Sunday, November 15, 2015

Судлаач Т.Баярхүү - 2015.11.09

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол төрийг эзэнтэй болгоно

Эдийн засгийн ухааны доктор, Эртний Монголын хаадын гүн ухаан судлаач Холбоос овогт Төмөрдашийн Баярхүүтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал олон жил яригдаж байгаа сэдэв. Цаг хугацааны хувьд зарим судлаачид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг яаран хийх шаардлаггүй ч гэж ярьдаг?
-1924 онд дэлхийн жишгээр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, баталгаажуулсан анхны Үндсэн хуулиас эхлээд өнгөрсөн түүхээ эргээд харвал 20-25 жилийн хугацаатай Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэл байнга хийгдэж ирсэн. 1924-1992 он хүртэлх нь Үндсэн хуулийн шинэчлэлүүд байсан бол 1992 оны Үндсэн хууль нь өөр зарчим, оршихуй, амьдрахуйг тунхагласан баримт байснаараа ялгаатай. Тухайлбал, 1992 он хүртэл зарчим нь солигдохгүй, төрийн байгууламж нь солигдохгүй, нийгэм эдийн засгийн шинэчлэлүүд хийгдэж ирсэн байдаг. Жишээ нь  уламжлалт нүүдлийн мал аж ахуйг өмчлөлийн хувьд феодал, баячуудаас авч ард түмэндээ нэгдэлжих хөдөлгөөн нэрээр нийтийн өмч болгон шилжүүлсэн 20-иод жил түүнийг зохицуулсан Үндсэн хууль, дараа нь мал аж ахуй, газар тариалангийн улс болгон хөгжүүлэх Үндсэн хуулийн зохицуулалттай 20-иод жил, улмаар хүнс, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх аж үйлдвэржүүлэх зорилтуудыг хангах шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийсээр 1992 онд хүрсэн.
Монгол тооллоор 25 жил нь хүний нэг үе учраас алдсан, оносноо дүгнэж цаашид хэрхэхээ шийдэж ирсэн нь эртнээс улбаатай. 
Хүний амьдралын нэг үе дотор оюун санаа, нийгэм, төрийн байгууламжийн хувьд шинэчлэл хэрэгтэй байдаг. Бид ч яг энэ мөчлөг дээр ирлээ. 1992 оны Үндсэн хуулиар бий болсон өнөөгийн тогтолцоо бүх нүх сүвээрээ задарч, ялзарч, сүйрч байгааг хүн бүр харж, мэдэрч байна. Тийм учраас Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. 

-УИХ-д өргөн баригдсан төсөлд засаглалын зарчим хэрхэн туссан гэж үзэж байна вэ?
-Энэ удаагийн Үндсэн хуулинд шинэчлэл  хийх ажлын хэсгийг 1992 онд Үндсэн хуулийг батлахад Ардын Их Хурлын гишүүн байсан одоогийн УИХ-ийн гишүүдээр бүрдүүлсэн. Ажлын хэсэг Үндсэн хуулийн Төрийн байгууламж, засаглалтай холбоотой шинэчлэл хийхээр төслөө бэлдсэн байна.
Энэ нь ч зөв. Яагаад гэвэл өнөөдрийн хамгийн том хямрал бол 1992 оны Үндсэн хуулиар бий болсон төрийн байгууламж, засаглалын бүтэц  ажиллахаа больсон. Үндсэн хуулийн өөрийнх нь цоорхой дээр нэмээд Үндсэн хуулиа зөрчсөн хууль, бүтцүүд бий болсноороо анхнаасаа эзэнгүй байхаар харийнхны төлөвлөж шургуулж батлуулсан Төр нэртэй харийнхны тоглоомын засаглалыг улам бүр хүчгүйдүүлж Үндсэн үүрэг нь болох ард түмэндээ үйлчлэх байтугай ард түмэнтэйгээ тэрсэлддэг, гай болдог хүмүүсийн бөөгнөрөл болж хувирсан.
Төслийг уншихад өнөөдөр дэлхийд хэвшсэн сонгодог парламентийн засаглалыг бэхжүүлэх, баталгаажуулахаар томёологдсон байгаа нь үнэхээр гарцаагүй хийгдэх ёстой шинэчлэл. 

-Өргөн баригдсан төсөлд нэг танхимтай парламенттай байхаар тусгасан байна. Зарим судлаачид хоёр танхимтай парламенттай байхыг илүүд үздэг?
-Энд онцгойлон дурьдахад юмны цаад учир начир, мөн чанарыг дутуу хардаг, эсвэл харийнханы тэжээврүүдийн тархи угааж, цэцэрхэж ярьдаг, түүнийг нь тоть мэт дагадаг хүмүүсийн яриа л даа наадах чинь. Бүгд Найрамдах Улсын статустай, үүндээ таарсан Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн ба Парламентийн засаглалтай дэлхийд мөрдөгдөж буй одоогийн энэ тогтолцоог үүсгэж Франц, АНУ-т туршиж өөртөө ашигтайгаар боловсронгуй болгож өнөөдрийг хүртэл хүн төрлөхтөнийг захирч буй улс нь Англи шүү дээ. Англичууд өөрсдөө болохоор яг манай 13-р зууны үе шиг Хаант засаглалтай, Их хуралдай, Бага хуралдай гэдэг шиг хоёр танхимтай.  Яг л бидний дээд өвгөдүүд шиг Дэлхийг захирч байгааг хүн төрөлхтөний ухаалаг, оюунлаг хэсэг аль хэдийн ойлгосон. Гэхдээ бидний дээд өвөг, Англичууд шиг түрэмгийлэл, мөлжлөг явуулаагүйгээрээ зарчмын ялгаатай, тиймээс PAX-MONGOLICA гэж түүхэнд дурсагддаг.
Хүн төрөлхттний түүхэнд гарсан бүхий л дайн, өнөөдрийн Арабийн улсуудын хямрал, Украйн, Сири дэхь дайн нь тухайн улсад Үндсэн хуулиар нь дамжуулан зохиомлоор бий болгосон засаглалын хямралаас үүдэлтэй. Өнөөдрийн нөхцөлд одоогийн 76 гишүүнээр уламжлалт Монголын хаант төрийн тогтолцоо  буюу одоогийн Английн төрийн байгууламж, засаглалын бүтцийг хийлгэх нь тэдний чадамж, өнөөгийн үүссэн нийгэм эдийн засгийн хямрал, нийт олны уур хилэн бухимдалтай энэ үед бодит биш юм шиг санагддаг. 
Хэдийгээр миний чин хүсэл 13-р зууны үеийн төрийн тогтолцоог дахин сэргээх байдаг ч   одоогийн парламентийн санаачилсан төрөө эзэнжүүлж, хариуцлага хүлээдэг тогтолцоотой болгож байгаа энэ шинэчлэлийг хийлгээд авах нь чухал гэж харж байна.  

-Сайн засаглал гэж “Хяналт-Тэнцэл”-ийн зарчим бодитоор ажилладаг тогтолцоог хэлдэг. Өргөн баригдсан төсөлд энэ зарчим хэрхэн туссан гэж харж байна вэ?
-Бид өнгөрсөн 20-иод жилд дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүйг өнөөгийн төр, засгийн хямралаас харлаа. Сонгуулиас сонгуулийн хооронд төр нь ажилласан болдог, Засгийн газараа барьцаалж ажил хийлгэддэггүй энэ тогтолцооны төлөөсөнд нь ард түмэн, улс эх орны эрх ашиг хохирч байдаг. Одоо зогсоож засахгүй бол цаашид бидний орших эс оршихуйн тухай яригдах хүртлээ хямарч доройтлоо шүү дээ. 
Сайн засаглал гэдэг нь маш энгийнээр төр нь ард түмний өмнө яг ямар хариуцлага хүлээх вэ гэдэгээ тодорхой хэлж мандатаа авах, түүндээ таарсан эрх эдэлдэг, засаглал байгуулахыг л хэлнэ.
Өөрөөр хэлбэл, эрх үүргийн харьцаа, тэнцвэржилтийн тухай ойлголт юм. 1992 оны Үндсэн хуулинд эрх үүргийн энэ харьцаа тодорхой тусгагдаагүй, хариуцлага хүлээдэггүй, эрх нь ч тодорхой бус УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч хэмээх институцийг баталгаажуулсан нь өнөөгийн бүх хямралын цаад шалтгаан юм.  Бидний мэдэхгүй, гэнэн итгэмтгий, сайхан сэтгэлтэйг ашиглаж Азийн сан нэртэй тагнуулын байгууллагын агентуудаар зөвлүүлж, батлуулсан, байнга хямарч долларын эздэд захирагдаж байхаар төлөвлөгдсөн Үндсэн хууль шүү дээ. Үүнийг нь засаад төрийг эзэнтэй, нэг толгойтой болгож байгаа нь үнэхээр олзуурхууштай. 

-УИХ-ын чуулганы хуралдааны ихэнх цагийг Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулах асуудлыг хэлэлцэж, албан тушаалын наймаа хийх нь ердийн үзэгдэл болсон. Энэ асуудлыг шийдвэрлэх механизм төсөлд байна уу?
-Үүнийг шийдэх гарцыг зөвхөн Ерөнхий сайдтай хариуцлага тооцхоор болгож томьёолсон байна. Гол нь Үндсэн хуулиндаа Засгийн газар 9 яамтай байхаар хуульчилж буй нь Засгийн газрын бүтцийг байнга өөрчилж, наймаалцах хэрэгсэл болгодгийг зогсоох, гурван яамыг УИХ-ын гишүүдээс, үлдсэнийг нь гишүүн бус байхаар тусгасан нь дан, давхар дээл гэх мэт хэрэггүй маргаан цаашид гарахгүй байхыг хааснаараа төр, засагт тогтвортой ажиллах боломжийг олгож буй нь ач холбогдолтой юм. 

-Улсын дээд шүүхийн шүүгчдийг Ерөнхийлөгч биш УИХ-аас томилдог байхаар төсөлд тусгасан байна?
-Өнгөрсөн хугацаанд П.Очирбат, Н.Баганбанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэсэн дөрвөн ерөнхийлөгчийн нүүр үзлээ. Хамгийн гол нь энэ хүмүүс хэн байхаас үл шалтгаалаад Ерөнхийлөгч болмогц Засгийн газар, УИХ-тайгаа зөрчилддөг байхаар 1992 оны Үндсэн хуулинд суулгаж өгсөн нь өнөөдрийн хамгийн том эмгэнэл юм. Анхнаасаа Ерөнхийлөгчийг Үндсэн хуулинд билэгдлийн маягтай томёолсон ч бүх ард түмнээс сонгогддог,  хууль санаачилдаг, шүүгчийг томилдог гэсэн мөртлөө УИХ-аар төсвөө батлуулдаг Засгийн газрын агентлаг шиг хуульчилсан нь төрийн институциудын уялдаа холбоог алдагдуулж, зөрчилд үүсгэж ирсэн. Энэ алдааг Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш УИХ дээр нэмэх нь аймаг, хотын иргэдийн төлөөлөгчдийг оролцуулсан  өргөтгөсөн хуралдаанаар сонгож батламжлахаар тусгасан нь энэ шинэчлэлийн гол хэсэг. Өөрөөр хэлбэл  дээдэс нь суудлаа олох явдал юм даа. 

-Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд улстөрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй байхаар тусгасан байна?
-Нийгмийн бүх давхаргийн хүсэж байгаа зүйл бол орон нутаг, засаг захиргааны түвшинд намаас салах явдал. Намаараа талцдаг, намын нэрээр албан тушаал наймаалцах, булаалдах, шат шатандаа халдаг, томилдог явдал ард түмнийг туйлдуулж байна. Орон нутгийн засаг, захиргааны бүтцийг намын талцалгүй болгох нь Монголын ард түмний төлөө хийж буй том буян. Баг, сумаасаа эхлэн иргэд шигшигдэж шат шатны иргэдийн хуралд дэвшиж ажиллахаар болж байгаа нь уламжлалт Монголын төрийн бүтэцтэй адил, олзуурхууштай шинэчлэл. 

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөө үзүүлэх вэ? Эрх баригч нар өөртөө зориулж Үндсэн хууль өөрчлөх гэж байна гэж хардаад байгаа?
-Иргэдийг нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай гэж хүсч байгаа зүйл бол энэ Үндсэн хуулийн шинэчлэлээр төр гурван толгойтой ч юм шиг, эзэнтэй юм шиг, эзэнгүй ч юм шиг явж ирсэн 20-иод жилийн самуун цэгцлэгдэж, хариуцлага хүлээх тогтолцоо бий болохоор байгаа нь ард түмэнд үнэхээр үгүйлэгдэж буй зүйл.  Энгийнээр хэлбэл,  манай гэр өрхийн тэргүүнгүй болчихсон, гэрээр дүүрэн гутлаа чирсэн эрчүүд байгаад байдаг. Хэн нь ч санаачлага гаргаад гэр бүлээ аваад явж чадахгүй байгаад байхад сүүлдээ хүссэн хүсээгүй нэгнийгээ удирдагч болгоод ажил хөдөлмөрийн хувиарт орно шүү дээ. Яг үүн шиг л зүйл болж байна. 20-иод жилийн хямралын дараа ард түмэн ч , эрх баригч нар ч бүгд энэ шинэчлэлийг хүсч байна. Төрд очих хүн анхнаасаа ийм хариуцлага хүлээнэ  гээд томёолсон учраас өнөөдрийнх шиг янз бүрийн уггүй, удамгүй, угсаа залгах ёсгүй хүмүүс төр рүү зүтгэдэг нь больж, үнэхээр олны итгэлийг даах нэр хугарахаар, яс хугараг гэж боддог хүмүүс түмний төлөө зүтгэх, сонгогдох магадлал нь ихэснэ. 

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар ард нийтийн санал асуулга 11-р сарын 26-ны өдөр байхаар яригдаж байна?
-Ард түмнээсээ асууж, олонхи нь яаж шийднэ, түүнийг нь дагах нь зөв. Одоогоос 70 гаруй жилийн өмнө бүх ард түмний санал асуулгаар бид тусгаар тогтнолоо баталгаажуулж байсан туршлагатай ард түмэн. Санал асуулгаар ард түмэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжинэ гэдэгт би итгэлтэй байна. Бид энэ тогтолцоог заавал яаралтай солих ёстой. Өнөөгийн мөнгө, санхүүгийн тогтолцоо энэ хэвээрээ үргэлжилвэл өдрөөс өдөрт түмэн олны амьдрал улам бүр доройтож, өрийн дарамт улам ихэсч харийнхны санхүүгийн тогтолцоогоор нь дамжуулан санхүүгийн хямрал, эдийн засгийн хямрал, нийгмийн хямрал, төрийн хямрал гэсэн дараалалтай хорлон сүйтгэх ажиллагаа үр дүнд хүрч Монгол улс сүйрэх, сөнөх шат руугаа улам дөхөх болно. Мөнгө хүүлэгчдийн тоолуур цаг минутаар гүйж биднийг өрөнд оруулж буй энэ үед яаралтай Үндсэн хуулийн шинэчлэлээ хийж төр шиг төртэй болох нь бидний нийтлэг эрх ашиг. 

Төгсгөлд нь хэлэхэд бидэнд гурван гарц байна гэж харж байгаа. 
1-р хувилбар: Үндсэн хуулиа өөрчлөхгүй байх хувилбар. Сонгуулийн хууль 2012 оных шиг. Өвөрхангайн маргааныг Хан-Уул дүүрэгт шийдвэрлэдэг шүүхтэй. Сонгуулиар гарч ирсэн эрх баригч нараа ард иргэд нь хүлээн зөвшөөрөхгүй мөргөлдөөнд хүрэх 2008 оны 7 дугаар сарын 1 ны өдөр давтагдах магадлалтай хамгийн муу хувилбар. 
2-р хувилбар: Үндсэн хуулиа өөрчлөхгүй, харин сонгуулийн хуулиа өөрчлөөд шинэ үеийн хүмүүс гарч ирэхийг хүлээх. Баталгаа муутай, хүсэхээр хувилбар биш.
3-р хувилбар: Үндсэн хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах замаар ард түмний сонголтыг үнэн зөв баталгаажуулж, хэлбэржүүлсэн түмэндээ үйлчилдэг төр, засагтай болох хамгийн сайн хувилбар. Түмэн олны минь мэргэн ухаан алдахгүй гэдэгт би итгэж байна.

Эх сурвалж:
Сэтгүүлч Э.Мягмар

No comments:

Post a Comment