Хуулийн салбарыг улс төрийн тоглоомын талбар болгох боломжийг нээчихлээ
Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүний нэг, МУИС-ийн зөвлөх профессор Ж.Бямбаатай ярилцлаа.
-Ярицлагаа УИХ, Үндсэн хуулийн Цэц хооронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар эхэлье. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Нэгдүгээрт, Цэц, УИХ хооронд үүссэн нөхцөл байдал уг нь хоёр хүний маргааны асуудал биш гэж би бодох юм. Монголын улс төрийн тогтолцоо ямар байх вэ гэдэг үзэл бодол эцэстээ улс төрийн тоглоом болоод хувирчихлаа. Хамгийн гол нь, Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг санаачлагч нь Х.Тэмүүжин байсан нь надад сонин санагдсан.
-Яагаад гэж?
-Х.Тэмүүжин бол Шүүхийн шинэтгэлийн багц хуулийг санаачилсан хүн. Миний мэдэхийн найман хуулийн цөм болсон нь Цэцэд очоод сөхөрсөн. Тэдгээр асуудал нь Үндсэн хуульд нийцээгүй, Үндсэн хуульд байгаагүй үг, санааг илэрхийлсэн гэсэн үг. Нэг ёсондоо Х.Тэмүүжин түүний баг нэлээд бярдаж байгаад бүдэрсэн хэрэг. Хүн хүч чадалтай болоод ирэхээрээ омогтой болдог. Намайг багшилж байхад Х.Тэмүүжин улс төр, онолын асуудал сонирхдог, сурлагадаа ч сайн оюутан байсан. Эрүү, эрхзүй сонирхож байсан эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан манай хүчтэй шавийн нэг гэж хардаг л байлаа. Тэр битгий хэл Монголын төрд их хэрэгтэй хүн болно гэж нэг бус удаа ярилцлага өгч явлаа. Сайд болоход нь ч бас буухад нь ч тэр. Хамгийн гол нь, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрүүд их үндэслэл сайтай, ойлгомжтой байх ёстой. Эрхзүйн, ердийн ухамсрын төвшинд ч бүрэн ойлголт өгөх ёстой. Гэтэл Цэцийн шийдвэрүүд ойлгомжгүй байна гэсэн яриа УИХ-аас байнга гардаг. Хуульчид бид болохоор ойлгоод байдаг юм. Ер нь Цэцийн шийдвэрийг жирийн төвшинд сайн ойлгосон тохиолдолд ямар нэгэн маргаан гарахгүй л дээ. Цэц гаргасан шийдвэрээ Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаад, хамгаалаад, мэтгэлцээд байх хууль зүйн үндэслэл байхгүй, ёс зүйн хувьд ч шаардлагагүй. Шийдвэрийнхээ үндэслэлийг гаргаад ирэхэд л болно шүү дээ.
Мэдээж Цэцийн шийдвэрийн үндэслэл тодорхой байх ёстой. Энэ нь тийм юм зөрчсөн байна гэхээсээ илүү ингэж зөрчсөн байна гэсэн үндэслэл. Тэр нь бүдэг учраас маргаан үүсээд байгаа юм болов уу гэж боддог. Бодит үндэслэл гэдгийг философийн докторууд бодит үнэн гэж хууль зүйн хэллэгт оруулсан. Гэхдээ тэр нь бодит үнэн биш. Учир нь, үнэн эцэслэн тогтоогдоггүй цаашаа эцэс төгсгөлгүй үргэлжлээд явдаг гэж тэд үздэг. Өөрөөр хэлбэл аливаа хэргийг үнэн зөв тогтоох боломжгүй гэсэн айхтар гаж ойлголтод хүргээд байгаа юм. Баримтыг үзээд энэ нь бодит юм байна гэх нь энгийн төвшний ойлголт. Түүнийгээ цааш нь хууль зүйн үүднээс үнэлнэ. Энэ бүрийг Цэцээр тайлбарлуулаад байдаг хүн манай УИХ-д бараг байхгүй гэж бодож байна. Ер нь УИХ-д олон түмний тархи толгойд сөрөг нөлөө үзүүлмээр үг унагадаг, хэлдэг, дайрдаг явдал олширсон. Асуудал тодорхой биш байхаар тайлбарлах шаардлага босч ирэх нь тодорхой.
-УИХ, Цэц хооронд бий болсон маргаан эргээд улс төрийн хэмжээнд тулчихлаа гэж ярих хүн байна?
-Үүнд дан ганц Цэцийг буруутгах хэрэггүй л дээ. Ямар нэгэн хэлбэрээр Үндсэн хуулийн зөрчил байгаа нь үнэн. Сая ипотекийн зээлийн асуудал шуугиан тарилаа. Үүнээс шалтгаалж найман хувийн зээлийг Цэц унагалаа гэж ихээхэн бичив. Үнэндээ Цэц тийм шийдвэр гаргаагүй. Банкинд тавьсан барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудлыг хууль тогтоогчид өөрсдийн нарийн ухаанаар зохицуулах ёстой. Гэтэл банкинд барьцаатай бол шүүхэд хандах эрх иргэнд байхгүй мэтээр Үндсэн хуулийн баталгаа алдагдуулсныг Цэц зөвшөөрөөгүй. Миний бодлоор харин ч Цэцийн дүгнэлт иргэдэд илүү боломж нээсэн. Учир нь, УИХ-ын хор шарыг хөдөлгөж байгаад найман хувийн хүүтэй зээлийг бүр багасгах тухай яриад эхлүүлчихлээ шүү дээ. Ипотекийн зээл хэдэн хувь байхыг шийддэг газар Цэц биш.
-Цэцийг УИХ-ын эсрэг байгууллага болчихсон гэж яриад байгаа шүү дээ?
-Цэцийн маргаан хянан шийдвэрлэх хуулийг УИХ-аас л баталсан. Маргаанд жирийн иргэд ч сайтар бэлтгэдэг. Шүүн шийдвэрлэх хамгийн дээд байгууллагад хандаж байгаа юм болохоор мэтгэлцэх, асуулт тавихдаа их нарийн байдаг. Харин манай УИХ үл тоомсорлодог ч юм уу тэрхүү иргэд шиг байж чаддаггүй байгаа юм. Уг нь шүүхийн өмнө хэн ч эн тэнцүү байх ёстой. Гэтэл УИХ яагаад ч юм яаж ч болно гэсэн байдалтай байх юм. Байнгын хорооны дарга нь хүртэл Цэцийн хуралдаанд очоогүй мэтгэлцээнгүй хурал болж байсан тохиолдол бий. Ингэдэг хэр нь Цэц манай эсрэг байгууллага болчихлоо гэж ярьж болохгүй. Жишээ нь, Цэцийн хуралдаанд Х.Тэмүүжингийн тайлбарыг сонсож л байсан. Тэгэхэд мэтгэлцээн гэхээсээ сургамжилсан, үл тоосон байдал гаргаад байгаа юм шиг ажиглагдаж байсан. Ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулдаггүй юм гэж ярьж байх жишээний. Ийм маягаар Цэцэд хандаж болохгүй л дээ.
-Цэцийн даргын эгүүлэн татах тухай албан бичгийг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Дээд шүүхэд хүргүүлсэн юм билээ. Тийм эрхзүйн үндэслэл манай хуульд байдаг юм уу?
-Асуудлыг УИХ руу хууль журмын дагуу санал болгож оруулаагүйг Цэцийн дарга өөрөө хэлсэн байна лээ. Хоёрдугаарт, Цэц хуралдаагүй. Тэгэхэд хууль зүйн биш үндэслэлээр шийдэх нь буруу. Үүгээрээ манай хуулийн салбарыг улс төрийн талбар, тоглоом болгох боломжийг нээчихлээ, гэж би хэлээд байгаа юм.
-Өмнө нь ийм тохиолдолд гарч байв уу. Таныг Цэцийн байх үед ч юм уу?
-Тийм юм гарч байгаагүй. Цэц, УИХ хоёр хоорондоо хүндэтгэлтэй ханддаг байсан. Одоогийн өрнөж байгаа үйл явдлаас харахад манай хуульчид улс төрд маш их нөлөөтэй болж байгаа юм байна.
-Цэцийн гишүүний насыг 65 байхаар босго тогтоосныг юу гэж харж байгаа вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд гишүүдийн доод нас гэсэн болохоос дээд насыг тогтоогоогүй. Дээд насны хязгаарыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг нь үнэндээ эргэлзээтэй. Үндсэн хуульд нас заасан цөөхөн субъект байдаг. Энэ нь ёс суртахуун, хууль эрхзүйд давхар үндэслэдэг заалтууд.
-Элдэв улс төрийн шийдлээр амбийц хөөдөггүй, "хий нь гарчихсан" хүмүүсийг томилдог гаднын орнуудын жишиг байдаг юм билээ. Та тэр тухай хэлээд байна уу?
-Цэцийн гишүүдийг Ерөнхийлөгч, Дээд шүүх, УИХ-аас нэр дэвшүүлж томилдог. Эдгээр хийгүй байгууллагууд нэр дэвшүүлэх хүнээ өөрсдөө мэдэх ёстой. Тэр тусмаа эгүүлэн татдаг журам нь хүртэл тодорхой байх ёстой. Зүгээр л Цэцэд гомдсон уур омогноосоо биш эгүүлэн татдаг хуульчлагдсан журмаа баримталдаг байвал ард түмэнд ойлгомжтой болно. Тэгэхгүйгээр хуульчдын хоорондох хагаралдаанаар асуудлыг шийдэж болохгүй. Сүүлдээ манай хуульд туршлага гэж зүйл байдаггүй юм гэж ярьж эхэллээ. Байлгүй л яах вэ. Ж.Амарсанаа, Н.Жанцан нарын тухайд үнэхээр амьдралын тогоонд чанагдсан гишүүд.Иргэн Д.Ламжав “Цэцийн гишүүн болно гэдэг бол их хэцүү шалгуур шүү” гэж ярилцлага өгсөн байна лээ. УИХ-ын гишүүн болоход Ц.Нямдоржийн хэлдгээр оймсонд хавчуулагдаад орж ирж болдог юм байна. Гэтэл Цэцэд тэгж болохгүй. Хэрвээ улстөржүүлэх юм бол оймсонд хавчуулагдах нь байтугай оймсонд наалдсан гишүүд Цэц рүү орно. Цэц эх толгойгүй ч болж магадгүй. Бие даасан байдалгүй болно. Улс төрийн тооцооны асуудал хууль эрхзүйтэй холилдоод ирэхээр янз бүрийн байдлаар Дээд шүүхээс эхлүүлээд ямар нэгэн шүүхийн насны хязгаарыг багасгана. Хууль зүйн гэхээсээ улс төрийн үүднээс хандаж эхэлнэ. Манай шүүх бол хамгийн эмзэг байгууллага. Тэгэхээр бүх насаараа шүүхэд ажилласан хүмүүсийг элдвээр өөрчлөөд эхэлбэл яана. Ялангуяа Дээд шүүхэд халдвал яах вэ. Хаанаас, хэнээс санал болгосон баталсан хүн гараад ирэв гэж ирээд л. Насны хязгаарыг нь багасгаад эхэлбэл аюултай. Тийм учраас Цэцийн дарга, гишүүдийн асуудлыг улс төр, хууль эрхзүй, дэлхийн жишигтэй нь нийцүүлж шийдвэрлэх нь чухал.
Эх сурвалж:
"Үндэсний шуудан" сонин
No comments:
Post a Comment