Wednesday, December 16, 2015

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин - 2015.12.07

Ерөнхий сайд хэзээ ч супер эрх мэдэлтэй болж чадахгүй

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. Тэрээр шинэчлэлийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж, эрхзүйн шинэтгэлийг үе шаттайгаар эхлүүлсэн нэгэн. МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшлахын зэрэгцээ Үндсэн хуулийн талаар 15 орчим жил судалгаа хийсэн. 2008 онд УИХ-д анх сонгогдсон гэдгээрээ улстөрчийн хувьд шинэ харагдах ч салбарынхаа асуудлаар “нэг ангийнхаа” хуучцуултай ана мана мэтгэлцдэг, хуульчийнхаа хувьд боловсрол зузаанд тооцогдох нөхөр.
Бид энэ удаа түүнтэй Үндсэн хуулийн өөрчлөлт, өмнө нь сайд байхдаа эхлүүлсэн эрхзүйн салбарын шинэтгэл болоод бусад сэдвээр ярилцлаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал парламентын түвшинд маргаантай байна. Үндсэн хууль судлаач хүнтэй уулзсаных энэ талаар асуух ёстой болов уу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь одоо мөн үү? Үнэхээр өөрчлөх хэрэгцээ, шаардлага байна уу?
-Хүмүүс аз жаргалтай, тайван, эрсдэлгүй, эрх чөлөөтэй амьдрахын тулд түүнийгээ хамгаалах нүдэнд харагддаггүй шилэн байшинг хуулиудаар бий болгодог. Тэр харагддаггүй шилэн байшингийн суурь, араг яс нь Үндсэн хууль. Үндсэн хууль өөрөө зорилго биш, зорилго нь хүмүүс өөрсдөө юм. Хүмүүсийн төлөө Үндсэн хуулийг хийсэн учраас хүн бүр амьдарч байгаа тухайн цаг үедээ Үндсэн хуулиа өөрсдөө сайжруулж, засч янзалж байх ёстой. Бусад улс орнуудын туршлагыг судлаад үзэхэд 20-25 жил тутамд Үндсэн хууль шинэчлэгдэж, сайжирч байх ёстой гэж үздэг юм билээ. Тэгэхээр 1992 онд батлагдсан манай Үндсэн хуульд ч шинэчлэл хийх цаг нь болсон. Би өөрөө энэ чиглэлээр олон жил судалгаа хийсний хувьд хэлэхэд 1992 оны Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааг тогтвортой зохицуулах гэхээсээ илүүтэй шилжилтийн маягийн Үндсэн хууль байсан. Шилжилтийн маягийн Үндсэн хуулиар бид 25 жил явлаа. Одоо шинэ нийгмийнхээ суурь харилцаа, үнэт зүйл, зарчмуудыг илүү тодотгож бэхжүүлсэн, хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэхүйц, бидэнд тулгарч буй шинэ сорилтуудыг даван туулахуйц өөрчлөлт хийх шаардлага бол байна. Цаг нь болсон, болоогүй, энэ хүмүүс хийж чадна, чадахгүйн тухай асуудал биш. Цаг үе болгон өөрсдийн асуудлаа хэлэлцэж, дүгнэж, асуудлыг шийдэх хувилбараа дэвшүүлж явах ёстой. УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр оруулж ирж байгааг би хувьдаа дэмжиж байгаа. Гэхдээ яаран батлая, цаг нь болоогүй гэх хоёр туйлшралаасаа гараад агуулга, шинэчлэх үзэл баримтлалынхаа талаар олон нийтийн хэлэлцүүлгийг маш идэвхтэй явуулах ёстой гэж үзэж байгаа.


-Хуулийн төсөлд Ерөнхий сайдыг эрх мэдлийг нэмэгдүүлэхээр тусгасан. Гэвч энэ хэр оновчтой хувилбар юм бол. Хэнд ч захирагддаггүй “супер” амьтан гараад ирвэл яах болж байна. Олон улсын жишгээс авсан гэж байгаа ч Монголын хөрсөн дээр яаж буухаар байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой таван зүйл хөндөгдөж байгаа. Таны ярьж буй зүйл нэг хэсэг нь. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дэмжих ч зүйл бий, дэмжихгүй ч заалт байгаа. Дэмжихдээ үүнийгээ дутуу хийсэн байна, гүйцэд боловсруулах ёстой шүү гэж ярих ч зүйл байна. Тиймээс энэ таван зүйлийг бид ялгаж, салгаж харах ёстой. Нэгдүгээрт, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын эрх мэдэл хуваарилалт, хяналт тэнцлийг яаж хангах вэ. Ерөнхий сайд, Засгийн газар кабинетын зарчмаар ажиллана гэж байгаа бол парламент хяналтаа яаж тавих вэ гэдэг асуудал байна. Хоёрдугаарт, УИХ, Ерөнхийлөгчийн институц хоёрын харилцаа манайх шиг парламентын засаглалтай бүгд найрамдах улсад ямар байдаг юм. Гуравдугаарт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьтайгаа хот, тосгоны эрх зүйн байдлаа яаж зохицуулах вэ. Монгол Улсыг зөвхөн дээрээс удирдлагатай, механик зураглалтай засаг захиргааны нэгжээр харах уу. Эсвэл эдийн засгийн хөгжил, хүн ам, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний төвлөрөл, соёлын үйлдвэрлэл зэрэг олон хүчин зүйлтэй дотоод хөгжлийн үүсгэлтэй хотыг засаглалых нь хувьд өрсөлдөх чадвартай болгох. Зохион байгуулалтыг засаг захиргааны нэгжээс гаргах цаг болсон уу. Дөрөвдүгээрт, Дээд шүүх болон Ерөнхий прокурор зэрэг хуулийн байгууллагын дээд томилгоо, түүнтэй холбоотой асуудлыг яаж улс төрийн хувьд төвийг сахисан шийдвэрт оруулах. Тавдугаарт, орон нутагт улс төрийн нам байх уу гэдэг асуудал. Ийм таван хүрээнд асуудал яригдаж байна. Яах вэ, Үндсэн хуулийн нэр ямар байх вэ гэх мэт бас бус зургаа, долоо дахь асуудал байгаа. Би бол үүнийг шаардлагагүй зүйл гэж харж байна. Дээрх таван хүрээнд ямар асуудал, сорилт тулгарах, судалгаа, шийдэл юу байна вэ гэдгийг бид өргөн хүрээнд ярилцаад шинжлэх ухаанчаар, арга зүйн алдаагүй, алсын хараатай, бодлогын хувьд цогц байж болох сонголт хийж болох юм.

-Энэ таван асуудлыг цогцоор нь нэг дор шийдэх боломж бий юү?
-Манайх парламентын засаглалтай улс. Гэхдээ энэ нь УИХ бүх эрх мэдлийг булаацалдаж хэрэгжүүлж болох тухай асуудал биш. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр аль нь хууль тогтоогч, аль нь гүйцэтгэх эрх мэдэл вэ гэдэг хил заагаа тогтоох нь өнгөрсөн 25 жилд хамгийн их гарсан алдаа завхралыг засах гол арга нь. Тэглээ гээд Ерөнхий сайд хүчтэй, супер болчихлоо гэсэн үг биш. Ерөнхий сайд хэзээ ч супер эрх мэдэлтэй болж чадахгүй. Яагаад гэвэл УИХ-ын хүрээнд байгаа төлөөлөл, хууль тогтоох, хяналтын эрх мэдлийг Ерөнхий сайд хэрэгжүүлж чадахгүй. Гэтэл УИХ энэ эрх мэдлүүдээ хэрэгжүүлэхгүй мөртлөө гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг булааж хэрэгжүүлээд байна. Ерөнхий сайдад кабинетаа бүрдүүлэх, бодлогоо тодорхойлох эрх мэдлийг нь өгчихвөл парламент хяналтаа сайжруулах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, парламентын хяналт илүү ухаалаг, хүчирхэг болох боломжтой болж эхэлнэ. Тиймээс энэ хоёрыг зэрэгцээ хийх ёстой. Ерөнхий сайдыг хүчирхэгжүүлж эрх мэдэлтэй болгож байгаа бол нөгөө талд парламент Ерөнхий сайдыг хянах хэмжээний хяналтын эрх мэдлийн механизмуудтай болох ёстой юм. Засгийн газрын ажил руу гүйж ороод мөнгө хуваарилаад, хүн томилоод, хуулийн хэрэгжилтийг гүйцэтгэх гэж оролдохыг нь УИХ-ын гишүүдэд хориглоод, хязгаарлаад эхлэхээр тэд өөртөө байгаа хууль ёсны эрх мэдлийг л ашигладаг болно. Энэ нь парламентын хяналт. Хяналт, тэнцэл гэдэг зарчим бодит утгаараа гарч ирнэ гэсэн үг. Үүнийг бий болгохын тулд хүссэн хүсээгүй эрх мэдлийн зааг ялгаагаа илүү тод зурах ёстой.

-Энэ парламент чадамжгүй, Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгууль болохоос зургаан сарын өмнө баталж амжихгүй гэх шүүмжлэл, эсэргүүцэл сөрөг хүчний зүгээс яваад байна.  Үнэхээр амжихгүй байлаа гэхэд хэлэлцүүлгийг дараагийн парламент руу шилжүүлж болох уу? 
-Бид энэ л цаг үед амьдарч байна. Энэ цаг үед амьдарч буй хүмүүс 1992 онд амьдарч байгаа хүмүүс шиг сэтгэж, бодох албагүй. Энэ цаг үеийн хүмүүс өөрсдийнхөө амьдралыг мэдэж шийдэх эрхтэй. Тиймээс Үндсэн хууль болно, болохгүй байна гэдгийг шийдэхийн тулд олон нийтийн оролцоог хангасан хэлэлцүүлэг, санал асуулгыг түлхүү хийх ёстой. Цаг нь болоогүй, чадамжгүй байна гэдэг бол өөрөө өөрсдийнхөө амьдралыг л үгүйсгэж байгаа хэрэг. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг “Одоо л хийхгүй бол болохгүй” гэж  цаг хугацааны хэмжүүрт захирагдаж хийдэг зүйл биш. Цаг нь болоогүй, та нар чадахгүй гэж бүгдийг хойшлуулж бусдын амьдралыг үрэн таран хийдэг урхаг, үзэл бодлын хоцрогдол ч бас байж болохгүй. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн тэнцэл одоо цаг дээр уулзалддаг учраас одоо цаг дээр нь асуудлыг шийдэж сурах ёстой. Одоо цагаа эзэлж чаддаггүй хүмүүст ирээдүй цаг гэж байдаггүй. Тэдэнд зөвхөн бусдын өнгөрсөн цаг л үйлчилдэг гэдэг үг байдаг. Энэ цаг үеийн хүмүүсийн ирээдүйд амьдрах хүсэлтэй нь хэд юм. Тэр хүмүүс нь шийдвэр гаргаж чадаж байна уу үгүй юу гэдгээр хөгжил дэвшил хэмжигддэг. Өнгөрсөн үед амьдарч байсан хүмүүс өөрсдийн түүхээ, эсвэл өнгөрснөө үргэлжлүүлэх гэж оролдвол энэ улс орны ирээдүй бүрхэг болно. Тиймээс цагийн юм цагтаа гэдэг зарчим Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт ч гэсэн харагдах ёстой.

Эх сурвалж:

No comments:

Post a Comment