Friday, January 13, 2017

Иргэн Д.Ламжав - 2017.01.13

Үндсэн хууль бол ард түмэн давуу эрхтэйгээр төртэйгээ байгуулсан гэрээ 

А.НЯМ-ӨЛЗИЙ, IKON.MN

Тэртээ 25 жилийн өмнө Үндсэн хуулийн төслийг БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 75 хоног хэлэлцжээ. 

БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны нэгдүгээр сарын 13-ны хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд нэг бүрчлэн уншиж, сонсгон мөн өдрийн 11 цаг 35 минутад баталжээ. Харин 1992 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 цаг буюу XVII жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн 9-ний идрийн барилдлагатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн дагаж мөрдсөн билээ. 

Энэхүү түүхэн өдөртэй холбогдуулан Үндсэн хууль судлаач иргэн Д.Ламжавтай ярилцлаа. Өдгөө Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх, өөрчлөх шаардлага хийгээд хэрхэн өөрчлөлт оруулах тухай түүний байр суурийг хүргэж байна.  

-Танд Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийн мэнд хүргэе. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий юу. Та юу гэж харж байна вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье. 

- Энэ их удаан яригдаж байгаа зүйл шүү дээ. Үндсэн хуулийг сайжруулах шаардлага байгаа. Би юуг тодотгож хэлэхийг хүсч байна вэ гэхээр парламентын засаглалаа илүү төгөлдөржүүлэх. Цаг хугацааны хувьд асуудлууд үүсч байна. Тэгэхээр үүнийг засч, сайжруулах шаардлага байгаа. Нийгэм шуугиад байгаа нь анхаарч үзэх, сайжруулах цаг болсон гэдгийг харуулж байгаа юм. 

- Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, төгөлдөржүүлэхдээ ямар өөрчлөлт оруулах ёстой гэж та үздэг вэ? 

- Хүний эрхийг хамгаалах гэдэг хамгийн чухал. Төрийн эрх мэдлийг тэнцвэртэй, харилцан хяналттай, харьцангуй бие даасан байдлаар хуваарилдаг замаар эрх мэдлийг нь хязгаарладаг байх гэдэг зүйл амны уншлага болоод байна. 
Төрийн эрх мэдлийг гурван хэсэгт хувааж байгаа. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж. Тэгэхээр энэ гурав тэнцвэртэй байх ёстой болж байна. Нэг нь нөгөөдөө загнуулаад байдаггүй, хянадаг, нэг нь нэгнийхээ ажил руу давхиж ороод байдаггүй гэхчлэн. Тэгэхээр үүнтэй холбоотой асуудал манай Үндсэн хуульд байгаа юм. 
Парламентын засаглалыг нэгэнт сонгосон учир Ерөнхийлөгчийн засаглал тогтооно гэдэг ч юм уу өөр байдлаар хандах хэрэггүй. 1992 оны Үндсэн хуулиар зүг чигээ хангалттай олсон. 


УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэсэн нь хамгийн дээд талд нь байна гэсэн үг болчихоод байгаа

-Манайд үүсээд байгаа нөхцөл байдал юунаас болоод байна вэ. Аль эрх мэдэл нь алиндаа нөлөөлөөд байна. Үүнийг яаж засах вэ? 

-Зөвхөн төрийн дээд талыг хараад байж болохгүй. Орон нутагт, орон нутгийн захиргаанд юу болж байна вэ гэдгийг бүтнээр нь харах хэрэгтэй. 
Асуудал үүсгээд байгаа зүйлүүдийг товчхон жишээ маягаар ярья. Нэгдүгээрт, УИХ нь Засгийн газрын бүх гишүүнийг толгой дараалан хэлэлцэн томилж байгаа. 
Хүнийг ажилд тавихад эрх мэдлээр хангах гэж нэг чухал зарчим бий. Ерөнхий сайдыг УИХ томилж байгаа нь чухал. Энэ бол парламентын засаглалын чухал шалгуур. Харин Засгийн газрын гишүүдээ Ерөнхий сайд өөрөө мэдэн томилдог байх хэрэгтэй. Гэхдээ ингэж томиллоо гэдэг нь үргэлж нэг газар бүртгэгдэж байх ёстой. Засгийн газрын гишүүдээ Ерөнхий сайд өөрөө томилно гэдгээ мэдэгдээд Ерөнхийлөгчид бүртгүүлдэг байх. Тэрийг албажуулж байгаа хэрэг шүү дээ. Ерөнхий сайдыг ч гэсэн Их хурал санал хураагаад томиллоо. Ингэлээ гэдгийг бас л Ерөнхийлөгч бүртгэж байх ёстой. 
Хоёрдугаарт, манай Үндсэн хуульд зохисгүй нэр томьёонууд байгаа юм. Тэр нь аюул учруулах осолтой.
Жишээлбэл, УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэж байгаа. Тэгэхээр энэ чинь гурван тэнцвэртэй байх зүйлийн хамгийн дээд талд нь байна гэсэн үг болчихоод байна. Энэ бол нэлээд зохисгүй заалт. 
Дараагийн Ерөнхий сайдыг долоо хоногийн дотор томилж чадахгүй бол Ерөнхийлөгч Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу Их хурлыг тараах шийдвэр гаргана
Үүнээс аюултай өөр нэг заалт бол УИХ гадаад, дотоод бодлогын ямар ч асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэж болно гэсэн заалт бий. Энэ 25 жилийн хугацаанд Их хурал энэ заалтыг хэрэглээгүй өнөөг хүрсэн нь аз гэж боддог юм. Энэ бол хууль тогтоох байгууллагад байхад зохисгүй хуваарилалт. 
УИХ нь Ерөнхий сайд юм уу Засгийн газрыг дуртай цагтаа огцруулчихаад байна. Энэ бол харилцан хяналт алдагдсаны жишээ юм. Тэгвэл ямар байвал зохистой вэ гэдгийг хэлье.
Ерөнхий сайдыг УИХ дээр санал хураагаад огцрууллаа гэж бодъё л доо. Манайд бол тэгж огцруулаад л дуусаа. Энэ асуудал дээр УИХ өөрөө хариуцлагагүй байсан уу гэдэг дээр хяналтгүй болчихоод байна. Тиймээс үүнийг засах механизмыг хийх хэрэгтэй.
Ингэж засахын тулд Их хурал санал хураагаад Ерөнхий сайдыг огцруулснаар асуудал дуусах ёсгүй. Санал хурааснаас хойш жишээ нь долоо хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг Их хурал томилох ёстой. Томилж чадах ёстой. Хэрэв чадахгүй бол дараагийн долоо хоногийн дотор Ерөнхийлөгч Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу Их хурлыг тараах шийдвэр гаргана. Өөрсдийг нь тараах шийдвэр гаргана гэсэн үг. Долоо хоног гэдгийг жишээ болгож хэлж байгаа юм шүү. Ерөнхийдөө шуурхай байх ёстой. 
Манай Үндсэн хуулиар Ерөнхий сайдыг огцруулаад л хаячихаж байна шүү дээ. Тэгэхээр хяналт байхгүй болчихоод байна. УИХ-д буруу байсан бол өөрөө шийтгүүлж байх ёстой.
Хэрэв сүүлийн долоо хоногт амжаад УИХ шинэ Ерөнхий сайдаа томилж чадвал асуудал цаашаа хэвийн явна. Түүнээс биш УИХ өөрөө өөрийгөө тараах заалт байдаг хэдий ч хэзээ ч биелэгдэхгүй заалт. Иймэрхүү болхи заалтыг авч хаяад саяын шиг механизмыг тусгах жишээтэй. 
Ерөнхийлөгч бага ажил хийдэг, томоотой байх ёстой
Манай Ерөнхийлөгч бол юмыг бүртгэдэг, ажил бага хийдэг, нэлээд сайн бүртгэгч байх ёстой. Гэтэл одоо Ерөнхийлөгч шүүхэд маш их нөлөөтэй, эрх мэдэлтэй байна. Маш олон шүүгч, Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч томилж байна. Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийг нэлээд хариуцсан хүн болчихоод байна.
Уг нь бол Ерөнхийлөгч бага ажил хийдэг, томоотой байх ёстой. Томоотой байлгах арга нь хуулиар эрх мэдлийг нь нэлээд хязгаарлах, хэрэгтэй хэрэггүй юм хийлгэж болохгүй. Үүнийг Үндсэн хуулиар тогтоож өгөх шаардлагатай. 
Ерөнхийлөгчийн хамгийн чухал эрх нь хориг тавих. Хориг тавьдаг юм бол хууль санаачилдаггүй байх ёстой. Энэ асуудалд нийгмээрээ санал нэгтэй болсон байх.
Өшөө нэг нь Засгийн газарт чиглэл өгөх. Ерөнхий сайд зөвшөөрөөд газрын үсэг зурвал тэр чиглэлийг хэрэгжүүлэх ёстой. Энэ бол гүйцэтгэх эрх мэдлийг хараат болгож байгаа элемент юм. Тиймээс чиглэл өгөхийг бас болиулах хэрэгтэй. 

-Ерөнхийлөгч хориг тавина. Харин хоригийг хүлээж авах авахгүй нь УИХ-ын асуудал уу?

-Ер нь хоригийг УИХ-ын цөөхөн гишүүн зөвшөөрвөл хүлээж авахаар Үндсэн хуульд заасан байгаа. Энэ бол цөөнхийг хамгаалсан муугүй заалт. Олонхын бодол зөв гэсэн юм байхгүй шүү дээ. 

-Гурван эрх мэдлийг тэнцвэртэй болгох нь Үндсэн хуульд оруулах хамгийн чухал өөрчлөлт гэсэн. Тэгвэл шүүх эрх мэдэлд ямар өөрчлөлт оруулбал зохистой вэ? 

-Үндсэн хуулиас бусад хуульд хийсвэр тайлбар хийх гэж бий. Өөрөөр хэлбэл, хэрэг маргаан шийдэж байгаад хуулийн учир утгыг ярьж байгаад шийдвэр гаргаж байна шүү дээ. Тийм биш. Ямар ч хэрэг маргаан шийдэхгүйгээр энэ хуулийн энэ заалт юу гэсэн үг вэ гэж хамтарч сууж байгаад тайлбарлахын хэлж байна. 
Үүнийг буруу тайлбар хийдэг гэдэг утгаар хэлж байгаа юм биш. Ийм практик манайд өмнө нь байсан. Социализмын үед. Ардын их хурал хууль батлаад тараад явчихдаг. Байнгын ажиллагаатай парламент байхгүй. Тэгэхээр хуулийн ээдрээтэй заалт гараад ирсэн үед хүмүүс нь тараад явчихсан байдаг. Тэр үед хэн нэгнээс асуух, тайлбарлуулах хэрэг гарна. Одоо нэгэнт байнгын парламент байгаа юм чинь нь тэр нь ажлаа хийх ёстой.
Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдлээс парламентын хууль тогтоох эрх мэдэлд халдаж байна гэж үзэж болохоор байгаа юм. Тэгээд ч Дээд шүүх сүүлийн үед тайлбар хийх дургүй болсон юм шиг байна билээ. Энэ бол зөв байр суурь. 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригддаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар энэ асуудлыг шийдвэрлэж болно. Таныхаар УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв үү?

-Одоогийнхоо 76 гишүүнийг хуралд нь суулгаж чадахгүй зүдэрч байна шүү дээ. Дахиад олон болгочихоор бүр л хэцүү болох байлгүй. Монгол хүн ам цөөтэй, жижиг улс. Удирдлага нь түүндээ тохирсон хурдан, шаламгай байх хэрэгтэй гэж үзэж байна. Тийм учраас УИХ-ын гишүүдийн тоог цөөдчихсөн гэж огтхон ч үздэггүй. Тэд харин ажлаа хийх хэрэгтэй. 
Хуралд нь суулгах гэж ядах юм. УИХ өөрөө өөртөө хууль батлаад тэрийгээ баримталдаггүй. Микрофоны дунд удаан суух хэцүү. Бараг л өвчин тусч мэдэхээр хүнд байдаг.
Гэхдээ үүнийг ухаалаг байдлаар шийдэж болно. Бүгдийг нь суулгаад байх шаардлагагүйгээр санал хураах цаг, хэлэлцүүлгийн цаг хоёрыг тусгаарладаг болчихвол шийдэгдэнэ. Санал хураахад ирцээ шаардах ёстой. Хэлэлцүүлж байхад заавал байх шаардлагагүй өрөөндөө хараад сууж байх жишээтэй. УИХ-ын хариуцлага бол санал хураалтаараа л асуудалд оролцох нь чухал юм. 

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших асуудал мөн л маргаан, шүүмжлэл дагуулдаг. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ? 

-Үндсэн хуульд оруулах ёстой өөрчлөлтийн нэг нь энэ юм. Засгийн газарт УИХ-ын гишүүн олон байх нь маш зохисгүй. Манай практикаар батлагдаад байгаа зүйл. Хэрвээ би мэддэгсэн бол зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно, бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй гэсэн байдлаар цэгцэлмээр санагддаг. 
Би удирдагч байлаа гэж бодоход миний удирдлага дор хэзээ нэгэн цагт надад арга хэмжээ авах хүн байна гэдэг чинь өөрөө зохисгүй зүйл. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд хараат биш байдлаар, хэн нэгэнт таалагдахгүй байх вий гэсэн байдлаар ажиллах нь зохисгүй юм. Одоо бол Засгийн газрын гишүүд бүгдээрээ УИХ-ын гишүүн байж болно, эсвэл бүгд байж болохгүй. Ийм том хязгаарт байна шүү дээ. 

-Дордуулсан долоон өөрчлөлт гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлдэг үү? 

-Би үүнийг дордуулсан гэж үздэггүй юм шүү. Үндсэн хуульд байгаа дутагдал нь улс төрийн тэмцлийг шийдвэрлэж чадахгүйд хүрсэн байна. Түүгээр илэрч гараад өөрчлөлт оруулсан. Хүн хочиндоо тэр болгон таардаггүйтэй адил энэ бол наанатай цаанатай асуудал. 

Цэцэд улс төрийн томилгоо маш их болж байна 

- Үндсэн хуулийн цэц шүүх дотроо байх ёстой гэдэг. Үүнийг тайлбарлахгүй юу?  

- Шүүхтэй холбоотой нэг зүйл бий. Цэц нь шүүх дотроо байвал яасан юм. Цэц гээд шүүхээсээ тусдаа байгаад байхаар улс төрийн хүмүүс орж ирээд байх юм. Жинхэнэ архаг хуульчид биш. Цэц бол архаг хуульчдын сууж байх ёстой газар юм шүү дээ. Цэцэд улс төрийн томилгоо маш их болж байна. 
Дээд шүүх гэж юу хийдэг газар юм бэ. Жишээ татахад, Америкийн шүүхэд дээд шүүх гэж бий. Америкийн дээд шүүх үндсэн хуулийн маргаан шийдвэрлэдэг, есөн гишүүнтэй. Манай дээд шүүх 25 гишүүнтэй. Ахиад цэц гэж байна. Хүний тоогоор Америкаас том бүрэлдэхүүн байгаа биз. Энэ зөв үү. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, дээд шүүх гэсэн бүтэцтэй, дээд шүүх нь үндсэн хуулийн маргаан хянана. Ийм байж болохгүй юу. Ийм байдлаар хийж болмоор байгаа юм. 
Гэтэл одоо манайд анхан шатны шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэгдээд давж заалдах шатны шүүхэд шилжинэ. Түүний дараа хяналтын шатны буюу дээд шүүх байна. Тэгэхээр энэ нь шүүхийн хараат байдалтай байлгаад байна. /Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүх хянаж байгаа нь шүүхийг хараат байдалтай болгож байна/
Дээр нь судлаачид юу гэдэг гэхээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, миний Үндсэн хуулиар олгогдсон эрхийн зөрчлөө гэдэг гомдлыг хэлэлцдэг болъё гэдгийг нэмье гэж байгаа юм. Манайд үүнийг авч хэлэлцдэггүй. 
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд ингэдэг байгаасай гэж хүсч байна 

- Хэн дуртай нь Үндсэн хуултд өөрчлөлт оруулах тухай ярьж, хуулийн төсөл боловсруулад байх нь хэр зохистой байдаг юм бол. Үндсэн хуулийн хамгаалалтын тухай ярьдаг шүү дээ?  

- Үндсэн хууль маань хамгаалалтгүй хийгдсэн. Үндсэн хуулийн хамгаалалтыг дотор нь хийх ёстой юм. 
Нэгдүгээр том алдаа юу байсан гэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхийг УИХ-д өгсөн. Энэ бол том алдаа. Тэгээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ингэж болохгүй, тэгж болохгүй гэж хэдэн зүйл тусгах ёстой. 
Зүгээр л хууль санаачилдаг этгээдүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг санаачилж болно гэж байгаа юм. Үндсэн хуулийг ард түмэн ирээдүйн төртэйгээ байгуулсан гэрээ гэдэг. Ард түмний давуу эрхтэйгээр байгуулсан гэрээ шүү. Үндсэн хуулийг тэр үзэл санаа руу нь дөхүүлмээр байгаа юм. 
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард нийтийн санал асуулгыг хэрэглэж болно гэж байгаа. Гэхдээ УИХ хийж болохоор хийчихсэн.
Миний санаагаар болдог бол Үндсэн хууль өөрчлөх эрхийг хууль санаачлагчдад өгч болохгүй. Харин түүний оронд төрийн албан хаагч орохгүйгээр 500 иргэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилга гаргаад Ерөнхийлөгчид өгдөг байх жишээний байж болно. Энэ бол миний л санаа шүү. Ерөнхийлөгч түүнийг УИХ-д оруулж болно, оруулахгүй ч байж болно. Хэрвээ оруулбал парламент шууд хэлэлцээд санал хураагаад өндөр хувиар зөвшөөрөх юм бол өөрчлөлт оруулах төсөл батлагдлаа гэж үзнэ. Эцэслэн батлагдлаа гэж байгаа юм биш.
Өөрөөр хэлбэл, УИХ үүгээр батлах уу үгүй юу гэдэг дээр ард нийтийн санал асуулга явуулъя гэсэн тогтоол гаргах ёстой.  Энэ хооронд цэцэд ямар нэг асуудал үүсч болно. Тэгвэл цэц шууд Их суудлаараа хуралдаад дүгнэлт гаргана. Цэцээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай ард нийтийн санал асуулга нь Үндсэн хуулийн хамгаалалтыг зөрчсөн байна эсвэл зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргана.
Хэрэв зөрчсөн гэж үзвэл шууд зогсоох ёстой. Зөрчсөн тухай асуудал яригдаагүй бол ард нийтийн санал асуулга яваад ихэнх нь дэмжих юм бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. 
Ингэснээр сайн хяналт тогтоно. Ийм маягаар хийгээсэй гэж хүсч байгаа юм.

-МАН өнөөдөр парламентад үнэмлэхүй олонх байна. Энэ үедээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хэр зохистой юм бэ? 

-Эрх зүйн амгалан тайван байдал гэдэг ойлголт байдаг. Тэгэхээр энэ амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх аргаар л хийх хэрэгтэй.
Жишээ нь, өөрчлөлт хийхдээ нийгмийн хяналтад хэр зэрэг ил тод байх юм, хэн эцэслэн батлах юм гэдэг нь ойлгомжтой байх ёстой. Тэгэхгүй бол Н.Батбаяр ахлагчтай ажлын хэсгийнхэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэхэд нийгэмд айдас төрүүлж байсан шүү дээ. Тийм байдалтай байх ёсгүй.
2000 оных бол их юм болсон. 1999 оны арванхоёрдугаар сарын 23, 24-нд тэр долоон өөрчлөлтийг баталсан. Ердөө л хоёрхон өдөрт баталсан. Тэр нь тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, Үндсэн хуулиа ойлгож байсан хэр хэмжээтэй шууд холбоотой байсан л даа. Тэгээд тэр үе нь үргэлжлээд явсан. 
Одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нийгмийг балмагдуулахгүй арга барилаар хандана гэж бодож байна. Юмыг зөв л хийвэл нийгэм дэмжинэ шүү дээ. 

-Ярилцсанд баярлалаа.

No comments:

Post a Comment