Wednesday, December 16, 2015

Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа - 2014.01.13

Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон байхыг үгүйсгэхгүй

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны түүхт 22 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Танд Үндсэн хуулийн өдрийн баярын мэнд хүргэе. Одоогоос 22 жилийн өмнө батлагдсан ардчилсан Үндсэн хуулийн үнэ цэн, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ. Өнөөдөр Үндсэн хууль маань ямар байдалтай байна вэ, хэрэгжиж чадаж байна уу?
-Ардчилсан Үндсэн хууль, шинэ үндсэн хууль гэж томъёолоод байгаа. Буруу ч зүйл биш. Яагаад гэвэл 1992 оноос бодит, жинхэнэ ардчиллын үзэгдэл бий болсон. Тийм учраас бусад хуулиудаасаа ялгахын тулд Ардчилсан Үндсэн хууль гэж ярьж байгаа. Үндсэн хууль өөрөө эрх зүйн үзэл суртлын баримт бичиг. Ардчилал гэдэг бол өөрөө үзэл суртал. Тийм учраас үзэл суртал талаас нь товойлгоод ярьж байхыг үгүйсгэхгүй.
Энэ Үндсэн хууль бол өмнөх Үндсэн хуулиудаасаа ялгаатай. Энэ талаар түүх ярих боломжгүй учраас одоогийн Үндсэн хууль ямар ач холбогдолтой, үзэл сурталтай юм гэдгийг товч ярья. Үндсэн хууль нь хүн, нийгэм, төр гурвын харилцааг зохицуулж байх ёстой. Энэ гурав зөв, тэнцвэртэй харилцаж байвал Үндсэн хууль болоод, бүтээд байна гэсэн үг.
Үндсэн хуулийг ард түмэн өөртөө зориулж зохиосон учраас үүнийхээ үр шимийг хүртэх ёстой. Хамгийн эхлээд Үндсэн хуулийнхаа зүйл заалт, утга санааг өөртөө хэрэглээд, эрүүл оршин ёстой. Боловсролтой, эд хөрөнгөтэй байх ёстой. Энэ бол Үндсэн хуулиасаа олж авах зүйл.
Үндсэн хууль нэгдүгээрт, бусад хуулиар дамжиж хэрэгжинэ. Тийм учраас бусад хууль Үндсэн хуулийнхаа үзэл санааны дагуу гарч байх ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хууль өөрөө шууд амьдралд хэрэгжих ёстой.  Тэгэхээр Үндсэн хууль нэгэнт утга зохиолын бүтээл, хавтастай ном юм чинь ширээн дээр байгаад байвал байгаад л байна. Хэн салхи оруулах вэ гэхээр нөгөө албан тушаалтан, иргэн маань өөрөө уншаад, “Энэ миний авах ёстой, хүртэх ёстой зүйл байна. Энэ буруу байна” гэдгийг ойлгох хэмжээнд байх ёстой. Тэгэхээр иргэдийн улс төрийн соёл, эрх зүйн ухамсар дээшлэх хэмжээгээр Үндсэн хуулийн биелэлт сайжирна. Түүнээс биш нэг өдөр ой тэмдэглээд, эсвэл Үндсэн хуулийг хэвлэж, тараагаад Үндсэн хууль хэрэгжихгүй.


-Сүүлийн үед Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гэж ярьж байгаа. Та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу?
-Өөрчлөлт оруулалгүй яах вэ. Нэг хэсэг хүмүүс өөрчлөлт оруулахгүй гээд бухимдаад байгаа юм шиг яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Үндсэн хууль бол Монголын ард түмний аж амьдралыг чиглүүлсэн ганц том хөтөлбөр. Энэ хөтөлбөр нь өөрөө тогтвортой байх ёстой. Тэгэхгүй бол байж байгаад л хоёр, гурван танхимтай болно, эсвэл хоёр ерөнхийлөгчтэй, дэд ерөнхийлөгчтэй болно гэх мэтчилэн өөрчлөөд байж болохгүй. Нийгэм бужигнана шүү дээ. Улстөр тогтворгүй бол эдийн засаг тогтвортой байж чадахгүй. Тэгэхээр Үндсэн хууль өөрөө тогтвортой байх ёстой.
Нөгөө талаар Үндсэн хууль хүнд зориулсан хууль учраас хүн хөгжихөөр Үндсэн хууль дагаад өөрчлөгдөж байх ёстой. Хөгжсөн хүн маань өөрөө миний хөгжлийн түвшинд Үндсэн хууль гологдож байна гэвэл тэр дээд түвшнөөсөө Үндсэн хуулиа эргэж хараад, засаж байх ёстой юм. Засах цаг нь болсон байхыг үгүйсгэхгүй.
Үндсэн хууль ерөнхийдөө 20-иод жилийн давтамжтайгаар өөрчлөгддөг. Гэхдээ өөрөө хальтирч уначихаад Үндсэн хуулиас боллоо гээд байж болохгүй. Тийм үзэгдэл ялангуяа улстөрчдийн дунд бий. Дарга болох гэсэн чинь Үндсэн хууль дээр гацаад байна гэх мэтчилэн. Ийм байж таарахгүй. Тэгээд сонгуульд ялаад, ажилдаа оронгуутаа Үндсэн хуулиа мартдаг. Одоо яах вэ, тэр алдаагаа ухамсарлаад УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй нь гэх мэт асуудлыг яриад байна л даа.
Ер нь бол хуулийг өөрчилж болно, гэхдээ хэн, хэзээ, хэрхэн өөрчлөх вэ. Ямар нөхцөлд өөрчлөх вэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж гарсан. Тэр хуулийг баримталж өөрчлөх ёстой юм. Тэр хуульд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болох боловч энэ энэ зүйлд гар хүрч болохгүй гээд заагаад өгчихсөн.

-Сүүлийн үед иргэдээс Үндсэн хуулийн Цэцэд хандаж, хууль зөрчсөн талаар гомдол, мэдээлэл их ирүүлэх болсон. Иргэн, аж ахуйн нэгж, хууль тогтоогчид үнэхээр тэгж ихээр Үндсэн хуулийг зөрчөөд байна уу?
-Үндсэн хуулийг хоёр янзаар баталдаг. Эсвэл ард түмэн, эсвэл парламент баталдаг. Манай Үндсэн хуулийг парламент баталсан. Гэтэл парламент өөрөө Үндсэн хуулиа зөрчих явдал их байдаг. Засгийн газар зөрчих явдал нь бүр их. Тийм учраас нэг хэллэг байдаг шүү дээ. “Дээрэмчин, тонуулчнаас иргэнийг хамгаалахын тулд Засгийн газар байдаг. Засгийн газраас хүний эрхийг хамгаалахын тулд Үндсэн хууль байдаг” гэж. Үндсэн хууль ханан дээр наасан зарлалын бичиг биш учраас тэрийг харж, манаж байдаг этгээд бий. Тэр нь Үндсэн хуулийн шүүх буюу Үндсэн хуулийн Цэц юм.
1992 онд Үндсэн хууль батлагдсан. 1992 ондоо Үндсэн хуулийн Цэц байгуулагдсан. Энэ хугацаанд 2000 гаруй өргөдөл Үндсэн хуулийн Цэцэд ирсэн байдаг. Сүүлийн үед жилд 100 гаруй өргөдөл ирэх болсон. Ялангуяа Их хурал Үндсэн хууль зөрчсөн талаар иргэд гомдол ирүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан миний эрхийг хууль гаргах замаар миний эрхэд халдаж байна гэж иргэд үзэж байна. Энэ бол иргэд айхтар мэдрэмжтэй болсон байна гэсэн үг.

-Энэ нь бусад оронтой харьцуулахад хэр үзүүлэлт вэ?
-Бусад оронтой яг л адилхан. Угаасаа Үндсэн хууль зөрчсөн гомдол тийм ч олон ирээд байдаггүй. Үндсэн хуулийн Цэц нь өдөр бүр хүн тээгээд явдаг автобус биш. Түймэр гарахаар унтраадаг гал унтраагчтай адилхан гэж болно. Түймэр өдөр бүр гардаггүй. Тухайлбал, Германы Үндсэн хуулийн Цэц ирсэн гомдлынхоо 10 орчим хувийг л хууль зөрчсөн гэж шийдвэрлэдэг. Манайх бас тэр орчимд л байна.

-Ер нь Үндсэн хууль зөрчсөн хууль, тогтоомжууд хэр их байдаг вэ. Үндсэн хуулийн Цэц эдгээр зөрчлүүдийг хэрхэн шийдвэрлэж ажиллаж байна вэ? 
-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хууль зөрчсөн албан тушаалтан болон эрх зүйн актыг авч хэлэлцдэг. Хамгийн их нь хууль. Би түрүүнд хэлсэн. Өнгөрсөн хугацаанд 2000 орчим өргөдөл, гомдол ирсний 200 гаруй нь Их хурал хууль зөрчсөн гэдэг гомдол.
Зөвхөн 2013 онд 130 орчим өргөдөл мэдээлэл ирснээс 80 гаруй хувь нь хууль Үндсэн хууль зөрчсөн гэх гомдол байсан. Үүнээс 10 гаруй хувийг нь Үндсэн хууль зөрчсөн нь үнэн байна гэж тогтоосон. 

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:
Л.Энхдэлгэр

No comments:

Post a Comment