Friday, November 13, 2015

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг - 2015.11.13

Парламентын гишүүдийн тоо 100-120 байхад буруудахгүй

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгтэй сонгодог парламентын тогтолцооны талаар ярилцлаа.

-УИХ-д Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлээд байна. Хуулийн төслийг харвал сонгодог парламентын тогтолцоо руу шилжих зохицуулалт түлхүү тусгаж өгсөн байна. Та судлаачийн хувьд өнөөдөр Монгол Улс заавал сонгодог парламентын тогтолцоо руу шилжих шаардлагатай гэж харж байна уу. Энэ тогтолцоо руу шилжсэнээр ямар давуу тал бий болох вэ?
-Монгол Улс 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиараа төрийн засаглалын хэлбэрийг парламентат засаглалын хэлбэртэй байхаар тогтсон. Хэдийгээр Үндсэн хуулинд “Парламентын засаглалтай байна” гэсэн үг, өгүүлбэр байхгүй ч УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хуваарилалт, сонгох, томилох процесс нь парламентын засаглалын шинжтэй байгаа юм. Үндсэн хууль баталснаас хойш 23 жил өнгөрч улс төр, нийгэм, хүн ам зүй, эдийн засгийн гэх мэт олон хүчин зүйлс өөрчлөгдлөө. Үүнийг дагаад Үндсэн хуулийн зарим заалтуудыг өөрчлөх нь зүй ёсны зүйл болж байна.
Судлаачийн хувьд энэ удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа засаглалын үндсэн хэлбэрийн хүрээнд буюу парламентын засаглалыг илүү боловсронгуй болгох нь зүйтэй болов уу гэж бодож байна. Энд юуны өмнө ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох нь зөв. Үндсэн хуулин дахь Ерөнхийлөгчид олгосон бүрэн эрх нь хязгаардмал байдаг. Тухайлбал, гүйцэтгэх засаглалыг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэггүй, засгийн газарт зөвхөн чиглэл өгдөг, цол, шагнал гардуулах, иргэн харьяатын асуудлыг шийдэх, уучлал үзүүлэх гэх мэт цөөн хэдэн эрхтэй, хуулинд хориг тавих, олон улсын гэрээ байгуулах, элчин сайд нарыг томилох зэрэг эрх мэдэл нь УИХ-аас шууд хамаардаг субьект юм. Гэтэл Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог. УИХ-ыг мөн ард түмнээс сонгодог. Энэ нь бодит амьдрал дээр асуудал бий болгож байна. Олон нийт ерөнхийлөгчийг УИХ-тай эрх мэдлийн хувьд адил гэж үзэж, ихээхэн найдвар хүлээлт тавьж байдаг юм. Парламентын засаглалтай ихэнх улсад Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог. Монгол Улсын хувьд энэ механизмыг Үндсэн хуулиндаа оруулахад буруудахгүй. 

-УИХ Засгийн газрыг бүрдүүлэхдээ Ерөнхий сайд болон сайд нарыг нэг нэгээр нь томилдог. Энэ тогтолцоо өөрөө буруу байна гэх шүүмжлэл өрнөж байгаа. Тэгэхээр парламентын тогтолцоо өндөр хөгжсөн орнуудад энэ асуудал ямар байдаг юм бол?
-Энэ бол чухал асуудал. Сонгодог парламентын засаглалтай орнуудад Засгийн газрыг парламентад олонхи болсон нам дангаараа байгуулдаг. Парламент зөвхөн Ерөнхий сайдыг томилж өгнө. Намын лидер буюу дарга нь Ерөнхий сайд болоод, Засгийн газар буюу кабинетын гишүүдээ парламентаас хамааралгүйгээр өөрөө бүрдүүлж ажилладаг нь түгээмэл жишиг. Нэгэнт кабинетын гишүүдээ Ерөнхий сайд өөрөө бүрдүүлж байгаа тул жинхэнэ утгаар нэг баг болж ажиллана, муу ажилласан тохиолдолд хамтын хариуцлага хүлээж огцордог.
Харин манай өнөөдрийн тогтолцоог үзвэл парламент дахь намуудын төлөөлөл, эсвэл тухайн намын фракцийн эрх ашгийн үүднээс сайдын томилгоо явагддаг. Дээр нь Засгийн газрын бүтцийг их олон ашиг сонирхлыг харгалзаж байгуулж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд дангаараа сайдаа сонгож багаа бүрдүүлэх эрхгүй байна. Тийм учраас Засгийн газрын бүтэц чадварлаг баг болж чадахгүй байгаа юм. Түүнээс гадна бас нэг чухал асуудал бий. Хэрвээ парламентын засаглалтай байгаа бол парламент сүүдрийн Засгийн газартай байх ёстой.

-Манайд сүүдрийн Засгийн газар байгуулж байсан нэг практик байдаг билүү?
-2004 оны парламентад Иргэний зориг нам сүүдрийн Засгийн газар байгууллаа гэж зарласан. Гэхдээ  ингэж зарласан төдийгөөс үйл ажиллагаа нь хэтрээгүй. Манайд сүүдрийн Засгийн газар байхгүй болохоор сөрөг хүчний намууд хов живийн чанартай, эсвэл хувь хүн рүү чиглэсэн шүүмжлэл л хийж байна. Түүнээс биш эрх баригч намын бодлогод үнэлэлт дүгнэлт өгч шүүмжлэл хийж чадахгүй байгаа.
Сүүдрийн Засгийн газрыг сөрөг хүчний нам буюу сонгуульд ялагдсан нам байгуулдаг. Тэгээд хууль ёсны Засгийн газрын бүтэцтэй адил, 18 сайдтай бол 18 сайдтайгаар ажиллаж Засгийн газрын явуулж буй бодлогод альтернатив өөр хувилбар боловсруулж ард түмэнд танилцуулж байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн гзарын явуулж буй бодлого болгон дээр нь хяналт тавьж, асуудлыг шийдэх өөр арга замыг санал болгодог юм.  Жишээлбэл, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хамгийн түрүүнд дэвшүүлсэн төсвийн зардлыг багасгахын тулд алдарт эхийн одонгийн мөнгө хүүхдийн мөнгө гэх зэрэг халамжийг танана гэж мэдэгдэж олон нийтийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан. Хэрвээ сүүдрийн Засгийн газар байсан бол “Манай Засгийн газар төсвийн зардлыг багасгахын тулд ийм бодлого хэрэгжүүлнэ. Нийгмийн хамгааллын бодлогыг ингэж өөрчилнө. Төрийн албыг ингэж өөрчилнө” гэх мэтээр бодлогын өөр хувилбарыг ард түмэнд танилцуулах ёстой байхгүй юу. Энэ бол сонгодог парламентын засаглал гэсэн үг. Их Британи, Япон, Канад зэрэг улсуудад сүүдрийн засгийн газар түгээмэл байдаг.

-Ерөнхий сайд Засгийн газар илүү хүчтэй байх юм уу, эсвэл парламент илүү хүчтэй, эрх мэдэлтэй байх юм уу гэдэг асуудал байна. Манай хувьд бол парламент нь хамгийн хүчтэй, том болчихоод, Засгийн газраа бараг л хүссэнээрээ хөдөлгөдөг болчихсон юм шиг. Засгийн газрын төсвийг хүртэл парламент хүссэнээрээ өөрчилж, хасч, танадаг шүү дээ. Энэ өөрөө зөв жишиг мөн үү?
-Энэ асуудал ерөнхийлөгчийн засаглалтай байна уу, парламентын засаглалтай байна уу гэдгээсээ хамаараад хоёр өөр. Жишээлбэл, АНУ ерөнхийлөгчийн засаглалтай. Америкт Ерөнхий сайд гэж байхгүй. Засгийн газрын тэргүүн нь Ерөнхийлөгч өөрөө байдаг. Тухайн жилийнхээ төсвийг Ерөнхийлөгч нь Конгресст оруулаад, батлуулна. Тэнд мэдээж, төсөв ийм тийм байна гэх шүүмжлэл яригдана. Энэ жилийн батлан хамгаалах зардал хэт их байна, Үүний оронд эрүүл мэндийн салбарт ингэж зарцуулъя гэх ч юм уу. Гэхдээ тэглээ гээд манайх шиг хэтэрхий танаад, эсвэл энд тэнд хөрөнгө оруулалт, зардал нэмээд байх боломжгүй. Ер нь бол аль ч улсын парламент тухайн Засгийн газрын бодлогыг санхүүжүүлэх хэмжээний хангалттай төсвийг баталж өгөх ёстой. Үүнийхээ хариуцлагыг Засгийн газар өөрөө үүрнэ. Хэрэв энэ хариуцлагаа хүлээж чадахгүй бол Засгийн газрыг огцруулна шүү дээ. Харин Ерөнхийлөгчийн засаглалтай улсад Засгийн газар огцорно гэж байхгүй учраас хариуцлагын механизм  ерөнхийлөгч хэмээх хувь хүний ёс зүй, итгэл үнэмшилд тулгуурлаж байдгаараа учир дутагдалтай, харин парламентын засаглалтай улсад Засгийн газарт хариуцлага тооцох хяналтын механизм илүү сайтай.

-Сонгодог парламентын үед Ерөнхий сайд нь парламентаа тараадаг, илүү эрх мэдэлтэй байдаг уу. Зарим орон, тухайлбал Японд саяхан Ерөнхий сайд нь парламентаа огцруулсан тохиолдол их. Манайх бас хэрэв сонгодог парламент руу шилжвэл Ерөнхий сайд ийм эрхтэй болно гэсэн үг үү?
-Парламентын засаглалтай ихэнх улсад Ерөнхий сайд нь бус төрийн тэргүүн болох Ерөнхийлөгч нь онцгой тохиолдолд парламентаа тараах эрх мэдэлтэй байдаг. Канад, Австрали, ХБНГУ, Итали, Япон зэрэг орнуудыг энд дурьдаж болно. Тухайлбал ХБНГУ-ын жишээн дээрээс харахад Засгийн газар парламентын доод танхим болох Бундестагт дэмжлэгээ алдсан тохиолдолд, эсвэл шинээр сонгогдсон Бундестаг Канцлерыг томилж чадахгүй байгаа үед тараах эрхтэй байдаг. Хамгийн сүүлд гэхэд 2005 онд Канцлер Герхард Шредерийн засгийн газар нэр хүндээ алдаж Бундестагийг зүгээс огцруулах аюул тулгарсан тул ерөнхийлөгч нь Бундестагийг тарааж шинэ сонгууль зарлан явуулж байсан юм. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр сонгодог парламентын засаглалд Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалд илүү ойр байж шаардлагатай үед Засгийн газрыг өмгөөлөн хамгаалагч болдог юм. Японы хувьд бол хаант засаглалтай учраас Ерөнхий сайдын санал болгосноор Эзэн хаан парламентын доод танхимийг тараадаг.
Монгол Улсын хувьд 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн нэг нь яг дээрх асуудлыг хөндсөн. Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт өөрчилж оруулсан “Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ өөрөө тарах, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ыг тараах” гэсэн заалт нь агуулгын хувьд дэлхийн ихэнх улсад түгээмэл байдаг зарчим юм. Төрийн бодлогыг хэрэгжүүлэх чадварлаг засгийн газар бүрдүүлэх нь парламентын засаглалтай орнуудын хууль тогтоох байгууллагын гол үүрэг байдаг юм. Тийм учраас ерөнхий сайдыг томилох асуудал дээр парламентад суудалтай намууд хэл амаа ололцон зөвшилцөж чадахгүй бол цаашдын бусад хууль тогтоомж, бодлогыг батлах тухайд бүр ч явахгүй гэх үзэл нийтлэг юм. 

-Парламентын гишүүдийн тооны тухайд таны бодол?
-УИХ 76 гишүүнтэй парламент болохын хувьд дэлхийн хамгийн цөөн гишүүдтэй парламентын нэг. Үндсэн хууль батлагдаж байсан 1992 онтой харьцуулахад хүн ам зүйн хувьд өсөлт явагдлаа, улс төрийн нөхцөл байдал ихэд өөрчлөгдөв. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхэд болохгүй гэх газаргүй байна. Дэлхийд 800 гаруй гишүүнтэй Энэтхэг, 650 гишүүнтэй Их Британи зэрэг улсуудын томоохон парламентууд байдаг. Харин парламентын гишүүдийн тооны дэлхийн дундаж бол 245-250 байдаг юм. Жижиг улсууд буюу 10 сая доторх хүн амтай улсуудын парламентын гишүүдийн дундаж тоо 100-120 байгаа юм.
УИХ-ын үйл ажиллагаан дахь зарим нэг бэрхшээлтэй асуудал нь гишүүдийн тоотой тодорхой хэмжээгээр холбоотой. Тухайлбал гишүүдийн энгийн олонх хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, асуудлыг мөн л энгийн олонхиор шийдэж байгаа өнөөгийн нөхцөлд хамгийн багаар бодоход 39 гишүүн ирснээр УИХ-ын ирц бүрдэж, үүнээс 20 гишүүний саналаар аливаа хууль тогтоомж батлагдах нөхцөл бүрдээд байна. Энэ бол их сөрөг үр дагавартай. Өөрөөр хэлбэл хорьхон хүнийг лоббидож өөрийн талд татаж чадвал Монгол Улсын аль ч асуудлыг хэн нэгэн этгээд өөрийн талд ашигтай байдлаар гаргуулах нөхцөл бүрдсэн гэсэн үг. Гэтэл парламент бол олон янзын үзэл бодол, байр суурийг уралдуулж байж төрийн бодлогыг баталдаг институци юм. Ингээд бодоход Монголын хувьд парламентын гишүүдийн тоо 100-120 байхад буруудахгүй. 

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:
Л.Энхдэлгэр

No comments:

Post a Comment