Үндсэн хуулийн өөрчлөлтийг хоёр жилийн хугацаанд хэлэлцэх хэрэгтэй
УИХ-н гишүүн асан Т.Очирхүүтэй Үндсэн хуулийн талаар цөөн хором ярилцлаа.
-Парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг 25 жилийн дараа ярьж эхэллээ. Эххуулийг өөрчлөх цаг болсоэ эсэхэд таны байр суурь ямар байдаг вэ?
-Ер нь өөрчлөх нь зүйтэй.Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь мөн
-Эх хуулийг өөрчлөхийн тулд тухайн парламент нэр, нүүртэй байх ёстой.Гэтэл гадна дотногүй нэр нүүрээ алдсан, эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн, ард иргэдийнхээ амьдралыг доройтуулсан парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих эрхгүй гэх шүүмжлэл багагүй өрнөж байна. Таны харж байгаагаар энэ парламентын үед эх хуулийг хөндөх нь хэр оновчтой вэ?
-Би УИХ, Улсын бага хурлын гишүүнээр 18 жил ажилласан. Үе үеийн УИХ болон гишүүд нийгэмдээ шүүмжлүүлж л байдаг юм. Ер нь тэгэх ч хувь тавилантай, дэлхий дээр ерөөсөө тийм байдаг. Тухайн дөрвөн жилдээ сонгогчид нь УИХ-аа шүүмжилдэг л юм. Үгүй бол улс төрийн бусад нам болон сөрөг хүчин шүүмжилж л таарна. Тийм учраас парламентыг сайн, муу гэж ярих нь харьцангуй ойлголт. Яагаад гэвэл дараагийн УИХ сайн, муу байх эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Дараагийн дөрвөн жилд ямар ч хүмүүсийг ард түмэн сонгож болно. Учир нь, нийгэм бухимдалтай байгаа үед популистууд юмуу бие даагчид нэлээд байр суурьтай болчихдог л доо. Яг л Гитлер ардчилсан сонгуулиар гарч ирсэн шиг. Тэгэхээр энэ парламент эх хуулийг өөрчлөх эрхтэй үгүй тухай яриа бол дэмий яриа. Харин ерөөсөө ард түмний баримт бичгийг 76 гишүүнтуй парламентаар хэлэлцүүлж, нэмэлт өөрчлөлт оруулах уу үгүй юү гэдэг асуудал байгаа юм. Би хувьдаа үүнийг арай болохгүй гэж харж байгаа. Тиймээс 76 гишүүн өөрсдөө Үндсэн хуулиа батлах бүтцийг бий болгох хэрэгтэй. Өмнө АИХ-ын 430 депутат энэ хуулийг баталж байсан юм. Тэгэхээр одоо энэ 76, дээрээс нь ИТХ байгаа юм байна л даа. Энэ бол арга ядсан л хувилбар. Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоо, нэн даруй хийхэд бэлэн биш байна. Учир нь, Үндсэн хуульд орох өөрчлөлтүүдийг заавал ард түмнээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Ард түмний санал бол онц чухал. Яахав нэг хэсэг нь ард түмэн юугаа хэлдэг юм гэдэг. Гэтэл ард түмэн дотор мэргэжлийн улс, хуульчид, Үндсэн хуульд заасан заалтуудын зовлон бэрхшээлийг үзчихсэн хүмүүс байдаг учраас асар үнэтэй саналууд ирдэг. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг багагүй хугацаанд хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн өөрчлөлтийг хоёр жилийн хугацаанд хийх хэрэгтэй.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Ард нийтийн санал асуулга явуулах ёстой. Гэтэл тэр хугацаа нь хуулиараа энэ сарын 26 байдаг. Ийм бага хугацаанд олон нийт Үндсэн хуулийн үзэл баримтлалыг судалж, санал өгөх хэмжээний мэдээлэлтэй болж чадах уу гэдэг шүүмжлэл их гарч байна л даа?
-Тэр дэмий ярьж байгаа юм. Тэгээд ч манай намаас зохион байгуулсан эдийн засгийн форум дээр Үндсэн хуулийн асуудлыг ярихдаа Үндсэн хуулийг батлахад оролцсон АИХ-ын депутатууд Н.Батбаяр болон УИХ-ын бусад гишүүнд анхааруулж хэлсэн шд. Ингэж болохгүй гэдгийг хэлээд эдийн засгийн форумын тунхаглалд тусгасан юм. Тухайлбал, Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй. Гэхдээ яаруу сандруу ажил зохион байгуулж болохгүй. Энэ бол буруу. Ард нийтээс “Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх үү үгүй юү” гэдэг хийсвэр юм ерөөсөө асууж болохгүй. Ингэж ард түмнийг дорд үзэж болохгүй. Чухам ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм, яагаад гэдгээ л хэлэлцүүлэх учиртай.
-Одоогоор нийтэд хүрсэн мэдээллээр Ерөнхий сайдын эрх мэдлийг өндөрсгөх, тэр дундаа Засгийн газрын тэргүүн танхимын сайд нараа өөрөө оруулж ирдэг, болохгүй бол өөрөө мэдээд буцааж татдаг, хариуцлага тооцдог байна. Харин Ерөнхийлөгчийнхийг бууруулахаар байгаа юм билээ. Үүнийг та хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Энэ бол зөв. Улсын Бага хурлаас анх боловсруулсан Үндсэн хуулийн төсөл дээр анх ийм санал гаргаж байсан юм. Яахав, АИХ дээр ярилцаж байгаад энэ саналыг өөрчилсөн л дөө. Би хувьдаа Үндсэн хуулийн анхны төсөл дээр оруулж байсан саналуудыг эргэж харах ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ Засгийн газар, Ерөнхий сайдын эрх хэмжээг хяналтгүй, хэт өндөр тавьсан байх шиг санагдсан. Тийм учраас тэр хэсгийг нь эргэж нягталж үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь одоогийн ярьж байгаа өөрчлөлтөөр өнөөдөр иргэд, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа, хариулт хайж байгаа асуултад энэ өөрчлөлт хариулахгүй. Тийм учраас энэ өөрчлөлтийг арай өөр өнцгөөс л харж хийх ёстой. Ер нь одоогийн хямрал, болж бүтэхгүй байгаа бүхэн хэнээс болж байна гэхээр Ерөнхий сайдын юм уу Засгийн газрын эрх хэмжээ бага байгаагаас болж байгаа юу. Мэдээж энэ хоёр субъектээс болж байна. Гэхдээ хамгийн гол нь УИХ-аас л болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ 76- гаас гэсэн үг. Гэхдээ энэ нь одоогийн 76-г хэлж байгаа юм биш, ерөөсөө л өмнөх УИХ-уудаас болоод ирсэн. Тэгэхээр энэ УИХ-д хэмжээ хязгаартай, зөв ажилладаг хяналтын механизм хэрэгтэй. Засгийн газар, Ерөнхий сайд хяналтгүй болсон гэж УИХ-ын гишүүд ярьж байгаа. Энэ нь зөв. Гэхдээ уучлаарай, УИХ-д хяналт байх ёстой. Тэр л чухал. Түүнд хариулт өгөхгүй байгаа юм чинь яах вэ.
-Гишүүдийн тоог нэмж, 99 болгохоор ярьж байна. Хүн ам зүй, газар нутгийн хэмжээнээс нь авч үзвэл тоог нэмэх хэрэгтэй гээд байгаа. Үүн дээр таны байр суурь ямар байна вэ?
-Олон улсын дунджаас харахад төлөөлөх чадвар нь 103 хүн байх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 30-40 мянган сонгогчийг нэг гишүүн төлөөлж байхаар дэлхийн дундаж байдаг тухай судлаачид Үндсэн хуулийг анх батлахад ярьж байсан юм. Тэгээд яахав 76 дээр тогтсон байдаг. Энэ бол байдаг тоо. Ер нь яг алтан дундаж нь 103. Тухайн үедээ Д.Лүндээжанцан гишүүн тэр судалгааг хэлж байсан юм. Гишүүдийн тоог хэтэрхий олон байна гээд байгаа юм. Хамгийн гол нь ард түмнийг төлөөлөх хүн шүү гэдгийг л бодох хэрэгтэй. Нэг хүн хэчнээн иргэнийг төлөөлж, парламентад дуу хоолойгоо өргөх вэ гэдгийг бодож л тоог нь гаргадаг юм шүү дээ. Тийм учраас 99, 103, 76, 53, 82 гэсэн тоог ярьж л байсан. Өнөөдрийн нөхцөлд 76-г 99 болгох нь нэг хувилбар мөн. Эцсийн дүндээ олон нийтээс нэхээд байгаа хариултад энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт хариулт өгөөгүй байна лээ. Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээр хэлэлцүүлэх нь байтугай ажлын хэсэг, УИХ дээрээ дахиж сайн ярилцах хэрэгтэй. Үүний дараагаар дахин зөвшилцөх хэрэгтэй. Ерөөсөө Үндсэн хуулийн өөрчлөлтөд хуумгай хандаж болохгүй.
Эх сурвалж
Сэтгүүлч М.ӨНӨРЖАРГАЛ
No comments:
Post a Comment