-Оюутолгойг зөвхөн мөнгө гэж харахаас гадна бас мөнгөөр илэрхийлж болохгүй маш том асуудал цаана нь явж буйг олж хараарай. Өөрөөр хэлбэл, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж чадсанаараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулж чадсан маш том төсөл-
Монгол Улс хөгжлийн чиг хандлагаа шинээр тодорхойлж, хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмуудыг Үндсэн хуулиараа хамгаалж, баталгаажуулж өгснөөс хойш 25 жил өнгөрчээ. Парламентын засаглалтай улсыг бий болгож, монголчуудын шашин шүтэх, эс шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь хуульчилж өгсөн шинэ Үндсэн хуулийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
Цэл залуу 24-хөн насандаа шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсных нь хувьд, сүүлийн үед хамгийн “эрэлттэй” хүний нэг болчихоод буй С.Баярцогттой уулзаж ярилцахад сонирхолтой байлаа. Түүнээс ярилцлага авах гэж олон сар хөөцөлдсөний эцэст анх удаа нүүр тулан уулзаж байгаа минь энэ.
-Юуны өмнө шинэ Үндсэн хууль баталсны 25 жилийн ойн мэнд хүргэе. Энэ талархлыг хүлээж авах эрх танд бий гэж бодож байна. Бас ярилцлага авах урилгыг минь хүлээж авсанд баярлалаа.
-Баярлалаа. Монгол Улсын хөгжлийн шинэ замыг тодорхойлж, анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцахад хувь нэмэр оруулсандаа бахархаж явдаг. Энэ ойн баяр бол Монголын ард түмний бахархан тэмдэглэх түүхэн үйл явдал юм. Монголчууддаа Үндсэн хуулийн ойн баярын мэнд хүргэе.
-Таныг гадаадад сурахаар явсан гэж сонссон. Монголдоо хэзээ ирсэн бэ. Ингэхэд УИХ-ын сонгуулиас хойш та юу хийж байна?
-УИХ-ын сонгуулийн дараа намынхаа ажилд нэг хэсэг оролцож байгаад өнгөрсөн есдүгээр сараас АНУ-ын Жоржтауны их сургуульд хоёр төрлийн судалгааныхаа бэлтгэл ажил болгож гурван сар гаруй сурч байгаад ирлээ. Улс төрийн хувьд ялагдал хүлээгээд цөөнх болчихлоо гээд зүгээр суугаад байж боломжгүй. Иргэн хүнийхээ хувьд улс орныхоо хөгжил дэвшилд өөрийнхөө хувь нэмрийг оруулах ёстой шүү дээ. Хувь нэмрээ оруулна гэдэг зөвхөн улс төрд зүтгэх биш өнгөрсөн хугацаанд монголчууд бидний алдаж онож байгаа зүйлийг эргэж харж дүгнэх, судлах гээд хийх ажил их байна.
-Та хоёр төрлийн судалгаан дээр байгаа гэлээ. Судалгааны чинь сэдвийг сонирхож болох уу?
-Болно, болно. Нэг дэх нь Үндсэн хуулийн харьцуулсан судалгаа. Монгол Улсын хөгжлийн үйл явцад Үндсэн хуулиас шалтгаалах хүндрэлүүд юу байна. Парламентын засаглалтай бусад улсын хөгжлийн гол цөм нь юу вэ гэдгийг судалж байна. Нөгөө нь хууль ба эдийн засгийн шууд харилцан үйлчлэл, хамааралтай холбоотой. Өөрөөр хэлбэл, том төслүүд жижиг эдийн засагт тухайн үедээ болон ирээдүйд яаж нөлөөлдгийг судалж байгаа. “Оюутолгой”, “Тавантолгой”, “Талын зам” зэрэг том төслүүд Монгол Улсын эдийн засагт маш нөлөөтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүн болон нийт эдийн засагт маш их хувиар нөлөөлөх бололцоотой ийм том төслүүд эерэг үр дүнгээ яаж өгөх вэ гэсэн судалгаа хийж байна.
ПАРЛАМЕНТЫН БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН АМИН СҮНС БОЛСОН ҮНДСЭН ЗАРЧМЫГ БИД ЭХНЭЭСЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДААГҮЙ, ОЙЛГООГҮЙ
-Хоёулаа том, хоёулаа сонирхолтой сэдэв байна. Монгол Улс 1992 онд баталсан Үндсэн хуулийн заасан замаар алхаад 25 жил болж байна. Эргээд харахад таны батлалцсан Үндсэн хуульд алдаа дутагдал юу байна. Өөрөөр хэлбэл, шинэ Үндсэн хуульд заасан замаараа бид алхаж чадаж байна уу ?
-Шинэ Үндсэн хууль Монгол Улсыг ардчилсан, зах зээлийн эдийн засагт шилжсэн, өөрөө өөрийгөө шинээр тодорхойлсон, сэргээн мандуулсан асар их ач холбогдолтой улс төр, хууль, эрх зүйн маш чухал баримт бичиг болсон. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хуулийг батлалцахад оролцсон тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, эрдэмтэд судлаачдын нөр их хүч хөдөлмөрөөр бүтсэн энэ агуу том баримт бичиг Монголыг цоо шинээр харуулж чадсан. Энэ бол үнэхээр түүхэн амжилт. Монгол Улсын хөгжил дэвшил асар их үнэтэй хувь нэмэр оруулсан. Үндсэн хуулийг батлалцсан хамгийн залуу гишүүн нь би. Боловсруулахад нь ч, батлалцахад нь ч идэвхтэй оролцсон. Үүгээрээ би бахархдаг.
Гэхдээ өнгөрсөн 25 жилийн хугацаанд Үндсэн хуулийн хэрэгжилтийн үйл явцаас харж байхад хүчний харьцаа солигдоход хамгийн эхний хүндрэлүүд нь илэрч гарсан. 1992 онд тухайн үеийн Монгол Ардын Хувьсгалт Нам үнэмлэхүй ялалт байгуулж байсан. 1996 онд Ардчилсан хүчин олонх болж байсан юм. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр нь сөрөг намын хүн сонгогдсон. Тэр үеэс л Үндсэн хуулийн зөрчил хүндрэлүүд улс төрд ч, эдийн засагт ч тод ажиглагдах болсон л доо. Тиймээс 2000 онд Үндсэн хуульд долоон өөрчлөлт хийсэн юм. Хүмүүс “дутуудуулсан долоо”, “дордуулсан долоо” гэдэг. Тэдгээр долоон заалт бол парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө хийсэн өөрчлөлт байсан.
Шинэ Үндсэн хуулийн алдаа нь юу байна гэхээр Монгол Улсын гүйцэтгэх засаглал нь тогтворгүй, маш сул дорой болсон явдал. Аливаа улсын төр гэвэл ерөөсөө л гүйцэтгэх засаглалыг хэлдэг. Дэлхийн улс орнуудыг Үндсэн хуулийн онолын дагуу парламентын бүгд найрамдах улс, ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс гэж хоёр ангилдаг. Манай 1992 онд баталсан Үндсэн хуульд Монгол Улс парламентын бүгд найрамдах засаглалтай улс байна гээд заачихсан шүү дээ. Парламентын засаглалтай, ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудын ялгаа нь юу вэ гэдгээс ярья. Парламентын сонгуулийн үр дүнгээр гүйцэтгэх засаглал нь бүрдэж байвал парламентын засаглалтай улс гэдэг. Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс нь ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр гүйцэтгэх засаглал нь бүрддэг. Манайх бол парламентын бүгд найрамдах засаглалыг авсан хэрнээ харамсалтай нь Үндсэн хуулиа баталсан цагаас эхлээд үүнийгээ хэрэгжүүлж чадаагүй юм.
-Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг гурван парламент дамжин ярьж байна. Энэ нь нийгэмд эерэг, сөрөг хүлээлт үүсгээд байна л даа. Нэг хэсэг нь Үндсэн хуулиараа “тоглох” нь гэж буруутгаж байгаа бол нөгөө хэсэг нь өнөөгийн улс төр, эдийн засгийн хямралын үндэс нь Үндсэн хууль гэх юм. Таны хувьд Үндсэн хуулийг өөрчлөх цаг, нөхцөл нь бүрдсэн гэж бодож байна уу?
-Монгол Улс бол нам төвтэй социалист улс байсан. Тиймээс төрийн гол шийдвэр нь намаас гардаг. Намын үзэл суртлын манлайлал нэгдүгээрт тавигддаг байсан. Засгийн газрын ажлыг аж ахуйн ажил гээд хоёр, гуравдугаарт тавьж ирсэн. Энэ нь эхний хамгийн том алдаа болсон. Дараагийн асуудал нь Монгол Улс парламентын бүгд найрамдах улсын Үндсэн хуультай хэрнээ Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сонгодог. Тэр утгаараа органик хуулиуддаа ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлсээр байгаад одоо маш хүчтэй ерөнхийлөгчтэй, парламентын засаглалтай улс болсон. Эндээс харахад, Монгол Улс цаашдаа парламентын бүгд найрамдах улсын үндсэн шинжийг хадгалах боломжгүй болсон байна. Тэгэхээр Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх цаг нь болсон гэсэн үг.
-Яагаад бид ийм ойлгомжгүй байдалд хүрчихэв ээ. Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр энэ бүх алдаа, гажуудлаа засах боломжгүй гэж үү?
-Парламентын засаглалтай улсад эрх барьж байгаа намын улс төрийн манлайлал, гүйцэтгэх засаглалын манлайллыг нэг хүн, түүний баг хэрэгжүүлдэг тогтолцоотой. Гэтэл 1992 онд МАХН тухайн үедээ үнэмлэхүй олонх болсон хэрнээ намын дарга нь Ерөнхий сайд болоогүй. Яг нөгөө социализмын зарчмаар, энэ бол аж ахуйн ажил, аж ахуйн ажлыг маш сайн эдийн засагч авч явна гээд П.Жасрай гуайг тавьчихсан. П.Жасрай гуай тэр үед намын дарга ч, намын өндөр албан тушаалтан ч байгаагүй. Хамгийн гол нь бид бүгдээрээ л энэ шийдвэрийг байх ёстой зүйл гэж хүлээж авч байсан. Тэр бол намын улс төрийн манлайлал, гүйцэтгэх засаглал хоёрыг салгасан анхны тохиолдол. Эндээс шинэ Үндсэн хуулийн гажуудал эхэлсэн. Энэ гажуудал 1996 онд Ардчилсан хүчин ялахад ч бас харагдсан. Намын дарга нь биш эвслийнхээ менежерээр Ерөнхий сайд тавиад явчихсан. Би энд юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл парламентын бүгд найрамдах улсын амин сүнс болсон бичигдээгүй хууль, зарчмыг бид эхнээсээ хэрэгжүүлж чадсангүй ээ. Хэрэгжүүлэх анхны оролдлого нь 1998 онд байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газар. Намын дарга болон эвслийн даргын хувьд Ерөнхий сайд болсон анхны тохиолдол. Харамсалтай нь, найман сарын дараа засаг нь огцорсон л доо. Үндсэн хуулийн Цэц нь парламентын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн тайлбараас болоод засаг нь унаж байсан юм. 2000 онд Н.Энхбаярын Засгийн газрын үед дөрвөн жил намын удирдлага, гүйцэтгэх засаглалыг нэг хүн авч явсан. Харамсалтай нь, 2004 онд аль, аль нь олонх болоогүй сонголт дээр энэ зарчим дахиад алдагдсан. Харин 2006 онд М.Энхболд намын дарга болоод Ерөнхий сайд болсон юм. Ер нь улс төрийн манлайлал, гүйцэтгэх засаглал хоёроо нэг хүн, түүний баг авч явдаг парламентын сонгодог зарчмыг М.Энхболд тэр үед сонгодог утгаар гүйцэтгэсэн гэж би хувьдаа боддог. Яагаад гэвэл, МАН-ын 25 дугаар их хурлаар М.Энхболд намынхаа даргыг алдсан, тэгээд Ерөнхий сайдын суудлаа өгсөн. Энэ бол Парламентын засаглалын гол зарчим амьдрал дээр бодитой хэрэгжүүлсэн сонгодог жишээ байсан.
-Сүүлийн дөрвөн засгийг авч үзье л дээ. МАН-ын засгийн үед С.Батболд намын дарга, Ерөнхий сайд байсан биз дээ. Н.Алтанхуяг ч бас намын дарга Ерөнхий сайд байсан. Гэтэл Ч.Сайханбилэгийн засгийн үед намын дарга нь спикер байсан. Одоо Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд хийж байна. Энэ асуудлыг нам дотроо ойлголцоод, ярилцаад шийдвэрлэх асуудал биш үү?
-Үгүй л дээ. Үүнийг Үндсэн хуулиар өөрчлөхөөс өөр аргагүй асуудал болсон. Ер нь сүүл рүүгээ эхлээд Ерөнхий сайдаар тавьчихаад дараа нь чимэг маягаар намын даргын албаа дуртай, дургүй өгдөг болсон. Гэхдээ Н.Алтанхуягийн засаг хоёр жил гаруй энэ сонгодог зарчмыг хэрэгжүүлэх гэж оролдсон нь үнэн. Харин 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олонхын засаг байгуулсан хэрнээ тухайн үедээ парламентын засаглалын сонгодог зарчмыг баримталж байсан М.Энхболд дарга Ерөнхий сайд биш спикер болчих жишээтэй. Тэгэхээр энэ өөрөө юу хэлээд байна вэ гэвэл Үндсэн хуульд хамгийн түрүүнд хийх өөрчлөлт бол төрийн эрх мэдлийн хуваарилалт болж. Энэ хуваарилалт алдагдсанаас болоод төрийн гажуудал эхэлсэн гэж би хувьдаа үздэг. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид нар Ерөнхийлөгчид маш их эрх мэдэл өгөөд, Ерөнхийлөгчийн институцийг маш их хүчирхэгжүүлжээ л гэж харж байна. Энэ нь парламентын зарчмыг алдагдуулах болсон. Дээр нь УИХ-ын даргад маш их эрх мэдэл өгсөн байна. Зөвхөн хурал даргалах, зохицуулах эрх бүхий субъектийг маш том институц болгон өөрчилсөн.
ЭРХ БАРЬЖ БАЙГАА НАМЫН ДАРГЫН ХУВЬД М.ЭНХБОЛД ДЭЭР МАШ ТОМ СОРИЛТ ИРЭХ БОЛОВ УУ ГЭЖ ХАРЖ БАЙНА
Монголчууд одоо л зориг гаргаад улс төрийн манлайлал, гүйцэтгэх засаглалын манлайлал нь нэг хүн дээр төвлөрдөг сонгодог парламентын тогтолцоо руу шилжихгүй л бол бид дахиад л дороо хий эргээд байна гэсэн үг.
-Үндсэн хуулийн өөрчлөлт өнөөдрийн нөхцөлд ганц хүнээс, тэр тусмаа М.Энхболд даргаас хамаарна гэж улстөрчид яриад байгаа. Үнэмлэхүй олонхийн намын даргын хувьд, бас УИХ-ын даргын хувьд тэгж харж болох л юм?
-Ерөнхийлөгчийн албан тушаалыг нь дагаад маш том эрх мэдэл очдог. Тэгэхээр монголчууд одоо л зориг гаргаад улс төрийн манлайлал, гүйцэтгэх засаглалын манлайлал нь нэг хүн дээр төвлөрдөг сонгодог парламентын тогтолцоо руу шилжихгүй л бол бид дахиад л дороо хий эргээд байна гэсэн үг. Ангела Меркель гурав, дөрвөн ч удаа ХБНГУ-ын Канцлер (Ерөнхий сайд)-аар сонгогдож байна. Тэр эмэгтэйд сонголт байсан шүү дээ. Манайхан шиг би өмнө нь Ерөнхий сайд байсан юм чинь Бундестагийн спикер болно гэж зүтгэж болох л байсан байх. Дараагийн удаад ялсан юм чинь Холбооны Германы ерөнхийлөгчид үзнэ гэж болно. Мөн Англи, Канад, Япон, Энэтхэг, Израил, Сингапурыг хар. Сонгодог парламентын засаглалтай оронд улс төрийн манлайлал, гүйцэтгэх засаглалын манлайллыг нэг хүн авч явдаг. Харамсалтай нь, өнгөрсөн 25 жил энэ зарчмыг бид байхгүй болгочихсон. Үүнээс болоод Монголд эрх мэдлийн хуваарилалт нэг газраа төвлөрөхгүй, хариуцлага хүлээдэг хүнгүй болсон.
Гүйцэтгэх засаглалынх нь эрх мэдэл Ерөнхийлөгч, спикер гэж хуваагдаад өөх ч биш, булчирхай ч биш засаглалтай болж хувирсан. Ерөнхийлөгч бол сонгодог парламентын засаглалтай улсуудад нам бус хүн байх ёстой. Гэтэл намын хамгийн том эрх мэдэлтэй, намын хамгийн том нөлөө бүхий хүмүүс нь Ерөнхийлөгч болчихдог. Энэ утгаар нь аваад үзвэл шинэ Үндсэн хуулийг баталж байсан анхны зорилт хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа л биелэгдээгүй. Тэгэхээр энэ алдааг засах нь Үндсэн хуулийг өөрчлөхөөс эхлэх ёстой. Үүнийг засах хариуцлага эрх барьж байгаа намын дарга дээр, дараагийн Ерөнхийлөгч дээр л ирж байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, дараагийн Ерөнхийлөгч өөрт ирэх эрх мэдлээсээ татгалзана гэсэн үг шүү дээ.
-Анх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа хүн эрх мэдлээсээ татгалзана гэж итгэхэд бэрх л байна. Харин ч танай намд Үндсэн хуулийг өөрчлөх боломж, цаг нөхцөл нь бүрдсэн байсан юм биш үү?
-Харамсалтай нь, бид тэр боломжийг ашиглаж чадаагүй. Харин одоо бол эрх барьж байгаа намын даргын хувьд М.Энхболд дарга дээр маш том сорилт ирэх болов уу гэж харж байна. Ер нь бол нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа хүн Үндсэн хуулийг барагтай бол өөрчилдөггүй. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр хүмүүсийг намчирхалгүйгээр ажиллуулах ёстой л доо. Үндсэн хууль бол ард түмний зөвшилцлийн бөгөөд эвлэрлийн гол баримт бичиг байх ёстой л гэж би хувьдаа үздэг. Ингэж байж бид хөгжинө. Өнгөрсөн 25 жилийг харья. Жасрай гуайн засаг 4 жил, Н.Энхбаярын засаг 4 жил болсон. Бусад нь дунджаар 1.4 жил засгийн эрх барьсан гэсэн үг. Монгол Улсын хөгжлийн тухай асуудал үнэхээр хүнд болсон байгаа биз дээ. Аль ч улсын хөгжлийн үндэс нь сонгодог тогтолцоон дээр суурилсан улс төрийн тогтвортой байдал, төрийн залгамж халаа. Тухайн улс орны хөгжлийн асуудлыг үүгээр л хэмждэг. Гэтэл бид яаж байна. 2004, 2008 оны сонгууль бол Монгол Улсын хувьд эрүүл сонголт болсон. 2008 онд С.Баяр Ерөнхий сайд манай намыг засагтаа урьсныг би маш алсын хараатай сонголт гэж үздэг. Магадгүй тухайн шийдвэр намынхандаа таалагдаагүй байж болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гурван сая хүн амтай. Хорин хэдэн намтай. Ингээд талцаад байвал хүний хүчин зүйл чинь хүрэхгүй. Маш олон хүмүүсийн баялаг туршлагыг эргээд ашиглах ёстой. Би энэ удаагийн Засгийн газарт давуу тал байна гэж харж байгаа. Яагаад гэвэл С.Баяр Ерөнхий сайдыг Англид, М.Энхсайхан Ерөнхий сайдыг Шведэд Элчин сайдаар явуулж байна. Ерөнхий сайд байсан, баялаг туршлагатай хүмүүсийг нам харгалзахгүй төрийн ажилд авна гэдэг маш зөв шийдвэр. Үнэндээ Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нар гудамжинд байж болохгүй л байхгүй юу. Ажлын туршлагатай, энергитэй, потенциалтай ийм хүмүүсээ Монгол Улс ашиглах ёстой юу гэвэл ёстой.
1992 он бол хүмүүс хаанаас л бол хаанаас мэдээлэл авдаг, мэдээлэл нь гар дор бэлэн байдаг үе биш байсан. Тиймээс 1992 оны Үндсэн хуулийг шүүмжлээд байх шаардлагагүй. Харин 25 жилийн дараа олж авсан мэдээлэл, туршлага дээрээ суурилаад, хөгжлийн шинэ төлөвтэйгөө уялдуулаад өөрчлөх ёстой юм гэсэн байр суурин дээр очих ёстой.
-Үндсэн хуулийг 76 хүн өөрчлөх эрхгүй. Тиймээс ард түмнээс санал асуух ёстой гэсэн зарчмыг зарим улстөрч, судлаачид гаргаж тавьдаг. Нөгөө талдаа ард түмнээс санал асуух шаардлагагүй гэх парламентын гишүүд цөөнгүй байна. Ингэхэд аль нь зөв юм бэ?
-Хоёр талтай асуудал. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард нийтээс чиглэл авах уу, эсвэл ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу гэсэн хоёр өөр ойлголт. Би бол ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж үздэг. Тэгвэл парламентын утга алдагдана. Харин ийм чиглэлээр өөрчлөлт оруулах гэж байна гэж ард түмнээсээ асуух ёстой. Хуулийг төгс төгөлдөр болгоё гэвэл олон хүн хийдэггүй юм. Цөөн тооны мэргэжилтнүүд, улс төр судлаачид, улс төрчид сууж байгаад бодож боловсруулж, дуустал нь хийдэг зүйл л дээ.
-Монголд Парламентын засаглал хэрэгжсэн 25 жилийн хугацаанд засаглалын хямрал нүүрлэсэн. Яг энэ шалтгаанаар засаг олон толгойтой байснаас ганц толгойтой байсан нь дээр гэсэн хандлага нийгэмд бий болж байна. Ер нь Монгол парламентын засаглалтай байсан нь дээр үү, Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь тохиромжтой юу?
-Бид шинэ дугуй зохиогоод байх хэрэггүй л дээ. Үнэхээр парламентын сонгодог жишээнээс суралцъя гэвэл Англи, Герман, Япон, Австрали, Канад байна. Тэдний хамгийн сайн загварыг аваад л цаашаа явах хэрэгтэй. Шинэ Үндсэн хуулийг боловсруулах явцад бид АНУ-ын Ерөнхийлөгчийн засаглалыг ч судалсан, Германы парламентын засаглалыг ч судалсан, дээр нь социалист уламжлалаа аваад үлдчихсэн. Тэр нь биднийг маш хүнд нөхцөл байдал руу оруулж байна. Гэхдээ 1992 он бол хүмүүс хаанаас л бол хаанаас мэдээлэл авдаг, мэдээлэл нь гар дор бэлэн байдаг үе биш байсан. Тиймээс 1992 оны Үндсэн хуулийг шүүмжлээд байх шаардлагагүй. Харин 25 жилийн дараа олж авсан мэдээлэл, туршлага дээрээ суурилаад, хөгжлийн шинэ төлөвтэйгөө уялдуулаад өөрчлөх ёстой юм гэсэн байр суурин дээр очих ёстой. Би бол парламентын засаглалтай улсыг дэмждэг. Анхны ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа Ардын Их Хурал, Улсын Бага Хурал хоёулаа энэ асуудлыг маш их ярьсан. Монгол Улсын газар зүйн байрлал өөрөө их өвөрмөц. Дэлхийн 2 том гүрний дунд оршдог. Манай урд хойд 2 хөрш маань дэлхийн 2 том армитай, цөмийн зэвсэгтэй. Хүнийх нь тоо маш их, эдийн засгийн хүчин чадал нь асар том. Тэгэхээр түүхэн онцлогоосоо харахад нэг хүнээр удирдуулбал, нэг хүнд нөлөөлөх гадны нөлөөлөл нь их байдаг юм байна гэж үзсэн. Тиймээс Монголын өөрийнх нь дархлаа бол хамтын шийдвэр гаргадаг парламентын засаглал дээр суурилах ёстой гэсэн зарчим дээр үндэслэн энэ тогтолцоог сонгож авсан юм. Харамсалтай нь, үүнийгээ буруу хэрэгжүүлж байна гэдгээ одоо хүртэл ойлгохгүй яваад байгаа хэрэг. Манай Үндсэн хууль болон Үндсэн хуулийг дагалдаж гарсан органик хуулиуд намын манлайлал, гүйцэтгэх засаглалын манлайллыг нэг хүн, түүний багт олгох боломжийг өгөхгүй байна л даа.
-Монголын хууль батлах, бодлого боловсруулах хоёр субъектыг аваад үзэхэд Засгийн газар нь парламентынхаа дээр гараад суучихсан ч юм шиг дүр зураг харагддаг. Эсвэл парламент нь засгийнхаа бүх ажил хуруу, хошуугаа дүрдэг явдал хэвийн үзэгдэл болсон. Энэ бас л Үндсэн хуулийг алдаа юу?
-Тийм, 1996 онд Ардчилсан хүчин 50 суудалтай байсан хэрнээ дөрвөн засгийг сольсон байдаг. Тиймээс манай гүйцэтгэх засаглал ч, хууль батлагчид нь ч, парламентын сонгодог тогтолцоотой улсын жишгээр ажиллаж чадахгүй байгаа. Энэ засгийн газар ч, өмнөх засгийн газрууд ч тийм байсан. Засгийн газар бол парламентынхаа дээр гарах тухай ойлголт хэзээ ч байгаагүй. Харин ч эсрэгээрээ улс төрийн болон гүйцэтгэх засаглалын манлайлал болж явах ёстой энэ институц чинь парламентаасаа бүрэн хамааралтай ажиллаж ирсэн. Тэгэхээр үүнийгээ засах ёстой юм.
-Тэгэхээр парламентаа тараах хэмжээний эрх мэдэлтэй, танхимаа өөрөө бүрдүүлдэг Ерөнхий сайдтай болох ёстой гэсэн үг үү?
-Бид мөн чанарыг олж харахгүй зөвхөн өнгөц хэсгийг нь олон жил ярилаа. Засгийн газар яагаад сонгодог парламенттай улсын жишгээр ажиллаж чадахгүй байна вэ гэдгээ олж харахаас илүү, зөвхөн тогтворжуулах тухай л яриад байдаг. Монгол Улсын Засгийн газар ямар тохиолдолд тогтвортой байдаг вэ гэвэл нэг нам үнэмлэхүй олонх болсон тохиолдолд л тогтвортой байдаг. 2000 онд хэрэвзээ Үндсэн хуулийн долоон өөрчлөлтийг оруулж ирээгүй бол одоогийн Засгийн газар ч тогтвортой ажиллах уу, үгүй юу гэдгийг хэлэхэд хэцүү байсан. Тэгэхээр бидний Үндсэн хуульд өөрчлөлт хийх хамгийн гол зорилго нь парламентаа тараах эрх мэдэлтэй, танхимаа өөрөө бүрдүүлдэг Ерөнхий сайдтай л болох. Ерөнхийлөгч, спикер хоёрт өөрт нь тохирсон үндсэн үүрэг байгаа шүү дээ.
МОНГОЛ ЖИЖИГХЭН ХҮРЭЭНДЭЭ ЭРГЭЛДЭЖ БАЙНА
Ж.НЯМСҮРЭН
No comments:
Post a Comment