Үндсэн хуулийн бус аргаар шүүхийг атгачихвал их буруу үйлдэл
Ж.НАРАНГЭРЭЛ
Цаг үеийн асуудлаар иргэн Д.Ламжавтай ярилцлаа. Олон нийт түүнийг “иргэн” гэх тодотголоор нь илүү сайн таньдаг авч МСДН-ыг үүсгэн байгуулалцаж, анхны Үндсэн хуулийг батлалцаж явсан АИХ-ын депатутын нэг гэдгийг тэр бүр мэддэггүй юм билээ.
-Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой маргааныг та хамгийн сайн мэдэж байгаа. Учир нь та Цэцийн, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх, УИХ-ын Дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай гурван хууль Үндсэн хууль зөрчиж байна гэх мэдээлэл, өргөдлийг Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлсэн. Энэ асуудал одоо Цэцийн даргын суудлаар шийдэгдэх мэт харагдах боллоо. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэгэнт гурван хууль Үндсэн хууль зөрчиж байна гэдэг гомдол хүргүүлснээрээ би УИХ дээр маргаан үүсгэчихсэн яваа. Цэцтэй холбогдсон гурван хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтүүд нь Цэцийн улмаар шүүхийн тогтолцооны институцийн хараат байдалд оруулах хуулиуд байсан учраас Цэцэд өргөдөл гаргасан юм.
Тиймээс Цэц энэ өргөдлөөр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн. Үүнтэй холбогдоод УИХ-ын зүгээс шуудхан хэлэхэд үндэслэл муутай үг хэл гаргаж эхэлж байна. Асуудлын мөн чанар нь би Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу УИХ-аар баталсан хуулиуд нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг тодорхой өргөдөл гаргасан. Цэц Үндсэн хуулиар олгогдсон өөрийнхөө бүрэн эрхийн Xүрээнд маргаан хянан, шийдвэрлэх ажиллагааг үүсгэсэн байгаа.
Миний өргөдлийн шаардлагыг Цэцээс өнгөрсөн сарын 20-21-ний орчимд “энэ асуудалд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа” гэдэг агуулгатайгаар УИХ-д хүргэсэн юм билээ. Ингээд хөөгөөд үзэхээр хууль баталсан учраас УИХ хариуцагч, би нэхэмжлэгч болж байгаа юм.
УИХ миний өргөдөлд хуулийн тайлбар явуулах ёстой, хариуцагчийн итгэмжлэгдсэн томилох учиртай. Энэ тайлбарыг ирүүлэх хугацаа нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэгдүгээр сарын 29. Гэтэл өнөөдөр хоёрдугаар сарын гурван /өчигдөр/. Би өчигдөр /хоёрдугаар сарын 2-нд/ Цэцээс магадалж асуусан.
Хариуцагчийн зүгээс Цэцэд ирүүлэх хуулиар оногдсон үүрэг байхгүй. Энэ байдал Цэцийн Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай хянан шийдвэрлэх үйл ажиллагааг саатуулах зорилготой байж болох юм. Хэрвээ тийм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т заасны дагуу хүсэлт гаргая гэж бодож байгаа.
Миний өргөдөл бол хоёр удаагийн хурал болохоор болсон. Өмнө нь 2010 онд Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн заалтыг буцаан сэргээж оруулсан. Ингэж оруулахдаа нөгөө зөрчлийг нь улам бүр нэмэгдүүлсэн байгаа юм. Тухайн асуудалд Цэц шийдвэр байна гэдэг нь Үндсэн хуулийн шийдвэр л гэсэн үг.
Цэцийн шийдвэрийг засах, өөрчлөх, дахин сэргээх тухай асуудал байж болохгүй.
Тэгэхээр Цэцийн шийдвэрийг засах, өөрчлөх, дахин сэргээх тухай асуудал байж болохгүй. Учир нь Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гээд заачихсан учраас бүх байгууллага дагах ёстой.
Үүнтэй холбогдуулан холбогдох заалтыг Цэц шууд их суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон гэж мэдэгдсэн. Харин үлдсэн хэсгийг ердийн хууль болон Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцдэг журмаараа дунд суудлын хуралдаан болно гэсэн үг. Хоёр хуралдааны тов 15-ны өдөр орчим, товлогдсон гэж надад дамжуулсан. УИХ-аас хариу өгөхийг харзнаж байгаа юм билээ.
-Дахин сэргээсэн заалт гэдэг нь?
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дүгнэлтийг УИХ-аар авч хэлэлцэхдээ Байнгын хороо, УИХ дээр Цэцийн гишүүнээр танилцуулж байгаад байцаах маягтай практик тогтоод байсан юм. Энэ нь Цэцийн гишүүний хараат бус байдалд халдаж байсан гэсэн шийдвэр гарснаар хүчингүй болоод байсан юм.
-Гэхдээ УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаад албан бичгээр хариу өгөхдөө "мэдэгдлийг тань хүлээж авах боломжгүй" гэчихсэн байна шүү дээ?
-Би Үндсэн хуулийн Цэцэд маш хурдан өргөдөл бичиж өгсөн. Өөрчлөлт оруулсан гурван хуулийг баталсан өдрөөс нь дагаж мөрдөнө гэчихсэн байгаа юм. Нэгдүгээр сарын 19-ний өдөр гэсэн үг. Тэгэхэд би 20-нд өгсөн шүү дээ. Хамгийн гол нь баталсан өдрөөс хуулийг дагаж мөрдөнө гэдэг хамгийн аймшигтай учраас тэгж яарсан.
-Яагаад, Ерөнхийлөгч хориг тавих эсэх хугацааг тооцоогүй гэж үү?
-Өргөдөлд маань тодорхой байгаа л даа. УИХ-аас баталсан хууль нь зохисгүй байвал Ерөнхийлөгч бүтэн болон хэсэгчилсэн байдлаар хориг тавьж магадгүй. Хоригийг хууль батлагдаж, УИХ-ын дарга ёсчилсны дараа, хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тавьдаг. Гэтэл дээрх хуулийн өөрчлөлтүүд энэ заалттай зөрчилдөж байгаа. Мөн шүүх нийтлэгдээгүй хуулийг дагаж мөрдөхгүй гэсэн заалт Үндсэн хуульд бий. Тэгсэн нийтлэгдээгүй байхад нь бас л дагаж мөрдөнө гээд гаргаад ирэхээр тэрхүү заалтыг ч зөрчөөд байгаа биз.
Нөгөөх нь УИХ-аас хуулийг нийтлэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэчихсэн байдал Энэ заалтыг ч бас хэмжээг нь хэтрүүлж зөрчсөн. Өөрөөр заахдаа нөгөө хоёр заалтад хохирол үзүүлэхээр хэрэглэж байна.
-Хууль нь 19-нд батлагдаж, та 20-ны өдөр өргөдөл өгч, Цэц тухайн өдөр нь хэрэг үүсгэсэн гэхээр их яарч дээ?
-Нэгэнт ийм зөрчил гараад ирэхээр Цэц яарахаас аргагүй. Тэр хуулийг чинь хэрэгжүүл гэж байгаа шүү дээ. Хэрвээ шууд хэрэглээд явбал өөр бусад хуультайгаа зөрчилдөөд аюул болно. Тиймдээ УИХ-д тухайн хуулиудыг хэрэгжүүлэхгүй байхыг хүсье гэх утгатай бичиг илгээсэн юм билээ.
Үндсэндээ Үндсэн хууль зөрчсөн хуулийг хэрэгжүүлж болохгүй гэдэг санааг л агуулсан хэрэг. Тэгсэн УИХ-ын удирдлагуудын зүгээс өөрийнхөө хийгээгүй ажлуудыг хэлж Цэцийг буруутгах гэж байгаа бололтой. Тухайлбал, УИХ-ын дарга ёсчлоогүй, редакци уншаагүй байхад гэхчилэн тайлбарлаад байна. Энэ ажлуудыг УИХ-ын дарга хийдэг. Ерөнхийлөгч хэзээ ч хууль ёсчилдоггүй. Эдгээр үйл явц УИХ дээр дуусдаг.
-Энэ асуудал л Үндсэн хуулийн Цэцийн дарга хууль зөрчлөө гэдэг асуудлыг нийгэмд үүсгэчихлээ. УИХ-ын Тамгын газраас Дээд шүүхэд хандаж, хариуг хүлээн авч, одоо Ж.Амарсанааг огцруулах эсэхийг хэлэлцэнэ гэж байгаа?
-Нөгөө л хууль зөрчсөн ажиллагаа үргэлжилсээр байна.Тэгвэл хэн нь эхэлж хууль зөрчсөн бэ гэдгийг харах хэрэгтэй. Анхны зөрчлийг арилгаж, үгүй хийхийн тулд хүмүүс тайлбар хийсэн юм билээ.
Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд Цэцийн гишүүнийг өөрчлөх тухай асуудлыг ямар дарааллаар тавихыг тодорхой заагаад өгчисхөн. Эхлээд Цэц тухайн гишүүнийг санал оруулсан газарт нь буюу өнөөгийн нөхцөлд Дээд шүүхэд хандана.
Тэд бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж, санал хураагаад, олонхын саналын дагуу дараагийн хүнээ тодруулж, УИХ-д мэдэгддэг зарчимтай. Харин энэ удаа УИХ-ын Тамгын газраас бичиг очсон гээд байгаа. Хуульд зааснаар Тамгын газар Дээд шүүх рүү бичиг явуулах эрхгүй.
Мөн Дээд шүүхийн дарга нэгэнт бичиг очсон учраас хариу өгсөн.
Түүндээ “бидэнд энэ талаар санал байхгүй” гэсэн утга заасан. Ийм байхад Хууль зүйн Байнгын хороо бараг мушгин гуйвуулаад улстөрийнхөө хүсэл зоригт хөтлөгдөөд Дээд шүүх зөвшөөрчихлөө гэсэн утгаар хуралдаандаа хэлэлцээд бүр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болгочихсон. Энэ бүхэн чинь өөрөө маш том хууль бус үйлдэл.
-Хууль тогтоогчид хуулиа зөрчөөд байгааг л харуулаад байна аа даа?
-Төрийн эрх мэдлийг харилцан тэнцвэртэй, хяналттай байлгахын тулд хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, хууль, шүүхийн байгууллага гэж хуваадаг. Тэр утгаараа сонгуулиар хууль тогтоох байгууллага буюу манай УИХ хэсэг бүлэг хүний мэдэлд очно. Тэд чинь бас гүйцэтгэх засаглал буюу Засгийн газраа байгуулж, хяналтдаа авдаг.
Тэгвэл тэдний хяналтад байдаггүй ганц газар нь шүүх. Шүүх нь шударга ёсыг сахих манаач. Харамсалтай нь энэ манаачийг атгандаа авахын тулд л дээрх хуулийг баталж. Ардчиллын шударга ёсыг сахиулах баталгаа шүүх засаглалыг дарамтлаад эхэлвэл юу болох нь тодорхой. Хэрвээ тийм бол ардчилал гэж ярихаасаа ичих хэрэгтэй.
-Өнөөгийн эрх баригчид Цэцийг хүртэл эрхэндээ оруулах гэж байна гэсэн зүйлийг зарим улс төрч хэлж байгаа шүү дээ?
-Үндсэн хуулийн бус аргаар шүүхийг атгачихвал их буруу. Дэлхийн түүхэн дэх гутамшигт явдлуудыг харахад гаднаасаа ардчилсан маягаар авсан мэт боловч харгис диктатур тогтсон байдаг. Тэгэхээр сонор сэрэмжтэй хандах ёстой.
-Өмнө нь Цэц дээр энэ төрлийн маргаан хэр их байсан бол. Ингэж олны анхаарлыг татаж байсан тохиолдол бол өнөөгийн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас чөлөөлж байсан нь санагдах юм?
-Хэзээд, үргэлж наад захын хуулийн шаардлагуудыг биелүүлж байсан. Төлөөлөгчөө томилох, хариу тайлбараа хугацаанд нь өгөх зэргээр хуулиа дагаж мөрддөг байсан. Гэтэл одоо ядаж л энэ мэтчилэн хуульд заасан үйлдлийг ч хийхгүй байна.
Тиймээс надад хуулиар олгогдсон хариуцагч талын хариу тайлбартай эсэхээс үл хамааран асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлт гаргах эрх бий. Тэр ч утгаараа асуудлыг харж байгаад энэ хүсэлтээ өгнө. Цэц ч мөн шийдвэр гаргах эрхтэй.
Эх сурвалж:
"Өглөөний сонин"
No comments:
Post a Comment