Sunday, November 22, 2015

Хуульч Д.Батбаатар - 2015.11.20

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн нь сэтгэлийн хөөрөл үү, сэтгэцийн өвчин үү 

Ойрын хэдэн өдрүүдэд УИХ-ын нэжгээд гишүүд гарын үсэг зурсан ҮНДСЭН ХУУЛЬ-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олны анхаарлын төвд байна. Үүнд жирийн иргэдээсээ эхлээд, хуульч, улс төр судлаач гээд бүх л иргэн анхаарлаа хандуулахаас өөр аргагүй асуудал юм. Учир нь монголчуудын бүх нийтээрээ талархан дэмжиж өөрчилсөн нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөө хамтдаа шүүн хэлэлцэж баталгаажуулсан Үндсэн хууль буюу нийгмийн олон талд ГЭРЭЭ-нд өөрчлөлт оруулах тухай асуудал хөндөгдөж байна. Мэдээж энэ нийгэмд өөрчилж болохгүй зүйл гэж үгүй боловч тэрхүү өөрчлөлтийг хэзээ, хэн, хэрхэн хийх нь өнөөгийн асуудлын гол болоод байна уу даа гэж бодогдоно. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг ч болчих вий хэмээн болгоомжлох сэтгэл төрнө.
Манай зарим улстөрчдийн хэлдгээр 300 гаруй жил өөрчлөгдөөгүй Үндсэн хууль байдаг ч гуравхан жилийн настай нь ч байх. Тэгвэл өнөөдрийн өөрчлөлт оруулна гээд байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт нь манай улсын хувьд цаг үеэ олсон уу, зайлшгүй хийгдэх өөрчлөлт мөн үү гэж шүүн хэлэлцмээр олон зүйл байна. Н.Батбаярын ахалсан ажлын хэсгээс зохиосон гэх хуулийн төсөлтэй танилцах явцад болон түүний олон нийт, УИХ-ын гишүүдэд өгч байгаа тайлбараас харахад яавч энэ удаа тэдний хүсээд байгаа өөрчлөлтийг дэмжиж болохгүйг шулуухан хэлье. Хэт өнгөц, өнгөн талаас харж, хэлбэр хөөсөн, агуулга, үзэл баримтлал нь тодорхойгүй төсөл гэж дүгнэхэд хүрч байна.

1992 онд батлагдсан Үндсэн хууль нь үйлчилж эхэлсэн өдрөөсөө хойшхи 25 жил шахуу хугацаанд нөөц боломжоо шавхчихсан юм уу гэдэг асуудал зайлшгүй тавигдах ёстой. Миний бодлоор нөөц бололцоогоо шавхах нь бүү хэл бүрэн утгаараа ч хэрэгжиж эхлээгүй байна гэж хэлнэ.
Н.Батбаярын тайлбарлаад байгаа бөөгийн билэгдэл 99 гишүүнтэй байх, гарын таван хуруугаар билэгдсэн УИХ-ын бүрэн эрх 5 жилийн хугацаатай байх гэх мэт этгээд тайлбаруудад ач холбогдол үл өгөн асуудлыг арай өөр өнцгөөс тайлбарлая. Гэхдээ оруулах гэж буй бүх өөрчлөлтийн тухайд биш зөвхөн миний бие өөрийн зүгээс Үндсэн хуулийг боловсруулахад оролцож байсан дадлага туршлага, тухайн үеийн судалгааны явцад олж авсан мэдлэг, мэргэшилдээ тулгуурлаж бодол саналаа илэрхийлье.
Юуны өмнө хууль зүйн талаас нь аваад үзвэл энэ удаагийн хийх гээд байгаа өөрчлөлт нь цаг хугацааны хувьд туйлын боломжгүй байна. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан 1990-1992 онд ард түмэн нийтээрээ талархан дэмжсэн шиг уур амьсгал өнөөдөр өөрчлөх гээд байгаа энэ төслийн тухайд огт алга байна. Цөөн хэдэн улстөрчид болон зарим нэг улс төрийн намуудын хүсэл сонирхол байж болох хэдий ч ард түмний дэмжлэгийг аваагүй төслийг богино хугацаанд яаруу сандруу хэлэлцүүлсэн болж батлах нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд хожмын өдөр харамсаад ч барахгүй үр урхагтай байж болохоор байна. Нэн ялангуяа ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлнэ гэж байгаа нь ямар ч урьдчилсан бэлтгэл хангаагүй өнөөгийн нөхцөлд бүтэхгүй зүйл болно. Ойрын өдрүүдийн үйл явцаас харахад бэлтгэл хангах онцын шаардлагагүй, олон нийтийн сүлжээг ашиглахад ч болно гэх мэт хандлага ажиглагдаж байгаа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Оюутолгойн асуудлаар гурилдсантай адил зүйл болж болзошгүй юм. Дашрамд хэлэхэд, Ерөнхий сайдын өндөр албыг хашиж байгаа Ч.Сайханбилэг ч энэ асуудал дээр өөрийн байр суурийг маш тодорхой илэрхийлж хожмын өдөр хариуцлага тооцоход буух эзэнтэй буцах хаягтай болгох хэрэгтэй.
Н.Батбаяр нарын зарим гишүүд УИХ-ын гишүүн л болсон бол мэдлэгийн туйл болсон мэтээр авирлаж, олон суудалтай нам гэдгээр хүчээр түрий барин сэтгэлийн хөөрлөөр давхилдахын оронд мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн мэргэд, ахмад улстөрчдийн үгийг сайтар сонсож бусад улс төрийн намуудын байр суурийг нухацтай судлан тандах шаардлагатай байна.
Монгол Улсын төрийн байгууламжийг ямар болгох гээд байгаа нь туйлын сонирхолтой байна. Үндсэн хуульд манай улс, төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, бэлгэдлийн Ерөнхийлөгчтэй, парламентын засаглалтай, хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй Засгийн газартай байна гэдгийг хоёргүй санаагаар тодорхой хэлсэн. Гэтэл төсөл зохиогчдынхоор Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүд, аймаг, хотын Засаг дарга, ИТХ-ын дарга нараас бүрдсэн бүрэлдэхүүнтэй зөвлөлөөс сонгохоор тусгаж буй нь ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас санаа авсан төдийхөн л юм. Зөвхөн Ерөнхийлөгчийг сонгох тэдний санаанаас улбаалж бодоход л хэд хэдэн ноцтой төөрөгдөл байгаа нь ажиглагдана.
Манай Үндсэн хуулийн гол үзэл санаа бол Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, улс төрийн намаас хараат бус, бэлгэдлийн шинжтэй л хүн юм. Үндсэн хууль тогтоогчид тухайн үед асуудлыг олон талаас нь авч үзэхдээ хоёр их хөршийн харилцаа, өмнөх түүхэн туршлага зэргээ бодолцсон бөгөөд Ерөнхийлөгчийг аль болох улс төрийн намын нөлөөлөл, хэт их гүрнүүдийн нөлөөнд автахаас зайлсхийсэн байдаг. Гэхдээ энэ нь Ерөнхийлөгч амьгүй албат төдий байна гэсэн хэрэг биш бөгөөд шаардлагатай үед Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байхынхаа хувьд нийт ард түмнээс шууд итгэл дэмжлэгийг авч, улмаар тэдний төлөөллөөс бүрдсэн УИХ-аар орж баталгаажиж байгаа явдал нь тухайн хүн хэн байхаас үл хамаарч монголын ард түмний эв нэгдлийн баталгаа болж буйн үндсэн шинж юм. Төсөл зохиогчдынхоор бол энэ үндсэн шинж бүрэн алдагдаж олонхи болсон улс төрийн намын хүн Ерөнхийлөгч болох магадлалтай байна.
Төсөл зохиогчдынхоор бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал тэдэнд хамаагүй бололтой. Үндсэн хуульд Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана хэмээсэн нь ихээхэн учир холбогдолтой агаад улсын дотоод зохион байгуулалтын үндсэн хэлбэрүүдийг зааж өгсөн зүйл юм. Эдгээрээс аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэгтэй, өөрийн удирдлагатай, засаг захиргаатай, нутаг дэвсгэр хилийн цэстэй эдийн засаг нийгмийн цогцолбор юм. Гэтэл төслөөс харахад засаг захиргааны нэгжийг үлдээгээд нутаг дэвсгэрийн нэгж гэсэн ойлголтыг бүрэн үгүй хийжээ. Төсөл зохиогчид дотор энэ хоёр ойлголтыг мэддэггүй юм аа гэхэд бага сага гадарладаг хүмүүс байх шиг байна лээ. Тэд хууль зүйн шинжлэх ухаанд засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэрийн нэгж гэж тогтсон ойлголт байдгийг эрх биш мэдмээр дээ. Нутаг дэвсгэрийн нэгж гэсэн ойлголт тодорхойлолтоо Үндсэн хуулиасаа авч хаяхыг хэн гээч бөө, зайран нь айлдсаныг бүү мэд ямартаа ч тэгж хэлэх хуульч, багш эрдэмтэд байхгүй гэдгийг л баттай мэдэж байна.
Уг нь бол засаг захиргааны нэгж гэдэг ойлголт нь төрөөс хууль тогтоомжийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулж, нийгмээ удирдахын тулд хүн амын тоогоор хязгаарлаж хийсэн зохион байгуулалтын хэлбэр байдаг бол нутаг дэвсгэрийн нэгж гэдэг нь улс орны эдийн засгийн хөгжлийг хангаж, улсаа удирдахын тулд эдийн засгийн чадавхи, газар нутгийн хэмжээгээр нь хувааж, хязгаарлан хийсэн зохион байгуулалтын хэлбэр юм. Эндээс үзвэл дээрх хоёр хэлбэрийг нэгд нь багтаах гээд байна уу, нэгийг нь устгах гээд байна уу гэдэг асуулт гарч байна.Төслөөс харахад бол шууд нэгийг нь устгахаар болсон байна.Эндээс үзвэл улсын төсвийг тухайн аймгийн улс орны эдийн засагт оруулах хувь нэмэр, тэндээс орж ирэх орон нутгийн төсөв, тэнд хуримтлагдсан нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал зэргийг харгалзан үзэж асуудлыг шийддэг, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангадаг байсан бодлогоо яах вэ?Эсвэл аль аймаг олон хүн амтай байна, тэнд түлхүү төсөв хуваарилна гэсэн зарчмаар явах гээд байна уугэсэн онолын болоод практикийн маргаантай асуудал олныг хойно хойноосоо дагуулах нь.
Түүнчлэн хууль зүйн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаануудын захын учир начрыг олоогүйгээс дараа дараагийн будлиантай заалтуудыг боловсруулжээ.Тухайлбал, засаг захиргааны нэгжид хотыг оролцуулах болсноор төрийн ажил, аж ахуйн ажил хоёрыг хольж жинхэнэ холион бантан хутгасан байна.Хуучнаар бол “сум-нэгдэл” гэдэг социалист аж ахуйн удирдлага, зохион байгуулалтын хэлбэр лүү халтиран орж байгаа юм байна.Асуудлыг илүү боломжтой хэлбэрээр ойлгуулах үүднээс жишээн дээр тайлбарлая.
Төслийг зохиогчид Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудыг шууд хот гэх засаг захиргааны нэгж байхаар бодсон нь шинэ санаа огтхон ч биш бөгөөд харин ч төөрөлдсөн бодол юм.Угтаа бол Дархан хот бол Сэлэнгэ аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр дээр, Эрдэнэт хот нь Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт, Чойр хот нь Дорноговь аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрдээр аж ахуйн нэгж, байгууллагуудыг түшиглэж байгуулагдсан хот гэдэгтэй хэнбугай ч маргахгүй байх л даа.Ингэж аж ахуйн нэгжүүдийг түшиглэж байгуулсан хот суурин бүрийг дагуулж засаг захиргааны нэгж байгуулаад байна гэвэл зах зээлийн өнөө үед төр захиргааны зардлаа дийлэхээ больж жинхэнэ дампуурах болно.Өнөөдрийн алт, нүүрс гэх ашигт малтмалын ордоо түшиглэсэн аж ахуйн нэгж бүрийг дагуулж засаг захиргааны нэгж байгуулах л болж байгаа юм.Тэдгээр нь хүн ам, мал сүрэг нь амьдрах газар нутаггүй байна гэж бодохоор Л.Гүндалай мэтийн улстөрчдийн тулааны талбар л болно.
Төсөрхөн миний бие Завхан аймгийн Асгат, Баянхайрхан сумдаар яваад ирэхэд тэнд оршин сууж буй иргэд энэхүү төсөл зохиогчдоос ч илүүгээр одоогийн Үндсэн хуулийнхаа үзэл санааг сайтар ойлгож бэрхшээлээс гарах арга замаа олсон байхтай нь таарсан билээ. Одоогоос 30 жилийн өмнө Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт Асгатын тэжээлийн аж ахуйг байгуулж, улмаар уг аж ахуйн нэгжийг түшиглэсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж “сум-аж ахуйг” байгуулснаар өнөөдөр 1000 гаруйхан хүн амтай, мал сүргээ бэлчээж, хадлан өвсөө ч авах нутаггүй бүтэц л үлджээ. Харин нутгийн иргэд, сумын удирдлагууд нь бэрхшээлээс гарах арга замаа хуучин Баянхайрхан сумандаа нэгдэж, Асгат суурингаа орон нутгийн зэрэглэлтэй тосгон болгох гарц олсон нь Үндсэн хуулийн үзэл санаа зөв байсны бодит баталгаа болж байна.
Холын жишээ нь энэ бол ойрын жишээ энэ оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан нийслэлийн нутаг дэвсгэр дээрхБагануур, Налайх хотыг Улаанбаатарын дагуул хот болгосон явдал юм.Энэ бүхнээс л үзэхэд өнөөгийн Үндсэн хууль нөөц бололцоогоо шавхах болоогүй байгаа бөгөөд бусадтай хамтран Засгийн эрхийг чадан ядан барьж байгаа улс төрийн хүчний сэтгэлийн хөөрөл, тэдний зарим нэг хүмүүсийн сэтгэлгээний онцлогоос шалтгаалж яаран сандран өөрчлөлт оруулж болохгүйн нотолгоо юм.Гэхдээ энэ нотолгоо нь дордохын долоон өөрчлөлтөд хамаарахгүйг тэмдэглэе.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө өргөн барьснаас хойшхи хэдхэн хоногийн хугацаанд төсөл зохиогч есөн хүнээс дөрөв нь төслөөсөө татгалзаж байгаа, хоёр нь өгсөн саналыг мушгин гуйвуулж өөрчилсөн гэх үндэслэлээр нэрээ татвал гуравхан хүний санал л үлдэх ажээ. Тэрхүү үлдэж буй гурван хүний төлөөлөл болох Н.Батбаярын УИХ дээр гишүүдийн асуултад хариулж олон нийтэд өгч буй тайлбараар бол “Үндсэн хууль нь өөрөө удаа дараа шинэчлэгдсэн сонгуулийн хуультай зөрчилдөж байх тул өөрчлөхөөс аргагүй” гэсэн нь хууль тогтоомжоо хэрэглэх дараалал алдагдаад байна уу, хувь хүний сэтгэлгээний дараалал алдагдаад байна уу гэсэн эргэлзээнд хүргэж байна.
Эцэст нь онцгойлон дурдахад анагаах ухаанд үзэхдээ хүний уураг тархины үйл ажиллагааг логик уялдаа холбоо зангидаж байдаг бөгөөд энэ логик дараалал алдагдахад сэтгэцийн өвчинтэйд тооцдог байна.Иймд монголчууд бид нийгмийн суурь хууль болсон Үндсэн хуульдаа хэн дуртай нэгний хүсэл зоргоор гар хүрээд байх нь зөвэсэхэд нийтээрээ анхаарал хандуулах хэрэгтэй байгаа бөгөөд Үндсэн хуулиа хамгаалах шаардлагатай байна.

Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийг боловсруулахад биечлэн оролцсон хуульч Д.БАТБААТАР

Эх сурвалж:

No comments:

Post a Comment