Friday, November 13, 2015

Юу вэ, Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгч төлөөлдөггүй юм уу - 2015.11.13

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн зарим нэг алдаа ил болов. Тэр тухай хийгээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаана буй улс төрийн тухай тоймлоё.

1.
-Ажлын хэсгийг анх Үндсэн хуулийг батлахад оролцсон гишүүдээс байгуулжээ. Тэднээс УИХ-ын дэд дарга Л.Цог санал нэгдээгүй гээд гарын үсэг зураагүй байна.

2.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэрвээ тухайн институцийн эрх мэдлийг нэмэгдүүлэх юмуу хасах байдлаар хөндвөл саналыг авах ёстой. Авсан саналаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэйгөө хамт өргөн барих учиртай. Одоо өргөн барьсан Үндсэн хуулийн төслөөр бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасч, Дээд шүүх, прокурор, Цэцийн томилгооны зарим харьяаллыг өөрчилж, ерөнхийдөө Ерөнхий сайдын мэдэлд төвлөрүүлэхээр байгаа. УИХ-д ирэх томилгооны эрх ч бий. Хэрвээ тэгнэ гэж үзвэл энэ талаар Ерөнхийлөгч, Цэц, Дээд шүүхээс саналыг нь авсан байх учиртай ч, энэ бүрдлийг хийгээгүй байна. Тэгэхдээ дутуу төслийг УИХ-ын Тамгын газар тав дахийн орой хүлээгээд авчихжээ. Хэдэн сарын өмнө Тавантолгойн төслийг Засгийн газраас өргөн барихад иж бүрдэл дутуу гээд УИХ-ын Тамгын газраас хэдэнтээ буцааж байлаа. Харин Үндсэн хуулийн төсөл дээр дутууг нь мэдсээр байж хүлээн авчээ. Эндээс харвал хуулийн төслийг хүлээж авах нь УИХ-ын даргын таалал, АН-ын улстөрийн шийдвэртэй нийцэж байвал шууд авч, нийцээгүйг нь буцааж “чангалдаг” бололтой.



3.
-Ерөнхийлөгчөөс саналыг нь аваагүй бололтой. Харин Ерөнхийлөгч дэмжиж байгаа, сайн хэлэлцүүлээрэй гэж Тамгын газрын даргаараа хэлүүлсэн аятай юм ярьж, бичүүлж байгаа. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийг Тамгын газрын дарга нь төлөөлдөггүй. Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгч өөрөө л төлөөлнө. Тэр тусмаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл бол амаар бус, албан бичгээр санал өгдөг улс төрийн баримт бичиг. Ерөнхийлөгч дэмжиж байгаа, зөвшөөрсөн гэж бичүүлээд л байгаа болохоос Төрийн тэргүүний зүгээс өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд албан ёсоор илэрхийлсэн байр суурь одоогоор байхгүй. Ерөнхийлөгч уг төслийг дэмжсэн, эвсэл зөвшөөрч байна гэж адисласан байх албагүй, харин заавал саналыг нь авах нь хуулийн шаардлага юм. Хэрвээ улс төрийн нөхцөл байдлыг дагаад байр суурь нь өөрчлөгдчихөөгүй л бол Ерөнхийлөгч хэдэн сарын өмнө “Манай улстөрчдийн дунд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох тухай яриа байдаг юм. Чехүүд 20 жилийн турш Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгожээ. Гэтэл тэр нь одоогийн манай УИХ фракцаараа талцдаг шиг л томилгоо болоод байж. Тийм учраас болиод чехүүд сая анх удаагаа Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сонголоо. Үүнийг бодох хэрэгтэй” гэж ярьж байжээ.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын төсөлд Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс бус, УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг оролцуулж, тэндээс сонгох заалт бий.

4.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийнхэн долуулаа байхдаа Цэцэд ханджээ. Төслийнхөө талаар Үндсэн хуулийн Цэцийн саналыг авах гэсэн юм байна. Харин Цэцийнхэн “бид долоон гишүүнтэй бус, УИХ-тай харьцдаг байгууллага” гэж хариу өгчээ. Өөрөөр хэлбэл, Цэц бол өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж эхэлсний дараа, УИХ- д хариу өгнө, гишүүдэд өгдөггүй гэсэн байна.

5.
-Явж үзээгүй зам бүхэн сайхан. Үндсэн хуулийн өөрчлөлт дотор сайн заалтууд мэдээж бий. Өөрчлөх ч шаардлагатай. Гэхдээ төслийн ажлын хэсгийнхэн хийгээд PR-чид нь нэг зүйлийг тооцохгүй байна. Энэ бол маш хортой, бас хохиролтой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих эсэхээ ард нийтээс асууна гэж байгаа. Энэ мэдээж зөв. Гэхдээ асуулга явуулах хугацааг арванэгдүгээр сарын 26 гэж буруу тооцоолсон. Энэ амжихгүй нь тодорхой. Ахин төсөл өргөн барих юмуу, Ард нийтийн санал асуулгын хуулийн дагуу шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дараа явуулж ч болно. Алинаар нь ч тооцсон, хэрвээ явуулбал санал асуулгыг арванхоёрдугаар сарын 10-наас хойш зохион байгуулж таарч байна. Энэ бол хот суурин газарт ид шинэ жилийн уур амьсгал орчихсон баярын үе. Орон нутагт бол малчид идшээ бэлтгээд хөдөө гадаа явдаг нь явж, махаа зарах нь хотыг зүглэдэг ид хөдөлгөөнтэй үе. Сонгуулийн ирц бүрдэхгүйн зовлон болж байхад санал асуулгын ирц ийм цаг үед ирц бүрдэх үү, үгүй юү гэдэг л хамгийн чухал. Хэрвээ бүрдэхгүй бол яах вэ, санал асуулга явуулсны хор, хохирол нь энд л гарч ирнэ. Эдийн засгийн хувьд санал асуулга явуулсан таван тэрбум төгрөгөөрөө “шатна”. Энэ бол гучдугаар асуудал. Хамгийн гол нь ирц бүрдэхгүй бол тухайн саналыг унасанд буюу дэмжээгүйд тооцно. Санал асуулгын ирц бүрдээгүйг ард нийт Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг дэмжээгүйд тооцно. Дэмжээгүйд тооцохоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар тухайн асуудлаар, Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар найман жил ахиж ярих эрхгүй болно. Тэгэхээр өнөөдрийн цаг үе, улстөрийн орчноо мэдрээгүй хэт яаралт нь магадгүй Үндсэн хуулийг өөрчлөх боломжийг найман жилээр хаах хуулийн хавханд оруулах эрсдэлтэй. Энэ бол маш том хохирол. Жоомоо алах гээд байшингаа шатаахтай яг адил

6.
-Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг УИХ-ын дөрөвний гурав буюу 57 гишүүний ирцтэйгээр хэлэлцдэг хуультай. Мөн ийм өндөр босгоор баталдаг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт 26 гишүүнтэй МАН Үндсэн хуулийг өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ бүлгийн төвшинд мэдэгдлээ. Жаахан хүч муутай л байснаас бус, тус намын улстөрийн шийдвэр бололтой. Хэрвээ МАН үнэхээр улс төрийн шийдвэрээ гаргаж байгаа бол Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдах нь битгий хэл, хэлэлцэх боломж нь хаагдаж байгаа. Хэрвээ тийм бол хэлэлцэхгүй, батлахгүй нь тодорхой Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээс асууж таван тэрбум төгрөг зарах нь хямралын үед салхинд хийсгэхтэй адил.

7.
-Ерөнхийдөө Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа. Энэ УИх ч хамгийн боломж бүхий хүчний харьцаатай. Хамгийн гол нь олон нийтэд итгэл төрүүлэх нэр хүнд, ёс зүй энэ УИХ-д, улстөрийн өнөөгийн орчинд байхгүй нь хамгийн том асуудал болов. Гэтэл бодит байдал дээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чин санаа их цөөхөн гишүүнд байгаа. Хэрвээ Үндсэн хуулийн төслийг хэлэлцээд эхэлбэл УИХ зэрэгцүүлж ямарч асуудлыг хэлэлцдэггүй хуультай. Тийм учраас олонхи нь, ялангуяа АН-ынханд бол энэхүү өөрчлөлтөөр баривчилгаа зэрэг үйл явдлын анхаарлыг өөр зүгхандуулах, хамгийн гол нь Ч.Сайханбилэгийн танхимыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирэхээс хамгаалах, орж ирлээ гэхэд хэлэлцүүлэхгүй цаг хожих л далд санаа байх шиг. Өөрөөр хэлбэл, том асуудлын цаана жижиг зорилгоо нуусан улс төр л байна гэж хардах үндэстэй.

8.
-Үндсэн хуулийн өөрчлөлт бол Монгол Улсын “замын зураг”-ийн нэг хэсэг. Тийм учраас чухам ямар өөрчлөлт хийх гээд байна вэ гэдэг нь Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй, хэрэггүй гэдгээс илүү чухал. Тэр талаар буюу төсөлд байгаа өөрчлөлтүүдийн талаар, сайн мууг, онон оноогүй тухай дараа бичнэ. Ингэж бичих нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай бол гэвэл түүнд, шаардлагагүй, энэ УИХ хэрэггүй гэвэл одоогийн явж буй төслийг зогсооход хүч нэмэх биз ээ.

Эх сурвалж:
Сэтгүүлч Гомбожав ОТГОНБАЯР


No comments:

Post a Comment