Friday, February 26, 2016

Иргэн Д.Ламжав - 2016.02.22

Цэцийн гишүүн Ж.Амарсанааг эгүүлэн татах УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн 65.4 заалтыг зөрчиж байгаа тухай

Энэ сарын 15-26-ны хооронд хуралдахаар товлосон ээлжит бус чуулган төлөвлөсен олон асуудлынхаа хамгийн эхнийхийг буюу Цэцийн гишүүнийг эгүүлэн татах зорилготой ганцхан "Дээд шүүхийн санал” гэгчийг хам хум хэлэлцэн дээрх тогтоолыг батлаад завсарлав.

УИХ-ын зүгээс "Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах Улсын Дээд шүүхийн санал" гэж нэрлээд байгаа, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны нэгдүгээр сарын 26-ны 1/358 тоот албан бичгийг Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь УИХ-д танилцуулжээ.Уг албан бичигт  " УИХ-ын Тамгын газрын өрөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас ирүүлсэн 2016 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 14/214 дугаартай Үндсэн хуулийн Цэцийн гишүүний талаарх албан бичигтэй танилцлаа. Түүнд ... Цэцийн дарга Ж.Амарсанаагаас... Их Хурлын даргад хандаж хүргүүлсэн 2016 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 1/42 дугаартай албан бичиг нь холбогдох хуулийг зөрчсөн нь тогтоож байгааг дурджээ. Уг асуудлаар ... Их Хурал хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зохих шийдвэр гаргахад ... Дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэжээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Дээд шүүхийн шүүгч Батсуурьт онцгойлон хандаж, Дээд шүүхийн хуралдааны протоколын талаар асуусанд УИХ-ын дарга З.Энхболд асуултад Х.Тэмүүжин хариул гэж зандрав. Үндсэн хуулийн 65.4 заалт болон Дээд шүүхийн өрөнхий шүүгчийн албан бичгийг хэрхэн хэрэглэх талаар Х.Тэмүүжин гишүүн тайлбарласан бөгөөд энэхүү гуйвуулсан тайлбар УИХ-ын тогтоо-лын хууль зүйн үндэслэл болсон байна.

Тайлбар

Үндсэн хуулийн 65.4-т зааснаар Цэцийн дарга, гишүүн хууль зөрчсөн нөхцөлд, Цэцийн шийдвэр-Дээд шүүхийн санал-УИХ (1) гэсэн дарааллаар тухайн гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гарах бстой байтал Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга-Дээд шүүхийн ерөнхий шүүгч-УИХ (2) гэсэн дарааллаар УИХ уг шийдвэрийг гаргалаа. Тайлбарыг цааш цэгцтэй үргэлжлүүлэхийн тулд Үндсэн хуулийн 65.3-4 заалтыг иш татъя: 

65.3.Үндсэн хуулийн Цэцийн даргаар өсөн гишүүний аль нэгийг гурван жилийн хугацаагаар гишүүдийн олонхын саналаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно.

65.4.Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно. Одоо тайлбарыг цааш үргэлжлүүльө:

А) Цэцийн гишүүний бүрэн эрхийг Цэцийн зөвшөөрөл (шийдвэр)-гүйгээр хөндөж болохгүй гэсэн зарчмыг илэрхийлж байгаа 65.4 заалтыг УИХ “Цэцийн шийдвэрийг эсвэл тухайн гишүүнийг анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ түүнийг Цэцийн гишүүнээс эгүүлэн татаж болно” гэсэн
тайлбарыг үндэслэн тогтоолыг баталсан. Хэрэв энэ тайлбарыг хүлээн зөвшөөрвөл Цэцийн 9 гишүүний 3-ыг УИХ-аас анх илгээсэн байдаг тул энэ 3 гишүүн, улмаар Цэц УИХ дахь олонхоос шууд хараат болох аюултайг болж өнгөрсөн үйл явдал тод илтгэн харуулж байна. Энэ утгаараа УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн 65.4 заалтыг ноцтой зөрчсөн байна.

B) Ж.Амарсанааг анх илгээсэн байгууллага нь Дээд шүүх. Түүнийг Дээд шүүхийн 2011 оны дөрөвдүгээр сарын 25-ны № 07 тоот тогтоолоор Цэцийн гишүүнд санал болгосныг УИХ ёсоор болгон  томилсон байна. Гишүүний бүрэн эрхийг хөндөхийг зөвшөөрсөн Цэцийн шийдвэр байх-гүй, иймээс тухайн гишүүнийг эгүүлэн татах талаар Дээд шүүхийн тогтоолоор баталсан санал УИХ-д ороогүй байтал УИХ Ж.Амарсанаа гишүүнийгэгүүлэн татах тогтоол батлав. Энэ утгаараа УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн 65.4 заалтыг ноцтой зөрчсөн байна.

C) 65.4 заалтын "Үндсэн  хуулийн Цэцийн дарга, гишүүн. хууль зөрчвөл” гэсэн нөхцөл бол тэнд байгаа "Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр” гэсэнтэй салшгүй холбоотой. Энэхүү холбоо анх ямар байгууллага илгээснээс үл хамаарна. Хууль зөрчсөнийг тогтооход Цэц шийдвэрлэх үүрэггэй оролцох нь УИХ дахь олонх зэрэг улстөрчдийн дур зоргоос хамгаалах чухал ач холбогдолтой. Гэтэл УИХ Цэцийн дарга Ж.Амарсанаа хууль зөрчсөн гэдгийг Х.Тэмүүжин, УИХ-ын дарга З.Энхболд нарын үзэмжээр шийдвэрлэв. Энэ утгаараа УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн 65.4 заалтыг бас ноцтой зөрчлөө.

Хүсэлт

Цэцийн дарга аа, Цэцийн эрхэм гишүүд ээ, Цэцийн гишүүн Ж.Амарсанааг эгүүлэн татах УИХ-ын 2016 оны хоёрдугаар сарын 19-ний тогтоол нь Үндсэн хуулийн 65.4 заалтыг ноцтой зөрчсөн тул Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, уг тогтоолыг хүчингүй болгохыг хичээнгүйлэн хүсч байна.

Д.ЛАМЖАВ
2016.02.22

No comments:

Post a Comment