Монгол Улсын Үндсэн хуультай холбоотой мэдээ мэдээлэл, судалгаа статистик, эрдэмтэн судлаач улс төрчдийн байр суурь бүрийг уншигч нартайгаа хуваалцахад оршино.
Tuesday, January 19, 2016
Хуульч Д.Уянга - ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БАЙХ ЁСТОЙ ИНСТИТУЦИ МӨН ҮҮ? - 2016.01.17
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БАЙХ ЁСТОЙ ИНСТИТУЦИ МӨН ҮҮ? - Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд холбогдох Цэцийн шийдвэрээс үүдэлтэй эргэцүүлэл
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр буюу 2016 оны 1-р сарын 13-нд www.itoim.mn хуудаст Үндсэн хуулийн цэцийн дарга Ж. Амарсанаа ярилцлага өгчээ.[1] Энэ ярилцлагад тэрээр манай улс эх газрын тогтолцоо, нэн ялангуяа ХБНГУ-ын Үндсэн хуулийн тогтолцоог жишиг болгосон гэж хэлжээ. Түүний энэ ярилцлагаас өмнө УИХ-ын гишүүн Х. Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд холбогдож “Манах ёстой хуулиа машинаар солиод сууж байгаа нь эмгэнэл” хэмээн нэлээн хатуухан үгтэй ярилцлагыг мөн хуудаст өгсөн байна.[2]
Энэхүү нийтлэлээр Монголын Үндсэн хуулийн цэц төрийн байгууламжид ямар үүрэгтэй оролцох ёстой юм бэ?, Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага байх ёстой институци мөн үү? гэдгийг германы Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс эргэцүүлж үзье. Эцэст нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа, үүсээд байгаа ипотекийн зээлийн асуудалтай холбогдуулан товч тайлбар өгье.
Friday, January 15, 2016
Thursday, January 14, 2016
Монгол Улсын Үндсэн хуулиуд - 2016.01.14
1924 онд Анхны Үндсэн хуулиа баталж, БНМАУ-г тунхагласнаас хойш Монгол улс түүхэндээ дөрвөн удаа үндсэн хуулиа шинэчилсэн юм.
Социалист үндсэн хуулиуд жинхэнэ үндсэн хууль биш байсны нэг нотолгоо бол төрийн бүх эрх мэдлийг хуваарилах бус төвлөрүүлэх зарчмыг баримталсан явдал юм. МАХН, ялангуяа намын удирдлагад төрийн эрх мэдлийг төвлөрүүлж, дур зоргоороо авирлах боломж нээсэн байв. Хараат бус шүүхийн тогтолцоо байгаагүй. Товчдоо, хуулийн засаглал бус нэг намын болон намын удирдлагад байсан хүмүүсийн засаглал оршиж байсан.
Хууль зүйн доктор, Үндсэн хууль судлаач
О.Мөнхсайхан
Эх сурвалж:
Академич, хуульч С.Нарангэрэл - 2016.01.13
Одоогийн үндсэн хуулийн чадавх, нөөц барагдаагүй
Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 24 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш 20 гаруй жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд төр, засгийнхан Үндсэн хуулийг хэрэгжүүлж чадаж байна уу. Өөрөөр хэлбэл, хуулийн заалтуудыг хэрэгжүүлж, бүрэн гүйцэд дагаж мөрдөж чадаж байна уу?
-Өнгөрсөн 24 жилийн хугацаанд манай улсын төр, засаг Үндсэн хуулийнхаа хэрэгжилт дээр нэг ч удаа дүн шинжилгээ хийгээгүй.
Тиймээс энэ онд эмхлэн байгуулагдах УИХ болон Засгийн газрын гишүүд ээлжит чуулганаараа тусгайлан асуудал болгож, тал бүрээс нь авч үзэх хэрэгтэй.
-Гэхдээ тэдний зүгээс “эцэг” хуулийг шинэчлэх ёстой гэдгийг удаа дараа сануулж байгаа. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж, бүр Ажлын хэсгийг ч томилсон. Таны хувьд яг ямар заалтыг нь өөрчилж, алийг нь хэвээр үлдээх ёстой гэж бодож байна вэ?
-Саяхан би “1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн чадавхи барагдаагүй” гэх сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл тавилаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн одоогийн чадавхи, нөөц барагдаагүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн одоогийн чадавхи, нөөц барагдаагүй.
Харин 1999 онд Үндсэн хуулийн үзэл баримтлалын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Үүнийгээ л хүчингүй болгох ёстой. Нөгөөтэйгүүр УИХ-ын 46 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хэрхэвч хүлээн авч, баталж болохгүй.
ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭТГЭЛИЙГ МОНГОЛ АРДЫН НАМ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН НЬ - 2016.01.11
Мөн чанар, үзэл баримтлалын хувьд эрс ялгаатай нэг Үндсэн хуулиас нөгөөд шилжих нь мэдээж амаргүй ажил, хуучин нийгмийн байгуулалын үндэс тулгуурыг бүрэн халж, шинэ тогтолцоог бүрдүүлэн Үндсэн хуулийн хүчийг бүрэн авахуулах нь түүнээс хүнд бөгөөд шинэ мэдлэг, үндэсний зөвшилцөл, улс төрийн дэмжлэг шаардсан үйл хэрэг байсан юм.
Энэхүү шилжилт, хууль тогтоомжийн шинэтгэлийг “БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуульд заасны дагуу 1996 онд багтаан дуусгах том зорилтыг тухайн цаг үед парламентийн олонхийг бүрдүүлж байсан МАН манлайлан амжилттай биелүүлж чадсан.
1990 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Улс Төрийн Товчоо сайн дураараа огцорсон, 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нэг намын дангаар засаглахыг бэхжүүлсэн Үндсэн хуулийн заалтыг халж улс төрийн олон ургальч ёсыг хүлээн зөвшөөрсөн зэрэг МАН-ын улс орны эрх ашгийг эрхэмлэсэн ухаалаг, алсыг харсан шийдвэр нь Монгол Улсын эрх зүй, хууль тогтоомжийн шинэтгэлийн эхлэл, үзэл баримтлалын үндэс болсон юм.
Дээрх шийдвэрийн дагуу 1990 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Ардын Их Хурлаас “БНМАУ-ын төрийн байгууллагын тогтолцооны тухай” тогтоол гаргаж төрийн дээд байгууллагуудын тогтолцоо, эрх зүйн үндсийг шинэтгэх арга замыг тодорхойлжээ.
Энэ хоёр суурь шийдвэрийн дагуу 1990 оны тавдугаар сарын 10-нд “БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн хууль” гэх бие даасан Үндсэн хуульчилсан хууль, Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай зэрэг хуулиудыг шинээр гаргаж мөрдсөн юм.
Эдгээр хуулиудын үйлчлэлийн үр дүнд улс төрийн олон нам үүсч улмаар 1990 оны зургадугаар сарын 29-ний өдөр Анхны ардчилсан сонгуулийг амжилттай зохион байгуулсан нь түүхэн үйл явдал байв.
Сонгуулийн дүнгээр Ардын Их Хурлын нийт 430 суудлын 343 суудлыг МАН авснаар үнэмлэхүй олонхийг бүрдүүлж, МоАН 23, МҮАН 7, МСДН 4, Монголын чөлөөт хөдөлмөрийн нам 1 суудал авч, 51 хүн нам бусчуудаас нэр дэвшин сонгогдсон.
Ардын Их Хурлын анхдугаар хуралдаан 1990 оны есдүгээр сард болж Улсын Бага Хурлыг байгуулсан ба Улсын Бага Хуралд МАН 33 суудал авч мөн үнэмлэхүй олонхийг бүрдүүлж, МоАН 13, МСДН 4, МҮАН 3 суудал тус тус авсан байдаг.
МАН-ын төлөөлөл үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн шинэ парламент захиргаадалтын дэглэмийг бэхжүүлсэн хуулиудыг халж ардчилсан шинэ хуулиудыг батлан мөрдүүлсэн нь энэ үеийн хууль тогтоомжийн эхлэл, шинэтгэлийн гол агуулга байв.
Үндсэн хууль батлалцсан депутат асан Д.Дорлигжав - 2016.01.13
Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг зогсоох ёсгүй
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эдийн засгийн хувьд нээлттэй, нийгмийн хувьд Ардчилсан болж өөрчлөгдсөн тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгсөн юм. Үндсэн хууль хүний шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалсан байдаг. Мөн Монгол Улсын төрийн байгуулалтыг тодорхой болгож зохицуулсан байдаг билээ. Харин сүүлийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал өргөн хүрээнд яригдах болсон. Энэ асуудалтай холбогдуулан Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас зарим зүйлийг тодрууллаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж ярьдаг ч одоогийн парламент энэ сэдвийг илүү гүн хөндлөө гэж бодож байна. Үнэхээр өөрчлөлт оруулах цаг нь болсон, эсвэл Үндсэн хууль үүргээ гүйцэтгээд дууссан ч гэж олон талаас нь тайлбарлаж байна. Та асуудалд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Гэхдээ энэ хууль үүргээ гүйцэтгээд дууссан, цоо шинэ Үндсэн хууль хэрэгтэй гэвэл түүн шиг буруу зүйл байхгүй л дээ. Харин Үндсэн хуулийн зарим зүйлийг тодруулах, ойлгомжтой болгох зүйлс бий юу гэвэл, тийм. Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш 24 жил өнгөрсөн. Мэдээж энэ хугацаанд Үндсэн хуультай зөрчилдөх, өөрчилж найруулах зүйлс цагийн аясаар гарч ирсэн. Тиймээс зарим зүйлд л өөрчлөлт оруулах тухай ярина уу гэхээс, Үндсэн хуульд бүхэлд нь хүрч мэдээж болохгүй.
-Ардчилсан Үндсэн хууль батлагдан гарснаас хойш 24, харин өөрчлөлт оруулснаас хойш 16 жил өнгөрсөн. Энэ хугацаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зарим зүйлсийг томъёолж өгчээ гэж ойлгох нь. Харин тэдгээр нь яг юу вэ?
-Энэ хуулийн амин сүнс болсон ардчиллын зарчмууд, хүний эрхүүд, ардчилсан төрийн үндсэн шинжүүд, нийгэм төрийн байгууламжууд, эдийн засгийн тогтолцоо, түүнтэй холбоотой эрх, эрх чөлөө гээд ярих юм бол энэ мөнхийн өөрчлөгдөхгүй зүйлс. Ер нь бол, өөрчлөх гээд байгаа гол зүйлс нь төрийн тогтолцоотой холбоотой хэдхэн зүйл л байгаа шүү дээ.
Үндсэн хуулийн халдашгүй байдлын индекс - 2016.01.13
Хуульч Д.Оросоо
Үндсэн хуулиар тунхагласан үзэл санаа, үнэт зүйл, зарчмыг бодит амьдралд хэрэгжүүлэх нь Үндсэн хуулийн туйлын зорилго байдаг. Парламентын хүндэтгэн сахин биелүүлж байх үүрэг бүхий Үндсэн хуулийг хэрэгжих явц дунд нь засварлах, өөрчлөх нь өөрөө сайн үр дагавартай зүйл биш юм. Гэхдээ зайлшгүй өөрчлөх шаардлага гарвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн зарчмыг дордуулсан, дур зоргын шинжтэй нэмэлт, өөрчлөлтөөс Үндсэн хуулийг хамгаалах шаардлага бодитой бий. Дэлхийн улс орнууд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нарийвчилсан хэм хэмжээ, дэг журам тогтоох замаар Үндсэн хуулийнхаа халдашгүй байдлыг хангаж ирсэн түүхтэй.
Улс орнуудын Үндсэн хуулийг нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалтын хувьд халдашгүй чанд (хатуу) болон уян хатан (зөөлөн) гэж ерөнхий ангилдаг. Ихэнх тохиолдолд ардчилсан улс орнууд Үндсэн хуулиа халдашгүй чанд байлгах зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалтад өндөр босго, шалгуур тавьдаг байна. Тухайлбал: Парламентын хоёр танхим хоёул батлах, эсхүл хоёр танхим хамтарсан хурал хийх, гуравны хоёроос дээш олонхийн босго тавих, мөн орон нутгийн хурлын байгууллагууд батлах, дэмжих, ард нийтийн санал асуулга явуулах замаар батлах гэх мэт.
АНУ-ын нэрт эрдэмтэн Аренд Лийпхарт дэлхийн 36 орны Үндсэн хуульд судалгаа хийж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах босго, олон янзын зохицуулалт, дэг журам, шүүхийн хяналтын чадамж зэргийг харгалзан 4 үндсэн бүлэг болгон ангилан Үндсэн хуулийн халдашгүй байдлын индексийг тооцон гаргаж иржээ.
Wednesday, January 13, 2016
Хуульч Д.Оросоо - 2016.01.13
Үндсэн хуулийн халдашгүй байдал бол ардчиллын гол ололт
Монгол Улсад анхны ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоотой ярилцлаа.
-Дэлхийн улс орнуудад Үндсэн хуулийн халдашгүй байдлыг хэрхэн хангасан байдаг юм бэ?
-Үндсэн хуулиар тунхагласан үзэл санаа, бодлого, үнэт зүйл, зарчмыг бодит амьдралд хэрэгжүүлэх нь өөрөө Үндсэн хуулийн эрхэм, туйлын зорилго байдаг. Тийм болохоор Үндсэн хууль тухайн улс орны оршин тогтнож байгаа тэр цаг хугацаанд үйлчилдэг урт хугацааны бодлогын баримт бичиг юм. Энэ бодлогын баримт бичгийг хэрэгжих явц дунд нь өөрчлөхийг нэг их дэмждэггүй, улс орнуудад. Бодлогын баримт бичиг хэрэгжээд явах ёстой. Үүнийг хэрэгжүүлж ажиллах ёстой гэж үздэг. Тэр утгаар нь аливаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд улс орнууд өндөр босго тавьж ирсэн түүхтэй. Бодлогын баримт бичгийг ойр ойрхон өөрчлөөд байвал нөгөө бодлого чинь хэрэгжихээ больчихно. Тийм болохоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ардчилал өндөр хөгжсөн улс орнууд маш нарийвчилсан зохицуулалт, дэг журам тогтоож, Үндсэн хуулийнхаа халдашгүй байдлыг хамгаалж ирсэн түүхтэй. Ер нь дэлхийн улс төрийн түүх, улс орнуудын түүхээс харахад Үндсэн хуулийг дур зоргийн шинжтэй өөрчлөлтүүдээс, Үндсэн хуулийг өөрийнх нь суурь үзэл баримтлал, үндсэн зарчмыг дордуулсан, гажуудуулсан, дур зоргын нэмэлт, өөрчлөлтөөс зайлшгүй хамгаалах шаардлагатай байдаг нь нотлогдсон зүйл. Гэхдээ зайлшгүй өөрчлөх шаардлага гарвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг улс орнууд хэрхэн зохицуулсан байдгийг дэлхийн төвшинд судалсан судлаач бол АНУ-ын нэрт эрдэмтэн Аренд Лийпхарт гэдэг хүн байгаа юм. Энэ хүн дэлхийн 36 орны Үндсэн хуульд судалгаа хийсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах босго, Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтууд, шүүхийн хяналт зэргийг судалж үзээд үндсэн дөрвөн бүлэг болгож Үндсэн хуулийн халдашгүй байдлын индексийн төвшинг гаргаж ирсэн. Үндсэн хуулийн халдашгүй байдлын индекс нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэрхэн саналын олонхиор шийдвэрлэж байгааг үндэс болгосон байдаг. Жишээлбэл, Үндсэн хуулийг олонхийн саналын гурван янзын түвшинд өөрчилдөг байна. Нэгдүгээрт, ердийн олонхиор өөрчилдөг улс орнууд байна. Маш хялбархан өөрчилчихдөг. Хоёрдугаарт нь гуравны хоёрын олонхиор өөрчилдөг улс орнууд. Гуравдугаарт гуравны хоёроос дээш супер олонхийн саналаар өөрчилдөг улс орнууд байна. Ингэж үндсэн гурван түвшинд хуваагаад гуравны хоёроор өөрчилдөг улс орнуудыг дотор нь хоёр хуваасан. Гуравны хоёрыг ердийн олонхи, түүнээс олонхи гээд ангилсан. Судлаач зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа саналын хувь хэмжээг дан ганц үндэслэл болгоогүй юм. Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой олон янзын эрх зүйн зохицуулалтуудыг тухайн орны Үндсэн хууль болон бусад хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой ямар зохицуулалтууд байна вэ гэдгийг харгалзаж үзсэн байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан - 2016.01.13
Үндсэн хуулийг батлахад оролцсон нь миний амьдралын түүхэн зурвас үеийн нэг юм
Үндсэн хуулийн өдөр тохиож буйтай холбогдуулан ардчилсан Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.
-1992 оны Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон нь таны амьдралын үнэ цэнэтэй дурсамжийн нэг байх гэж бодож байна. Ардчилсан Үндсэн хуулийг батлалцах нөр их ажилд ямар сэжмээр холбогдох болов оо?
-Хүн болгон өөрийн хүсэл мөрөөдөлтэй амьдардаг. Гэхдээ Үндсэн хуулийг батлахад гар бие оролцох тухай багадаа бодож байсангүй. 1960 оны Үндсэн хуулийг батлах үед хүүхэд байж, дараа нь хуулийн мэргэжлийг эзэмшээд энэ чиглэлээр ажиллаж байсан. 1900-ээд он бол Монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн шинэ давалгаа түрсэн нийгмийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан үе байсан. Өмнө нь би хөрөнгөтэй орнуудын төр, Үндсэн хуулийн эрх зүйн талаар мэргэшсэн учраас гадаад орны Үндсэн хууль нэг иймэрхүү байдаг гэсэн төсөөлөлтэй байсан. Тиймээс 1980-иад оны сүүлчээр нийгэм, улс төрийн тогтолцооны өөрчлөлтийн асуудлаар санаа бодлоо хэлдэг сэхээтнүүдийн нэг байлаа. Тухайн үед олон намын тогтолцоо Ерөнхийлөгчийн институт, сонгуулийн ардчилсан тогтолцоо гэдэг их шинэ зүйл байсан. Тэр үед би өөрийгөө шинэ ойлголтын тухай ярьж байна гэж боддог байлаа. 1992 оны Үндсэн хуулийг батлах гэж бараг гурван жил дамнасан ажил болсон доо. Үүний шат дамжлага болгонд нь ямар нэг сэжмээр оролцож ирсэн нь миний амьдралын түүхэн зурвас үеийн нэг болж үлдсэн. Үндсэн хуулийн эцэг гэж нэрлэгдсэн Б.Чимид бол миний багш, эрдэм шинжилгээний удирдагч байсан. Дээр нь С.Төмөр, Ж.Амарсанаа гээд их олон хуульч оролцсон доо. Би 1990 оны хавар хуулийн төсөл боловсруулах ажилд гар бие оролцохоор Төрийн ордонд орж ирсэнээс хойш 25 дахь жилтэйгээ золгож байна. Монгол Улсын Үндсэн хууль бол монголын ард түмний хүсэл зорилгын төвлөрсөн илэрхийлэл. Нэг үгээр хэлбэл, төр нийгмийн хооронд байгуулж байгаа гэрээ гэсэн үг. Ард түмэн ямар эрх эдлэх юм бэ, төр нь иргэддээ хэрхэн үйлчлэх вэ гэдэг дүрэм журмыг тогтоосон гэрээ. Үндсэн хууль бол монголын ард түмний хамтын бүтээл гэж хэлэхийг хүсч байна.
УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба - 2016.01.12
Үндсэн хуулийн хүнээ дээдэлсэн агуулгыг илүү баяжуулах нь чухал
Улсын Бага Хурлын гишүүн асан, Эдийн засгийн ухааны доктор, профессор Н.Ганбямбатай ярилцлаа.
-Ардчилсан шинэ Үндсэн хуулийг түүхэн үүргээ гүйцэтгэсэн учир нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж үздэг. Таны хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Ардчилсан шинэ Үндсэн үндсэн хууль батлагдаж, Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн. Энэ түүхэн шийдвэр 24 жилийн өмнө гарч ардчилал, зах зээлийн харилцааг төлөвшүүлэхэд Үндсэн хууль гол эрх зүйн акт байлаа. Үндсэн хуулийн гол заалтуудыг тодруулж гаргадаг органик хуулиуд ч нэлээд гарсан. Энэ хуультайгаа нийцүүлсэн хууль эрх зүйн шинэчлэлт хийсэн. Одоо бол сонгуулиас өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй нь ойлгомжтой боллоо. Тэгэхдээ өөрчлөх шаардлага бий. Өөрчлөгдөхгүйгээр үйлчилсээр байх хууль гэж үгүй. Концепци буюу үзэл баримтлалаас нь эхлээд үзэх юм бол монгол хүнээ эрхэмлэсэн агуулгаар баяжуулбал илүү сайжрах болов уу. Үндсэн хууль хэлэлцэж байх явцад ч гэсэн энэ байр сууриа миний хувьд илэрхийлж байсан. Ерөнхий хэлэлцүүлгийн үед хэлж байсан үгийг маань нэг судлаач залуу надад саяхан үзүүллээ. Монгол Улсын төрт ёсны түүхэн уламжлал маань хаант засагтай явж ирсэн. Цаашдаа хаангүй байх нь ойлгомжтой болохоор хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглал байх уу гэдэг маргаан Үндсэн хууль батлах үеийн хэлэлцүүлэгт гарч байсан шигээ одоо ч яригдсаар байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан - 2016.01.08
Төрийн тархи зөв ажиллах ёстой
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.
-Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад Б.Чимид агсан та хоёр эх баригчаар ажилласан. Ард түмнээсээ санал асуухаас эхлээд нэлээдгүй хугацаанд ажилласан. 1992 оны Үндсэн хууль баталсан цаг үеэ эргэн харахад ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Монгол Улсын Үндсэн хууль бий болсон түүх 1987 оноос эхлэлтэй. Социалист нийгмийн хүрээнд боловсронгуй болгох замаар 1960 оны Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг томьёолол эхэлж хийгдсэн. Тэрийг Ж.Батмөнх даргаар ахлуулсан ажлын хэсэг хийсэн. Энэ чинь явсаар 1990 оны хавартай золготол аяндаа олон намын тогтолцоо манайд бий болоод эхэлсэн юм. Зах зээл рүү хэрхэн шилжих вэ гэдэг том зорилго байсан. Тэгэхээр тогтолцоо үндсээрээ өөрчлөгдсөн энэ нөхцөлд Үндсэн хуулийн асуудал аяндаа гарч ирсэн. Хуучин Үндсэн хуулинд байсан “МАХН нийгмийн удирдан чиглүүлэгч мөн” гэдэг заалтыг хасахаас эхэлсэн юм. Энэ бол 1990 оны хавар болсон үйл явдал. Ингээд Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг баталсан. Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг түүхэн ач холбогдолтой хууль гэж үздэг. Тиймээс 1990-1992 оныг түүхийн шилжилтийн чухал зурвас үе гэдэг юм. Энэ үед Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд заасан гол төрийн байгууллын тогтолцооны асуудлууд 1992 оны Үндсэн хуульд тулгуур нь болж өгсөн чухал ач холбогдолтой. Ард түмнээрээ хэлэлцүүлэн, Улсын Бага Хурлаар гурван ч удаа хэлэлцүүлсэн гээд түүх ярьвал олон зүйлийг хэлэхээр байна.
Үндсэн хууль гэдэг бол үнэхээр Монголын ард түмний зөвшилцлийн баримт бичиг мөн. Яагаад ингэж хэлж байна гэхээр зөвшилцөл гэдэг чинь ард түмэн хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Үндсэн хуулийн гол чанар бол хүлээн зөвшөөрөгдөх байдаг. Өөрөөр хэлбэл Байнгын ажиллагаатай парламент, Улсын Бага Хурал гурван удаа хэлэлцэн ард түмнээсээ санал аваад түүнийг нь тусгаж АИХ-д өргөн бариад Монголын өнцөг булан бүрээс, бүх давхаргын төлөөлөл болсон 429 депутат 70 шахам хоног хуралдсан.
УИХ-ын дэд дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожав - 2015.01.13
Үндсэн хуулиа судалж, мэдээгүйгээс иргэд эрхээ бүрэн эдэлж, хамгаалж чадахгүй байна
АИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж асан Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Гомбожавтай Ардчилсан шинэ Үндсэн хуулийн талаар илэн далангүй яриа өрнүүллээ.
-1992 оны Үндсэн хууль бол бүх ард түмний бүтээл мөн гэснийг өдгөө хүмүүс нэг л ойшоохгүй, бэлгэдлийн чанартай тодорхойлолт гэж хандаад байх шиг санагддаг. Үүний утга учрыг Та баримттай, тодорхой тайлбарлаж өгнө үү?
-1992 оны Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний оюун санааны бүтээл. АИХ-ын депутатууд ингэж тодорхойлно. Зарим хүн 1992 онд 430-аад депутат, 100 орчим хоног хуралдаад л Үндсэн хууль гаргасан гэж ярьдаг. Үнэндээ бол 1960 оны Үндсэн хуулийг шинэчлэх асуудал 1980-аад оны сүүлчээс яригдаж байсан бөгөөд тухайн үед МАХН-ын даргаар ахлуулсан комисс томилогдсон байв. Үүний дараа Ардчилсан хувьсгал ялснаас үүдэн Үндсэн хуулийг боловсруулах комиссын бүрэлдэхүүнд ч өөрчлөлт орсон. Тавих зорилго, агуулга, сэдэв ч өөр болсон. Тэр үеийн Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан юм. Тэр комисс Үндсэн хуулийн төслийг боловсруулаад, Улсын Бага Хурлаар хоёр ч удаа хэлэлцээд, дараа нь бүх ард түмнээр хэлэлцүүлэх ажлыг тэр үеийн Ардын Их Хурал, Улсын Бага Хурал, Засгийн газар, төрийн болон орон нутгийн төв байгууллагууд зохион байгуулсан. Би энд нэг тоо хэлье. Тухайн үеийн баримтуудыг сөхөж харвал Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхэд 900 мянга гаруй хүн оролцсон. Энэ бол сонгуулийн насныханы ихэнх нь юм. Мөн үүний тэн хагас нь буюу 415.428 хүн санал хэлж, 5177 санал ирүүлсэн байдаг.
Үндсэн хууль судлаач О.Мөнхсайхан - 2016.01.13
"Анхны жинхэнэ ардчилсан Үндсэн хууль"
Эх сурвалж:
"Хууль Зүйн Мэдээ" - 2016.01/#1
Tuesday, January 12, 2016
Үндсэн хууль батлалцсан депутат асан С.Билэгсайхан - 2015.01.12
Үндсэн хууль амьдрал дээр хэр бууж, хэрэгжиж байгаа нь ярилцах ёстой сэдэв
Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Үндсэн хууль батлалцсан депутат асан С.Билэгсайхантай уулзлаа. Үндсэн хуулийн хэрэгжилт болоод зарим бэрхшээлтэй асуудлын талаар ярилцсан юм.
-Ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан хүний хувьд өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хэлэх болов уу?
-Үндсэн хууль яаж батлагдсан, ямар үзэл санаа агуулж байсан зэрэг ач холбогдол нь өнөө ч буурахгүй байна. Үндсэн хууль бол Ардчилсан хувьсгалын ололтыг баталгаажуулсан, нийгмийн зөвшилцлийн бичиг баримт. Монгол орны бүх сум, хороо, дүүргээс сонгогдсон Ардын их хурлын депутат цугларч олон намын үзэл бодлыг уралдуулж баталсан. Нийгмийн зөвшилцлийг баталгаажуулсанд онцгой ач холбогдол өгөх ёстой юм. Үндсэн хууль амьдрал дээр хэр бууж хэрэгжиж байгаа нь өнөөдөр ярилцах ёстой сэдэв болоод байна. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал хэр хангагдаж байгаа талаар тус тусад нь авч үзвэл маш өргөн хүрээг хамарсан том зүйл болно.
Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах - 2015.01.08
Үндсэн хууль бол программчилсан төлөвлөгөө биш
Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 23 жилийн ой энэ сард тохиох тул уг хуулийг батлахад гар бие оролцсон нэгэн эрхэмтэй уулзлаа. Д.Мандах нь 2007 онд байгуулагдсан Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэх захирлаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажиллаж байгаа юм.
-Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо багагүй хугацаанд үйл ажиллагаа явууллаа. Жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр депутатуудын уулзалтаас эхлээд арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил ямар ажил төлөвлөсөн бэ?
-Үндсэн хуулиа сурталчлах, хууль бус халдлагаас хамгаалах л зорилгоор манай депутатууд нэгдсэн юм. Холбоо маань депутатуудаа харж хандаж, амьдралд нь тусалж дэмжих чиглэлээр ажилладаг. Үндсэн хуулийн өдрөө тохиолдуулж өнгөрсөн 22 жилийн хугацаанд бидний баталсан хууль маань ямар болж, хэрхэн үйлчлэв, үр дүн юу болов, сайн саар тал юу вэ гэдгийг хамт олон, депутатуудаараа хэлэлцье гээд чуулган зохион байгуулахаар төлөвлөсөн. Өөр өөр ойлгоцоор хуулийг янз бүрээр, хэлж тайлбарлах болсон. Дордуулсан долоон өөрчлөлт гэх юм уу, Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчилье гэхчлэн. Ийм учраас ойлголт, баримтлалаа нэгтгэх үүднээс чуулган хийж байгаа юм. Мэдээж чуулганд хийсэн ажлаа тайлагнаж, илтгэл айлтгалаа тавина. Нөгөөтэйгүүр үндсэн хууль тогтоогчдын бүрэн оролцоо идэвхжиж, төр засаг дэмжиж, энэ жилийн Үндсэн хуулийн өдрийн арга хэмжээ төлөвлөсөн ёсоор сайхан болох нь.
Монгол Улсын Үндсэн Хуулийн 24 жилийн ойд - 2016.01.11
Үндсэн хууль - Бүх ард түмний бүтээл
Үндсэн хууль - УИХ
Үндсэн хууль - Шүүх засаглал
Subscribe to:
Posts (Atom)