Үндсэн хуулийн халдашгүй байдал бол ардчиллын гол ололт
Монгол Улсад анхны ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоотой ярилцлаа.
-Дэлхийн улс орнуудад Үндсэн хуулийн халдашгүй байдлыг хэрхэн хангасан байдаг юм бэ?
-Үндсэн хуулиар тунхагласан үзэл санаа, бодлого, үнэт зүйл, зарчмыг бодит амьдралд хэрэгжүүлэх нь өөрөө Үндсэн хуулийн эрхэм, туйлын зорилго байдаг. Тийм болохоор Үндсэн хууль тухайн улс орны оршин тогтнож байгаа тэр цаг хугацаанд үйлчилдэг урт хугацааны бодлогын баримт бичиг юм. Энэ бодлогын баримт бичгийг хэрэгжих явц дунд нь өөрчлөхийг нэг их дэмждэггүй, улс орнуудад. Бодлогын баримт бичиг хэрэгжээд явах ёстой. Үүнийг хэрэгжүүлж ажиллах ёстой гэж үздэг. Тэр утгаар нь аливаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд улс орнууд өндөр босго тавьж ирсэн түүхтэй. Бодлогын баримт бичгийг ойр ойрхон өөрчлөөд байвал нөгөө бодлого чинь хэрэгжихээ больчихно. Тийм болохоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ардчилал өндөр хөгжсөн улс орнууд маш нарийвчилсан зохицуулалт, дэг журам тогтоож, Үндсэн хуулийнхаа халдашгүй байдлыг хамгаалж ирсэн түүхтэй. Ер нь дэлхийн улс төрийн түүх, улс орнуудын түүхээс харахад Үндсэн хуулийг дур зоргийн шинжтэй өөрчлөлтүүдээс, Үндсэн хуулийг өөрийнх нь суурь үзэл баримтлал, үндсэн зарчмыг дордуулсан, гажуудуулсан, дур зоргын нэмэлт, өөрчлөлтөөс зайлшгүй хамгаалах шаардлагатай байдаг нь нотлогдсон зүйл. Гэхдээ зайлшгүй өөрчлөх шаардлага гарвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг улс орнууд хэрхэн зохицуулсан байдгийг дэлхийн төвшинд судалсан судлаач бол АНУ-ын нэрт эрдэмтэн Аренд Лийпхарт гэдэг хүн байгаа юм. Энэ хүн дэлхийн 36 орны Үндсэн хуульд судалгаа хийсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах босго, Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтууд, шүүхийн хяналт зэргийг судалж үзээд үндсэн дөрвөн бүлэг болгож Үндсэн хуулийн халдашгүй байдлын индексийн төвшинг гаргаж ирсэн. Үндсэн хуулийн халдашгүй байдлын индекс нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэрхэн саналын олонхиор шийдвэрлэж байгааг үндэс болгосон байдаг. Жишээлбэл, Үндсэн хуулийг олонхийн саналын гурван янзын түвшинд өөрчилдөг байна. Нэгдүгээрт, ердийн олонхиор өөрчилдөг улс орнууд байна. Маш хялбархан өөрчилчихдөг. Хоёрдугаарт нь гуравны хоёрын олонхиор өөрчилдөг улс орнууд. Гуравдугаарт гуравны хоёроос дээш супер олонхийн саналаар өөрчилдөг улс орнууд байна. Ингэж үндсэн гурван түвшинд хуваагаад гуравны хоёроор өөрчилдөг улс орнуудыг дотор нь хоёр хуваасан. Гуравны хоёрыг ердийн олонхи, түүнээс олонхи гээд ангилсан. Судлаач зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа саналын хувь хэмжээг дан ганц үндэслэл болгоогүй юм. Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой олон янзын эрх зүйн зохицуулалтуудыг тухайн орны Үндсэн хууль болон бусад хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой ямар зохицуулалтууд байна вэ гэдгийг харгалзаж үзсэн байгаа юм.
-Үндсэн хуулийн индекс нь тухайн улс орны хөгжилтэй хэрхэн уялдаж байдаг юм бол?
-Судалгаанаас харахад ардчилал өндөр хөгжсөн АНУ, Герман, Австрали, Канад, Япон, Швейцар гэсэн таван улсын Үндсэн хууль илүү халдашгүй шинж чанартай. Өөрчлөх гэдэг хатуу бөгөөд Үндсэн хуулийн бодлого нь тогтвортой хэрэгждэг гэсэн үг. АНУ-ын Үндсэн хууль хамгийн хатууд орно. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд Сенат болон төлөөлөгчдийн танхимын гуравны хоёрын саналыг авах шаардлагатай. Дээрээс нь нийт муж улсын дөрөвний гуравын дэмжлэгийг авсан байх шаардлагатай. Мөн Австрали, Швейцарь зэрэг улс орнуудад ард нийтийн санал асуулгаар сонгогчдын саналыг авна. Бас нийт орон нутаг, муж, кантоны дийлэнхэд нь дэмжлэг авсан байх ёстой. Үндсэн хуулийг зөвхөн парламент биш ард нийтийнх санал асуулга, дээрээс нь орон нутгийн хурлуудын саналыг авч байж өөрчилдөг. Аренд Лийпхартын гаргасан дүгнэлтээр бол Үндсэн хуулийн халдашгүй байдлын индексийн дундаж нь [2.6] байна. Дэлхийн олонхи улс орнууд Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг гуравны хоёрын олонхийн төвшинд шийдвэрлэж байна.
-Үндсэн хуулийн халдашгүй байдлын индекс Монголд ямар байна вэ?
-Үндсэн хуулийн халдашгүй байдлын индекс гэдэг зүйл Монгол дээр буувал ямар байх вэ гэдгийг харьцуулж харсан. Хамгийн нэгдүгээрт манай Үндсэн хуулийг ердийн олонхиор өөрчлөх боломжгүй, супер олонхиор өөрчлөх өндөр босготой. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн дөрөвний гурваас доошгүй саналаар батална гэдэг бол маш өндөр босго. Мөн ирц нь дээр дөрөвний гурав гээд маш өндөр босго тавьсан. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ хоёр удаа хэлэлцээд дөрөвний гурваас доошгүй санал авч чадахгүй бол тухайн УИХ уг төслийг дахин авч хэлэлцэхгүй. УИХ-ын ээлжит сонгууль явуулахаас өмнө зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй. Энэ бол Үндсэн хуулийн халдашгүй шинж. Мөн ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь саналаар дэмжих ёстой. Санал асуулгаар иргэдийн олонхи хуулийг дэмжвэл тухайн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанд тооцдог. УИХ нэмэлт, өөрчлөлт, засвар хийхгүй. Үндсэн хуулийн Цэц хянахгүй. Энэ нь Үндсэн хууль бол ард нийтийн хүсэл зориг юм гэдгийг харуулж байгаа. Мөн Үндсэн хуулийн шүүхийн хяналт бол Үндсэн хуулийн халдашгүй байдлын баталгаа болж байгаа. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих түүнийг чандлан сахиулах баталгаа мөн гэж заасан.
-Эдгээр нь Үндсэн хуульд өөрт нь тусгагдсан хамгаалалтын зохицуулалтууд байх. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тусгай хууль баталсан шүү дээ?
-2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудалд илүү нарийн, дэг журамтай хэм хэмжээг мөрдөх болсон. Энэ хууль гарах болсон зайлшгүй шалтгаан байгаа. Тэр нь анхны нэмэлт, өөрчлөлтөөс болсон юм. 1999 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн бариад маргааш нь баталж байсан туршлага бий. Монгол Улс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар маш олон зохицуулалтыг дээрх хуулиар хийж өгсөн. Үндсэн хуульд оруулах нэмэлт гэж юуг хэлэх, өөрчлөлт гэж юуг ойлгох вэ гэдгийг зааж өгсөн. Нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл баримтлалыг хөндөхгүй. Мөн Үндсэн хуулийн 70 зүйлийн 35-аас дээш хувьд өөрчлөлт, нэмэлт оруулбал нэмэлт, өөрчлөлт биш шинэчилсэн найруулга болно. Үндсэн хуулиар ард түмэн нэгэнт сонгож баталгаажуулсан суурь үзэл баримтлал бүхий 22 зүйл, 15 хэсэгт өөрчлөлт оруулахгүй гэдгийг хуульчилсан. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт нэгэнт оруулсан бол тухайн асуудалд найман жилийн дотор дахин нэмэлт, өөрчлөлт оруулахгүй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг үгүйсгэсэн, хүний эрх, эрх чөлөөг дордуулсан байж болохгүй. Мөн хууль санаачлах эрх бүхий этгээдийн хувьд Үндсэн хуульд ямар чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах эрхгүй вэ гэдгийг хуульчилсан. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлахдаа өөр өөрсдийн бүрэн эрхийг өргөтгөх, үүрэг хариуцлагыг сулруулах, эрхийн хугацааг сунгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлахгүй гэсэн үг. УИХ төслийг хүлээн авсны дараа нэг сарын дотор хэлэлцэж эхэлнэ, хэлэлцэж эхэлсэн бол заавал гурван шатны хэлэлцүүлгээр батална, эцсийн шийдвэрээ гаргатал өөр хуулийн төсөл хэлэлцэхгүй гэх мэт заалтууд бий. Монгол Улс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар бол Үндсэн хуулийн болон бие даасан хуулийн маш тодорхой шинэлэг, нарийн зохицуулалттай улс. Үндсэн хуулийн халдашгүй байдлыг маш сайн баталгаажуулсан улсын тоонд орж байна. Монгол улсын Үндсэн хуулийн халдашгүй байдал бол Монголын ардчиллын томоохон гол ололт, амжилтын нэг юм.
Эх сурвалж:
Г.СОНИНБАЯР
Ардын эрх
No comments:
Post a Comment