Tuesday, January 12, 2016

Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах - 2015.01.08

Үндсэн хууль бол программчилсан төлөвлөгөө биш

Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 23 жилийн ой энэ сард тохиох тул уг хуулийг батлахад гар бие оролцсон нэгэн эрхэмтэй уулзлаа. Д.Мандах нь 2007 онд байгуулагдсан Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэх захирлаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажиллаж байгаа юм.

-Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо багагүй хугацаанд үйл ажиллагаа явууллаа. Жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр депутатуудын уулзалтаас эхлээд арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил ямар ажил төлөвлөсөн бэ?
-Үндсэн хуулиа сурталчлах, хууль бус халдлагаас хамгаалах л зорилгоор манай депутатууд нэгдсэн юм. Холбоо маань депутатуудаа харж хандаж, амьдралд нь тусалж дэмжих чиглэлээр ажилладаг. Үндсэн хуулийн өдрөө тохиолдуулж өнгөрсөн 22 жилийн хугацаанд бидний баталсан хууль маань ямар болж, хэрхэн үйлчлэв, үр дүн юу болов, сайн саар тал юу вэ гэдгийг хамт олон, депутатуудаараа хэлэлцье гээд чуулган зохион байгуулахаар төлөвлөсөн. Өөр өөр ойлгоцоор хуулийг янз бүрээр, хэлж тайлбарлах болсон. Дордуулсан долоон өөрчлөлт гэх юм уу, Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчилье гэхчлэн. Ийм учраас ойлголт, баримтлалаа нэгтгэх үүднээс чуулган хийж байгаа юм. Мэдээж чуулганд хийсэн ажлаа тайлагнаж, илтгэл айлтгалаа тавина. Нөгөөтэйгүүр үндсэн хууль тогтоогчдын бүрэн оролцоо идэвхжиж, төр засаг дэмжиж, энэ жилийн Үндсэн хуулийн өдрийн арга хэмжээ төлөвлөсөн ёсоор сайхан болох нь.

-22 жилийн турш дагаж мөрдсөн энэ Үндсэн хуульд өнөөдөр хөнгөн хуумгай, амны зоргоор хандах нь ихэслээ. Үнэхээр тийм хөнгөхөн хийчихсэн ажил биш, хялбархан баталсан зүйл биш л баймаар.
-Нэг талдаа хуулиа өөрчилье гэж яриад байдаг нь түрүүчийн гурван Үндсэн хуультай холбоотой байх. Тэдгээр нь хөгжлийн зам чиг заасан, програмчилсан төлөвлөгөө маягтай байсан юм. Жишээ нь, 1960 оны хуульд коммунизмын материал, техникийн бааз байгуулна гэж. Харин 1992 онд бидний баталсан Үндсэн хууль нь шинэ цаг үед гарсан гэдгээрээ өөр юм. Тухайн үедээ дэлхийн хөгжлийн жишиг, нөхцөл байдлаас хамаарч Монгол орон өөрсдийнхөө хөгжлийн чиг хандлагаа өөрчилсөн, эрх чөлөөт, ардчилсан нийгэмд шилжээд байсан тийм үед гарсан хууль. Ийм том шилжилт, өөрчлөлтийг хууль эрхзүйн хувьд баталгаажуулж, тэр дундаа ардчилсан зарчмаар төр засаг, иргэд хоорондын харилцааг зохицуулахаар зааж өгсөн. Олон жил үйлчлэх хүч чадалтай хууль болсон шүү. 430 депутат баталсан ч гэлээ дэлхийн төрт ёсны уламжлал, бусад орны Үндсэн хуулиуд, манай эрдэмтэн мэргэд, алдартай хуульчид оролцож, ард иргэдийг өргөнөөр хамарсан санал аваад, ахин дахин засч, сайжруулсны эцэст баталсан юм. Тэр бүү хэл Улсын бага хурал хоёр ч удаа хэлэлцэж байж жагссан сайхан материал бэлэн болж байлаа. Депутатууд нийт 76 хоног хэлэлцэж батлахдаа Үндсэн хуулийн өгүүлбэр бүрээр, үг бүрийг, цэг таслал болгоноор маш ажил хэрэгчээр хандаж ажилласныг хэлэх хэрэгтэй. Тэр 430 депутат Монгол Улсын газар бүрээс ирсэн лидерүүд байсан болохоор аль нэг намаас сонгогдсон хүмүүсээс илүү ард түмний төлөөлөл болж чадсан байх. Тэгээд ч энэ хүмүүс ард түмний итгэл, даалгаврыг биелүүлэх ёстой, улс орны өмнө тулгарсан шилжилтийг баталгаажуулж, ололтоо хадгалах баталгааг бид л гаргах хэрэгтэй гэж бодож, сэтгэж, үүрэг хэмээн ухамсарлаж байсан. Тийм өндөр ухамсрын дор маш ажил хэрэгчээр, няхуур хандсан юм. Энэ өгүүлбэр чинь тийм сөрөг нөлөөтэй, буруу ойлгогдох үг байна гээд л ярилцаж, зөвлөлдөлгүй баталсан зүйл гэж байхгүй.

-Одоо гарч буй шүүмжлэлүүдийг юу гэх вэ?
-Энэ гажуудал бол хуулиа судлаагүй байж, мэдээгүй мөртлөө болохгүй бүхнийг Үндсэн хууль руу түлхдэг хандлага бий болоод буйн илрэл. Гэхдээ бүгд ийм биш шүү, дутагдлын нэг тал нь л энэ. Манай холбоо үүнийг анхаарч хуулиа сурталчлах, таниулахад их ажиллаж байгаа. УИХ-ын Тамгын газартай хамтарч Үндсэн хуулиа бүлэг бүрээр сурталчилгаа явуулсан юм. Үүний үр дүнд сурталчилгааны сайхан бааз материал бүрдсэн. Хоёрдугаарт, иргэдийн Үндсэн хуулийн талаарх ойлголт мэдлэгийг гүнзгийрүүлсэн гэж үзэж байгаа. Ингэснээр энэ эх хуулиа өөрчилье, сольё гэхийг нь багасгасан болов уу. Ирэх жилээс энэ ажлаа улам сайжруулж хийхээр төлөвлөсөн. Нэг заалт, үгийг яагаад энд сонгож оруулсан бэ гэдгийг тухайн үед батлалцаж байсан эрдэмтдээр тайлбарлуулах юм.

-Үндсэн хуульд 14 жилийн өмнө баталсан долоон өөрчлөлтийн талаар та ямар бодолтой байдаг вэ. Дордуулсан гэж ярьдаг шүү дээ.
-Долоон өөрчлөлт гэдгийг хүмүүс янз бүрээр хэлдэг, үүнээс л шалтгаалж хууль болохгүй байна гэдэг юм. Үүнээс болсноос ч өөр үггүй л дээ. Яагаад гэхээр тэр заалтууд уг хуулийнхаа 20 орчим заалтыг зөрччихсөн. Угаасаа хууль өргөн барих, батлах тэр зарчмуудыг дандаа гажуудуулсан. Хамгийн тод жишээ нь 1999 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барихдаа зарчмаа зөрччихсөн байдаг. Тэгэхээр нь Ерөнхийлөгч хориг тавиад, Үндсэн хуулийн цэц дунд болон их суудлын хурлаараа авч хэлэлцээд үүнийг хүчингүй болгосон. Сайн хэрэг. Энэ өөрчлөлт нь хүчингүй ээ, 1992 оны анхны баталсан хууль хэвээрээ хэрэгжинэ гээд тогтоол гаргасан, эцсийн шийдвэр юм. Гэтэл 2000 онд шинэ УИХ өнөөх өөрчлөлтийг дахиж өргөн бариад, парламентаар баталчихсан. Үүнийг аваад үзэхээр өргөн барьсан нь буруу байдаг юм.

-Юу нь тэр вэ?
-Энэ хуулийн өөрчлөлтийг өргөн барих эрхтэй субъект нь Үндсэн хуулийн цэц юм л даа. Гэтэл Жасрай гуайн нэртэй бланкан дээр тухайн үеийн МАХН-ын гишүүд гарын үсгээ зураад л өргөн барьчихсан. Баталчихсан. Хэдийгээр үүнд Үндсэн хуулийн цэцээс, Ерөнхийлөгчөөс саналаа өг гэж асуусан ч тэд хоёулаа татгалзсан санал өгсөн байдаг юм. Тэгэхээс ч өөр аргагүй. Даанч хүчээр баталчихсан юм. Парламентаар баталсных нь дараа Ерөнхийлөгч хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй. Одоо үүнийг засах боломжтой хоёр гаргалгаа бий. Нэг бол Үндсэн хуулийн цэц 1999 онд гаргасан манай шийдвэр хүчинтэй гэж хэлэх ёстой. Үгүй гэвэл их суудлын хурлаа дахин хийж долоон өөрчлөлтийг хүчингүй ээ гэж дүгнэлт гаргах хэрэгтэй байгаа юм. Энэ чиглэлээр манай холбоо Үндсэн хуулийн цэцтэй олон удаа ярьсан, хөндий хоосон ярихаасаа илүү хамтарч ажиллахад, ойлголцоход ахиц гаргахуйц нэлээд өргөн уулзалтууд хийсэн. Одоо Цэц нэг гишүүндээ өөрчлөлтийн тухай асуудлыг хариуцуулаад ажиллаж байгаа. Тэдний зүгээс хандлага нь зөв юм л даа. Гэвч бид түүнд нь ханаад, зүгээр сууж болохгүй. Цэц өөрчлөлтөө өргөн барихгүй, энэ хэвээр яваад л байвал бид бүх ард түмэндээ хандана гээд янз бүрээр шахдаг. Энэ жилийн чуулгандаа ч гэсэн үүнийг хатуухан хэлж, шүүмжилнэ.

-Тэр долоон өөрчлөлтийн гол гор нь юу юм бэ?
-Төр засгийн хуваарилалтын зарчим, төрийн байгуулалтын болон төр жолоодох зарчмыг л алдагдуулсан. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх засаглал гээд энэ дөрвийн хэн юу хийхийг, харилцан уялдаатай яаж ажиллахыг заасан бат бэх, нэг цул юм хуульд зоосон байлаа. Гэтэл өөрчлөлтөөр тэр цул зүйлийг эвдээд, Ерөнхийлөгчийн эрхийг сулруулчихсан. УИХ гэхэд 60 хувийн ирцтэй, дийлэнх олонхоороо хэлэлцэж, чамбай хууль баталдаг байтал одоо 20 гаруй гишүүн суугаад л хууль баталчихаад байна. Парламент жилд 75 хоног хуралдах байсныг сулруулаад 50 хурал болгочихсон. Тийм учраас долоон өөрчлөлтөө болиулж үзье гэж байгаа юм.

-Хуулийн долоон өөрчлөлтийг засч залруулаад явах тухай санал хэллээ. Тийм боломж бий гэж та үзэж байна уу?
-Байлгүй яахав. Ерөнхий сайдыг томилоход Ерөнхийлөгч асар их эрхтэй байсныг хязгаарласан. 2000 оны өөрчлөлтийг оруулсны дараа Үндсэн хуулийн цэц санал өгөөгүй байдаг. Одоо Цэц асуудлыг сөхөж тавиад гаргаад ирэхэд болохгүй зүйл байхгүй юм. Тэгсэн хэрнээ Цэцийн зарим гишүүн бид үүргээ гүйцэтгэсэн гэж ярьдаг. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болохгүй. Тэр хүн чинь нэг халааснаасаа би ийм зүйл хийж болно оо гэсэн зөвшөөрөл гаргаж ирээд, нөгөө гараараа болохгүй ээ, үүнийг чинь хянана гэсэн бичиг гаргаж тавих болчихоод байгаа юм. Үүнийгээ өөрчлөөд дахиж нэг хэсэгтээ хөндөлгүй орхих хэрэгтэй. Гэхдээ сүүлд нь УИХ Үндсэн хуулийг өөрчлөхдөө бүтэц бүрэлдэхүүнийг хөндөж болохгүй гэх хууль гаргачихсан. Тэгэхээр үндсэн хуулийг тийм амар өөрчилж болохгүй болчихоод байгаа. Буцаагаад хуучин байснаар нь болгоод дахиж өөрчлөхгүй урт хугацаанд харъя гэсэн юм. Үндсэн хууль бол програмчилсан төлөвлөгөө биш.

-Үндсэн хуулийн өгүүлбэр бүр нь цаанаа нэг том хууль болохуйц тийм өргөн хүрээтэй гэж ярьдаг.
-Хөдөө орон нутгийн иргэд аймгийн төвийг хот гэх үү, сум гэх үү эргэлзээтэй байна гэдэг. Жишээ нь, Хэнтий аймгийн төв Чингис хот уу, Чингис сум уу. Үндсэн хуульд л өөрчлөлт оруулахгүй бол болохгүй нь гээд. Шийдэл нь тун энгийн юм. Үндсэн хуульд “Хотын үйл ажиллагааг тусдаа хуулиар зохицуулна” гээд заачихсан учраас Хотын тухай хуулиа л тодорхой болгож, батлах хэрэгтэй гэсэн үг. Хууль урт хугацаанд үйлчилж байх ёстой шүү дээ.

-Одоо яриад буй засаглалын хямрал руу Үндсэн хуулийн долоон өөрчлөлт хөтөлчихжээ гээд хэлчихэд болох уу?
-Хэн хэн нь өөрийн үүргээ гүйцэтгээд явах ёстой. Эрх зүйт төрийн зарчим бол хуульд захирагдах явдал. Үндсэн хуулийн өөрчлөх зүйлүүдээ бүх ард түмнээр хэлэлцүүлэх нь маш чухал. Ялангуяа төрийн бүтэц, байгуулалтын өөрчлөлтийг ард түмнээрээ заавал хэлэлцүүлэх ёстой.
Бид ярилцаад Үндсэн хуулийн судалгааны цогцолбор байгуулъя гэсэн. Хүннүгийн үеэс эхлээд одоогийн хуулиудаа багтаасан байгууламж. Америкийн алдартай хуулийг холбогдох байгууллагатай ярилцаад булан байгуулж, түүгээрээ дэмжлэг авахаар ярилцаж байгаа. Үндсэн хуулийн өвийн тухай хууль гэж АНУ-д байдаг. Түүн шиг хуулиа сурталчилъя, тайлбарлая гэхэд бодитоор үзэх, харах юм алга. Тэр нь ганц багана байх нэг хэрэг, бүтэн цогцолбор байвал өөр шүү дээ. Тийм учраас хуулийн үзэл баримтлалыг боловсруулаад депутатуудын санал хүсэлтийг авчихаад өргөн барина. Хуулиа судалж, сурталчлах, төрт ёсоо хүндлэх дээдлэхэд нөлөөлөх зүйл болгох л гэж бодож санаж байгаа юм.

-Ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцаж байсан депутатууд чуулганд ирж хуулийнхаа талаар ярилцана гэлээ. 13-нд болох ойн үйл ажиллагаанд хэд нь оролцохоор байгаа вэ?
-Эдийн засаг хүндхэн байгаа учраас хөдөөний депутатуудаа дуудаж түвэг удахаа больё гэсэн. Аймаг, хотын бүлгүүдийн ахлагчид оролцоно. 430 депутатаас өнөөдөр 289 нь амьд сэрүүн байна. Бүртгэлээс харахад 160 шахам депутат нь нийслэлд бий. Өмнөговь, Төв, Орхон аймгийн депутатууд ирж үйл ажиллагаандаа оролцоно гэдгээ хэлсэн. Ер нь Үндсэн хуулийнхаа өдөрт оролцъё л гэдэг юм шүү. Тэгээд энэ жилдээ 289-ийн ихэнх нь оролцохоор санал бодол, зөв бурууг нь тунгаан ярихад хангалттай болов уу. Цаашдаа 25, 30 гэсэн тэгш ой тохиосон үед депутатуудаа урьж, зардал мөнгийг нь дааж оролцуулах боломжтой. Түүнээс биш депутатуудынхаа татвараар санхүүждэг, тэгээд ч жил болгон хөдөө орон нутгаас ирүүлээд байх нь бэрх шүү дээ.

Эх сурвалж:  
Б.Ганбилэг
“Ардчилал” сонин. 2015.01.08.№03/2126/

No comments:

Post a Comment