Яагаад ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй, хайран таван тэрбум төгрөг
Өчигдөр 09:00 цагт зарлагдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар хойшилсон.
Хуралдааны танхимд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, гишүүн Х.Тэмүүжин, Ө.Энхтүвшин, Ё. Отгонбаяр, Ц.Нямдорж нараас гадна Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Төрийн нарийн бичгийн дарга Ж. Баярцэцэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат зэрэг албаны хүмүүс бүтэн цаг гаруй хүлээгээд 10:20 цагт Д.Ганбат даргын хуралдааныг хойшлуулсан алхны дуунаар таран одоцгоов. .
Уг нь энэ удаагийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт зэргийг авч хэлэлцэх байсан ч гишүүд нь хуралдаа ирээгүйгээс ийнхүү хойшилсон юм.
Үүний дараа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай уулзаж дараах ярилцлагыг авлаа.
-Маргааш Монгол Улсын анхдугаар их хурал хуралдаж хамгийн анхны Үндсэн хуулийг баталсан түүхт өдөр. Түүхч хүний тань хувьд асуухад БНМАУ-ыг тунхагласан анхдугаар Үндсэн хуулийн хамгийн гол ач холбогдол нь юунд оршдог вэ?
-Тийм ээ. 1924 оны арваннэгдүгээр сарын 20-нд улсын анхдугаар их хурал хуралдаж Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн баталж, БНМАУ-ыг зарлан тунхагласан түүхтэй юм.
Жаахан түүх яривал Улсын анхдугаар их хурал 1924 оны есдүгээр сарын 08-нд нийслэл хүрээнд нээгдэж халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцсон байдаг.
Улсын анхдугаар хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 15 минутад санал нэгтэй баталсан гэдэг. Энэхүү түүхэн чухал үйл явдлыг үүгээр нэг хууль баталж, улсын нэрийг шинээр зарласантай холбож ойлговол их өрөөсгөл болно. Яагаад гэвэл 1921-1924 онд Монгол Улс хэмжээт эрхт хаант улс байсан. Тэгээд 1925 оны тавдугаар сарын хоёрдугаар хагаст VII Богд Жавзандамба таалал төгссөн байдаг.
Нэг ёсондоо Монгол Улс төрийн тэргүүнгүй байсан л даа. Нөгөөтэйгүүр 1924 оны тавдугаар сарын 30-нд Бээжин хотод Зөвлөлт-Хятадын гэрээнд манай хоёр хөрш гарын үсэг зурж Монгол Улсыг Дундад иргэн улсын нэг хэсэг гэж харилцан тохиролцсон байдаг нөхцөл байдал ийм ээдрээтэй байсан тул тэр даруйд нь тухайн үеийн МАН-ын Төв хороо хуралдаж аль болох хурдан улсын анхдугаар их хурлыг зохион байгуулж, Бүгд найрамдах улсаа зарлан тунхаглая гэсэн түүхэн зоримог шийдвэр гаргасан түүхтэй.
Ийм л ээдрээтэй цагт улс үндэстнийхээ эрх ашгийг хамгаалан түүхэн шийдвэр гаргасан улсын анхдугаар их хурал, түүнээс батлагдсан анхдугаар Үндсэн хуулийн ач холбогдлыг хойч үе маань байнга дурсан санаж, уншиж, мэдэж байх ёстой юм.
Анхдугаар Үндсэн хууль батлагдсаныг тусгаар тогтнолоо зарласантай адилхан түүхэн чухал ач холбогдолтой гэж авч үздэг нь ийм л учиртай юм. Өнөөгийн бид Европ соёл, хүмүүжилтэй болчихоод тухайн үеийн түүхэн чухал үйл явдлын ач холбогдлыг төдийлөн сайн ухаж ойлгохгүй, эргэж харахгүй байгаа нь харамсалтай.
1924 он хүртэл Монгол Улс Олноо өргөгдсөн гэдэг он тооллыг хэрэглэж явсан түүхтэй. Харин анхдугаар Үндсэн хууль батлагдсан 1924 оны арваннэгдүгээр сарын 24-нөөс эхлээд БНМАУ-ын түүхэн цаг хугацаа эхэлсэн юм. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан дорнын соёлын уламжлалаар тусгаар улс бүр өөрийн гэсэн он тоолол, төрийн тэргүүнтэй байдгийг нотолж БНМАУ-ын төрийн дээд эрх нь ард түмний мэдэлд байна, төрийн тэргүүн нь УИХ-ын тэргүүлэгчид байна гэж заасан байдаг.
-1924 оны арваннэгдүгээр сард анхлан баталсан Үндсэн хуулийг өнгөрсөн 90 жилийн хугацаанд дөрвөн удаа өөрчилж, нэмэлт оруулсан ч одоо удахгүй тав дахь өөрчлөлтийг оруулна гэж байна. Ингэхээр 90 гаруй жилийн өмнө батлагдсан анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол багасаж, мартагдаж байгаа юм болов уу?
-1924 онд батлагдсан Анхдугаар Үндсэн хуульд эерэг, сөрөг бүх л заалт орсон ч түүхэн ач холбогдол нь хэзээ ч замхарч алга болох учиргүй юм. Хамгийн гол түүхэн ач холбогдол нь Монгол Улсын тусгаар тогтнолыг даян дэлхийд зарлан тунхагласанд оршино. Эерэг зүйлсээс нь дурдвал Монгол Улс анх удаа бүх нийтээр үнэ төлбөргүй боловсрол эзэмшихээр заасан анх удаа эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш сонгуулийн эрх мэдэлтэй болсон гээд маш олон заалт бий.
Хэдийгээр анхдугаар Үндсэн хуульд Оросын талыг баримталсан олон заалт орсон, хэтэрхий Оросын нөлөөтэй болоон гэдэг ч яг тэдгээр заалтуудыг нь судлаад үзвэл мэдээж Зөвлөлтийн засагт холбоот Орос улстай бүх талаар нягт холбоотой байна гэсэн заалт байдаг хэдий ч түүнийг залгаад дэлхийн бусад шударга улс орнуудтай харилцана гэсэн заалт бас байдаг.
Сөрөг заалтын тухайд ван, гүн зэрэг дэвтэй ноёд түшмэдийн сонгуулийн эрхийг хязгаарласан заалт орсон байдаг. Энэ нь тухайн үед Зөвлөлт Оросын удирдлагуудын зүгээс үзүүлж байсан дарамт, шахалт бодлогын нөлөө юм л даа.
Нарийвчилсан судалгаанаас үзвэл тухайн үедээ дээрх хориглосон заалтаар нийтдээ 1,200 гаруй хүний сонгуулийн эрхийг хязгаарлагдсан байдаг. 1924 оны анхдугаар Үндсэн хуулийн дараа 1940 оны Үндсэн хууль батлагдсан байдаг. Хоёрдугаар Үндсэн хууль буюу 1940 оны Үндсэн хуулийн гол үзэл санаа нь Монгол Улсыг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх үзэл баримтлалыг дэвшүүлэн тавьсан түүхтэй.
Дараа нь 1960 оны Үндсэн хуулиар БНМАУ-д социалист нийгэм байгуулах тухай үзэл баримтлалыг дэвшүүлсэн. Хамгийн сүүлчийнх нь 1992 онд батлагдсан, өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хууль байгаа юм. Энэ дөрвөн Үндсэн хуулиас харахад Монгол Улс хөгжлийнхөө түүхэн цаг үе бүрт тохируулж Үндсэн хуулиа өөрчилж ирсэн байдаг.
-Хуульч, түүхч хүний хувьд өнөөдрийн эрх баригчид ард нийтийн санал асуулга явуулахаар зорьж байгааг хэрхэн дүгнэж байгаа вэ. Хэрвээ ард нийтийн санал асуулга явуулбал энэ нь Монгол Улсын түүхэн дэх хоёр дахь бүх ард түмний санал асуулга болно. Харин одоо хуулийн хугацаанд амжиж ард нийтийн санал асуулга явуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж, цаг хугацаа байгаа юу?
-Миний хувьд ард нийтийн санал асуулга явуулах цаг нь ч биш, хугацаандаа ч амжихгүй гэж үзэн эсрэг саналтай байгаа. Нэгдүгээрт 1945 оны ард нийтийн санал асуулга бол гарцаа байхгүй Монгол Улсыг Дундад иргэн улс хүлээн зөвшөөрөхийн тулд болзол тавьсны дагуу явагдсан түүхэн санал асуулга байсан. Дундад иргэн улсын зүгээс "Ард түмэн нь өөрсдөө баталж чадвал Монголыг тусгаар тогтносон гэж бид хүлээн зөвшөөрье” гэсэн болзол тавьчихаад байсан л даа. Тийм болохоор энэ бол ёстой л түүхэн чухал ач холбогдолтой санал асуулга явагдсан юм.
1945 оны аравдугаар сарын 20-нд явагдсан энэхүү ард нийтийн санал хураалтад сонгуулийн насны 494,960 хүн оролцох ёстойгоос 487,409 хүн Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө 100 хувь саналаа өгснөөр 1946 оны нэгдүгээр сар Хятадын ГЯЯ-наас маршал Х.Чойбалсанд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаа тухай нот бичиг ирүүлсэн түүхтэй.
Харин өнөөдрийн эрх баригчдын хүч түрэн явуулах гэж зүтгээд байгаа ард нийтийн санал асуулга нь УИХ-ын түвшинд асуудлаа шийдэж чадахгүй, мухардалд орчихоод л ард нийтийн зүг хошуураад байгаа үйлдэл юм. Тийм болохоор энэ удаагийн санал асуулга нь цагаа олоогүй, ямар ч хэрэгцээгүй санал асуулга гэж миний хувьд дүгнэж байгаа. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа бол нэлээн тодорхой урт хугацаанд, сайн бэлтгэлтэйгээр хийх ёстой л доо.
Хамгийн гол нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар саналаа өгөх хүмүүс чухам ямар ямар өөрчлөлт хийх гэж байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хожим хойно Монголын ард түмэнд ямар үр дагавар авч ирэх юм гэдгийг нэгд нэгэнгүй мэдэж байж, сайтар ойлгосны үндсэн дээр саналаа өгөх ёстой юм.
Түүнээс гадна энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн хугацаандаа амжихгүй болж байна. Эдгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн хүчинтэй хугацаа нь ирэх нэгдүгээр сарын 15 гээд дуусна л даа. Тэгэхээр дараагийн сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль эрхзүйн чадамжгүй болж байгаа юм.
Одоо санал асуулгын тухай хуулиа баталж асуулгаа явуулаад, дараа нь Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай хуулиа өөрчилсний дараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж яагаад ч амжихгүй. Энэ бол өнөөдрийн эрх баригчдын ард олны сэтгэлийг түр тайвшруулж, сүйрлийн ирмэгт авч ирчихээд байгаа эдийн засаг, санхүүгийн хямралаа л хэсэгхэн зуур мартагдуулах гэсэн башир арга шүү дээ.
Тэгээд ч өнөөдөр улсын эдийн засаг, төсөв санхүү ийм гүнзгий хямралтай байхад таван тэрбум төгрөгөөр санал асуулга явуулах нь хямралыг улам гүнзгийрүүлэхээс өөр ямар ч ач холбогдолгүй юм. Цэцэрлэг, сургууль руу өөрсдөөсөө харамлаад оруулж чадахгүй байгаа хайран таван тэрбум төгрөг шүү дээ.
-Уг нь хоёр, гурван жилийн өмнө МАН-ын туршлагатай, зангаргатай гишүүд болох Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нарын олон гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай л гэж ярьж байсан даа. Одоо болохоор Үндсэн хуульд өөрчлөлт хийх боломжгүй гэх юм. Ер нь та нарын санаа бол 2016 оны сонгуулийн дараа л Үндсэн хуультай ноцолдох гээд байна аа даа?
-Тийм биш л дээ. Энэ 2015 оны эхээр эвслийн Засгийн газар байгуулагдаж байх үед бид хамтарсан санамж бичигт гарын үсэг зурж байсан л даа. Тэр санамж бичигт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж хоёр талаас зөвшөөрөөд гарын үсэг зурж байсан юм.
Үндсэн хуульд оруулах 40 өөрчлөлтийг гуравхан хоногт амжуулан баталж яагаад ч амжихгүй.
Тэгээд бүтэн жил өнгөрч байхад чив чимээгүй, Ерөнхийлөгчийн хэлдгээр “гүлдийчихээд” л явсаар байгаад одоо ингээд яг хуулийн хугацаа тулсан үед гэнэтхэн гаргаж ирж байгаа нь яагаад ч хүлээн зөвшөөрөхийн аргагүй асуудал юм. Үнэхээр л засаглалын хямралаа засч сайжруулъя, төрийн гурван өндөрлөгийн эрх мэдлийн хуваарилалтыг байр байранд нь тавья гэж хүсч байсан юм бол хаврын чуулганаас эхлээд л хэлэлцэж, зөвшилцөөд явах хангалттай цаг хугацаа байсан шүү дээ.
Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хугацаа нь 50 хүрэхгүй хоног үлдчихээд байхад 40 гаруй өөрчлөлт оруулах тухай яриад явж байна. Энэ олон өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүд ч бүрэн сайн ойлголттой болж амжаагүй байхад ард нийтээс асууна гэж байгаа нь үнэхээр цагаа олоогүй, утгагүй асуудал юм.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр гишүүн “Ёс төр, билэг дэмбэрлээ бодсон ч УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох нь дээд тэнгэрийн таалалд нийцнэ. Ерөнхийлөгчийг парламентаас шууд сонгодог болох нь зөв” гэж байгаа. Энэ талаарх таны бодол?
-Тэр Н.Батбаяр гишүүний дээд тэнгэр, ёс төр яриад байгаа 99 гишүүний тухайд бол ажлын хэсгийн гишүүдтэй огт ярилгүй ганцаараа л дээд тэнгэртэй харьцаж байгаад оруулаад ирсэн тоо гэж байна лээ. Тухайн ажлын хэсэгт байсан манай Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл гишүүд Н.Батбаяр гишүүний яриад байгаа УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох талаарх заалтыг анх удаа МҮОНТ-ийн ярилцлагын үеэр л олж сонсоод тун их гайхаж, балмагдсан гэсэн.
Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр гишүүн ганцаараа л янз бүрийн зүйлтэй харьцаж байгаад оруулаад ирсэн тоо юм билээ. Тэгэхээр одоо өргөн барьчихаад байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нь хууль ёсных ч юмуу, ганц хүний бөө, лус савдагтайгаа харьцаж байгаад оруулаад ирсэн хууль бус зүйл ч юм уу сайн ойлгогдохгүй байхад ард нийтийн санал асуулга явуулна гэж байгаа нь үнэхээр утгагүй зүйл юм.
Миний хувьд одоогийн парламентын гишүүдийн тоо цөөдөөд юмуу, Ерөнхийлөгчөөс болоод эдийн. засаг, санхүү, засаглалын хямрал нүүрлээд байна гэж огтхон ч бодохгүй байгаа. Өнөөдрийн бүх хямрал бол эрх барьж байгаа АН-ын дотоодын зөрчил, фракц хоорондынх нь эвлэршгүй тэмцлээс л болж байгаа зүйл шүү дээ. Тэрнээс биш Үндсэн хууль болоод УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид асуудлын гол нь байгаа юм биш л дээ.
-Ер нь бусад үед нь бараг л унтаж байгаад Цагаан cap, улсын наадам, шинэ жил дөхүүлээд л хамгийн их будлиантай, дараа нь хэл ам таталдаг хуулиудаа баталдаг жишиг энэ УИХ-д хэвшил болчихлоо шүү. Энэ талаар дотор нь сууж байгаа нэг гишүүнийх нь хувьд та юу хэлэх вэ?
-Яах аргагүй өөрийн тань шүүмжлэлтэй санал нэг байна. Энэ ерөөсөө буруу жишиг тогтчихсон нь үнэн. Яах аргагүй АН-ынхан олонхоороо түрий барьж, Монголын ард түмний язгуур эрх ашгийн эсрэг тогтоол, шийдвэр гаргадаг болчихсон. Нийгмийн сэтгэлзүй баяр ёслолд анхаарлаа хандуулсан үед асуудал дагуулсан хуулиудыг чимээгүйхэн оруулан ирж баталдаг болоод байгаа нь УИХ-ын зохион байгуулалт, түүнийг толгойлж байгаа хувь улстөрчтэй ч холбоотой. Одоо та бод доо. Ард нийтийн санал асуулгыг хэлэлцэх эсэхийг шийдсэн. Ингэхээр анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлгийг хийгээд арванхоёрдугаар cap гарч батлагдана.
Дараа нь долоо хоног Ерөнхийлөгчийн хоригийг хүлээнэ. Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт хууль нь батлагдаад 14 хоногийн дараа 21-нд санал асуулга явууллаа гэхэд 22-нд дүн нь гарна. Арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 10-ны хооронд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа эхэлж хэлэлцээд хоёр долоо хоног болно. Ингээд нэгдүгээр сарын 10 гэхэд Үндсэн хуулийг өөрчлөхгүй байх хугацаа руу орчихно. Ингэхээр Үндсэн хуульд оруулах 40 өөрчлөлтийг гуравхан хоногт амжуулан баталж яагаад ч амжихгүй. Хайран таван тэрбум төгрөг л болно.
Эх сурвалж:
Өглөөний сонин
Сэтгүүлч Д.Түвшин
No comments:
Post a Comment