Ерөнхий сайд эрх мэдэлтэй байх ёстой
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлийн талаар УИХ-ын гишүүн С.Оюуны байр суурь
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож таван жилийн хугацаатайгаар сонгогддог болгоно гэж байна. Ажлын хэсгийн гишүүний хувиар энэ өөрчлөлтийг шалтгааныг тайлбарлахгүй юу?
-Гишүүдийн тоог нэмэх бол гол өөрчлөлт биш ээ. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол онцлог нь парламентын засаглалыг илүү боловсронгуй болгож байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр Ерөнхий сайд нь илүү их ойлгомжтой, тодорхой нэг талдаа эрх мэдэлтэй, нөгөө талдаа үүрэг хариуцлагатай болж байгаа явдал юм. Ер нь хамгийн онцлох зүйл миний бодлоор гүйцэтгэх засаглал, шүүх засаглал, хууль тогтоох засаглалууд нь аль алинаа хянаж, тэнцвэртэй, ойлгомжтой болгож байгаа.
Манайд бол Ерөнхий сайд хийе гэсэн өөрчлөлтүүдээ хийж чаддаггүй, Их Хурал дээр гацаадаг.
Манайх парламентын засаглалтай улс. Тийм учраас эрх барьж байгаа намаас томилогдсон Ерөнхий сайд нь ойлгомжтой, эрх мэдэлтэй байх ёстой. Манайд бол Ерөнхий сайд хийе гэсэн өөрчлөлтүүдээ хийж чаддаггүй, Их Хурал дээр гацаадаг. Эсвэл бусад эрх мэдэл давхацсан институцүүдээс хийе гэсэн зүйлийг нь хийлгэдэггүй.
Ойлгомжтой эрх мэдэлтэй, тэр хэрээрээ хариуцлагаа хүлээдэг байх нь чухал юм. Одоо бол сайд нарыг нэг нэгээр нь сугалж аваад Их Хурал дээр огцруулна, огцруулахгүй гэж ярьдаг. Ерөнхий сайд нь өөрөө кабинетаа бүрдүүлдэг, өөрөө огцруулдаг байх хэрэгтэй.
-Тэгэхээр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа нь гол өөрчлөлт гэж ойлгож болох уу?
-Тийм. Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэх ёстой. Нэгэнт л сонгуулиар аль нэг нам ялна. Ялсан нам нь Ерөнхий сайдаа томилдог. Нэгэнт эрх авч байгаа бол авсан эрхийнхээ хүрээнд ажлаа хийх ёстой. Харин муу хийж байгаа бол УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулж болно. Эрх авсан үедээ тодорхой зүйлсийг хийх эрхийг нь ард түмэн өгч байна гэсэн үг.
Манайд бол эрх нь ойлгомжтой биш, хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай болчихсон.
Мөн Засаг дарга нарыг шууд сонгоно гэж байгаа. Тэрийг бас онцлог гэж бодож байна. Яагаад гэвэл Монгол Улс хүн ам цөөтэй. Нэг их намчирхаж байхаар цөөхөн хүн амтай суманд хэн нь олигтой сумаа авч явах вэ хэн нь илүү итгэл хүлээсэн бэ гэдгээр нутгийн өөрөө удирдах зарчмын дагуу засаг даргаа өөрсдөө сонгоод явах нь зүйтэй болов уу.
Гишүүдийн тоог нэмэх дээр бол хүн амын тоотойгоо харьцуулахад гишүүний тоог нэмэх нь зүйтэй гэж ажлын хэсэг дээр үзсэн. Гэхдээ би энэ асуудлыг тэгж их онцлоод байх сэдэв гэж бодохгүй байна. Хамгийн гол нь сүүлийн 20 жил Монгол Улсын хөгжил дэвшлийг харж байхад тодорхой шийдвэрүүд гацдаг, унадаг хүнээсээ үл хамаараад тухайн засаглалын эрх мэдэл, нэг нэгнээ барьцаалдаг зүйл их байгаа учир энэ өөрчлөлтүүд хэрэгтэй.
Эх сурвалж:
No comments:
Post a Comment