Friday, January 13, 2017

Хуульч Д.Оросоо - 2017.01.13

Үндсэн хуулийн эдийн засгийн шинэчлэл хийх хэрэгтэй

Үндсэн хуулийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдөртэй холбогдуулан Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн хорооны гишүүн, хуульч Д.Оросоогоос зарим зүйлийг тодрууллаа.

-Үндсэн хуулийн эдийн засгийн зохицуулалт сул гэж судлаачид ярьдаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалгаа хийж байгаа. Эдийн засгийн талаар ямар зохицуулалт тусгах нь зүйтэй гэж үзэж байна вэ?

-Үндсэн хууль, эдийн засаг хоёр салшгүй уялдаатай. Бид Үндсэн хуулийн эдийн засгийн шинэчлэл хийх цаг болсон гэж үзэж байна. Ер нь Үндсэн хуулийн эдийн засгийн онолд улс орны төсөв, татвар, өр зээл, байгалийн баялагтай холбоотой эдийн засгийн гол асуудлыг шийдвэрлэх зарчим, стандарт, хязгаарлалт, зохицуулалтыг Үндсэн хуульд заавал тусгаж өгөх ёстой гэж үздэг.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар төрийн эдийн засгийн эрх мэдлийг хянаж, хязгаарлах ёстой гэдэг юм. Төрийн эдийн засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар хянаж хязгаарлаагүйгээс төр дур зоргоор ажиллах үндэс бүрдэж, улмаар улсын төсвийг алдагдалтай батлах нь хэвийн үзэгдэл болж хувирдаг, чөлөөт зах зээлийн зарчмаар явж буй бизнесийн үйл ажиллагаатай төр хутгалдаж, хувийн хэвшилтэй өрсөлдөнө, байгалийн баялгаа өөрсдөө ашиглаж чадахгүй даяаршлын эргүүлэгт алдчихна, өрийн дарамтад орох өндөр эрсдэл учирдаг нь нэгэнт тодорхой болсон зүйл. Ийм үр дагавар бий болдог учраас Үндсэн хуульд эдийн засагтай холбоотойгоор төрийн эрх мэдлийн хязгаарлалт, стандарт, зарчмыг тусгах шаардлагатай.

-Жишээ нь, Үндсэн хуульдаа ямар заалт тусгаж, төрийн эрх мэдлийг хязгаарлаж болох вэ?

-Зарим улс Үндсэн хуульдаа эдийн засгийн онолын зарчмыг суулгаж өгсөн байдаг. Жишээ нь, “Төсвийн орлого, зарлага тэнцвэртэй байна” гээд Үндсэн хуульдаа заасан нь хэзээ ч төсвөө алдагдалтай батлах боломжгүй болдог. Мөн Парламент Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийг өөрийн дураар нэмэхгүй, зөвхөн хянаж батална гэж тусгасан байх жишээтэй.
Гэтэл манай Үндсэн хуульд ийм заалт байхгүй. Тиймээс Засгийн газрын боловсруулж, өргөн мэдүүлсэн төсвийг УИХ өөрийн үзэмжээр нэмж танигдахын аргагүй болтол өөрчилдөг. Ингэхээр Засгийн газрын хэрэгжүүлэх гэж зорьсон бодлого, үйл ажиллагаа эдийн засгийн утгаараа алдагдаж, улстөрчдийн тойрогтоо зарцуулах мөнгөний төсөв болж байгаа юм. Парламентын эрх хэмжээг төсөвтэй холбоотойгоор Үндсэн хуулиар ингэж хязгаарладаг зарчим байна.

-Уг нь манай улс Төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хууль баталж байсан шүү дээ. Яагаад заавал Үндсэн хуульд хязгаарлалт тусгах ёстой вэ?

-Салбар хуулийг амархан өөрчлөөд баталчихна. Үндсэн хуулийг маш өндөр босготойгоор өөрчилдөг учраас дагаж мөрдөхөөс өөр аргагүй. Манай Үндсэн хуульд эдийн засагтай холбоотойгоор төрийн эрх мэдлийн зохицуулалт харьцангуй ерөнхий хийгээд бага тусгагдсан байгаа юм.
Эцэстээ манай улсад төсөв, санхүүгийн сахилга бат алдагдаж, байгалийн нөөцийг ашиглахтай холбоотой эргэлзээтэй шийдвэр ил тод биш гаргаад байгаа нь бид эдийн засгаа Үндсэн хуулиараа бүрэн хамгаалж чадаагүйг харуулж байна. Тиймээс Үндсэн хуулийн эдийн засгийн зарчим, стандартыг Үндсэн хуульдаа тусгаж, шинэчлэл хийх шаардлагатай.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдөр - 2017.01.13




УИХ-ын гишүүн асан С.Баярцогт - 2017.01.13

-Оюутолгойг зөвхөн мөнгө гэж харахаас гадна бас мөнгөөр илэрхийлж болохгүй маш том асуудал цаана нь явж буйг олж хараарай. Өөрөөр хэлбэл, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж чадсанаараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулж чадсан маш том төсөл-

Монгол Улс хөгжлийн чиг хандлагаа шинээр тодорхойлж, хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмуудыг Үндсэн хуулиараа хамгаалж, баталгаажуулж өгснөөс хойш 25 жил өнгөрчээ. Парламентын засаглалтай улсыг бий болгож, монголчуудын шашин шүтэх, эс шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь хуульчилж өгсөн шинэ Үндсэн хуулийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
Цэл залуу 24-хөн насандаа шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсных нь хувьд, сүүлийн үед хамгийн “эрэлттэй” хүний нэг болчихоод буй С.Баярцогттой уулзаж ярилцахад сонирхолтой байлаа. Түүнээс ярилцлага авах гэж олон сар хөөцөлдсөний эцэст анх удаа нүүр тулан уулзаж байгаа минь энэ.

-Юуны өмнө шинэ Үндсэн хууль баталсны 25 жилийн ойн мэнд хүргэе. Энэ талархлыг хүлээж авах эрх танд бий гэж бодож байна. Бас ярилцлага авах урилгыг минь хүлээж авсанд баярлалаа.

-Баярлалаа. Монгол Улсын хөгжлийн шинэ замыг тодорхойлж, анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцахад хувь нэмэр оруулсандаа бахархаж явдаг. Энэ ойн баяр бол Монголын ард түмний бахархан тэмдэглэх түүхэн үйл явдал юм. Монголчууддаа Үндсэн хуулийн ойн баярын мэнд хүргэе.

-Таныг гадаадад сурахаар явсан гэж сонссон. Монголдоо хэзээ ирсэн бэ. Ингэхэд УИХ-ын сонгуулиас хойш та юу хийж байна?

-УИХ-ын сонгуулийн дараа намынхаа ажилд нэг хэсэг оролцож байгаад өнгөрсөн есдүгээр сараас АНУ-ын Жоржтауны их сургуульд хоёр төрлийн судалгааныхаа бэлтгэл ажил болгож гурван сар гаруй сурч байгаад ирлээ. Улс төрийн хувьд ялагдал хүлээгээд цөөнх болчихлоо гээд зүгээр суугаад байж боломжгүй. Иргэн хүнийхээ хувьд улс орныхоо хөгжил дэвшилд өөрийнхөө хувь нэмрийг оруулах ёстой шүү дээ. Хувь нэмрээ оруулна гэдэг зөвхөн улс төрд зүтгэх биш өнгөрсөн хугацаанд монголчууд бидний алдаж онож байгаа зүйлийг эргэж харж дүгнэх, судлах гээд хийх ажил их байна.

-Та хоёр төрлийн судалгаан дээр байгаа гэлээ. Судалгааны чинь сэдвийг сонирхож болох уу?

-Болно, болно. Нэг дэх нь Үндсэн хуулийн харьцуулсан судалгаа. Монгол Улсын хөгжлийн үйл явцад Үндсэн хуулиас шалтгаалах хүндрэлүүд юу байна. Парламентын засаглалтай бусад улсын хөгжлийн гол цөм нь юу вэ гэдгийг судалж байна. Нөгөө нь хууль ба эдийн засгийн шууд харилцан үйлчлэл, хамааралтай холбоотой. Өөрөөр хэлбэл, том төслүүд жижиг эдийн засагт тухайн үедээ болон ирээдүйд яаж нөлөөлдгийг судалж байгаа. “Оюутолгой”, “Тавантолгой”, “Талын зам” зэрэг том төслүүд Монгол Улсын эдийн засагт маш нөлөөтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүн болон нийт эдийн засагт маш их хувиар нөлөөлөх бололцоотой ийм том төслүүд эерэг үр дүнгээ яаж өгөх вэ гэсэн судалгаа хийж байна.

Иргэн Д.Ламжав - 2017.01.13

Үндсэн хууль бол ард түмэн давуу эрхтэйгээр төртэйгээ байгуулсан гэрээ 

А.НЯМ-ӨЛЗИЙ, IKON.MN

Тэртээ 25 жилийн өмнө Үндсэн хуулийн төслийг БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 75 хоног хэлэлцжээ. 

БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны нэгдүгээр сарын 13-ны хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд нэг бүрчлэн уншиж, сонсгон мөн өдрийн 11 цаг 35 минутад баталжээ. Харин 1992 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 цаг буюу XVII жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн 9-ний идрийн барилдлагатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн дагаж мөрдсөн билээ. 

Энэхүү түүхэн өдөртэй холбогдуулан Үндсэн хууль судлаач иргэн Д.Ламжавтай ярилцлаа. Өдгөө Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх, өөрчлөх шаардлага хийгээд хэрхэн өөрчлөлт оруулах тухай түүний байр суурийг хүргэж байна.  

-Танд Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийн мэнд хүргэе. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий юу. Та юу гэж харж байна вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье. 

- Энэ их удаан яригдаж байгаа зүйл шүү дээ. Үндсэн хуулийг сайжруулах шаардлага байгаа. Би юуг тодотгож хэлэхийг хүсч байна вэ гэхээр парламентын засаглалаа илүү төгөлдөржүүлэх. Цаг хугацааны хувьд асуудлууд үүсч байна. Тэгэхээр үүнийг засч, сайжруулах шаардлага байгаа. Нийгэм шуугиад байгаа нь анхаарч үзэх, сайжруулах цаг болсон гэдгийг харуулж байгаа юм. 

- Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, төгөлдөржүүлэхдээ ямар өөрчлөлт оруулах ёстой гэж та үздэг вэ? 

- Хүний эрхийг хамгаалах гэдэг хамгийн чухал. Төрийн эрх мэдлийг тэнцвэртэй, харилцан хяналттай, харьцангуй бие даасан байдлаар хуваарилдаг замаар эрх мэдлийг нь хязгаарладаг байх гэдэг зүйл амны уншлага болоод байна. 
Төрийн эрх мэдлийг гурван хэсэгт хувааж байгаа. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж. Тэгэхээр энэ гурав тэнцвэртэй байх ёстой болж байна. Нэг нь нөгөөдөө загнуулаад байдаггүй, хянадаг, нэг нь нэгнийхээ ажил руу давхиж ороод байдаггүй гэхчлэн. Тэгэхээр үүнтэй холбоотой асуудал манай Үндсэн хуульд байгаа юм. 
Парламентын засаглалыг нэгэнт сонгосон учир Ерөнхийлөгчийн засаглал тогтооно гэдэг ч юм уу өөр байдлаар хандах хэрэггүй. 1992 оны Үндсэн хуулиар зүг чигээ хангалттай олсон. 

Monday, April 25, 2016

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ ХУВЬ ТЭНЦҮҮЛЭХ  СОНГУУЛИАР /ЖАГСААЛТААР/ СОНГОХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЭВ


Tuesday, March 1, 2016

Хуульч, судлаач Р.Очирбал - 2016.03.01

Үндсэн хуулийн манаач руу хүч түрэн хууль бусаар халдах эрх УИХ-д байхгүй

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг тойрсон улс төрийн маргаан эцэстээ Үндсэн хуулийн зохицуулалт, Үндсэн хуулийн хяналтын тогтолцоог үгүйсгэсэн ноцтой үр дагаврыг бий болгож байна.

Төрийн эрх мэдлийн төлөөх улс төрийн намуудын шударга бус өрсөлдөөн нь Үндсэн хуульт төрийн чухал институт болох Үндсэн хуулийн цэц, түүний гишүүдийг үгүйсгэхэд хүргэж, эцэстээ төрд итгэх олон түмний итгэлийг хөсөрдүүлж байгаад жирийн иргэний хувьд гүнээ харамсаж байгаагаа нуух юун.

Зарим нам, улс төрчид Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг улс төрийн ашиг сонирхлоор эгүүлэн татаж, энэ үйл ажиллагаандаа жирийн иргэдийг өдөөн турхирч, цаашлаад хууль дээдлэх ёсыг үнэгүйдүүлэн эрх зүйн зохицуулалтыг дур зоргоороо тайлбарлаж байгаа учир хуульч, судлаач хүний хувьд зарим тайлбар хийж олон нийтийн сонорт хүргэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хэрхэн, ямар журмаар эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” хэмээн зохицуулсан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татахын тулд Нэгдүгээрт: Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон байх, Хоёрдугаарт: Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр гарсан байх, Гуравдугаарт: Анх илгээсэн байгууллагын саналд үндэслэсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах бөгөөд энэ нь Үндсэн хуулийн цэцийн бие даасан, хараат бус байдлыг ханган баталгаажуулах эрх зүйн чухал баталгааны нэг юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж - 2016.03.01

Ардчилсан нам Үндсэн хуулийг “сүхдэж” гол судсыг нь тасаллаа

-УИХ-ын ээлжит бус чуулган нээлтийг хийлгэхгүй гэж танай намынхан дөрвөн өдөр гацаасан. Гэвч Баасан гаригт чуулганы нээлтийг хийнгүүтээ Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эргүүлэн татах тогтоолын төслийг хэлэлцээд чуулганаа хаачихсан. Эндээс харахад ээлжит бус чуулганы гол зорилго нь Үндсэн хуулийн Цэцийн даргыг чөлөөлөхөд чиглэгдсэн байжээ гэсэн хардлагыг улс төрийн хүрээнийхэнд төрүүлэх болсон. Танай намын бүлэг Үндсэн хуулийн Цэцийн даргыг чөлөөлсөн УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж  үзэж байгаа?
-УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн тухай өргөдөл Цэцэд оччихсон байгаа. Цэцийн дүгнэлт гарчих вий гэж эмээж, эрх мэдлээ ашиглаж ээлжит бус чуулган гэгчийг зарласан. Тэр чуулганаар бараг 30 шахам хуулийг хэлэлцэхээр эх оронч дүр эсгээд, эцсийн дүндээ айлган сүрдүүлэх, хууран мэхлэх аргаар ирц бүрдүүлж, Үндсэн хуулийн Цэцийн даргыг хугацаанаас нь өмнө хөөж явуулах шийдвэр гарангуут тэр оройноо чуулганыг тараалаа. Ардчилсан нам энэ увайгүй үйлдэл, шийдвэрээрээ Үндсэн хуулийг “сүхдэж”, түүний амин сүнс нь болсон “эрх мэдэл хуваарилах” замаар засаглал тэнцвэртэй, төр тогтвортой байх зарчмыг устгалаа. 1998 онд АН мөнгөнд шунахдаа Эрдэнэт үйлдвэрийн хаалгыг сүхдэж эзэлж авч байсан. Энэ удаад Үндсэн хуулийг сүхдэж төрийн бүх эрх мэдлийг ямар ч хяналтгүй эзэгнэх улс төрийн үйлдэл хийлээ.
Ээлжит бус  чуулган гэгчийн тухайд цөөн үг хэлье.  Өнгөрсөн 23 жилийн хугацаанд ээлжит бус чуулган олон удаа хуралдаж байгаагүй. Сүүлийн хоёр удаагийн ээлжит бус чуулган гэгчийг улс төрийн хор хуйвалдаан зохион байгуулах зорилгоор хийлээ. 2015 оны зуны ээлжит бусаар зарим сайд нарыг засгаас  хөөж явуулах, Өршөөлийн тухай хууль батлах, сая Үндсэн хуулийн Цэцийн даргыг хөөж явуулах зорилгоор зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл, УИХ удирдаж байгаа хүн муу юм хийхийн тулд зарладаг ийм чуулган болж хувирлаа.
Үндсэн хуулийн заалтаар бол УИХ-ын ээлжит  чуулган жилд хоёр удаа хуралддаг. Тухайн чуулганы төгсгөлд дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлыг товлодог. Засгийн газар болон УИХ-ын гишүүд нь түүндээ бэлтгэдэг ийм дэг журамтай юм л даа. Сүүлийн хоёр ээлжит бус чуулган бол Монгол Улсын төрийн түүхэнд, тэр тусмаа УИХ-ын түүхэнд нэг хүний дураар авирлах явдлыг гааруулсан үйл явдал боллоо. Улс төрийн хуйвалдаан зохион байгуулах, хор хутгах, төрийг дампууруулах, төрийг хяналтгүй болгох ийм л зүйлийг нэг хүн дураараа зохион байгуулаад байна. Бид нар Үндсэн хууль зөрчсөн хуралдаанд оролцохгүй гээд мэдэгдэл хийгээд хуралдаанд ороогүй байсан. Тэр үеэр гишүүдийн дунд нээлттэй сонсгол нэртэй жижигхэн болхи хошин шог явлаа.Тэр дээрээ “хуулийн байгууллагын шинэчлэл хийх гэсэн чинь эд нар саад болж байна”, “халамж авдаг хүмүүсийг амьдралыг сайжруулах гэсэн эд нар хуралд орж ирсэнгүй”, “ажил саатуулж байна” гэж нэг мундаг эх оронч баахан юм ярьж байгаад шууд Үндсэн хуулийн Цэцийндаргыг чөлөөлж аваад орой нь хурлаа хаачихсан. Энэ бол эрх баригчид тэр тусмаа АН-ынхан ард түмнийг хэрхэн хууран мэхэлдгээ илчилсэн улс төрийн арчаагүй эмгэнэлт жүжиг байсны нотолгоо. Тэд үүнийхээ горыг тун удахгүй өөрсдөө амсах болно. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр бууна гэдэг үгтэй юм.

-ҮХЦ-ийн даргыг огцруулах үндэслэл байсан гэдгийг зарим хуульч гишүүд тайлбарлаж байна. Цэцийн дарга өөрөө Үндсэн хуулиа зөрчсөн нь УИХ-аас “шийтгэл” хүлээх үндэслэл болсон юм биш үү?
-Наад асуудалд чинь хариулахын тулд эхлээд Үндсэн хуулийн цэцийн мөн чанарыг ойлгох ёстой юм. Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлд “Цэц бол Үндсэн хуулийн сахиулах баталгаа бөгөөд ... зөвхөн Үндсэн хуульд захирагдана ... гишүүдийг нь 6 жилийн хугацаагаар томилно” гээд заачихсан байдаг юм. Энд Цэц хуульд захирагдана гэсэн үг байхгүй байгаа биз. Яагаад гэвэл УИХ-аас баталсан хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж зөрчсөн бол хүчингүй болгодог онцгой эрхтэй учраас тэр. Ингэж л УИХ дураар авирлахыг таслан зогсоох эрхийг Цэцэд өгсөн байдаг. Үүнийг чинь л нөгөө “эрх мэдлийн хуваарилалт, харилцан тэнцвэртэй байх” гээд байгаа юм.
Хоёрдугаарт, Цэцийн гишүүдийг ямар ч тохиолдолд зургаан жил ажиллуулах ёстой юм. Улс төрийн сонгуулийн мөчлөгийг зөрүүлж хараат бус байлгах гэж ийм заалт Үндсэн хуульд оруулсан. Гэтэл сая юу болсон бэ гэхээр Үндсэн хуулийн Цэцийн даргыг чөлөөлснөөр ҮХ-ийн хяналтыг байхгүй болгоод цэцийг өөрийг нь улс төрийн байгууллага болгох ийм л сүүлчийн үйлдлээ хийлээ. Өмнө нь зургаан жилийн хугацаатай Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг хөөж явуулсан. Одоо Үндсэн хуулийн дээд хяналт тавьдаг Цэцийн даргыг хугацаанаас нь өмнө мулталлаа. Одоо Цэцийн даргаар эдний үгнээс гардаггүй, тэдний бүх улс төрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрдөг, бүх дураар авирлах үйлдлийг нь зөвтгөсөн дүгнэлт гаргаж өгдөг хүнийг тавина. Эцсийн дүндээ улс төрийн нэг жижигхэн намын дарга Монгол Улсын Үндсэн хууль дээр гараад хэвтчихсэн ийм л үйлдэл боллоо. Энэ бол Үндсэн хуулийн эргэлт, хатуухан үгээр хэлэх юм бол төрийн эргэлт. Төрийн эргэлт гэхээр чинь дандаа цэргийнхэн төр эзэлж авахыг хэлдэг юм биш. Хууль бус аргаар Үндсэн хууль дээр, төрийн зарчим дээр гарч хэвтэхийг Үндсэн хуулийн эргэлт гэж би хэлээд байгаа юм. За яахав өнөөдөр эд нар өнөөдөр дийлж байна гэж бодоход дараагийн улс төрийн хүчин гарч ирээд эд нараас долоо доор юм хийгээд эхэлвэл яах вэ. Яг ийм үүд хаалгыг эд нээлээ. Өөрөөр хэлбэл, улс төрөөс ангид байж, улс төрийн нам түүний удирдагч нарын улс төрийн сонирхлыг үл харгалзаж, Үндсэн хуульд үнэнч байж, шийдвэр гаргадаг ийм байгууллагыг улс төрийн байгууллага болгох юм хийлээ. Энэ нь цаашдаа Цэцийг эрх ашгаараа сүлжилдсэн, сүлбэлдсэн олигархуудын эрх ашгийг хамгаалдаг улс төрийн байгууллага болгох зорилготой юм. З.Энхболдын цаад талд тав, зургаан олигарх толгойлогчтой фракцууд л байгаа биздээ. Энэ олигарх толгойлогч нар нь нийлж байгаад бүхний дээр гарах сонирхолтой байна. Үндсэн хуулийн Цэц гэдэг чинь техникээр ярих юм бол Үндсэн хуулийн “гал хамгаалагч” гэсэн үг шүү дээ. Үндсэн хуулийг гадны гэмт, ёс бус үйлдлээс хамгаалдаг гал хамгаалагчийг нь сая шатаагаад хаячихлаа. Улс төрийн үр дагавар нь энэ юм. Тэгээд чөлөөлөхдөө дандаа хууль зөрчиж хийсэн. Ж.Амарсанаа гэдэг хүнийг анх илгээсэн байгууллагын (Дээд шүүх) санал, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр хоёрыг авч үзээд хоёулаа “За” гэж хэлсэн бол хугацаанаас нь өмнө чөлөөлөх процесс явагдах ёстой. Дээд шүүх гэдэг ганц Ц.Зоригт биш. Дээд шүүх гэдэг чинь Ц.Зоригт дээр нэмэх нь 25,26 гишүүн байх ёстой. Энэ 25,26 гишүүн хуралдаад санал хурааж байж эргүүлэн татах эсэхийг шийддэг. Гаргасан саналаа цэцэд өгнө. Цэц тухайн саналын зөв гэж үзэх юм бол манай хүнийг чөлөөлнө үү гэсэн саналыг УИХ-д оруулж ирж байж шийдэх ёстой. Ийм бүх цоож байхгүй болсон.Үндсэн хуулийг хамгаалсан бүх цоож байхгүй болсон.

Үндсэн хууль судлаач О.Мөнхсайхан - 2016.03.01




Эх сурвалж:

Friday, February 26, 2016

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Академич Ж.Амарсанаа - 2016.02.22


Иргэн Д.Ламжав - 2016.02.22

Цэцийн гишүүн Ж.Амарсанааг эгүүлэн татах УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн 65.4 заалтыг зөрчиж байгаа тухай

Энэ сарын 15-26-ны хооронд хуралдахаар товлосон ээлжит бус чуулган төлөвлөсен олон асуудлынхаа хамгийн эхнийхийг буюу Цэцийн гишүүнийг эгүүлэн татах зорилготой ганцхан "Дээд шүүхийн санал” гэгчийг хам хум хэлэлцэн дээрх тогтоолыг батлаад завсарлав.

УИХ-ын зүгээс "Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах Улсын Дээд шүүхийн санал" гэж нэрлээд байгаа, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны нэгдүгээр сарын 26-ны 1/358 тоот албан бичгийг Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь УИХ-д танилцуулжээ.Уг албан бичигт  " УИХ-ын Тамгын газрын өрөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас ирүүлсэн 2016 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 14/214 дугаартай Үндсэн хуулийн Цэцийн гишүүний талаарх албан бичигтэй танилцлаа. Түүнд ... Цэцийн дарга Ж.Амарсанаагаас... Их Хурлын даргад хандаж хүргүүлсэн 2016 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 1/42 дугаартай албан бичиг нь холбогдох хуулийг зөрчсөн нь тогтоож байгааг дурджээ. Уг асуудлаар ... Их Хурал хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зохих шийдвэр гаргахад ... Дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэжээ. 

Thursday, February 25, 2016

Иргэн Д.Ламжав - 2016.02.25

Цэцийн дараагийн даргын талаар ярих болоогүй

УИХ болон Үндсэн хуулийн Цэцийн хооронд үүссэн маргаан яах аргагүй энэ сарын онцлох сэдэв. Тиймээс бид Цэцийн даргыг эгүүлэн татах тухай УИХ-аас гаргасан тогтоол Үндсэн хуулийг хэрхэн зөрчиж байгаа талаар иргэн Д.Ламжавтай ярилцлаа. Түүний хувьд Цэцийн дарга Ж.Амарсанааг ээлжит бус чуулганаар огцруулсан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх гомдлыг энэ сарын 23-нд Цэцэд гаргаад байгаа юм.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн даргыг эгүүлэн татах тогтоол гаргасныг УИХ дахь цөөнхийн бүлэг Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Уг асуудлаар нэгэн иргэн Цэцэд гомдол гаргасан гэсэн. Энэ нь та байжээ?
-Би өргөдлөө энэ сарын 23-нд Үндсэн хуулийн Цэцэд хүргэж өглөө. УИХ-ын ээлжит бус чуулганаар Цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай хэлэлцэж, тогтоол баталлаа. Тэр тогтоол Үндсэн хуулийн 65.4 дэх заалтыг зөрчлөө. Ингэхдээ бүр ноцтой зөрчсөн шүү гэсэн агуулгатай өргөдлийг бичлээ. Үндсэн хуулийн 65.4-т юу гэж заасныг бүтнээр нь харах ёстой. Тэнд Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэж заасан байдаг. Үүн дээр л маш олон зөрчил гарч байгаа юм. Урьд өмнө нь хэзээ ч ийм бүдүүлэг байдал үүсч байгаагүй. Шүүхүүд ялангуяа өндөр төвшний шийдвэр гаргадаг Үндсэн хуулийн Цэцийг түүнчлэн Үндсэн хуулийг өөрийг нь хамгаалах хоёр төрлийн чухал заалтыг хийх ёстой гэж үздэг. Тодруулбал, байгууллага болон гишүүнийг нь хамгаалах гэсэн механизм байдаг. Үндсэн хуульд хамгаалалтын зарчмыг заасан байна. Жишээлбэл, Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн оролцоогүйгээр шийдэж болохгүй. Гэтэл УИХ ямар ч оролцоогүйгээр Үндсэн хуулийг зөрчиж тогтоол гаргалаа.

Эрхзүйч М.Төрбат - 2016.02.23

УИХ-ын дарга Үндсэн хуулийн толгой дээр "заларлаа"

Эрхзүйч М.Төрбаттай ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганы энэ сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах шийдвэр гаргасан. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ шийдвэрийг маш товчоор дүгнэхэд ардчилсан Монгол Улсад Үндсэн хуулийг дээдлэх ёс үгүй болгосон өөрөөр хэлбэл, манай улсад хуулийн засаглал биш эрх мэдэлд шунасан нэг хүний засаглал бий болж байгааг энэ шийдвэр нотоллоо. Харин нөгөө талаараа ард иргэд нэгдэн Үндсэн хуулиа хамгаалах зайлшгүй шаардлагатайг харууллаа гэж дүгнэж байна.

-Тэгэхээр та Үндсэн хуулийн Цэцийн даргыг Үндсэн хууль зөрчин эгүүлэн татах шийдвэр гаргасан гэж үзэж байна уу?
-Тийм. Үндсэн хуулийн 65.4 дэх хэсэгт "Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно" гэж хоёрдмол утгагүйгээр хуульчилсан байдаг. Гэтэл энэ шаардлагын алийг нь ч хангаагүй байхад Цэцийн даргыг эгүүлэн татах шийдвэр гаргасан. Үүнийг хэн ч ойлгоно.

-Үндсэн хуулийн Цэцийн даргыг хууль зөрчсөн гэдгийг тогтоосон албан бичгийг Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн гэсэн. Энэ ямар учиртай юм бол?
-Цэцийн даргыг хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга тогтоолоо гэсэн агуулгатай бичгийг Улсын дээд шүүхэд илгээсэн байдаг. Үүний хариуд Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт  "Энэ талаар тусгайлан саналгүй" гэсэн бичгийг УИХ-д хүргүүлсэн.Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байхгүй гэсэн үг.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин - 2016.02.19

Ж.Амарсанаа Цэцийн гишүүдээ хууль зөрчихөд хүргэсэн

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаагийн хууль зөрчсөн үйлдэл болон эгүүлэн татах хуулийн үндэслэлийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татах асуудал дээр УИХ-д болон иргэдийн дунд маргаантай, зарим талаар ойлголтын зөрүүтэй, талцал байна. Энэ маргааныг тойроод гурван асуудал байна. Нэгдүгээрт цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын санал зэрэгт тавигдах шаардлага мөн үү, гүй юу. Өөрөөр хэлбэл ҮХЦ-ийн дарга, гишүүд хууль зөрчсөн бол зөрчсөн асуудлаар нь цэц шийдвэр гаргах ёстой. Анх илгээсэн байгууллага санал гарах ёстой. Энэ хоёр цугтаа байж асуудал явах ёстой гэж зарим хүмүүс тайлбарлаж байна. Хоёрт нь дээд шүүхийн санал нь “санал” мөн байсан уу үгүй юу гэж маргаж байна. Дээд шүүхийн саналыг УДШ-ийн Ерөнхий шүүгч гаргах ёстой байсан уу, эсвэл УДШ-ийн нийт гишүүн хуралдаж гаргах ёстой байсан уу гэдэг маргаан явж байна. Гуравт нь ҮХЦ-ийн  даргыг хууль зөрчсөн гэдгийг хэн тогтоох вэ гэдэг маргаан байна. Үүнээс бусад нь хийрхэл маягтай байна. Энэ гурван асуудал дээр тайлбар хийе” гэлээ.
УИХ-ын гишүүний тайлбарыг хүргэж байна.

Thursday, February 4, 2016

Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг - 2016.01.29


Иргэн Д.Ламжав - 2016.02.03


Иргэн Д.Ламжав - 2016.02.04

Үндсэн хуулийн бус аргаар шүүхийг атгачихвал их буруу үйлдэл

Ж.НАРАНГЭРЭЛ 

Цаг үеийн асуудлаар иргэн Д.Ламжавтай ярилцлаа. Олон нийт түүнийг “иргэн” гэх тодотголоор нь илүү сайн таньдаг авч МСДН-ыг үүсгэн байгуулалцаж, анхны Үндсэн хуулийг батлалцаж явсан АИХ-ын депатутын нэг гэдгийг тэр бүр мэддэггүй юм билээ. 

-Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой маргааныг та хамгийн сайн мэдэж байгаа. Учир нь та Цэцийн, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх, УИХ-ын Дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай гурван хууль Үндсэн хууль зөрчиж байна гэх мэдээлэл, өргөдлийг Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлсэн. Энэ асуудал одоо Цэцийн даргын суудлаар шийдэгдэх мэт харагдах боллоо. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэгэнт гурван хууль Үндсэн хууль зөрчиж байна гэдэг гомдол хүргүүлснээрээ би УИХ дээр маргаан үүсгэчихсэн яваа. Цэцтэй холбогдсон гурван хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтүүд нь Цэцийн улмаар шүүхийн тогтолцооны институцийн хараат байдалд оруулах хуулиуд байсан учраас Цэцэд өргөдөл гаргасан юм.
Тиймээс Цэц энэ өргөдлөөр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн. Үүнтэй холбогдоод УИХ-ын зүгээс шуудхан хэлэхэд үндэслэл муутай үг хэл гаргаж эхэлж байна. Асуудлын мөн чанар нь би Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу УИХ-аар баталсан хуулиуд нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг тодорхой өргөдөл гаргасан. Цэц Үндсэн хуулиар олгогдсон өөрийнхөө бүрэн эрхийн Xүрээнд маргаан хянан, шийдвэрлэх ажиллагааг үүсгэсэн байгаа.
Миний өргөдлийн шаардлагыг Цэцээс өнгөрсөн сарын 20-21-ний орчимд “энэ асуудалд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа” гэдэг агуулгатайгаар УИХ-д хүргэсэн юм билээ. Ингээд хөөгөөд үзэхээр хууль баталсан учраас УИХ хариуцагч, би нэхэмжлэгч болж байгаа юм.
УИХ миний өргөдөлд хуулийн тайлбар явуулах ёстой, хариуцагчийн итгэмжлэгдсэн томилох учиртай. Энэ тайлбарыг ирүүлэх хугацаа нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэгдүгээр сарын 29. Гэтэл өнөөдөр хоёрдугаар сарын гурван /өчигдөр/. Би өчигдөр /хоёрдугаар сарын 2-нд/ Цэцээс магадалж асуусан.
Хариуцагчийн зүгээс Цэцэд ирүүлэх хуулиар оногдсон үүрэг байхгүй. Энэ байдал Цэцийн Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай хянан шийдвэрлэх үйл ажиллагааг саатуулах зорилготой байж болох юм. Хэрвээ тийм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т заасны дагуу хүсэлт гаргая гэж бодож байгаа. 
Миний өргөдөл бол хоёр удаагийн хурал болохоор болсон. Өмнө нь 2010 онд Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн заалтыг буцаан сэргээж оруулсан. Ингэж оруулахдаа нөгөө зөрчлийг нь улам бүр нэмэгдүүлсэн байгаа юм. Тухайн асуудалд Цэц шийдвэр байна гэдэг нь Үндсэн хуулийн шийдвэр л гэсэн үг.

Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүний нэг, МУИС-ийн зөвлөх профессор Ж.Бямбаа - 2016.02.02

Хуулийн салбарыг улс төрийн тоглоомын талбар болгох боломжийг нээчихлээ

Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүний нэг, МУИС-ийн зөвлөх профессор Ж.Бямбаатай ярилцлаа.

-Ярицлагаа УИХ, Үндсэн хуулийн Цэц хооронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар эхэлье. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Нэгдүгээрт, Цэц, УИХ хооронд үүссэн нөхцөл байдал уг нь хоёр хүний маргааны асуудал биш гэж би бодох юм. Монголын улс төрийн тогтолцоо ямар байх вэ гэдэг үзэл бодол эцэстээ улс төрийн тоглоом болоод хувирчихлаа. Хамгийн гол нь, Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг санаачлагч нь Х.Тэмүүжин байсан нь надад сонин санагдсан.

-Яагаад гэж?
-Х.Тэмүүжин бол Шүүхийн шинэтгэлийн багц хуулийг санаачилсан хүн. Миний мэдэхийн найман хуулийн цөм болсон нь Цэцэд очоод сөхөрсөн. Тэдгээр асуудал нь Үндсэн хуульд нийцээгүй, Үндсэн хуульд байгаагүй үг, санааг илэрхийлсэн гэсэн үг. Нэг ёсондоо Х.Тэмүүжин түүний баг нэлээд бярдаж байгаад бүдэрсэн хэрэг. Хүн хүч чадалтай болоод ирэхээрээ омогтой болдог. Намайг багшилж байхад Х.Тэмүүжин улс төр, онолын асуудал сонирхдог, сурлагадаа ч сайн оюутан байсан. Эрүү, эрхзүй сонирхож байсан эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан манай хүчтэй шавийн нэг гэж хардаг л байлаа. Тэр битгий хэл Монголын төрд их хэрэгтэй хүн болно гэж нэг бус удаа ярилцлага өгч явлаа. Сайд болоход нь ч бас буухад нь ч тэр. Хамгийн гол нь, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрүүд их үндэслэл сайтай, ойлгомжтой байх ёстой. Эрхзүйн, ердийн ухамсрын төвшинд ч бүрэн ойлголт өгөх ёстой. Гэтэл Цэцийн шийдвэрүүд ойлгомжгүй байна гэсэн яриа УИХ-аас байнга гардаг. Хуульчид бид болохоор ойлгоод байдаг юм. Ер нь Цэцийн шийдвэрийг жирийн төвшинд сайн ойлгосон тохиолдолд ямар нэгэн маргаан гарахгүй л дээ. Цэц гаргасан шийдвэрээ Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаад, хамгаалаад, мэтгэлцээд байх хууль зүйн үндэслэл байхгүй, ёс зүйн хувьд ч шаардлагагүй. Шийдвэрийнхээ үндэслэлийг гаргаад ирэхэд л болно шүү дээ.

Tuesday, February 2, 2016

Цэц: Харанхуй дээрээ дарангуй

2016 оны 1 сарын 27

Монголчууд “долоо дордох” гэж ярьцгаадаг. Өнгөрсөн хэдэн өдрүүдэд УИХ болон Үндсэн хуулийн Цэцийн хооронд болсон маргаанаас үүдээд манай Цэц яаж “долоо дордож” болдогийг энэ байгууллагыг удирдан чиглүүлж буй нөхөд харин ч нэг “утгаар нь” үзүүлж байна. “Үндсэн хуулийн Цэц хэдхэн хүний хувийн компани болсон. Хувьцаат компани ч ийм байхгүй” гэж хэлсэн Х.Тэмүүжин гишүүний үг үнэн мэт.

Өнгөрөгч лхагва гариг буюу 2016 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ Цэцийн тухай хуулийн өөрчлөлт болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан билээ. Энэ хоёр хуульд өөрчлөлт оруулснаар Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, төвийг сахих, Цэцийн гишүүд талуудын аль нэг талд орж урьдчилсан дүгнэлт хийхгүй байх, Цэцийн гишүүдийн тэгш эрхийг хангах үүднээс олонхийн шийдвэрээс ялгаатай байр суурь илэрхийлсэн Цэцийн гишүүн тусгай санал бичих, Цэцийн гишүүнээр ажиллах насны дээд хязгаарыг төрийн албаны хуульд заасанчлан 65 насаар тогтоох зэрэг зарчмыг хуульчилж өгсөн билээ.

Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүдийн зүгээс хамгийн их маргаан дагуулсан сэдэв нь насны дээд хязгаар бөгөөд Цэцийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, Цэцийн гишүүн нь маргааныг шийдвэрлэхдээ төвийг сахисан байр сууринаас хандах, тусгай санал бичих зэрэг заалтууд харин ч их дэмжлэг авсан гэж болно. Монгол Улсын Үндсэн хуульд “Цэцийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байна” гэж заасан боловч сүүлд гарсан Цэцэд маргаан хянан шийдвэрлэх журмын тухай хуулиар “Хуралдааны тэмдэглэл байгууллагын нууцад хамаарна” хэмээн зааснаар зөвхөн маргалдагч хоёр тал болон маргааныг шийдвэрлэсэн Цэцийн гишүүдээс бусдад уг мэдээлэл хаалттай болсон юм.

Харин хаалттай хаалганы цаана чухам юу яригддагийг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Цэцийн хуралдаанд оролцсон Х.Тэмүүжин гишүүн зах зухаас нь дэлгэсэн билээ. “Lexus-570”-ийн үнэтэй гэгдээд байгаа “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах эрхгүй” гэдэг дүгнэлтийг Цэцээс гаргасан /үүний дараа сайд С.Баярцогтыг огцруулах тухай О.Баасанхүү гишүүний саналыг УИХ авч хэлэлцээд ”хуулийн үндэслэлгүй” хэмээн үзсэн билээ/ уг хуралдаан дээр хуралдаан даргалагч нь УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг “Танай Засгийн газар ийм бодолтой байхад асуудлаа нам дотроо ярихгүй наашаа ирж маргалаа” хэмээн загнасан байдаг. Өөрөөр хэлбэл тэр өдөр Цэц гуай Засгийн газрын захиа даалгаврыг гүйцэлдүүлжээ гэсэн үг. Үгүй ядахдаа л маргалдагч талуудад тийм ойлголт өгөхийг чармайсан байх нь. “Миний ард АН, Засгийн газар байгаа шүү” гэж. Гэвч уг мэдээллийг шалгая гэхээр “Цэцийн хуралдааны тэмдэглэл байгууллагын нууцад хамаарна” гээд журамдаа заачихсан учраас үзэх боломж байдаггүй.

Уг нь бол манайхаас бусад орны Үндсэн хуулийн шүүхүүдийн хуралдааны тэмдэглэл болон бусад мэдээлэл нийтэд үйлчилдэг номын сангуудад нээлттэй тавигдаж, энэ чиглэлээр суралцдаг оюутнуудад гарын авслага, судлаачдын хувьд ач холбогдол бүхий судлагдахуун болж, эргээд Үндсэн хуулийнхаа хөгжилд маш том түлхэц болдог аж. Тиймээс сая шинээр батлуулсан хуулийн өөрчлөлтөөр Цэцийн хуралдааны тэмдэглэлийг ил болгож, сонирхсон хувь хүн болон маргаандагч талуудад нээлттэй гаргаж өгөхөөр хуульчилсан байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин - 2016.01.28

Үндсэн хуулийн цэц хувийн компани биш

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Өнгөрөгч лхагва гаригт УИХ Үндсэн хуулийн Цэцийн тухай болон холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулсан. Яг ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
-Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, УИХ-ын дэгийн тухай гэсэн гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Сүүлийн 25 жилийн турш маш их маргаантай байсан Үндсэн хуулийн Цэц шүүх мөн үү, биш үү гэдэг асуудал. Үндсэн хуулийн Цэц өөрийгөө “Бид бол шүүх” гэж үздэг, шүүхийн хэмжээний өндөр эрх мэдлийг авсан байгууллага. Хэрэв тийм бол тэр эрх мэдэлтэй нь ижил хэмжээний процессын шударга байдал, хариуцлага шаардах ёстой. Тиймээс шүүхийн хамгийн наад захын шаардлага болох төвийг сахих, ил тод нээлттэй байх зарчмыг хуулиар зохицуулсан. Шийдвэр гаргахтай холбоотойгоор Цэцийн гишүүн тусгай санал бичих эрхийг нь оруулж ирсэн. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд бүгдээрээ ижил тэгш эрхтэй. Хэн нэг дарга дээр нь гарчихаад бусдыгаа командлаад байж болохгүй. Шийдвэр гаргахдаа ч бүгд ижил тэгш оролцоно. Олонхийн саналаас ялгаатай байр суурьтай байгаа бол түүнийгээ тусгай саналаар илэрхийлэх нь шүүхэд байдаг стандарт зарчим. Үүнийг тусгаж оруулж ирсэн. Өөр нэг зүйл нь Цэцийн гишүүдийн тэтгэврийн настай холбоотой.

-Цэцийн гишүүдийн тэтгэврийн насыг 65-аар хязгаарласан. Өмнө нь ийм хязгаар байгаагүй. Гэтэл шинээр ийм хязгаар оруулж ирсэн нь ямар шалтгаан, үр дагавартай вэ?
-Төрийн албаны хуульд маш тодорхой заачихсан байдаг. Төрийн алба хаах насны дээд хязгаарыг 65 гээд заачихсан байгаа. Энэ хууль төрийн байгууллагын бүх шатанд үйлчлэх ёстой. Үндсэн хуулийн шүүх бүхий улс орнууд Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийг томилохдоо хамгийн дээд тал нь 12 жилээр томилдог. Есөн жилээр томилдог улсууд ч байна. Харин манайд хорин хэдэн жилээр томилогдоод ажиллаж байгаа. Сая Герман улс хүртэл Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр ажиллах насыг 67 насаар хязгаарлачихлаа. Насны хязгаар бол олон улсад байдаг жишиг. Өөрсдийгөө Үндсэн хуулийн шүүх гэж хэлж байгаа бол шүүхэд байдаг наад захын стандартыг мөрдөхгүй байж болохгүй. Эрх мэдлээ авахдаа шүүх мөн гэж авчихаад дагаад гарч ирэх ил тод байдал, хариуцлага ороод ирэхээр мөрдөхгүй гэж хэлж болохгүй. Шүүх юм бол шүүх шиг л байх ёстой биз дээ.

-Үндсэн хуулийн Цэц шүүх мөн, биш гэсэн маргаан байдаг. Саяын баталсан хуулиар шүүх мөн гэж үзсэн гэсэн үг үү?
-Шүүхийн эрх мэдлийн хэмжээтэй байгаа учраас шүүгчдэд тавьдаг шаардлагуудыг тавилаа. Гэхдээ манай Үндсэн хуулийн Цэц яг ч шүүх биш л дээ. Хэрвээ шүүхэд байдаг стандартыг тавих юм бол Үндсэн хуулийн Цэцэд байгаа бүх хүн ажлаа өгнө. Хэрвээ Цэц шүүх гэж үзэх юм бол Цэцийн гишүүд бүгд шүүгчээр томилогдох болзол хангах ёстой. Гэтэл шүүгчийн болзол хангах битгий хэл хуульч биш хүн Цэцэд ажиллаж л байгаа шүү дээ. Шүүхэд мэргэжлийн хуульчид ажилладаг. Мэргэжлийн хуульч төдийгүй шүүгч хийхийн тулд маш олон шалгуурыг хангасан байхыг шаарддаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Академич Ж.Амарсанаа - 2016.01.29