нь алдаа мадаг гаргахгүйн тулд хориг тавих эрхийг Ерөнхийлөгчид өгчихсөн. Ингэж уялдуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, хориг тавихын тулд тавьж байгаа юм биш. Хууль дотор буруу, зөрүү юм орчих вий, тийм бол засч, янзлах хэрэгтэй гээд Ерөнхийлөгчид хориг тавих эрх өгсөн. Дээр нь Үндсэн хуулийн Цэц гэдэг институцийг Үндсэн хуулиар байгуулж өгсөн. УИХ, Засгийн газар, шүүх, Сонгуулийн ерөнхий хороо гээд байгууллагууд Үндсэн хууль зөрчих юм бол Үндсэн хуулийн Цэц иргэдийн өргөдөл, мэдээлэлд тулгуурлаад тэрийг засч залруулна. Тэгэхээр бүгд уялдаатай. Социализмын үед дарга нарын дураараа дургихыг бүхэлд нь захиргаадалт гээд нэрлэчихсэн байсан ш дээ. Тэгвэл шинэ Үндсэн хуулиар эрх зүйт төр байгуулагдсан. Бүх юм хуулиар зохицуулагдах ёстой. Хуулийн дарангуйлал гэж байхаас дарга нарын дарангуйлал гэж байхгүй. Хуулийн өмнө бүх иргэн, албан тушаалтан адилхан эрх эдэлж, адилхан хариуцлага хүлээнэ.
-Засаглалын харилцан уялдаа, хяналт нь алдагдчихсан юм биш үү. УИХ нь Засгийн газраасаа ч том юм шиг. Үүнээс болж Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж улстөрчид мэдэгдэж байна шүү дээ?
-1992 онд баталсан Үндсэн хуулиар наад зөрчил чинь гарах бүх боломжийг хаасан байсан. Өөрөөр хэлбэл, “УИХ-ын гишүүн хүн УИХ-ын гишүүний үүрэгт шууд хамаарахгүй ажил, албан тушаалыг давхар эрхэлж болохгүй” гээд бичсэн байсан. Сүүлд 2000 онд оруулсан нэмэлтээр “Болно” гээд биччихсэн. Ингэхээр өнөөх Засгийн газрын гишүүн чинь хоёр нүүртэй болчихож байгаа юм. Нэг нь “Би УИХ-ын гишүүн, хууль тогтооно”, нөгөөх нь болохоор “Би гүйцэтгэх засаглалын гишүүн. Би УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй” гэчихэж байгаа юм. Гэтэл үнэндээ хууль тогтоодог, гүйцэтгэдэг хоёуланг нь нэг хүн дээр тохохоор зөрчил гарна ш дээ. Тэр байтугай Үндсэн хуулийн 2000 оны өөрчлөлтөөр УИХ-ын чуулганы ирцийг бууруулснаас болж ямар нөхцөл үүссэн гэхээр 20 хүн хууль тогтоох боломжтой болчихсон. 20 хүний 18 нь давхар Засгийн газрын гишүүн. Тэд нар хоёр хүн лоббидоод өөрийн талд оруулчихаж болно ш дээ. Тэгэхээр хууль тогтоогч нь бараг л Засгийн газар өөрөө болчихож байгаа юм. Засгийн газар өөрийнхөө оруулж ирсэн төслийг бараг өөрөө батлаад хууль болгоод явж байна. Ийм дампуу юмыг УИХ өөрөө л хийсэн. Одоо болохоор Засгийн газар бидний дээр гараад ирлээ, бидэнд захирагдахаа болилоо ухааны юм ярьж байгаа. Энэ бол өөрсдийнх нь л хийсэн ажил. 1992 оны Үндсэн хуульд бол тийм юм байхгүй. Харин ч Засгийн газрын байгууллагууд бол УИХ-ын өмнө ажлаа хариуцна, тайлагнана гэж байгаа. Гэтэл юу болсон гэхээр давхар гишүүн байгаа сайд чинь данайгаад юугаа тайлагнадаг юм. Адилхан л УИХ-ын гишүүн юм чинь. Ингээд хяналтгүй болчихож байгаа юм. Байж байсан хяналтын системийг эвдэж хаячихаад Үндсэн хууль буруутай юм шиг ярьдаг бол яавч зүйд нийцэхгүй.
-Тэгвэл нөгөө талдаа УИХ-ын гишүүн нь сайдад хяналт тавьж байна гээд огцруулахаар айлгадаг боллоо. Нэг сайд дээр очоод л “Чи энийг ингэж шийд, үгүй бол огцруулах асуудлыг чинь оруулна” гэж айлгадаг. Тиймээс Үндсэн хуулиа өөрчлөөд Ерөнхий сайд нь сайд нараа шууд томилдог болъё гэдэг санал хүчтэй явж байна л даа?
-Үндсэн хуулийн гол зарчим бол Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтыг УИХ баталдаг. Засгийн газар бүтцээ хийчихээд тэгээд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-д өргөн барьдаг. Хоёрдугаар зарчим нь тэр бүтэц батлагдсаны дагуу бүрэлдэхүүнээ буюу сайд нараа мөн ялгаагүй Ерөнхий сайд өөрөө сонголтоо хийгээд, Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д оруулдаг. Тэгээд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ баталж байгаа. Энэ дээр процедурын асуудал байдаг юм. Засгийн газрын бүтцийг 15 яамтай байна гээд баталчихлаа. 15 яамны сайд нь энэ, энэ хүн байна гээд бөөнөөр нь оруулж ирээд, бөөнөөр нь батлах хэлбэр байж болно. Эсвэл хүн нэг бүр дээр яриад баталж болно. Аль нь ч болно. Ер нь бол Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүн өөрийнхөө тааллаар огцруулах санал гаргах юм үндсэндээ байх ёсгүй юм.
-Гэхдээ хуулийн боломж нь бий биз дээ?
-Бий бий. Хууль санаачлах эрх нь УИХ-ын гишүүдэд бий. Засгийн газрын гишүүнийг хуулиар баталсан юм чинь хуулиар л огцруулна ш дээ. Тиймээс хууль санаачлагч эрхийнхээ дагуу огцруулах төсөл санаачлахыг буруутгах аргагүй. Харин Засгийн газар нь сайдаа өөрөө томилдог байлаа ч гэсэн УИХ-ын гишүүн хууль санаачлаад тэр сайдыг өөрчлөх асуудлыг тавьж болно. Ялгаа байхгүй. Учир нь, Засгийн газрын гишүүн хуулиар томилогдсон учраас өөрчлөхийг хуулиар гаргаж болно л доо.
-Яагаад сайд нарыг бөөнөөр нь биш, хүн нэг бүрээр нь томилох хувилбарыг нь хуульчилсан юм бэ?
-Засгийн газрын гишүүнийг УИХ-аар томилох процедурыг яагаад ингэж хуульд оруулж өгсөн нь учиртай. Хуучин тогтолцооны үед нэг даргад л таалагдахгүй бол тэр сайдыг Улс төрийн товчоо ярьж байгаад л огцруулчихдаг байсан. Тэгвэл одоо тэр Засгийн газрын гишүүнийг тогтвортой ажиллуулах, нэг хүний субъектив саналаар биш, УИХ өөрөө буурь суурьтай үзэж, тухайн хүнийг ажиллуулах эсэхийг шийдэх нь илүү үр дүнтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, нэг хүний биш хамтын шийдвэрээр огцруулах асуудлыг ярих нь зүйтэй гэж хамгаалалтыг нь аминдаа хийж өгсөн ухаантай. Энийг манайхан буруу ойлгоод байна л даа. Хамтын шийдвэрээр биш, нэг хүний субъектив үнэлгээгээр халж, солих гээд л байна. Тэгээд УИХ-аар цаг алдаж, бөөн хэлэлцүүлэг болж, маргалддаг. Нэг хүний асуудлыг хоёр, гурван чуулган дамжиж ч ярьж байх шиг. Ингэж цаг үрж байгаа нь өөрөө УИХ-ын үйл ажиллагааны дутагдал. Соёлгүйнх. Түүнээс нэг сайдыг гурав хоног хэлэлцээд шийдэж болно ш дээ. Ер нь бол ингэж удаан хэлэлцэж байгаа нь бидний хийж өгсөн хамгаалалтын механизм ажиллаад дажгүй байгаа юм шиг. Нөгөө талаас баахан цаг үрсэн л юм болчихоод байгаа юм. Тийм учраас Ерөнхий сайд өөрөө томилоод, өөрөө огцруулдаг болох нь өнгөц харахад асуудлыг шуурхай шийдвэрлэж болмоор юм шиг харагдана. Гэвч нөгөө талдаа халагдах гэж байгаа сайдын асуудал гээд олон юм бий. Үндэслэл нь бодитой эсэхийг ч мэдэхгүй болно. Тэгэхээр хүн халах асуудалд хүндрэл байгаа учраас Үндсэн хуулийг өөрчилнө гэж хэлбэл тэнэг л ажил болно. Үндсэн хуулийн зорилго бол хүн ажилд авах, хүн ажлаас халах тухай зохицуулалт биш. Энэ бол улс орныг хөгжүүлэх, алс хэтийн хүрэх замнал, дэлхийн соёл, Үндсэн хуульт улс орнуудын ерөнхий төрийн байгуулалт, соёлын төвшинд бодож харж хийсэн хууль.
-Та Монголын сүүлийн 25 жилийн улс төрийн түүхийг бичилцэж яваа хүн. Хараад байхад Засгийн газар нь хугацаанаасаа өмнө огцордог, улс төрийн тогтворгүй байдал нь юутай холбоотой вэ. Өнгөрсөн хугацаанд бүтэн дөрвөн жил бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Засгийн газар хоёрхон байдаг юм байна лээ?
-Үндсэн хуультай энэ бол ямар ч хамааралгүй. Үндсэн хуулиас болсон юм юу ч байхгүй.
Энэ бол ерөөсөө л намуудын төлөвшилтэй холбоотой. Төрийг тогтвортой байлгахад намуудын хандаж буй сөрөг хандлагын үр дүн. Сүүлийн 25 жилд Засгийн газар 14 удаа солигдсон. Хоёрхон тохиолдолд нь Засгийн газрын өөрийнх нь санаачилгаар солигдох асуудал яригдсан. Эхнийх нь Д.Бямбасүрэнгийн Засгийн газар. Ерөнхий сайд Д.Бямбасүрэн өөрөө “та нар манай Засгийн газарт итгэл хүлээлгэж байна уу, үгүй юү. Тэрийгээ нотолж өгөөч ээ” гэсэн. Энэ бол огцруулж өгөөч ээ гэсэн үг биш. Итгэл хүлээлгэх гэж нэг дамжлага байдаг юм. Д.Бямбасүрэн өөрөө тийм өргөдөл Бага хуралд гаргасныг нь Ерөнхийлөгч “Энэ Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй байх үндэслэл байхгүй. Энэ Засгийн газар үргэлжлүүлж ажиллах ёстой” гэдэг тодорхойлолт гаргаж өгсөн. Тэр Ерөнхийлөгч нь би. Тэгээд Улсын бага хурал хэлэлцээд зарим дутагдал байгаа ч энэ Засгийн газар Үндсэн хуулийнхаа бүрэн эрхийг зөв зүйтэй хэрэгжүүлж байна, итгэл хүлээлгэнэ гээд огцруулаагүй. Энэ бол эхний жишээ. Сүүлд Засгийн газрын найман гишүүн бид огцорно гэж өргөдөл бичээд Засгийн газрыг огцруулж байсан. Бусад Засгийн газар цөм намуудын санаачилгаар огцорч байсан. Энэ бол Засгийн газрыг тогтвортой ажиллуулахгүй байх ажлыг намууд өөрсдийн өрсөлдөөний арга болгосонтой холбоотой. Түүнээс Үндсэн хууль зөрчөөд огцорсон Засгийн газар байхгүй. Уг нь Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт авах ёстой юм. Засгийн газрыг, Ерөнхий сайдыг огцруулахдаа дүгнэлт авах ёстой ч авдаггүй. Авсан ганц ч тохиолдол байхгүй. Хамгаалалтын систем бүгд ажиллаж байж л асуудал шийдэгдэх ёстой ч Үндсэн хуулийн тэр зарчмыг зөрчөөд л УИХ-ын хэдэн гишүүний санаачилгаар засаг огцорч байна гэсэн үг. Энэ бол намуудын өөр хоорондын тэмцлийн хэлбэр болохоос Үндсэн хуулийн буруу, эсвэл Үндсэн хууль муу учраас Засгийн газар огцорсон тохиолдол байхгүй.
-Хоёр дахь тохиолдлын хувьд бас л намын шийдвэрээр тухайн үеийн МАХН-ын сайд нар гарын үсэг зурж Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсон байх аа?
-Тэгсэн ш дээ, нам нь даалгавар өгөөд сайд нар нь гарын үсэг зурсан байдаг. Та нар огцрох өргөдлөө өгчих, энэ засгийг огцруулъя л гэсэн байдаг. Дараа нь гарын үсэг зурсан сайд нараас Т.Очирхүү гомдол мэдүүлж ярьсан байдаг ш дээ. Нам гарчих, та нарыг ажил төрлөөр хангана гэчихээд хаячихсан гэж ярьдаг. Шинэ Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд ч оруулалгүй дараа нь төмөр замын ч билүү дарга болгосон байдаг. Ингэж л намууд тоглоод байгаа юм. Тэгэхээр Үндсэн хууль өөрийнхөө боломжийг шавхах нь битгий хэл маш тууштай, зөв явж байгаа. Үндсэн хуулийн бүх боломжийг ашиглаж зөв хэрэглэхгүй байгаагаас зарим зөрчил гарч байгаа. Түүнээс биш Үндсэн хуульд буруу зөрүү заалт байгаа нь зөрчилдөөний шалтгаан биш.
-Тэгээд яагаад Үндсэн хууль руу бүх асуудлыг “чихээд”, өөрчлөх ёстой гээд байгаа юм бэ?
-Үндсэн хуулийг хэний санаачилгаар, яах гэж өөрчилдөг вэ гэхээр намууд өөрийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж оролддог. Өөрсдөө парламентын бүтцэд олонхи байх ямар арга байна, тэрийг сүвэгчилж, өөрсдөдөө аятай, таатай байх нөхцөлийг Үндсэн хуулиар бичүүлж авах гэдэг. Ийм дархлаатай болох гэсэн намуудын эрмэлзлэл л байгаагаас нийгмийн сонирхол бол биш. Монгол Улсын сонирхол биш. Монгол Улс бол нэгдмэл, нэг л улс. Үндсэн хуульдаа ч тэгээд бичсэн. Харин нам бол 20 гаруй бий. 20 намын эрх ашгийг тусгасан Үндсэн хууль гэж байхгүй. Яагаад гэвэл, 20 нам 20 янзын үзэл бодолтой, 20 янзын эрх ашигтай. Тийм л биш бол 20 нам байхын хэрэггүй. Өөрөөр хэлбэл, нэг улсын Үндсэн хуулийг 20 намын Үндсэн хууль болгож, 20 янзын юм бичиж хярамцаг болгож яагаад ч болохгүй. Хууль тогтооход ийм зарчим байдаггүй. 2000 онд оруулсан Үндсэн хуулийн долоон өөрчлөлтийг хэлэлцсэн протокол байдаг юм. Тэнд ямар сонин, сонин юм байдаг гээч.
-Тухайлбал…?
-“Наадахь чинь тэдэнд ашигтай юм биш үү. Бидэнд ашиггүй болох нь” гэж МАХН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн байдаг юм. “Наад заалт чинь бидэнд ашиггүй байна, бидэнд ашигтайгаар томъёолох хэрэгтэй” гэхчилэн ярьсан байдаг. Тэгэхээр эд нар Монгол Улсын эрх ашгийн төлөө байна уу, эсвэл тэр намууд тус бүрийнхээ эрх ашгийг хамгаалах гээд байна уу. 2000 оны өөрчлөлтийг хийхэд гурван намын дарга гарын үсэг зурсан. Тэгэхэд хоёр нь зурчихаад нэг нь зураагүй байдаг юм. Тэгэхэд МАХН-ынхан “Нөгөө хоёр зурчихлаа. Одоо бид зураад л зүтгүүлчихье л дээ” гэсэн өгүүлбэр, үгийг хэрэглэсэн байдаг. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр Үндсэн хуулийг намын эрх ашигт тохируулж өөрчлөх гэсэн ийм л тэмцэл, ийм л эрх ашиг одоо яваад байна. Түүнээс Монгол Улсын эрх ашгийн төлөө өөрчлөх гээд байгаа юм бараг байхгүй. Тийм учраас Үндсэн хуулийг хэний төлөө, юуны учир, яах гэж өөрчлөх гээд байна вэ гэж болгоомжтой хандах хэрэгтэй. Харамсалтай нь, үүний хариу нь намуудын эрх ашгийн төлөө гэж гараад байдаг юм. Хялбар, төвөг бэрхшээлгүй байхын төлөө л энэ намууд яваад байна шүү дээ. Чи бод доо, 76 гишүүн чуулгандаа байнга сууж байх ёстой. 57 нь хууль тогтооход санал өгөөд байж байх ёстой байсан. Гэтэл яасан байх нь уу, тэр гишүүд гадуур явмаар байдаг. Юм үзмээр байна ш дээ. Африк ормоор байна, Америк ормоор байна. Бөөн бөөнөөрөө явмаар байна. Тэгэхээр яах уу, УИХ-ын ирц хүрэхгүй. Тэгээд л ирцийг 39 болгоод өөрчилчихсөн. Энэ ямар эрх ашиг вэ. Монгол Улсын эрх ашиг лав биш. 20-хон хүний тогтоож байгаа хуулийг 76 хүний төлөөлөл гэж үзэж болох уу, болохгүй. Иймээс ямар эрх ашиг энд ноёлчихоод өөрчлөөд байгаа юм бэ.
2000 оны долоон өөрчлөлтөөр санал хураалт далд гэж байсныг ил болгосон. Яагаад гэхээр “Нөхөр минь чи намын зарчмаас гажсан санал өгч болохгүй. Чамайг хянана” л гэсэн байхгүй юу. Ингээд ард түмний элч гэдэг юмыг байхгүй болгосон. УИХ-ын гишүүнийг ингэж намын элч болгосон. Үндсэн хуульд намын элч гэж бичсэн бол хамаа алга. Намын даалгавраар гараа өргөдөг юм уу, өргөдөггүй байж болно. Гэтэл ард түмний элч гээд Үндсэн хуульд заасан болохоор намын биш, ард түмний, улс орныхоо эрх ашгийн төлөө саналаа өгөх ёстой. Энэ зарчим алдагдчихаад байгаа юм.
-Тэгвэл 2000 оны долоон өөрчлөлтийг буцаахад л Үндсэн хуулийг өөрөөр өөрчлөх шаардлагагүй юм биш үү?
-Тэгэхэд их сонин юм болсон. Тэр долоог чинь анх 1999 оны төгсгөлд баталсан юм. Тэрийг нь Цэц хүчингүй болгочихсон. Ингээд нэг УИХ-ын бүрэн эрх дуусч, шинэ УИХ сонгогдоод гараад ирсэн. Тэд Цэцийн 1999 онд хүчингүй болгосон нөгөө өөрчлөлтийг яг тэр чигээр нь гаргаж ирээд баталчихсан. Үг, үсэг, найруулга, цэг, таслал нэг ч юм өөрчлөхгүйгээр баталсан.
-Цэцийн хориг хамаагүй байдаг юм уу?
-Анх буюу 1999 онд Үндсэн хуулийг өөрчлөхдөө ард түмнээс асуусан юм байхгүй, Цэцийн санал ч аваагүй. Ер нь процедурын алдаа бол зөндөөг хийсэн. Н.Багабанди Ерөнхийлөгчид танилцуулахад нь ч зөвшөөрөөгүй байдаг. Гэтэл “Өө яадгийн зүтгүүлье” ухааны юм яриад л баталсан. Нэг талаас нь харахад хүүхэд шиг тийм гэнэн, нөгөө талаас нь харахад тийм давлиун байдлаар хандаж өөрчилсөн байдаг. Тэгэхэд Ерөнхийлөгч хориг тавьж, Цэц хүчингүй болгосон. Гэтэл 2000 онд дараагийн УИХ дахиад баталчихсан. Батлахдаа үг, үсгийн ямар ч зөрүүгүй хийсэн. Хэлбэр нь л жилийн дараа байсан болохоос яг адилхан. Цэцийн өмнөх хориг тэгэхээр хэвээрээ байгаа шүү дээ. Гэвч Цэцийн шийдвэрийг хэрэгсээгүй. Энэ бол манайд байгаа хамгийн бүдүүлэг жишиг, хамгийн ноцтой зөрчил. Уг нь Цэцийн энэ шийдвэрийг хүлээж аваагүй, биелүүлээгүй УИХ өөрөө тарах ёстой юм. Хууль зөрчдөг хууль тогтоогчид болчихсон гэсэн үг шүү дээ. Гэвч тараагүй л дээ. Иймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд байгаа бол Цэцийн эцсийн шийдвэрийг УИХ биелүүлэхгүй бол УИХ-ыг Цэц тараана гэсэн заалт л оруулмаар байна. Хаа нэгэн газар ингэж эцэслэж шийдвэрлэх юм оруулах хэрэгтэй байх. Уг нь бол УИХ-ыг тараах механизм Үндсэн хуульд бий л дээ. Тэр нэмэлтэд ч орсон, урьд нь ч байсан л зүйл. Энэ бол Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж УИХ-ыг тараах тухай ойлголт юм. Ямар УИХ “бид таръя” гэх вэ дээ.
-2000 оны өөрчлөлт Ерөнхийлөгчийн инстутицийн эрх мэдлийг бас багагүй хумьсан байх аа?
-Гурав, дөрвөн эрхийг нь хассан. Ерөнхий сайдаа томилуулах асуудлыг Ерөнхийлөгч шийдвэрлүүлдэг байсныг Үндсэн хуулиас хасчихсан. Өөрөөр хэлбэл, сонгуулиар олонхи болсон намтай зөвшилцөөд, хэрэв аль нэг нь олонхи болоогүй бол тэр намуудын эвсэлтэй зөвшилцөж, Ерөнхийлөгч өөрөө УИХ-д Ерөнхий сайдыг оруулж ирдэг байсан. Гэтэл Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж үзээд болохгүй бол нам нь Ерөнхий сайдын нэрийг шууд УИХ-д оруулж батлуулдаг болгочихсон. Ийм, ийм ноцтой зөрчлүүд байгаа.
-Та одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой тодруулах юм байна. Үндсэн хуулийн Цэц улстөрчдийн захиалгаар ажилладаг гэдэг дээр та юу хэлэх вэ. Жишээ нь, УИХ-ын дарга Ц.Нямдоржийг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргаж огцруулсныг бүгд л захиалгатай гэдэг ш дээ?
-Тийм юм байдаггүй юм. Монгол Улсад найраагүй, хуйвалдаангүй, шударгаар асуудлыг хянаж шийдвэрлэдэг ганцхан газар бий. Тэр нь Үндсэн хуулийн Цэц. Дээд шүүхэд хүртэл маргаантай юм байдаг ш дээ. Буруу зөрүү шийдэх, гаднын нөлөөлөлд ямар нэгэн хэмжээгээр өртөх үзэгдэл байдаг. Харин Үндсэн хуулийн Цэцэд байдаггүй. Ямар өргөдөл хэнд цохогдоод яаж хянаж, судлагдаад ямар саналтай орж байгааг Цэцийн нөгөө найман гишүүн нь ч мэддэггүй. Тэр гишүүн нь бүх судалгаагаа хийгээд зөвлөлдөх танхимд ороод хоорондоо “үзэлцдэг”. Өөр хоорондоо мэтгэлцэж, олонхийн саналаар дүгнэлтээ гаргадаг тийм л байгууллага. Тийм учраас тэнд хуйвалдаан гэдэг юм ерөөсөө гардаггүй.
-Тэгвэл бүрэлдэхүүний хувьд юу хэлэх вэ. Х.Тэмүүжин гишүүн “Үндсэн хуулийн Цэц улстөрчдийн морг байсан, одоо нэмээд хуульчдын морг боллоо” гэсэн байна лээ. Та сонссон л биз?
-Сонссон, сонссон. Ер нь бол хуулиараа ярих юм бол Х.Тэмүүжин хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хүнийг, албан тушаалыг доромжилж байна ш дээ, “Үхдэл” гэж. Тэр нь намайг хэлж байгаа юм. Хөгшин, тэгээд хуульч биш болохоор тэр л дээ. Тэтгэвэрт гарчихсан нэг юм суучихаад байна гэж хэлсэн нь тодорхой “уншигдаж” байгаа л даа. Цэцэд хуульч биш хоёр хүн байдгаар дайруулж хэлсэн юм. Сүүлд хуульчид “үхдэл” болдог нь Үндсэн хуулийн Цэцийн хуулийн мэргэжилтэй гишүүн нь бас Х.Тэмүүжинд таалагдахгүй байна ш дээ. Санаачилсан хуулийнх нь зарим заалтыг хүчингүй болгосон болохоор нөгөө хуульчид нь “үхдэл” болж байгаа юм. Энэ бол Х.Тэмүүжинд хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Бид иргэний нэхэмжлэл гаргах боломжтой гэсэн үг л дээ. Гэхдээ тэр тэнэг, юм мэдэхгүй балчиртай мань заргалдана гэдэг нь өөрсдийгөө доошоо хийсэн болно л доо. Иш чааваас энэ хүүхэдтэй заргалдаад яахнав дээ гэнэ ш дээ. Ер нь бол Х.Тэмүүжинг тэгж өөгшүүлээд байгаа нэг заалт бол УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг заалт.
-Үндсэн хуулийн заалт биз дээ?
-Тийм, тэрүүгээр дархлагдчихсан болохоор юу дуртайгаа бурж байдаг болсон. Одоо бол тэрийг авч хаях хэрэгтэй юм шиг ээ. Манайхны заримын боловсрол, хүмүүжил гээд юм юм нь жаахан дутуу байна ш дээ.
-Энэ сэдвийн хүрээнд төгсгөлд нь асуухад Үндсэн хуулийг энэ намууд өөрт ашигтай хэлбэрээр өөрчлөх гээд “юу” ч биш болгоод хаячих вий дээ. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Тэр хуульд хөндөж болох, хөндөж болохгүй заагийг хуульчлаад өгчихсөн. Тийм учраас би хувьдаа Үндсэн хуулийг баллаад хаячих вий гэж нэг их айхгүй байгаа. Үндсэн хуулийн үзэл баримтлал нь дархлаатай болсон. Жижиг, сажиг юмнууд бол өөрчлөх биз. Хот, тосгон ч гэдэг юм уу, баг, сумын Засаг даргыг иргэд нь өөрсдөө сонгох зэрэг асуудлууд бий. Уг нь энийг заавал Үндсэн хууль гэлгүй бусад хуулиараа зохицуулж болох л зүйл. Ер нь бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа бариад явахад гайгүй. Цаад зарчим нь мэдээж улсын эрх ашгийг намын эрх ашгийн дээр тавихад л болно. Би бодоод байгаа юм. Одоо баахан юм болно. Гэхдээ буухдаа хөнгөхөн л буух болов уу даа.
Нээрээ төгсгөлд нь чамд нэг юм хэлье. Заавал бичээрэй. Манай одоогийн төр засгийн удирдах албан тушаалтнуудын давхар алба хашиж байгааг би буруу гэж боддог. Жишээ нь, УИХ-ын дарга, эрх баригч АН-ын дарга З.Энхболд байна. 1990 онд яалаа. “Энэ Цэдэнбал, энэ Батмөнх нар хамаг албан тушаалыг өөр дээрээ төвлөрүүллээ” гэж байсан ш дээ. Одоо ямар ялгаа байна вэ, З.Энхболд оо. Чи эрх барьж байгаа АН-ын дарга, УИХ-ын дарга. Ж.Батмөнх та хоёрын ялгаа юу байна вэ. Яг адилхан байна ш дээ. 1990 онд огцор гээд л сууж байсан, 2015 онд өөрөө адилхан болчихоод л сууж байна. Ийм байж болох уу. Бас намын дарга нь Ерөнхий сайд байна гэдэг. Бид үүнийг үзсэн ш дээ. Социализмын үед намын дарга нь Цэдэнбал байсан. МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга байсан. Энэ хоёрын хооронд ялгаа юу байна вэ. Цэдэнбалыг шүүмжлээд л, нэг хүн хамаг юмыг атгалаа гэдэг байсан ш дээ. Өөрсдөө болохоор намтай нь, төртэй нь атгачихаад адилхан хөдөлгөхгүй л байна ш дээ. Би ярилцлагынхаа эхэнд хэлсэн дээ. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага гэж. Ийм байж яах гэж засгийн ажил руу ороод байгаа юм бэ. Засгийн газар чинь аж ахуй, эдийн засаг, нийгмийнхээ хөгжлийг удирдана гээд Үндсэн хуульд биччихсэн. Удирдах үүрэг нь Засгийн газарт байхад хууль тогтоогчид жишээ нь Тавантолгой зэрэг асуудлыг яагаад шүүрч аваад байгаа юм бэ. Энэ чинь эдийн засгийн асуудал. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ажил. Яагаад засгийн урдуур УИХ орж үймүүлээд байгаа юм бэ.
Эх сурвалж:
Сэтгүүлч Ч.Гангэрэл
No comments:
Post a Comment