Үндсэн хуулийг зэрвэс мэддэг хүн хагас дутуу боловсруулсан байна лээ
“Эцэг” хуульд гар хүрэх талаарх яриа энэ цаг үед хүчтэй яригдаж байна. 1992 онд баталсан Үндсэн хуулиа манайх 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш 15 он улирчээ. Түүнээс хойш үе үеийн парламент 2000 оны Үндсэн хуульд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийг өөрчилнө хэмээж ярьсан ч аль нь ч ажил хэрэг болгож байсангүй. Тэгвэл энэ удаагийн парламентаас УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллан хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө талд дараагийн парламентад үлдээсэн нь дээр гэх. Энэ асуудалд судлаачдын байр суурийг сонсох ёстой гэж үзэн улс төр судлаач О.Машбаттай ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал парламентын түвшинд хүчтэй яригдаж байна. Нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй та танилцсан байх. Хэр чамбай боловсруулагдсан төсөл байх юм?
-Хуулийн төслийг үзэхэд сайн боловсруулаагүй нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, зэрвэс мэддэг хүн хагас дутуу хийсэн гэж л хэлнэ дээ. Яах вэ, сайжирсан тал байна. Бүгд муу биш. Сайжруулсан зүйл заалтуудаа бүр чамбайруулж чадаагүй. Тэгсэн хэр нь эрээвэр хураавар заалтууд нааж оруулсан байх жишээтэй. Тухайлбал, гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэх, ялангуяа Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх нь чухал. Ерөнхийлөгчийн эрхээс нэлээдгүй хэсгийг Ерөнхий сайдын эрх мэдэл рүү шилжүүлж байгаа харагдсан. Гэхдээ бүрэн төгс хийж чадаагүй. Нөгөөтэйгүүр Засгийн газрын тогтвортой ажиллагааг хангах механизмыг хийх гэж оролдсон байсан. Энэ маш чухал. Монголд болохгүй байгаа ганц зүйл байна. Ардчиллын нэр хүндийг, Монгол Улс “бодлогогүй” байгаагийн гол шалтгаан нь гүйцэтгэх эрх мэдэл тогтворгүй байгаа явдал юм. Энэ эрх мэдэл тогтвортой бус учраас ажлаа хийж чаддаггүй. Төр ажлаа хийж чадахгүй байна гэх шүүмжлэл эндээс гардаг. Тэгэхээр гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой болгох талаар алхам хийсэн нь сайшаалтай.
Ерөнхий сайдыг огцруулах конструктив санал хураалтыг авахаар төсөлд тусгасан байсан. Энэ зүйтэй. Үүний зарчим нь Ерөнхий сайдыг огцруулахдаа залгамжлах хүнтэй нь хамт асуудлыг оруулж ирдэг. Парламент Ерөнхий сайдыг огцруулмагц, нөгөө хүн нь шууд Ерөнхий сайд болдог болохоор “үүрэг гүйцэтгэгч” гэх завсрын тодорхойгүй байдал үүсдэггүй. Түүнчлэн, УИХ-ын гишүүд саналаа өгөхдөө А, Б хоёрын аль нь дээр вэ гэж нухацтай бодож, саналаа өгдөг. Ийм механизм зөв.
Гэхдээ санал хураалтын үр дагаврын тухай асуудал ерөөсөө гаргаагүй. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөхдөө УИХ тарах эрсдэл хүлээх ёстой. УИХ эрсдэл хүлээхгүй бол Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг байн байн сөхсөн хэвээрээ л байна. Дэлхий дахинд 1948 оноос хойш гарч байгаа бүх Үндсэн хуульд энэ тохиолдолд УИХ тарахаар тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, ажлаа хийж байсан хүнийг үймүүлбэл тарахаар заасан.
-Ерөнхий сайд хариуцлага алдсан бол яах вэ?
-Тэгвэл Ерөнхий сайд огцорно. Хариуцлага алдсан бол Ерөнхий сайдыг УИХ огцруулах ёстой. Ингэхдээ “Таныг огцруулна” гэж ярих ёсгүй. “Илүү хариуцлагатай хүнээр солино” гэж ярих ёстой. Тиймээс хоёр хүний нэрийг оруулж ирэх ёстой гээд байгаа юм. Парламент Ерөнхий сайдад итгэл үзүүлчихлээ. Энэ хэрээр хариуцлага алдаагүй байхад нь УИХ ажлыг нь үймүүлээд байна. Ерөнхий сайд “Энэ УИХ ажил хийлгэхгүй гүйцэтгэх засаглалыг үймүүлээд байна” хэмээн Ерөнхийлөгчид хандана. Ерөнхийлөгч УИХ тараах эсэхийг шийднэ. Ерөнхий сайд энэ асуудлыг оруулж ирэхээс өмнө Ерөнхийлөгч үг дуугарах эрхгүй. Өөрөөр хэлбэл, нөхцөл үүссэн үед шийдвэр гаргах эрхтэй байдаг. Үүнээс өмнө Ерөнхийлөгч “унтаа горим”-д идэвхгүй байх ёстой.
-Парламентын засаглалтай оронд таны дээр ярьсан хэлбэрүүд хэрэгжих боломж хэр байдаг юм бол?
-1948 онд Германчууд Үндсэн хуульдаа энэ механизмыг бүрдүүлсэн юм. Герман хэдийгээр парламентын засаглалтай ч үүнээс хойш тус улсын гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллаж ирсэн. Тиймээс Зүүн Европын бүх улс энэ механизмыг үндсэн хуульдаа нутагшуулж авсан. Гүйцэтгэх эрх мэдэл нь ч тогтвортой болсон. Энэ жишиг дэлхий нийтээр тарж байна. Тухайлбал, Израйль энэ схемийг 2007 онд авсан. Манайх зохиох шаардлагагүй аваад хэрэглэчихээр бэлэн жишээнүүд байна. Өргөн барьсан төсөлд энэ механизмыг авъя гэж санаачилсан нь сайн хэрэг, гэхдээ УИХ-д хариуцлага тооцдог гол хэсгийг нь хаячихсан байсан. УИХ өөрөө тарах хариуцлага хүлээхгүй бол Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг байн байн хөндсөн хэвээр байна. Гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой байлгахын тулд УИХ-ыг тараах эрсдэл өөрт нь зайлшгүй байх ёстой. Тэгж байж хяналт тэнцэл, эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналттай байх асуудал гарч ирнэ. Парламент ерөөсөө хариуцлага хүлээдэггүй учраас хэнийг, юуг ч үймүүлж байна. Үүнийг “супер парламентын дарангуйлал” гэж нэрлэдэг. Энэ мэтчлэн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дутуу дулимаг зүйлүүд байна.
Цөөн гишүүнтэй парламентыг худалдаж авахад амар байдаг
-УИХ бүрэн эрхийн хугацаагаа таван жил, гишүүдийн тоогоо 99 болгохоор хуулийн төсөлд тусгасан байна лээ. Амтай болгон гишүүдийн тоог нэмэх ёстой гэж хэлж, ярьж байна. Судлаач хүний хувьд үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Таван жил болгох үндэслэл алга. Ардчилсан орнуудын цикл дөрвөн жил байдаг. Үүнийг өнөөдөр өөрчлөх зайлшгүй шаардлага алга. УИХ-ын гишүүдийн тоо хэт бага. Цөөхөн хүнтэй парламенттай 25 жилийн түүхээ бид эргээд харах ёстой. Цөөн гишүүнтэй парламентыг худалдаж авахад амар байдаг. 50 сая ам.доллар төлбөл УИХ-аар ямар ч шийдвэр гаргуулж болно гэдэг яриа байдаг. Улс гэхэд арай л хямдхан байгаа биз. Дэлхий дахинд 100-гаас бага хүнтэй парламент маш цөөн. Сая хүрэхгүй хүнтэй хэдхэн оронд л бий. Парламентын гишүүдийг тооцоолж гаргадаг аргачлал байдаг. Ийм тоогоор бодох ёстой гэж заагаагүй ч нийтлэг аргачлал бий. Энэ аргачлалаар бодоход манайх 143 гишүүнтэй байх ёстой. Гэтэл манайх үүнээс даруй хоёр дахин бага. 150 гишүүнтэй байх ёстой гэж би үздэг. Тэгвэл төлөөлөх, ажиллах чадвартай, худалдагдахгүй, хуйвалдаж чадахгүй парламент бий болно. Тиймээс 99 биш 150 болгох ёстой.
-“Эцэг” хуульд гар хүрэх цаг нь одоо мөн үү. Цаг хугацааны хувьд давчуу учраас боломжгүй гэх нэг хэсэг байна. Үүний нөгөө талд явах хүнээр ажил хийлгэ гэх хэсэг ч бий. Таны хувьд?
-Цаг нь мөн гэж ярьж буй боломжит ганцхан үндэслэл сонссон. Лүндээжанцан, Батчимэг гишүүн хоёр энэ тухай ярьсан. УИХ-д ямар ч бүрэлдэхүүн гарсан “супер парламент”-ынхаа хязгааргүй эрхийг бүрэн эдлэхийг бодно, гарч ирмэгцээ хязгааргүй эрхээсээ өөрөө татгалзах нэг ч парламент байхгүй. УИХ-ын энэ бүрэлдэхүүний бүрэн эрх нь нэгэнт дуусч байгаа учир дараагийнхаа парламентын эрхийг хязгаарлаж, Ерөнхий сайдынхаа эрхийг тэнцвэртэй болгож өгөөд тарах зориг одоо гаргаж магадгүй. Яагаад гэвэл дараа жил сонгогдож чадах эсэхээ тэд мэдэхгүй учраас шүү дээ. Энэ боломжийг ашиглаж чадахгүй бол дараагийн парламент гурван жил өргөн дэлгэр сайхан эрхээ эдлэхийг хүснэ. Дөрөвдэх жилдээ энэ асуудлыг зоригтой бол сөхнө.
-Нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлээд байгаа хуулийн төсөл “ус ихтэй” байна гэлээ. Тэгэхээр одоогийн парламент хэлэлцэж эхэллээ гэхэд хэр өөрчилж чадах вэ гэх асуудал гарч ирж байгаа юм. Хугацаа бага учраас жижиг сажиг засвар хийсэн нэрээр хэвээр нь баталчих вий гэсэн болгоомжлол байна л даа?
-Эхний ээлжинд өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж эхлэх ёстой. Яагаад гэвэл энэ удаагийн парламентаас дахин сонгогдох магадлалтай хүмүүс хэд байгааг тэд өөрсдөө мэдэхгүй байгаа. Бүрэн эрх нь дуусч байгаа учраас нэгмөсөн сайн “юм” хийгээд дуусгая гэж магадгүй. Дараагийн УИХ хэмжээлшгүй эрх мэдлээ ашиглан, Засгийн газрыг огцруулах гэж байн байн оруулж ирээд байна шүү дээ.
Гэхдээ өргөн мэдүүлсэн төслийг харахаар “Үүнийг л хийчихвэл аятайхан болох юм байна” гэсэн гэгээлэг зүйл харагдахгүй байгаа юм. Энэ төслийг хэлэлцүүллээ гэхэд тэртэй тэргүй унана. Эсвэл маш их өөрчлөгдөнө. Өөрчилж амжиж эсэх нь эргэлзээтэй. Нэгэнт баталсан, батлаагүйгээс үл хамааран Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар асуудал хөндсөн бол дараагийн найман жил хүртэл дахиж хөндөх эрхгүй. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг хугацаа нь мөн боловч энэ боломжийг алдах магадлал өндөр. Нэгдүгээрт, хуулийн төсөл маань сайн боловсруулагдаагүй, хоёрдугаарт хугацаа давчуу байна.
-Найман жил хүлээнэ гэдэг үндэслэлийг зарим хүмүүс ойлгохгүй байна лээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбож тайлбарлаад ч байх шиг. Хууль зүйн үндэслэл нь юу юм бэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэг зүйлд өөрчлөлт оруулах асуудлыг хөндсөн бол өөрчилсөн өөрчлөөгүйгээс үл хамааран дараагийн найман жил хүртэл дахин хөндөхгүй гэсэн заалт бий.
-УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох талаар өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хомсхон байсан. Хариуцлагын тогтолцоог тэнцвэржүүлэхийн тулд ямар харилцааг шинээр оруулж өгөх ёстой юм бол?
-Нэгдүгээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой. Ингэснээр ажлаа хийх боломж бүрдэнэ. Одоогийн УИХ-ын гишүүдийг харахаар маш “зовлонтой”. Нэг гишүүн 3 байнгын хороонд харьяалагддаг. Долоо хоногт нэг байнгын хороогоор 4-5 хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Ингээд үзэхээр долоо хоногт нэг гишүүн 12-13 хуулийн төслийг нэг бүрчлэн уншаад мундаг шүүмжлэл гаргаж, хуулийг чанартай батлуулах ямар ч боломжгүй. УИХ-ын гишүүн нэг чиглэлээр мэргэших боломжгүй байна. Парламент яагаад сул байна вэ гэхээр ажлаа дийлэхгүй, хүн нь хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, тэд үндсэн ажлаа хийж амжихгүй байгаа юм. Гишүүдийн тоо 150 болчихвол хамгийн ихдээ 10 байнгын хороотой гэж бодоход нэг байнгын хороонд 15 гишүүн харьяалагдах нь. Тэд мэргэшиж эхэлнэ гэсэн үг. Байнгын хороогоор хэлэлцэж буй хуулийн төсөл ч илүү чамбайрна. УИХ-ын гишүүдийн ажлын ачаалал 3 дахин буурч, тэр хэрээр тойрогтоо, сонгогчидтойгоо тулж ажиллах боломж бүрдэнэ. Энэ хэрээр хариуцлага тооцох механизм бий болно. Мөн гүйцэтгэх эрх мэдэл рүү байн байн халдах боломжийг хумих хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийг эрх, үүргийг ямар байдлаар хуульчилж өгвөл зүгээр вэ. Парламентын засаглалтай оронд бэлэг тэмдгийн чанартай Ерөнхийлөгчтэй байх ёстой юм болов уу. Харин одоо эсрэгээрээ байх шиг ээ?
-Парламентын засаглалтай оронд Ерөнхийлөгч бэлэг тэмдгийн шинж чанартай байх ёстой. Болж өгвөл Ерөнхийлөгчөөр 65-аас дээш насны хүн сонгомоор байгаа юм. Тэгэхгүй бол залуу хүн амбицад хөтлөгдөөд гүйцэтгэх эрх мэдэл рүү хутгалдаж байна. Парламентын бүгд найрамдах улсад Ерөнхийлөгч идэвхгүй элемэнт “унтаа горим”-д байх ёстой. Энэ хэзээ “сэрдэг” элемент вэ гэвэл зөвхөн парламент Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд парламентыг тараах асуудал хөндөгдвөл “идэвхжинэ”.
Харин өнөөдөр манай Ерөнхийлөгч жанжин штабыг хянаж байна. Шүүх, прокуроруудыг мэддэг том эрх мэдэлтэй. Төрийн албаны зөвлөлийг мэдэж байна. Сайд нарыг огцруулах, томилоход дам болон дам бусаар оролцож байгаа. Тиймээс манай гүйцэтгэх эрх мэдэл хуваагдчихаад байгаа юм. Гүйцэтгэх эрх мэдэл хуваагдчихаар хэрэгжилт нь байхгүй болчихоод байна. Тэд ажлаа тогтвортой хийж чадахгүй болчихоор Монгол Улс төргүй боллоо гэж яриад байгаа юм. Засгийн газрын ажлыг давхардуулж хийж байна. Уг нь бол Ерөнхий сайдад эрх мэдэл төвлөрөх ёстой.
Эх сурвалж:
Сэтгүүлч С.Батзаяа
No comments:
Post a Comment