Сайн хүнд итгэхгүй. Сайн механизмд итгэнэ
1992 оны ардчилсан шинэ үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна, оруулахгүй хэмээн өнгөрсөн он жилүүдэд манай нэртэй хуульч эрдэмтэд, улс төрчид болон бас бус “сайн дурын уран сайханчид” маргаж, мэтгэлцсээр ирсэн. Тэдний дотор үндсэн хуулиараа оролдвол сүйд болно, аль эсвэл үндсэн хуулиа хүний бие, эд эрхтэнтэй зүйрлэн судас, шөрмөс нь гэмтвэл хэцүү гэж ярих хүмүүс ч байлаа. Эдгээрийн зарим нэг нь олон жил УИХ-д сууж байгаа ба тэдний зарим нь манайдаа мундаг хуульчид тооцогдоно.
1999 онд оруулсан 7 өөрчлөлтийг “дордохын долоо” гэх мэтээр элдэв цол, гуншин өгч, түүнийг нь манай зарим улс төрчид болон хэвлэл, мэдээллийнхэн тийм л юм байлгүй хэмээн бичиж, түгээснээр олны хүртээл болгов. Өнөөдөр амтай болгон нь тэрхүү өөрчлөлтийг хамгийн болж бүтэхгүй зүйл болсон мэтээр ярина.
Мөн чанартаа энэхүү долоон өөрчлөлт нь тухайн үеийн төрийн эрх мэдлийн хуваарилалттай холбоотой зайлшгүй хийх шаардлагатай өөрчлөлт байлаа хэмээн ярих ард олноо “иргэн” гэх хэмээн алдаршиж, хүндлэгдсэн Д.Ламжавтай уулзаж ярилцснаа хүргэж байна. Д.Ламжав нь ардчилсан хувьсгалаас өмнө нь МУИС-ын физик, математикийн тэнхимийн багшаар олон жил ажиллаж байсан ба МСДН-ын үүсгэн байгуулалцаж, анхны үндсэн хуулийг батлалцаж явсан АИХ-ын депатутын нэг юм.
- Та бол 1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үздэг хүмүүсийн нэг. Тэгээд ч 1999 оны нэмэлт өөрчлөлтийн асуудлаар УИХ болон Цэцтэй заргалдаж, заргаа авч, ялалт байгуулж явсан хүний хувьд энэхүү 7 заалтын тухай дэлгэрэнгүй тайлбарлана уу?
- Өнөөдөр үндсэн хуулийн энэхүү долоон заалттай холбоотой асуудлаар хүн бүхэн ярьж байна. Зарим нэг хуульчид нь хуульч хүн гэхэд арай ч дээ гэмээр зүйл ярина, нөгөө нэг нь нийтийг дагаад өөрийн мэдэх мэдэхгүй, ойлгоогүй зүйлээ мэдэмхийрч яриад байгаа нь харагдддаг.
Энэ бүхнийг ярихын тулд тэр 1999 оны 12-р сард манай парламентад улс төрийн нэгэн хачирхалтай нөхцөл байдал үүсээд байсныг эргэн нэг харах хэрэгтэй л дээ. Шинэ хүчнүүд 1996 оны сонгуульд эвсэж ороод анх удаагаа парламентад олонхи болчихсон байлаа. 76 суудлын 50-ыг тэд авчихсан. Гэхдээ тухайн үед парламентаар хэлэлцэгдэж буй асуудлыг олонхиороо буюу 51 гишүүний ирцээр шийдэж байв. Гэтэл олонхи 50 суудалтай. Цөөнх буюу МАХН 25. Энд би хуучин нэрээр нь хэрэглэж байна шүү. Үлдсэн нэг суудалд МУНН-ын О.Дашбалбар.
Хэрвээ цөөнх асуудлыг гацаая гэвэл хуралд оролцохгүй байхад л боллоо. Тэд ч үүнийгээ маш сайн ашиглаж, хэрэглэж ирсэн байв.
Тиймээс хурлын ирцийн асуудалтай холбоотой асуудал хөндөгдөж байгаа юм.
- Уучлаарай, Та тэр үед их хурлын гишүүн, энэ тэр яваагүй биздээ?
- Үгүй, үгүй. Би бол жирийн нэг иргэн хүн. Энэ шинэ үндсэн хуулиар олгогдсон хууль ёсны эрх, эрх чөлөөгөө эдлэж яваа Монгол улсын иргэн. Гэхдээ би энэ ардчилсан шинэ үндсэн хуулийг боловсруулж батлахад оролцож, өөрийн оюун санаа, мэдлэг боловсрол, эх орон ард иргэдийнхээ цаашдын аз жаргал, хөгжил дэвшлийн талаар санаа зовох учиртай, хууль ёсоо хүндэтгэн сахидаг тийм л хүн шүү дээ.
Гэвч тухайн үед улс төрийн нөхцөл байдалд ээдрээтэй, хачирхалтай зүйлүүд гарч байлаа. Уг нь парламентаар хэлэлцэгдэж батлагдах хууль тогтоомж, эрх зүйн актуудыг 76 гишүүний 51-ийн саналаар шийдэж байх учиртай. Гэвч энэ нь үгүй ядаж 39 байж болно л доо. 39-ээр тогтоовол ажил саатахгүй яваад байж болохоор. Тэгэхээр энэ нь эвгүй заалт байсан. Янз бүрийн олон асуудал байсны зөвхөн нэг нь энэ.
Хамгийн гол нь энэ үед Ерөнхийлөгчийн зүгээс парламентад үзүүлэх дарамт, шахалт үүсээд байсан ба улс төрийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд ихээхэн төвөг болж байлаа. Манайх чинь үндсэн хуулиараар бол төрийн бүх эрх мэдэл нь парламентад байх ёстой боловч Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг авч УИХ-д оруулна гэсэн заалт тэр үед үйлчилж байсан юм. Үүнийг тухайн үеийн Ерөнхийлөгч маш сайн ашиглаж байв.
Засгийн газар нь огцорчихсон. Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг болохоор Ерөнхийлөгч нь онцын үндэслэлгүйгээр 7 удаа буцааж, УИХ-д оруулахаас татгалзаад байдаг. Үүнийг ерөнхийдөө хатуухан хэлэхэд улс төрийн өш хонзонгийн илэрлүүд байсан гэж хэлж болно.
Дээрээс нь ирэх онд болох УИХ-ын сонгуулиас 6 сарын өмнө үндсэн хуульд ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэдэг хуультай.
Ингээд дээрх асуудлуудаас үүдэн парламент дахь намууд ярилцаж, харилцан тохиролцоонд хүрч, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг тухайн үеийн Соцдекууд удирдан зохион байгуулж манлайлсан юм.
Ингээд УИХ-ын дарга Р.Гончигдорж, цөөнхийн бүлгийн дарга Н.Энхбаяр нар тохиролцож, МСДН-ын бүлгийн дарга А.Ганбаатар нэг өглөө сонгууль болтол Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлахаас өөр аргагүй боллоо хэмээн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг яаравчлан дэвшүүлж долоон өөрчлөлтийг нэг өдрийн дотор дэмжих, гарын үсэг зурах ажил өрнөлөө.
Хамгийн түрүүнд МСДН-ын 15 гишүүн долоон асуудлуудыг санаачилсан гээд гарын үсгээ зурж, дараа нь МАХН-ын 25, өөр бусад МҮАН-ын хэсэг нөхөд, М.Энхсайханыг дагасан хөдөөгийн бүлгийнхэн гээд нийт 64 гишүүн энэ өөрчлөлтийг дэмжиж оролцсон юм. Ингээд эхний ээлжинд өөрчлөлт олонхийн саналаар дэмжигдсэн.
Тухайн үед энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг батлах явцад УИХ-ын дарга Р.Гончигдорж танхимд хандан: - “Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан байна уу? гэж асуухад Н.Жанцан хэн нэгнийг дуудахыг хүлээсэн юм шиг чуулганы танхимд орж ирээгүй өрөөндөө сууж байлаа.
Энэ бол хууль батлах явцад хурлынханд олдсон томоохон шалтгаан болсон гэж хэлж болно. Учир юу вэ гэхээр Үндсэн хуулийн 68.1-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно” хэмээн заасан байдаг. Энэхүү заалт нь Их хурлын дарга Р.Гончигдорж хуралдаан эхлэхийн өмнө Цэцийн даргыг асуухад хүргэсэн явдал юм. Заалтын өргөн мэдүүлж болно гэсэн нь өөрөө учир дутагдалтай, яаж ч ойлгогдож болох олон санааг агуулсан заалт юм. Р.Гончигдорж энэ нэмэлт, өөрчлөлтийг олонхиор дэмжүүлж орхилоо. За ингээд хурал цааш үргэлжлээд явагдсан байдаг юм.
- Энэ чинь тэгээд яг юу гэсэн үг вэ? Тэр 68,1-р зүйлийг чинь тэгээд юу гэж ойлгох ёстой юм бэ? Хууль санаачилсан эрх бүхий этгээд нь зөвхөн Цэцээр дамжуулж хуулийн төслөө УИХ-д өргөн барина гэсэн үг үү?
- Харин энд чинь асуудлын гол учир байгаа юм. Үндсэн хуулийн зүйл заалт бүр хэнд ч нэг мөр, нэг утгаар ойлгогдох учиртай. Гэвч энэ заалтын агуулга нь унших тутам ойлгомжгүй байгаагаас гадна олон санааг илэрхийлсэн байна.
Үүний дараа Үндсэн хуулийн Цэцээс доктор С.Нарангэрэл болон бусад хүмүүсийн хамт УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь хууль зөрчсөн явдал гэж үзэн гомдол гаргаж, эсэргүүцэж эхэллээ.
Үүний дараа цэцийн дунд суудал буюу 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдааны дүгнэлт гарлаа. УИХ таг чиг. Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн Цэцийн дүгнэлтийг УИХ авч хэлэлцэж, хариу мэдэгдэхгүй байгаа тул, эцсийн шийдвэрээ гаргаж болохгүй байна гэж тэд үзсэн юм.
Ингэж явсаар 2000 оны УИХ-ын сонгууль болж, МАХН 72 суудал авч үнэмлэхүй олонхи болов. Бусад 4 суудлыг тарсан, бутарсан нам эвсэл, бие даагчдаас авсан юм.
Ингээд олонхи болсон намын дарга Н.Энхбаяр ерөнхий сайд болохоор нэрээ оруулж ирэхэд Ерөнхийлөгч Н.Багабандийн зүгээс Цэцийн дүгнэлтийг яах вэ гэсэн зүй ёсны нэг асуултыг тавьлаа.
Тухайн үед үүссэн нөхцөл, байдалд тэд нэг намын гишүүд гэх үүднээс хандаж, харилцан зөвшилцөж Цэцэд хариулт өгсөн. Энэ хариулт нь Үндсэн хуулийн 66.4-т тайлбар өгөх явдал байлаа. /Үндсэн хуулийн 66.4: -“Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно”/
Энэхүү тайлбарын эцсийн утга нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт дунд суудлын хурлаас гарсан. Энэхүү дүгнэлтээр ямар нэгэн эрх зүйн акт үндсэн хууль зөрчсөн гэж гарах юм бол тогтоол нь гараагүй тохиолдолд тэрхүү хууль зөрчсөн гээд байгаа хууль эрх зүйн актууд хүчин төгөлдөр үйлчлээд явна гэсэн тайлбарыг УИХ-аас хийсэн юм.
- Нэг үгээр хэлбэл Цэцийн дунд суудлын хурлаас гарсан шийдвэр нь УИХ-аас гаргасан шийдвэрт үйлчлэхгүй гэсэн үг үү?
- Энэ үед би тэрхүү УИХ-ын тайлбарыг эсэргүүцэж, Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзээд Цэцэд өргөдөл бичсэн юм. Ийм байх ёсгүй гэж. Хуулиар бол Үндсэн хуульд албан ёсны буюу хийсвэр тайлбар хийх эрх Их хуралд олгогдоогүй байдаг.
Цэцийн дарга Н.Жанцангийн өрөөнд өргөдлөө бариад орлоо. Тэр хүн миний өргөдлийг хүлээж авах нь битгий хэл өөрөө тун хүнд байдалд орчихсон. Нөхцөл байдал Цэцийн хувьд тун хүндхэн байсан. Толгойгоо бариад, хэлэх ч үггүй сууж байсан... –“Ийм үед чи өргөдөл барьж орж ирэх гэж дээ” л гэсэн утгатай үг хэлсэн. Тэгээд би өргөдлөө тухайн үед буцаасан юм.
- Ингээд асуудал цаашаа хэрхэн үргэлжилсэн бэ?
- Ингээд асуудал түтгэлзэж явсаар 2000 оны 9 сард Цэцийн дүгнэлтийг УИХ авч хэлэлцээд, санал хураалт явуулж дийлэнх нь Цэцийн дүгнэлтийн эсрэг санал өгсөн байдаг юм.
Энэ хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн хэн нь хэн бэ, эрх зүйн мэдлэг ямар вэ, гэдэг нь ерөнхийдөө тухайн үед хүмүүсийн хэлсэн үгнээс харагддаг.
Цэц бол УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд хөндлөнгөөс оролцох эрхгүй, Цэцэд ийм эрх олгогдоогүй гэх мэт. Энэ нь нэг талаар нарийн судалж харвал үндэслэлгүй зүйл ч биш байсан юм шүү.
Цэцийн ганц барьж байгаа “зомгол” нь ердөө л нөгөө Үндсэн хуулийн 68.1-дэх зүйл. Энд нь юу гэж байгаа нь тодорхойгүй, ямар ч байсан Цэц асуудлыг оруулж болно, гэхдээ ямар асуудал гэдэг нь тодорхойгүй байснаас энэ асуудал үүдэлтэй. Цэцийн оруулах санал нь оньсого шиг учраас тэр заалтыг хүн бүхэн дураараа уншиж, өөр өөр өнцгөөс тайлбарладаг. Цэц ч гэсэн өөрийнхөө аргаар уншиж тайлбарладаг. Цэцийн хувьд өмнөх асуудалд хориг тавихад барьж авсан цорын ганц гарц нь тэр заалт л байсан юм.
Ямартай ч цэц бол Үндсэн хуулийг шүүх гэдэг утгаараа тэр нэг жижигхэн заалт, “зомгол”-ыг барьж авч тухайн үеийн дүгнэлтийг гаргасан юм.
Тэгэхэд УИХ-ын гишүүд дотор Үндсэн хуулийн Цэц ингээд хууль зөрчсөн шийдвэр гаргаад байдаг, түүнийг нь бид авч хэлэлцэхээр бид өөрсдөө хууль зөрчөөд байна гэх яриа ч хүртэл гарч байлаа шүү дээ.
- Тэр үед УИХ-д МАХН үнэмлэхүй олон суудал буюу 72 суудалтай, маш хүчирхэг байсан даа. МАХН-аас угшилтай Ерөнхийлөгчтэй, Их хурлын дарга нь Л.Энэбиш, Ерөнхий сайд нь Н.Энхбаяр гээд төрийн бүхий л эрх мэдлийг яг өнөөгийн АН шиг атгаж байсан даа.
- УИХ-ын дээрхи асуудалтай холбогдуулан 2000 оны 11 дүгээр сарын 29-нд энэ асуудлыг Цэц их суудлын хэмжээнд авч хэлэлцсэн. Гэвч Их хурал үүнийг нь зөвшөөрөөгүй. Санал хураачихсан байхад асуудал маш хүнд шүү.
Санал хураах гэхээс 1992-1996 оны парламентад цөөн хүмүүс УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар алба хашиж байсан. Жасрай, Гомбосүрэн гуай гэх мэт. Тэр үед би цэцэд өргөдөл өгсөн юм. Энэ бол буруу гэж. Тэгээд түүнийг санал хураалтаар шийдэж байлаа. Олон ч саналууд гарч байсан. 1/3 нь давхар байж болно гэх мэт олон хувилбараар санал хураалгаад бүгд унаж байсан. Би тэр үед маш их юм уншиж байлаа. Миний өргөдөл маш том, олон ч зүйлийг хамарч байв. Би ухаан сууж явсан ба миний ялалтууд ирж байсан юм.
Тэр “давхар дээл”, давхар хашина гэдэг чинь бүр тэр үед яригдаж, давхар дээлтэй байж болохгүй гэсэн миний санал ялж байсан шүү дээ. За энэ яахав.
Тэгээд 14 орчим хоногийн дараа нөгөө долоон өөрчлөлтийг тэр чигээр нь УИХ-д оруулж ирээд баталсан. Ганцхан л ялгаа байсан. Цэцэд төсөл нь очсон байсан. Цэц хуралдаад эсэргүүцлээ илэрхийлчихсэн, Ерөнхийлөгч мөн хориг тавьсан байсан үе.
Тэгэхээр үндсэн хуульд бичснээр Цэц хориг тавьж байхад өөрчлөлтийг зогсоож болно гэсэн хориг, баталгаа байхгүй. Тэр нэг жижигхэн зомголын төдий асуудлаар л Цэцийн амыг хаачих юм бол Цэц ямар ч ухаантай үг хэлсэн ач холбогдолгүй болж байгаа юм.
Тэр дээр ярьж байсан ирцийн асуудал байна. Манайхан 39 гишүүнээр батлана гэснийг 39-өөс 20 хүний саналаар асуудлыг шийддэг болгож гуйвуулсан. Энэ бол алдаа болж байгаа юм. Ирц энэ тэр гэж байхаар 39 гишүүнээр гээд өөрчилсөн бол болох байлаа. Энэ мэт засаж залруулах, тодотгож тогтох асуудлууд Үндсэн хуульд байдаг юм.
Харин нөгөө долоон өөрчлөлтүүд нь манай Үндсэн хуульд юу гэж бичсэн, яг тоглоомын дүрмийн дагуу орсон байхгүй юу. Энэ бол том алдаа. Харин энэ үйлдэлд хэн буруутай гэхээр үндсэн хууль өөрөө буруутай. Энд хоёр дутагдал бий.
Нэгдүгээрт, Үндсэн хууль батлах эрхийг УИХ-д олгосон. Хоёрдугаарт, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулна гэдэг өөрөө үндсэн хуулийг заавал зөрчиж байгаа хэрэг юм. Юуг засна гэж байна түүнийгээ зөрчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрчлөлт чинь өөрөө үндсэн хуулиа зөрчиж байгаад орно гэсэн үг. Эндээс үндсэн хуульд өөрт нь халдашгүй дархан байдал, хамгаалалт байдаггүй нь харагдана.
Тэгэхээр шинэ Үндсэн хуульд хууль цаазын хамгаалалт гэдэг зүйлийг огт хийгээгүй явж иржээ. Нэг үгээр хэлбэл Үндсэн хуульд заасан тийм заалтыг өөрчилж, хөндөж болохгүй гэх мэтийн зүйл, заалтыг огт тусгаагүй явдал юм.
Тиймээс үндсэн хуульд өөрчлөлт оруулах тал дээр манай үндсэн хуулийн Цэц яг л “шүдгүй арслан” мэт байдаг.
Засгийн бүх эрх ард түмний мэдэлд гээд заалт бий. Хэрэв үндсэн хуулиа эцэслэн батлах эрхгүй юм бол ямар юмны ард түмний эрх мэдэл тэнд байхав.
Ерөнхийдөө манайх шиг тогтолцоотой ардчилсан гэгдэх улсууд Үндсэн хуулиа ард нийтийн санал асуулгаар эцэслэн баталдаг. Энэ ч утгаараа ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид үндсэн хуулийг сахин хэрэгжүүлнэ гэж тангараг өргөдөг болохоос тангараг өргөчихөөд өөрчлөнө гээд буй явдал нь өөрөө эрүүл бус явдал байхгүй юу даа. Тэгэхээр тэр тангараг чинь юуных нь тангараг байх вэ дээ.
- УИХ-ын гишүүн: -“Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг. Тэгэхээр төрийн хуулийг дээдлэн сахина гэж тангараг өргөчихөөд өөрчилнө гэх нь нээрээ хаашаа ч юм бэ дээ?
- Өнөөдрийг хүртэл Цэцийн 2-3 гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт орсон гэдгийг мэддэггүй юм билээ. Цэцээс гаргасан өмнөх дүгнэлт, тогтоолыг хүчин төгөлдөр гээд л бодоод яваад байдаг. Олон хүн тийм төөрөгдөлтэй. Манай зарим нэг нөхдүүд өнөө болтол Цэцийн шийдвэрийг зөрчөөд л “давхар дээл”-тэй яваад байна гэж ярих нь хүртэл буруу. Цэцийн тухайн үеийн дүгнэлт шийдвэр нь тэр үедээ л хүчин төгөлдөр байхаас, одоо бол түүнийг хүчингүй болсон ч гэх үндэсгүй, учир нь өөр Үндсэн хуультай болсон шүү дээ.
... За тэгээд үндсэн хуулийн 66.4 хийсэн УИХ-ын тайлбар бол хууль бус байна гэсэн өргөдлөө 2001 онд Цэцэд дахин өглөө. Энд тэр двойной стантарт гэдэг зүйл яригддаг юм. Нэг үгээр хэлбэл нэг зүйлд хоёр тайлбар хийх, хоёр байдлаар хандах гэдэг шиг.
УИХ-ын тэр тайлбар бол маш аймшигтай, эрх мэдлийг гартаа авах гэсэн тайлбар байсан. Эрх мэдлийг гартаа оруулахын тулд учир утгагүй тайлбар хийж байна шүү дээ. Үүнийг би анхан шатны шүүх дээр ялсан.
Жишээ нь, шүүх дээр хэлэлцэгдэж байгаа ямар нэг асуудлын эрх зүйн тал нь тухайн хэргийг шүүж буй шүүгчид үндсэн хуулийн зарчим, заалтыг зөрчөөд байгаа мэт сэтгэгдэл төрвөл тэрээр уг хэлэлцэгдэж буй маргааныг түтгэлзүүлж зогсоогоод шат, шатны дээд шүүхэд хандах эрхтэй. Дээд шүүх асуудлыг Цэц хандаж тавина. Энэ асуудал нэг тийш шийдэгдтэл анхны маргаан таг зогсоно гэсэн үг.
Гэтэл таван “аугаа том” шүүгч, шүүх эрх мэдлийн орой дээр сууж байгаа гэж хэлж болно шүү дээ, тэр таван мундаг шүүгчийн дүгнэлт гарчихаад байхад тэр нь хэнд ч хамаагүй байгаад байдаг.
Энэ чинь нөгөө шударга бус явдал энэ тэр чинь мөн биздээ. Двойной стантарт гэдэг чинь энэ шүү дээ. Тиймээс л УИХ-ын тийм тайлбарт ийм байж болохгүй л гэсэн байхгүй юу даа. Тэгээд ч хаана тэр, УИХ тайлбар хийнэ гэж байна, хийсвэр тайлбар. Байхгүй. Харин УИХ хууль батлах замаар үндсэн хуулийг тодотгоно.
Тэгээд би ялсан. Хуулиар бол Цэцийн дүгнэлтийг 15 хоногийн дотор авч хэлэлцэх ёстой. Гэтэл бараг 5 жил авч хэлэлцээгүй. Энд хуулийг, өөрт нь таалагдаагүй тохиолодолд авч хэлэлцэхгүй гэсэн үг болж байгаа биз. Тэгээд 2005 онд УИХ миний шахалтаар Цэцийн дүгнэлтийг авч хэлэлцээд түүнийгээ, тайлбараа өөрөө хүчингүй болгож хуульд засвар оруулсан.
Энэ нь юу гэж байгаа юм бэ гэхээр манай хуулийн цаазын, эрх зүйн орчинд маш том зохицуулалт болсон гэсэн үг юм шүү ...
Хэнд эрх мэдэл байна, тэнд барцадтай гэдэг үг чинь энэ шүү дээ. Хүн эрх мэдэлгүй байхдаа хичнээн сайн хүн гээч. Эрх мэдэлтэй болоод ирэхээрээ барцадтай болж байгаа нь тэр. Тийм учраас сайн хүнд итгэхгүй, сайн механизмд итгэ гэж байгаа юм шүү дээ.
Алдах юмгүй хүмүүс ямар мундаг байна. Террорист нар ямар мундаг, аймшиггүй байна. Амиа золиослож байгаа биздээ.
Нээрээ тийм шүү. Тэдэнд алдах юм гэж байдаггүй. Цаг зав гаргаж ярилцсан Танд баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Эх сурвалж:
http://www.today.mn/p/2186
Сэтгүүлч Г.Чугаа
No comments:
Post a Comment