Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүтэц энэ удаагийн парламентад бий
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж зарим гишүүн үзэж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Тэрээр 1992 онд Үндсэн хууль баталж байсан Улсын бага хурлын гишүүдийн нэг юм.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар ярих боллоо. Уг хуулийг батлалцсан хүний хувьд энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Одоогоор Үндсэн хуулийн ямар зүйл заалтад өөрчлөлт оруулах талаар хараахан ярилцаагүй. Би одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Үндсэн хуулийг ард түмний бүтээл, монголчуудын оюуны чадавхид суурилж гадаад, дотоодын туршлагад үндэслэн нэлээд сайн боловсруулсан гэж боддог. Энэ хуулийг АИХ-ын 4730 гаруй депатут 70 гаруй хоног хуралдаж хэлэлцэн баталсан. Үүнийг боловсруулахын тулд 2-3 жил болсон шүү. Энэ ажил бүр 1988 оноос эхэлсэн. Б.Чимид багш маань анхны эхийг нь гаргаж, ард түмний хүсэл зоригийг Үндсэн хуулийн хэлэнд оруулж өгсөн ач гавьяатай хүн. Үндсэн хуульд гар хүрдэггүй, дархан зүйл гэж үздэг. Одоо өөрчлөлт оруулахдаа нуухыг нь аваад нүдийг нь сохолчихгүй юмсан гэж боддог. 1999-2000 оны үед хийсэн дордуулсан долоон өөрчлөлт бий. Энэ талаар одоо бодож байхад нэлээд алдсан байна.
-Тухайлбал?
-Төрийн эрх мэдлийн хуваарилалт буруу. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг УИХ, Засгийн газрын гишүүн давхар хийж байгаа нь нийгэмд хор уршигтай, сөрөг үр дагавар бий болгож байна. Үүнийг УИХ, Засгийн газрын хуулиар зохицуулах боломж бий ч улс төрийн хүсэл зориг намуудаас төрөхгүй явсаар өнөөдөртэй золголоо. Тиймээс Үндсэн хуульд энэ талаар нарийвчлан зааж өгөх шаардлага зүй ёсоор гарч байна. Түүнчлэн 76 гишүүнтэй ганц танхимтай парламент Монголын өнөөгийн нөхцөлд тохирох уу, үгүй юү гэдгийг ч эргэж харах ёстой. Төрийн аппаратыг данхайлгахдаа биш хүн амынхаа тоонд тохирсон оновчтой төлөөллийг хангасан, шийдвэр гаргахдаа аль болох олон түмний санал бодлыг тусгадаг байх хэрэгтэй. Ингэснээрээ хууль тогтоох байгууллагын ритм чанарыг хангахад парламентын хоёр танхим эсвэл гишүүдийн тоо арай олон байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр парламент нь 76 гишүүнтэй 38-аар ирц бүрддэг нэртэй ч 20 гаруйхан нь танхимд суучихаад бусдын товчлуурыг дараад томоохон хуулийг батлаад сууж болохгүй. Манай эдийн засаг хүрээгээ тэлж, гадаадын хөрөнгө оруулалт орж ирж байгаа энэ үед Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг нь бодсон ч лоббигоор хууль батлах асуудал байж болохгүй. Тиймээс үүнийг хаадаг хамгаалалт сайн хийгддэг байх шаардлагатай.
-Парламентын хоёр танхимтай байх ёстой гэсэн үг үү?
-Парламентын хоёр танхимын асуудлыг сөхөж үзэх цаг нь болсон. Парламентын дээд танхим олон хүнтэй байх шаардлагагүй. 30 хүнтэй ч байж болно. Харин дээд танхим нь 70 байвал зүгээр. Төрийн аппарат улам данхайж зардал чирэгдэл их болно гэдгээс болгоомжилж байгаа байх. Манайхтай адил хөгжилтэй дэлхийн 20 гаруй орны парламентын туршлагыг судалж үзэхэд 110-аас дээш гишүүнтэй байна. Тухайлбал, 2-3 сая хүнтэй улс парламентын 100-110 гишүүнтэй байдаг юм билээ. Энэ талаар би 2000 онд судалж 2005 онд эмхэтгэж “Парламент ёс” ном гаргаж байв. Манайх хамгийн бага парламентын гишүүнтэйд тооцогдоно.
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын бүлэгт засаг захиргааны нэгжийг өөрчлөх асуудлыг тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ гэсэн заалт бий. Үүний үндэслэн гэдгийг нь харгалзана гэдэг үгээр солих асуудал олон жил яригдаж байна. Мөн Эрдэнэт, Дархан зэрэг томоохон хотын статусыг ч хөнддөг. Үүнийг заавал Үндсэн хуульд тусгаж өгнө гээд байгаа. Уг нь, Үндсэн хуульд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж дэх хот тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гээд заачихсан ч бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Тэгсэн хэр нь заавал Үндсэн хуульд “хот” гэдэг үгийг засаг захиргааны нэгжтэй адилхан хийж өгнө гээд байгаа. Энэ мэтийн зарим өөрчлөлт оруулах шаардлага бий ч Үндсэн хуулийн нэг заалтыг өөрчлөхөд бусад зүйл нь өөрчлөгддөг тул балансыг нь маш сайн хангах ёстой. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийг зөв хуваарилах зайлшгүй шаардлагатай.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа улам дордуулахгүйн тулд хэрхэн ажиллах ёстой вэ?
-Монгол Улсын төрийн эрх мэдэл хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалд хуваагддаг ч дотроо маш олон салбарладаг. Эрх мэдэл гэдэг үүрэг-эрх-хариуцлага юм. Үүнийг давхардуулахгүй, онгорхой цоорхой үлдээхгүй зөв хуваарилбал төрийн механизм гацаагүй ажиллах орчин бүрдэнэ. Уг нь, төрийн аппаратыг аль болохоор хурдан, хүчтэй, аваар осолгүй явуулах дүрэм журам нь Үндсэн хууль шүү дээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн хүсэл зориг Үндсэн хууль болж буусан юм. Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөөний бүлэгт онцын өөрчлөлт оруулах шаардлагагүй. Харин хуулиар баталгаажуулсан хүний эрхээ хэрхэн баталгаатай хангах, амьдралд яаж хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Энэ мэтийн асуудал бий учраас Үндсэн хуульд сайн дурын уран сайханч маягаар сэтгэлийн хөдөлгөөнөөр, тооцоо судалгаа муутайгаар хөнгөн хийсвэр хандан, халдаж болохгүй. Үүнийг маш сайн судалж, УИХ-иас гарсан комиссууд нухацтай ажиллан, намууд сайн оролцвол энэ удаагийн парламент ямар нэг хэмжээнд Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг засч сайжруулах боломжтой бүрэлдэхүүнтэй. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийг хэтэрхий хав дараад огт хөдөлгөөнд оруулахгүй бол эргээд нэр хүндийг нь сэвтээх аюултай. Дэлхийн улс орнуудын практикаас харахад 15-20 жил нийгмийн амьдрал урагшаа хөгжөөд явж буй учраас Үндсэн хуульд зарим нэг зохих өөрчлөлт ордог. Түүнээс биш шинэчлэх, үндсээр нь өөрчилдөггүй. 1992 оны Үндсэн хууль монголчуудын сонгож авсан зам, төрийн байгуулал, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан Монгол Улсын ард түмний хүсэл зоригийн төвлөрсөн илэрхийлэл болж чадсан юм.
-Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулна гэж ярьж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Улс төрийн намуудыг ад үзэх явдал аль ч үед байсан. Гэхдээ намгүйгээр оршин тогтоно гэж байхгүй. Нам төрд тусалж байгаа. Намаар дамжиж төрийг төлөвшүүлж байна. Харин намын үйл ажиллагааг шударга, ардчилсан, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр гишүүнчлэлгүй болгоно гэвэл сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдэж болохгүй. Гадаадын зарим орны туршлагыг нарийн сайн судлаагүй байж таамгаар хандаж хэрхэвч болмооргүйсэн. Хөгжингүй орнуудын туршлагыг судлахад маш нарийн зохион байгуулалтад оруулж, хэд хэдэн хууль гаргах шаардлагатай юм билээ. Түүнээс биш түргэн түүхий хөдөлж болохгүй гэдгийг ойлгосон.
Эх сурвалж:
No comments:
Post a Comment