Төр өөрт нь тулгарсан хүндрэлтэй асуудлаа, шийдэл ололгүй мухардсан сэдвээ Үндсэн хуультай холбох болсоор удлаа. Уг нь Үндсэн хуулийн нөөц нь шавхагдаагүй, бололцоо нь дундраагүй гэдэг боловч “эцэг хууль”-ийг өөрчлөх санаачилга үе үеийн парламентаас гарч байсан. Энэ УИХ ч өмнөх замаа тойролгүй яг дайрч гарч байгаа нь Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулснаас харагдана. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэгтэй энэ ажлын хэсэг ч тун эрчимтэй ажиллаж байна. Намрын чуулган завсарлаж, хаврын чуулганыг хүлээсэн энэ өдрүүдэд хуралдаж байгаа нь үүний илрэл болов уу. Ямар боловч Үндсэн хуулийг өөрчлөх “галт тэрэг” аль хэдийнэ хөдөллөө. Харин хүрэх зогсоолдоо очих эсэх нь л урдын адил эргэлзээтэй юм.
УИХ БА АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Энэ парламентыг байгуулагдсан цагаас л Үндсэн хуулийг өөрчилж болохуйц бүтэцтэй гэж улстөрчид, судлаачид тодорхойлж байлаа. Яагаад гэвэл, сонгуулиар аль ч нам олонхи болоогүйн дээр түүхэндээ анх удаа УИХ-д гурван бүлэг албан ёсоор байгуулагдсан. Мөн таван намын төлөөлөл, бие даагчид, 11 эмэгтэй гишүүн гээд тоочвол УИХ-ын өмнөх бүх бүрэлдэхүүнээс зөвшилцөл хамгийн сайн явах хувилбар нь энэ парламент ч юм шиг. Дээр нь сая хамтарсан Засгийн газар байгуулахдаа бүх намаа оролцуулсан нь парламентын зөвшилцлийг нэмэгдүүлэх хангалттай үндэслэл болсон. Хамтрахдаа ч намууд Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг дээр тохирч, гар бариад байна. Тиймээс л энэ УИХ-ыг бүрэлдэхүүний хийгээд улс төрийн нөхцөл байдлын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохуйц гэж дүгнэсэн байх.
Хуулийн төсөл боловсруулж УИХ-д оруулах үүрэгтэй ажлын хэсгийн хувьд ч сонирхол татахуйц бүтэцтэй. 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлахад оролцсон АИХ-ын депутатуудаас долоо нь одоогийн УИХ-д сууж буй. Бүгд ажлын хэсэгт оржээ. Намаар нь хуваавал АН-ын Н.Батбаяр, Р.Гончигдорж, Л.Болд, С.Баярцогт, МАН-ын Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, МАХН-ын Л.Цог нар юм. Дээр нь нэмэгдээд ИЗНН-ын С.Оюун, МҮАН-ын Н.Батцэрэг хоёр орж, бүх намын төлөөлөл парламентад авсан суудлынхаа хувь хэмжээгээр ажлын хэсэгт багтаж чадлаа.
УИХ-ын хийгээд ажлын хэсгийн энэхүү бүтцээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч Үндсэн хуулийг батлахад оролцсон хүн. Шинэ Үндсэн хуулийг АИХ батлах үед хамгийн олон удаа үг хэлсэн гэгддэг түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад “эцэг хууль”-ийг өөрчлөх нь зөв ч юм шиг.
Бүрэлдэхүүний хувьд “боломжийн” гэж үнэлэгдээд буй энэ парламент Үндсэн хуулийг өөрчлөхдөө юун дээр анхаарах вэ гэдгийг ажлын хэсгийн гишүүн С.Оюун тодорхойлсон байсан. Тэрээр “Монгол Улсын Үндсэн хуульд бүхэлд нь өөрчлөлт оруулахгүй. Нэн тэргүүнд парламентын засаглалыг боловсронгуй болгох чиглэлд ажлын хэсэг голлож ажиллана” гэж тодотгосон.
УИХ-д өргөн баригдчихсан, одоо хэлэлцүүлгээ хүлээж буй Үндсэн хуулийг өөрчлөх бэлэн төслүүдийн ихэнх нь ч ийм агуулгатай байна лээ. Өөрөөр хэлбэл, УИХ-д өргөн барьчихсан Үндсэн хуулийг өөрчлөх зургаан төсөл бэлэн байгаа бөгөөд эдгээрийг нэг бүрчлэн танилцуулъя.
1.
УИХ-д өргөн бариад бүр хэлэлцээд эхэлчихсэн Үндсэн хуулийг өөрчлөх тухай нэг төсөл бол Д.Дамба-Очирынх гэсэн тодотголтой. Өөрөөр хэлбэл, санаачилсан гишүүнээр нь нэрлээд явдаг жишгийн дагуу түрүүчийн парламентын үед буюу 2011 оны тавдугаар сарын 25-нд Д.Дамба-Очир нарын таван гишүүн Үндсэн хуулийг өөрчлөх төслийг УИХ-д өргөн барьж байсан юм. Энэхүү төслийн гол агуулга нь хот байгуулахтай холбоотой зохицуулалтыг Үндсэн хуульд тусгах.
Хууль санаачлагчид Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг оновчтой томъёолоогүй гэж үзсэн учраас Үндсэн хуульд “хот”-ын статусыг оруулах саналыг энэ төслөөрөө илэрхийлжээ. Хэрэв энэ өөрчлөлт Үндсэн хуульд орвол Эрдэнэт, Дархан, Чойр, Бор-Өндөр зэрэг газрууд сумын статусаа хотоор солих боломж бүрдэх юм. Мэдээж сумын статус нь хотоор солигдвол нийгэм, эдийн засгийн хөгжилд нь ч өөрчлөлт орно гэж хууль санаачлагчид үзэж байсан юм байна. Төрийн байгуулалтын байнгын хороогоор ороод хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн уг төсөл нэгдсэн чуулганаар оролгүй явсаар өнөөдөртэй золгожээ.
Санаачилсан гишүүдээс нь одоогийн УИХ-д дахин сонгогдсон нь Д.Хаянхярваа.
2.
Үндсэн хуулийг өөрчлөх бэлэн зургаан төслийн нэг нь Д.Энхбат нарын гишүүдийн 2011 оны зургадугаар сарын 9-нд УИХ-д өргөн мэдүүлсэн төсөл юм. Нийт 15 гишүүн гарын үсгээ зурж УИХ-д өргөн барьж байсан энэхүү төсөл нь 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтөөс заримыг нь буцаах тухай агуулгатай. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлт гэгддэг 2000 оны өөрчлөлтөөс хоёрыг нь буцааж сэргээе гэжээ.
Нэгд, УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын хороодын даргыг сонгохдоо илээр санал хураалт явуулдгыг буцааж нууц болгоё гэсэн байна. Хоёрт, Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэг нь л УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулахаар төсөл боловсруулж байжээ.
Тэд энэ тухайгаа УИХ-д төсөл өргөн барих үедээ “2000 онд Үндсэн хуульд оруулсан зарим өөрчлөлт нь Үндсэн хуулийн үзэл санааг илтэд гажуудуулсан бөгөөд агуулгын болоод процедурын хувьд ч хууль зөрчсөн үйлдэл болсон. Иймээс УИХ-ын өмнөх гаргасан алдааг засч, алдагдаад байгаа төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг сэргээе. 2000 оны өөрчлөлт нь парламентад гүйцэтгэх эрх мэдэл давамгайлахад хүргэсэн, мөн УИХ-ын гишүүдийн саналаа чөлөөтэй гаргах эрхэд халдаж, гишүүдэд намын хяналтыг хатуу тогтоох болсон” гэж байжээ.
Санаачилсан гишүүдээс нь одоогийн УИХ-д дахин сонгогдсон нь Ц.Баярсайхан, Н.Батбаяр, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, С.Эрдэнэ.
3.
Түрүүчийн парламентад Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатарын хувьд Үндсэн хуулийг өөрчлөх асуудал дээр нэлээд нухацтай хандаж байсан гишүүдийн нэг. Тэрээр Үндсэн хуулийг өөрчлөх төсөл боловсруулах 40 хүний бүрэлдэхүүнтэй УИХ-ын ажлын хэсгийг ахалж байсан юм. Уг ажлын хэсгээс Үндсэн хуулийг өөрчлөх чиглэлээр хоёр тусдаа хуулийн төсөл УИХ-д өргөн барьсны нэг нь орон нутгийн эрх мэдэлтэй холбоотой байв.
2011 оны арванхоёрдугаар сарын 13-нд УИХ-д өргөн барьсан энэ төсөлд нийслэл, аймаг, дүүргийн Засаг даргыг томилохтой холбоотой харилцааг зохицуулах заалт оржээ. Ингэхдээ Засаг даргыг нийслэлийн болон тухайн дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлж нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, дүүргийн Засаг даргыг хотын дарга, хорооны Засаг даргыг харьяалах дүүргийн Засаг дарга дөрвөн жилээр томилох. Харин аймгийн Засаг даргыг тухайн аймгийн ИТХ-тай Ерөнхий сайд зөвшилцөн томилж, сумын Засаг даргыг тухайн сумын байнгын оршин суугч иргэд нууц санал хураалтаар шууд сонгохоор төсөлд тусгасан байна. Багийн Засаг даргын тухайд бол сумын Засаг дарга нь шууд томилох байдлаар Үндсэн хуульд холбогдох өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байжээ.
Санаачилсан гишүүдээс нь одоогийн УИХ-д дахин сонгогдсон нь Н.Батбаяр, Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Д.Ганхуяг, Г.Батхүү, Ц.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Зоригт, А.Тлейхан, Д.Тэрбишдагва, Л.Гантөмөр, Ц.Дашдорж, Ц.Даваасүрэн, С.Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Г.Баярсайхан.
4.
Үндсэн хуулийг өөрчлөх дөрөв дэх төсөл нь дээрхийн адил гишүүн Ж.Сүхбаатарын ахалсан УИХ-ын ажлын хэсгээс өргөн барьсан төсөл юм. Өргөн барьсан өдөр нь ч 2011 оны арванхоёрдугаар сарын 13. Агуулгын хувьд Д.Энхбат нарын гишүүдийн төсөлтэй ерөнхийдөө төстэй. Ж.Сүхбаатар нарын 32 гишүүний УИХ-д өргөн барьсан энэ төсөл нь “Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэг нь л УИХ-ын гишүүн байж болно” гэсэн заалтыг Үндсэн хуульд нэмэх тухай юм байна. Ингэснээр УИХ-ын гишүүд нь бүгдээрээ Засгийн газарт орчихдог байдлыг халж, сайд нарын гуравны нэг л сайд-гишүүн байж болно гэж Үндсэн хуульд оруулах зорилготой юм байна. Нэг ёсондоо сайд нарын гуравны хоёр нь “дан дээл”, гуравны нэг нь “давхар дээл”-тэй байж болох хувилбарыг Үндсэн хуульд тусгая гэжээ.
Санаачилсан гишүүдээс нь одоогийн УИХ-д дахин сонгогдсон нь Н.Батбаяр, Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Д.Ганхуяг, Г.Батхүү, Ц.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Зоригт, А.Тлейхан, Д.Тэрбишдагва, Л.Гантөмөр, Ц.Дашдорж, Ц.Даваасүрэн, С.Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Г.Баярсайхан.
5.
Дараагийн сонгуулийн санал авах өдрөөс өмнөх зургаан сарын дотор өөрчилж болдоггүй хууль Монгол Улсад хэдхэн байдаг. Үүний нэг нь Үндсэн хууль. Ингэж хугацаа зааж өгсөн нь парламентыг өөртөө зориулж хууль батлахаас сэргийлдэг сайн талтай юм. Яг энэ агуулгаар УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийг өөрчлөх нэгэн төсөл бол Су.Батболд гишүүнийх. 2012 оны нэгдүгээр сарын 9-нд өргөн барьсан энэ төслийг нь түрүүчийн парламент дээр өгүүлсэн “зургаан сар”-ын хоригоос болж хэлэлцэх ямар ч боломж байгаагүй. Тиймээс ч энэ төслийг одоогийн УИХ-д зориулж, нэг ёсондоо энэ парламентаар батлуулах гэж Су.Батболд гишүүн 2012 онд санаачилж байсан гэж ойлгож болно. Эхлээд үүнийг тодотгоё.
Хуулийн төслийн тухайд парламентыг илүү боловсронгуй болгох зорилготой юм байна. Шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж байх үед Монгол Улс хоёр сая иргэнтэй байсан бол 2015 онд гурван саяулаа болсон. Иймээс зөвхөн хүн амын тоондоо харьцуулсан ч манайх цөөхөн гишүүнтэй, жижигхэн парламенттай орон. Үүнийг улстөрчид өөрсдөө жижиг оврын парламент гэж нэрлэдэг. Ийм жижиг оврын парламент нь бусдын нөлөөнд автах магадлал өндөртэй байдаг юм байна. Тэр тусмаа УИХ-ын чуулганы хуралдааны ирц 39 гишүүнээр бүрдэж, тэдний олонхи нь буюу 20 гишүүний саналаар хууль батлагдаж, аливаа асуудал шийдэгдэж байгаа энэ үед бүр ч аюултай.
Иймээс Су.Батболд гишүүн УИХ-ыг хоёр танхимтай, нийтдээ 159 гишүүнтэй байх төслийг тухайн үед өргөн барьж байжээ. Парламентын доод буюу Төлөөлөгчийн танхим нь 108 гишүүнтэй байх бөгөөд 25 нас хүрсэн иргэд тойргоос сонгогдохоор төсөлд тусгагдсан байна. Харин дээд танхим буюу Үндэсний зөвлөл нь 51 гишүүнээс бүрдэх бөгөөд 35 нас хүрсэн иргэд намын жагсаалтаар хувь тэнцүүлэн сонгогдох зохицуулалттай төсөл аж. Өөрөөр хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэх замаар парламентын хоёр танхимыг бүрдүүлэх агуулга энэ төслийн амин сүнс нь. Мэдээж төсөлд парламентын хоёр танхимын хариуцах ажил, шийдвэр гаргах эрхийг ч тодорхой зааж өгсөн байна.
Санаачилсан гишүүдээс нь одоогийн УИХ-д дахин сонгогдсон нь Су.Батболд.
6.
Үндсэн хуулийг өөрчлөх бэлэн зургаан төслийн сүүлийнх нь л энэ парламентын үед өргөн баригдсан. Санаачлагч нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн. Тэрээр өөрийнхөө өргөн барьсан төслийг танилцуулахдаа “1992 онд БНМАУ-ын АИХ-аар шинэ Үндсэн хууль баталж, бүх нийтээр дагаж мөрдөөд даруй 22 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд уг хуулийн нийт долоон зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үндсэн хуулийн 29.1 заалтад орсон “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн өөрчлөлт нь төрийн хяналт, хариуцлагыг сулруулж, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал хоорондын зааг, ялгаа, зарчмыг алдагдуулахад хүрсэн гэх шүүмжлэл дагуулах болсон. Энэхүү заалтыг дагаж мөрдсөнөөр улс орны өмнө тулгарч буй төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналтын тогтолцоо алдагдсан өнөөгийн байдлыг бүрэн засч чадахгүй нь тодорхой байгаа тул Үндсэн хуулийн анхны суурь үзэл баримтлалыг сэргээх зорилгоор энэхүү төслийг боловсрууллаа” гэсэн юм. Агуулгын хувьд УИХ, Засгийн газрын гишүүнийг давхар хашихыг болиулах, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалын зааг ялгааг тодруулах зорилготой.
БУСАД
1992 онд АИХ нийтдээ 76 хоног хэлэлцэж байж баталсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх энэ парламентын 76 гишүүнд бий. Гэхдээ Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох эрхээ хэрэгжүүлж байна гээд Үндсэн хуулийн үзэл санааг өөрчлөх эрх тэдэнд байхгүй. УИХ Үндсэн хуулийг өөрчлөхдөө дордуулж болохгүй гэдгийг 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг дагасан шүүмжлэл одоог хүртэл үргэлжилж буй нь үүнийг сануулж байгаа биз ээ. Мэдээж амьдрал баян гэдэг утгаар нь, юм болгон шинэчлэгдэж сайжирч байх ёстой гэдэг агуулгаар нь харвал Үндсэн хуулийг өөрчлөх ёстой. Үүнийг ч олон нийт дэмжинэ. Юу гэвэл УИХ-ын Тамгын газраас 2011 оны гуравдугаар сар 1-20-ны өдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтээс санал авахад нийтдээ 38603 иргэн энэхүү санал асуулгад оролцсон байдаг юм байна.
Тэдний 52.6 хувь нь буюу 20455 иргэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж саналаа илэрхийлжээ. Тиймээс ч Үндсэн хуулийг өөрчлөх бэлэн хувилбаруудаасаа, бас зайлшгүй үүссэн нөхцөл байдалдаа дүгнэлт хийж Н.Батбаяр гишүүнээр ахлуусан ажлын хэсэг хуулийн төслөө боловсруулах биз ээ. Ямар боловч УИХ-д өргөн баригдчихсан зургаан төслийг дээр нэг бүрчлэн танилцууллаа. Үүнээс гадна олон нийтийн дунд яригддаг хувилбарууд, судлаачдын дэвшүүлдэг саналууд, Үндсэн хууль баталж явсан хүмүүсийн санаанууд ч бий. Мөн амьдралаас урган гарч ирж буй Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой зүйл олон байгаа. Жишээ нь, Монгол Улс цаазын ялгүй улс болох ёстой гээд олон улсын конвенцод нэгдчихсэн, бас энэ ялыг 2009 оноос хойш түдгэлзүүлээд байгаа. Цаашид цаазын ялгүй улс хэвээр байна гэвэл, хууль эрх зүйн орчноо ч энэ чиглэлд өөрчилнө гэвэл Үндсэн хуулийг өөрчлөхөөс өөр аргагүй билээ.
Эх сурвалж:
Сэтгүүлч Ч.Гангэрэл
No comments:
Post a Comment