Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг зогсоох ёсгүй
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эдийн засгийн хувьд нээлттэй, нийгмийн хувьд Ардчилсан болж өөрчлөгдсөн тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгсөн юм. Үндсэн хууль хүний шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалсан байдаг. Мөн Монгол Улсын төрийн байгуулалтыг тодорхой болгож зохицуулсан байдаг билээ. Харин сүүлийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал өргөн хүрээнд яригдах болсон. Энэ асуудалтай холбогдуулан Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас зарим зүйлийг тодрууллаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж ярьдаг ч одоогийн парламент энэ сэдвийг илүү гүн хөндлөө гэж бодож байна. Үнэхээр өөрчлөлт оруулах цаг нь болсон, эсвэл Үндсэн хууль үүргээ гүйцэтгээд дууссан ч гэж олон талаас нь тайлбарлаж байна. Та асуудалд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Гэхдээ энэ хууль үүргээ гүйцэтгээд дууссан, цоо шинэ Үндсэн хууль хэрэгтэй гэвэл түүн шиг буруу зүйл байхгүй л дээ. Харин Үндсэн хуулийн зарим зүйлийг тодруулах, ойлгомжтой болгох зүйлс бий юу гэвэл, тийм. Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш 24 жил өнгөрсөн. Мэдээж энэ хугацаанд Үндсэн хуультай зөрчилдөх, өөрчилж найруулах зүйлс цагийн аясаар гарч ирсэн. Тиймээс зарим зүйлд л өөрчлөлт оруулах тухай ярина уу гэхээс, Үндсэн хуульд бүхэлд нь хүрч мэдээж болохгүй.
-Ардчилсан Үндсэн хууль батлагдан гарснаас хойш 24, харин өөрчлөлт оруулснаас хойш 16 жил өнгөрсөн. Энэ хугацаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зарим зүйлсийг томъёолж өгчээ гэж ойлгох нь. Харин тэдгээр нь яг юу вэ?
-Энэ хуулийн амин сүнс болсон ардчиллын зарчмууд, хүний эрхүүд, ардчилсан төрийн үндсэн шинжүүд, нийгэм төрийн байгууламжууд, эдийн засгийн тогтолцоо, түүнтэй холбоотой эрх, эрх чөлөө гээд ярих юм бол энэ мөнхийн өөрчлөгдөхгүй зүйлс. Ер нь бол, өөрчлөх гээд байгаа гол зүйлс нь төрийн тогтолцоотой холбоотой хэдхэн зүйл л байгаа шүү дээ.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг дэмжиж байгаа юу. Агуулгатай нь хэр санал нийлж байгаа вэ?
-Үндсэн хуульд байгаа зарим асуудлыг хуулийн төсөл хөндөх нь хөндсөн. Харин хөндөх үү гэдэг нь өөр асуудал. Одоо цаг дээр мэдрэгдэж байгаагаар засаглалын хоёрдмол байдлаас гарах шаардлага бий. Жишээ нь, нэг нам сонгуульд ялаад хөтөлбөр дэвшүүлээд гараад ирдэг. Гэтэл жилийн дараа нэг Ерөнхийлөгч тэс өөр хөтөлбөрөөр сонгуульд өрсөлдөөд ялж болно. Гэтэл энэ өөрөө зөрчил үүсгэж байгаа хэрэг. Ингэснээр Засгийн газар, УИХ-тай зөрчилддөг. Энэ нь хувь хүний зөрчил ч юм шиг харагдаад, эсвэл магадгүй хувь хүний зөрчил болж хувираад бэрхшээл учруулж байгаа. Тиймээс засаглалын хэлбэрийг тодорхой болгох асуудал өөрөө зарчмын асуудал болж байгаа юм.
-Яг юу гэж ойлгох вэ. Ерөнхийлөгчийн эрх мэдэл их байна гэж хэлж байна гэж ойлгох уу?
-Ерөнхийлөгчөө дагасан Гүйцэтгэх засаглалтай болох уу эсвэл Засгийн газрын тэргүүн нь гол эрх мэдлээ төвлөрүүлсэн субъект байх уу гэдгийг шийдвэрлэх цаг зарим талаараа болчихоод байгаа л гэж байгаа юм. Анх УИХ-д өргөн барьсан Ардчилсан Үндсэн хуулийн анхны төсөлд тусгаснаар бол парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд нийт ард түмнээр санал хураалгуулахаар заасан байсан. Ингээд хамгийн олон санал авсан хоёр хүнийг УИХ-аар хэлэлцэж, нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийг тодруулна гэсэн зарчимтай байсан л даа. Тухайн үед 400 гаруй депутат Төрийн тэргүүнийг сонгох эрхийг ард түмнээс авч болохгүй гэж байсан. Санал хураалтаар Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгоно гэсэн нь дэмжигдсэн юм. Ингээд нийт ард түмнээс парламент дагасан Гүйцэтгэх засаглал болоод Ерөнхийлөгч гэсэн хоёр засаглал ганцхан жилийн зайтай гарч ирж байгаа юм.
-Аль нь үр ашигтай механизм бэ?
-Аль аль нь үр ашигтай механизм гэдэг нь дэлхий нийтийн жишгээс харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хүчтэй Ерөнхийлөгчтэй эсвэл хүчтэй парламенттай улс орнууд олон байна. Харин алийг нь сонгох вэ гэдэг нь манай улс төрийн сонголтын асуудал. Түүнээс аль, аль ч үгүй байгаад дунд нь төрийн дээд түвшинд хэрүүл үүсгээд хэрэггүй л гэж байгаа юм. Монгол орны нөхцөлд аль нь хэрэгтэй вэ, гэдгийг тал талаасаа ярилцаад л шийдэх ёстой.
-Энэ асуудал дээр нам болоод гишүүдийн хандлага ямар байгаа бол. Мэдрэгдэж байна уу?
-Тэрийг бол хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадахгүй нь ойлгомжтой болсон. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг зогсоохгүй үргэлжлүүлээд, дараагийн парламент хэлэлцэн батлах хэмжээнд ч юм уу үргэлжлүүлэх ёстой л гэж бодож байгаа.
Тэгэхгүй энэ сэдэв хаагдчихвал, ойрын хэдэн жил дахин Үндсэн хуулийн өөрчлөлт гэж ярих эрхгүй болно. Өөрөөр бол асуудал байсаар л байх болно шүү дээ.
Эх сурвалж:
Б.ШИРНЭН
No comments:
Post a Comment