Tuesday, January 12, 2016

Үндсэн хууль батлалцсан депутат асан С.Билэгсайхан - 2015.01.12

Үндсэн хууль амьдрал дээр хэр бууж, хэрэгжиж байгаа нь ярилцах ёстой сэдэв 

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Үндсэн хууль батлалцсан депутат асан С.Билэгсайхантай уулзлаа. Үндсэн хуулийн хэрэгжилт болоод зарим бэрхшээлтэй асуудлын талаар ярилцсан юм.

-Ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан хүний хувьд өнөөгийн нөхцөл бай­далд дүгнэлт хэлэх болов уу?
-Үндсэн хууль яаж батлагдсан, ямар үзэл санаа агуулж байсан зэрэг ач холбогдол нь өнөө ч буурахгүй байна. Үндсэн хууль бол Ардчилсан хувьсгалын ололтыг баталгаажуулсан, нийгмийн зөвшилцлийн бичиг баримт. Монгол орны бүх сум, хороо, дүүргээс сонгогдсон Ардын их хурлын депутат цугларч олон намын үзэл бодлыг уралдуулж баталсан. Нийгмийн зөвшилцлийг баталгаажуулсанд онцгой ач холбогдол өгөх ёстой юм. Үндсэн хууль амьдрал дээр хэр бууж хэрэгжиж байгаа нь өнөөдөр ярилцах ёстой сэдэв болоод байна. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал хэр хангагдаж байгаа талаар тус тусад нь авч үзвэл маш өргөн хүрээг хамарсан том зүйл болно.

-Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хөндөх болсон. Өөрчлөлтийн талаарх таны бодлыг сонсвол?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд хэдэн зуун мянган хүнээс санал авах ёстой. Эрдэмтдийн санал бодлыг тусгасан байх хэрэгтэй. Олон намын зөвшилцлийн асуудал гэж бий. Нэг нийгмээс нөгөөд шилжих тэр хөдөлгөөн дунд Үндсэн хуулиа баталсан. Хууль бодит байдалтайгаа нийцэх ёстой. Өөрчлөлт гэхээсээ илүү батлагдаж байгаа хуулиуд Үндсэн хуульд нийцэж, бодлогын хэмжээнд хүрч чадаж байна уу гэдэг асуудал. Амьдрал дээр хэрэгжихдээ нийгмийн аюулгүй байдлаа сахин хамгаалж чадаж байгаа эсэх нь чухал. Авлигын индексээр дэлхийн 100 гаруй орныг жагсаахад манай улс сүүл мушгиж яваа. Авлига авсан бас өгснийг нь шийтгэнэ гэдэг. Тэгвэл авлига авсныг нь шийтгэж, өгсөнд хариуцлага тооцохыг хуулиас хасах ёстой. Энэ мэтчилэн тогтолцоогоо хамгаалсан хуулийн өөрчлөлтийг хийж өгөх хэрэгтэй юм. Өөрийн биеэр нийгмийн тогтолцоо гажуудаж байгааг мэдэрсэн учраас үүнийг ярьж байна. Миний хувьд ямар нэг дарга, сайд хийж байгаагүй. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. 12 жил улс төрөөс хөндийрөөд завсарлаад байхад 2012 оны сонгуулийн дараа намаас санал тавьсны дагуу МИАТ-т удирдах албан тушаалтнаар томилогдсон. МИАТ 10 жил 5-10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн учир тодорхой арга хэмжээ авч ажилласан. МИАТ компани жилийн дотор 3.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үнэнч шударгаар ажилласаныхаа төлөө маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Гэтэл намайг халсны дараа гуравдугаар улирлын балансаар 38 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна билээ.

-Таныг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан. Тэр тухай хэлж байна уу?
-Таван сая ам.доллар дансанд нь орж ирсний төлөө намайг ажлаас халсан. Компанийн нууцад халдаж, маш олон процедурын алдаа гаргасан. АТГ-аас “Билэгсайханд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Онгоц зараад мөнгө идсэн гэсэн. Гэрээ байгуулж, төлбөр хийгээгүй байхад яаж мөнгө идсэн байх вэ дээ. Дөрвөн сая 878 мянган ам.доллараар зарна гэж гэрээний төсөл бэлдсэний төлөө намайг ажлаас халсан. Энэ асуудлаар шүүхээр явсан юм. Шүүх асуудалтай байгааг мэдэрлээ. Шүүхийн байгууллагын хувьд авлига авсан ч гэсэн мэдээлэл гараад байдаг шүү дээ. АТГ эрүү үүсгээд 1993 оноос хойшхи миний бүх татвар, зээл зэргийг шалгаж байгаа юм. Заавал нэг юм гарч ирэх ёстой гэж. Тэгээд юу ч гараагүй л дээ. АТГ хэргийг хэрэгсэхгүй болгосон мөртлөө одоо болтол түүнийгээ нийтэд мэдээлээгүй. Хүний нэр төрд яаж хандаж байгаа нь харагдаж байгаа биз дээ. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай мэтээр зарлаж байна. Энэ бол маш том асуудал. Нийгэмд хүн шударгаар ажиллаж чадахгүй байгаагийн нэг жишээ энэ.

-Тэгэхээр Үндсэн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн илрэл энэ юм болов уу?
-Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан нэг бүлэг Үндсэн хуульд бий. Энэ нь хэр биелэгдэж байна вэ. Амьд явах эрхтэй гэж заасан. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хөрс, агаарын бохирдол ихтэй. Маш олон хүн агаарын бохирдлоос болж бие, эрүүл мэндээрээ хохирч байна. Зөвхөн эндээс харахад л бидний амьд явах баталгааг хангаж чадаж байна уу гэдэг асуудал гарна. Эдийн засгийн хямрал болчихлоо. Хэдхэн хүн л хямраачихлаа. Газар өмчлөх эрхийг Үндсэн хуульд заасан. Тэгвэл иргэн болгондоо нэг га газар үнэгүй өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол иргэдийн амьдралын баталгаа болж өгнө. Энэ мэт арга хэмжээ авч чадвал хүмүүсийн амьжиргааг баталгаажуулж, нийгэм тогтвортой болно.

-Зөвхөн дордуулсан гэх долоон өөрчлөлтөөс гадна өөр бусад асуудлыг Үндсэн хуульд өөрчлөлтөөр оруулах хэрэгтэй гэсэн үг үү?
-Дэлхий нийтэд үнэхээр чухал эрин үе ирж байхад монгол хүн ядуугаараа үлдэх гээд байна. Нүүрс, зэс, газрын тос гээд баялагтай байхад монголчуудын амьдралд өөрчлөлт гарч байна уу. Үндсэн хуулийн долоон өөрчлөлт бол хийх ёстой зүйл. Засаглалын хэлбэрийг сонгохдоо Ерөнхийлөгчийн засаглал эсвэл сонгодог парламентын хэлбэр рүү орох тухай ярьдаг. Парламентын дээд, доод танхимтай болбол бүх асуудал цэгцрээд ирнэ. УИХ-ын гишүүд нь сайд болохоос эхлээд парламент эрээ цээрээ алдсан. Оюу толгойд хэн хэн бизнес шахдаг вэ гэхээр УИХ-ын гишүүд л байдаг. Тэгэхээр Оюу толгойн гэрээ ард түмний төлөө үйлчлэх шударга гэрээ байж чадах уу. Дээд, доод танхимтай болсноор хяналтын тогтолцоо сайжирна. Манайд 53 гишүүнтэй Бага хурал ажиллаж байсан туршлага бий. Парламентын дээд танхим нь төсвөө батлаад, Засгийн газрын тайлангаа сонсдог, бусад ажлаа доод танхим хариуцдаг байхад болно. Доод танхимын гишүүд алдаа гаргавал эргүүлэн татдаг болоход л хангалттай. Энэ бол эргээд хариуцлага тооцохоос эхлээд олон давуу талтай тогтолцоо.

Л.Номин
“Ардчилал” сонин 2015.01.12 Дугаар 05/ 2128

No comments:

Post a Comment