Tuesday, December 8, 2015

Улс төр судлаач С.Мөнхбат - 2015.11.27

Үндсэн хуулийн өөрчлөлт “алаг цоог” байна

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, судлаач С.Мөнхбаттай Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.  
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг чуулганаар яриад эхэллээ. Нэлээд олон шүүмжлэл гарч байгаа ч хамгийн гол нь энэ өөрчлөлт ард түмний дэмжлэгийг авч чадах уу гэдэг эргэлзээ байна. Үүний тулд ард нийтийн санал асуулга явуулна гэж байгаа. Гэхдээ энэ мэт хүчин зүйлсээс үүдэлтэйгээр Үндсэн хуулийн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны хувьд боломжгүй болчихов уу гэж харж байна. Та судлаачийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Цаг хугацааны боломж байхгүй. Нэгдүгээрт, сарын дараа он гарах гэж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард түмэн ямар ч мэдээлэлгүй байна. Ард түмэн мэдээлэлгүй байгаа үед ямар томъёоллоор санал асуулга явуулах вэ гэдэг нь ч тодорхойгүй байгаа. Ийм үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь эргээд ноцтой үр дагавар бий болгож болзошгүй. Үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцүүлээд, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиудыг өргөн барьсан. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд бусад органик хуулиудыг өргөн барьж байгаа нь хэт цаг хугацаанд шахагдсан. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг өөрчлөх дэс дараалал, процедурын хувьд жудаггүй зүйл болоод байна л даа. Тийм учраас судлаачид бид ямар байр суурьтай байгаа вэ гэхээр Үндсэн хууль өөрөө нийгмийн зөвшилцөл, гэрээний биелэл болсон улс төрийн эрх зүйн том бичиг баримт. Үүнийг өөрчлөхийн тулд заавал ард түмний байр суурийг ойртуулах ёстой. Мөн парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намуудын байр суурийг нэгтгэх ёстой. Ажлын хэсгийн есөн гишүүн хуулийн төслийг өөрчлөн найруулж, өргөн барьчихаад, түүнийгээ батлуулаад явна гэдэг боломжгүй зүйл.


-Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт хийх цаг нь мөн үү. Заавал өөрчлөлт оруулах шаардлагатай юу, үгүй юу гэдэг асуудал бас бий?
-Үндсэн хуульд өөрчлөлт хийх зүйл заалтууд байгаа гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Ялангуяа эрх мэдлийн хуваарилалт, төрийн байгуулалтын хүрээнд өөрчлөх зүйлүүд бий. Гэхдээ цаг хугацааны хувьд одоо биш. Дараагийн парламент гарч ирээд аль болох олон шатны хэлэлцүүлэг, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн оролцоотойгоор өөрчлөх ёстой. Үзэл бодол, концепцийн хувьд ямар байх вэ гэдэг дээр жирийн иргэнээс эхлээд Ерөнхийлөгч хүртэл нэг ойлголттой болж байж, өөрчлөлт оруулах ёстой. Тэгж чадвал Үндсэн хуулийн өөрчлөлт жинхэнэ утгаараа явагдана.

-Одоо өргөн баригдаад байгаа хуулийн концепцийг та судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ?
-Зарим нэг өөрчлөөсэй гэж бодож байсан зүйлүүд байна. Жишээлбэл, Ерөнхий сайд кабинетээ өөрөө бүрдүүлж, сайдаа өөрөө томилж, огцруулах. Засгийн газрын үйл ажиллагааны хариуцлагыг УИХ-ын өмнө хүлээдэг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газрын үйл ажиллагааны хараат бус, бие даасан байх нөхцөлүүдийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажуулж өгч байна. Энэ бол бас хийх ёстой өөрчлөлтүүд мөн. Гэхдээ ерөнхий том утгаар нь аваад үзвэл нэг тийм “алаг цоог” маягтай. Алаг цоог хийчихсэн юмыг нь харахаар хоорондоо логик уялдаагүй. Тэрнээс үүдэн гарах улс төрийн болон эрх зүйн үр дагавар нь тодорхойгүй. Уг нь энэ том бичиг баримтад өөрчлөлт орж байгаа нөхцөлд хоёр том судалгаа хийгдэх ёстой. Нэгдүгээрт, одоо үйлчилж байгаа Үндсэн хууль юуг сайн зохицуулж, юуг зохицуулж чадаагүй вэ гэдэг дээр хэрэгжилтийн үнэлгээ хийх ёстой. Хоёрдугаарт, шинэчилж, өөрчилж байгаа зүйл заалтууд дээр ирээдүйд үүсэн гарах нөхцөл байдал, улс төрийн үр дагаврыг нь урьдчилан тааварлаж, үнэлэх. Энэ хоёрын дундаас илүү сайн зүйл гарч ирэх ёстой юм. Аль аль нь хийгдээгүй учраас Үндсэн хуулийн өөрчлөлт маань хэдхэн хүний үнэлэмж, байр сууриар гарч ирчихээд байна. Энэ байдлаараа цаашаа явах боломжгүй. Нэгдүгээрт, цаг хугацаа нь биш. Хоёрдугаарт, энэ өөрчлөлтийг концепцийн хувьд дахин боловсруулж, судалгаа, дүгнэлттэйгээр хийх ёстой.

-Ерөнхий сайдад бараг бүхий л эрх мэдлийг өгнө гэж байна. Үүний нөгөө талд Ерөнхий сайдад яаж хариуцлага тооцох вэ. Ерөнхий сайд нь өөрөө муу муухай бүхний цуглуулга шиг хүн болчихвол яах болж байна вэ?
-Хариуцлагын асуудал их сул байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийг парламентаас томилно. Гэвч Ерөнхий сайдад маш их эрх мэдэл өгчихөөд, парламент яаж хянах вэ гэдэг хяналтын механизмыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд маш муу тусгаж өгсөн. Өнөөгийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бол супер эрх мэдэлтэй Ерөнхий сайд гарах гээд байна. Мэдээж УИХ-ын олонхи болсон нам засгаа байгуулна. Олонхийн намын дарга Ерөнхий сайд болж таарна. Эргээд Ерөнхий сайд парламентын олонхиороо дамжуулаад бодлогоо хэрэгжүүлнэ. Үүн дээр нэмэгдээд Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно гэхээр ерөнхийдөө хэн Ерөнхийлөгч болохыг Ерөнхий сайд шийдэх гээд байна шүү дээ. Гэх зэргээр дутагдалтай зүйлүүд байна. Тэгэхээр Ерөнхийлөгч үнэхээр төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэж байгаа бол Засгийн газраас хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Засгийн газар болон УИХ хоёрын үйл ажиллагааг хооронд нь тэнцвэржүүлэхэд Ерөнхийлөгч ямар үүрэгтэй байх вэ гэх зэрэг нарийн зохицуулалтууд хэрэгтэй. Ийм зохицуулалтууд Үндсэн хуулийн өөрчлөлтөд харагдахгүй байгаа. 

-Засгийн газрыг есөн яамтай ажиллуулна гээд тусгачихсан. Энэ хэр оновчтой вэ. Манайх шиг улсад Засгийн газар яг тэдэн яамтай ажиллана гэдгийг хатуу тогтоож өгөх шаардлагатай юу?
-Ер нь бол амьдрал хуулиасаа илүү баялаг. Хууль бол тодорхой харилцааг хайрцаглаад, зохицуулдаг. Тэр хайрцагласан юмнаас амьдрал баялаг. Тийм ч учраас зарим зүйлийг ёс суртахуунаар зохицуулдаг шүү дээ. Тэгэхээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шууд тогтоох нь дээр дурьдсанчлан хайрцагласан зүйл л болно. Эерэг талыг нь харвал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийн дүгнэлт дээр Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого залгамж чанартай байх, аль ч нам засаг авсан энэ бүтцээр ажилладаг байх зэргээр дурьдсан байна билээ. Гэхдээ тухайн нийгэм, улс орон өөрөө байнга хөгжиж байгаа. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн өөрчлөлтөд уялдуулж, салбарын шинжтэй томоохон асуудал гарч ирвэл тэрэнд нь тохирсон бүтэц, бүрэлдэхүүнийг хийгээд явах ёстой. Тэгэхээр Засгийн газрын бүтцийг хатуу тогтоох нь оновчтой зүйл биш. 

-Орон нутаг, засаг, захиргааны нэгжийн хуваарилалтад өөрчлөлт орохоор байгаа. Тухайлбал, орон нутагт намууд хүнээ нэр дэвшүүлж өрсөлдөхгүй гэх зэрэг асуудал бий...
-Практикийн хувьд манайд нэг зовлон байна. Суман дээр очихоор ах дүү, найз нөхдөөрөө нийлээд намаар хуваагдчихдаг. Суманд бие биенийгээ мэддэг, цөөн хэдхэн хүн байгаа. Тэд хоорондоо намаар талцаад, нэг нам нь засаг авахаараа өөр намын нөхдүүдээ хавчдаг, шахдаг. Энэ бүгд эцэстээ жирийн ард иргэдийг хооронд нь хагалж, бутаргадаг буруу жишиг рүү хөтлөөд байна. Тийм учраас ИТХ-ыг жижиг нэгжүүдэд тухайн орон нутгийн иргэдийн шууд оролцоотойгоор байгуулдаг. Засаг даргыг Иргэдийн хурлын саналаар дээд шатны Засаг дарга нь шууд томилдог байвал зохистой. Яагаад гэвэл Засгийн ажил босоо тогтолцоотой байдаг. Тэгж байж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа улс орон даяар нэгдсэн бодлого, зохион байгуулалт, чиг шугамтайгаар ажиллана.

-Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, ажиллах хугацааг таван жил болгох асуудлыг хэрхэн харж байна вэ?  
-Таван жил болгодог үндэслэл нь Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалах гэсэн байналээ. Дэлхийн улс орнуудын парламентын жишгийг харвал бүрэн эрхийн хугацаа ихэнхдээ л дөрвөн жил байгаа. Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалах асуудал засаг авсан намуудын л үйл ажиллагаатай холбоотой. Хоёрдугаарт, төр гэж байгаа бол төрийн нэгдсэн нэг бодлого байх ёстой. Дөнгөж өнөөдөр /өчигдөр/ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталлаа. Энэ хууль хэрэгжээд эхлэхээр харьцангуй гайгүй болох байх. Таван жилийн хугацаа нэг их оновчтой хувилбар биш. Парламентын гишүүдийн тооны хувьд 99 гэж байгаа. Анх 1992 онд Үндсэн хуулийн төсөл хэлэлцэж байх үед ардын депутатуудын их хурал дээр гурван тоо яригдаж байсан. УИХ 102, 76, эсвэл 52 гэж. Тэгээд дундын хувилбараар 76 сонгож байсан. Гэхдээ тооны хувьд өнөөгийн 76 гишүүн арай багадаж байгаа. Ер нь бол 76-аас дээш, 100-102 гишүүнтэй байхад манай парламентын хувьд яг л боломжийн тоо. 25-30 мянган сонгогчдод нэг төлөөлөл гэж тооцоход тийм тоо гарч ирж байгаа.

-Бага гишүүнтэй байх тусам худалдагдах эрсдэлтэй гэх юм билээ?
-Өнөөгийн 76 гишүүний хувьд яг хууль гаргах чадамж тал дээр ч бас харьцангуй сул байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын гишүүдийн олонхи бүрдсэнээр чуулганы ирц бүрдсэнд тооцно. 76-ийн олонхи гэхээр 39 гишүүн. 39 гишүүний 20 нь кноп дарахад хууль батлах боломжтой. Үнэндээ 20 хүнийг гадны мөнгөтэй, том корпорациуд яаж л бол яаж лоббидож болно. Бид уул уурхайн баялаг ихтэй, үндэстэн дамнасан корпорациудын анхаарлын төвд байна. Ийм үед бид парламентын хууль гаргах чадамжийг нэмэгдүүлэх ёстой. Ингэж нэмэгдүүлэхийн тулд хийж болох нэг зүйл нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх. Дээрээс нь одоо бол парламент олонхиороо асуудлыг шийдэж байгаа. Гишүүдийн тоо нэмэгдээд эхэлбэл, олонхиор биш олон намын зөвшилцлөөр шийдвэр гаргадаг механизм руу орно. 120 гишүүнтэй болчихоод, тэрний олонхи гэвэл хүссэн хүсээгүй нэг нам биш олон намын зөвшилцөл, байр суурийн нэгтгэл шаардлагатай болно. Зөвшилцөл шаардагдаад эхлэхээр парламентдаа ч хэрэгтэй. Улс төрийн намуудын төлөвшилдөө ч хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн эрх мэдэл ямар төвшинд байх ёстой юм бол. Одоо бол дэндүү их эрх мэдэлтэй болчихлоо гээд байгаа?
-Сонгодог парламент гэдэг утгаараа Ерөнхийлөгчид байгаа зарим эрх мэдлийг Ерөнхий сайд руу шилжүүлсэн байна билээ. Парламентын сонгодог гэдэг утгаараа Ерөнхий сайд парламентын өмнө ажлаа тайлагнана. Ерөнхийлөгчийн үүрэг ролийг нэлээд бэлгэдлийн шинж чанартай болгосон байгаа. Улсын одон тэмдэг олгодог ч юм уу. Мөн шүүх эрх мэдлийн хүрээнд Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорыг томилохоор байгаа. Гэхдээ тэрийг санал болгож байгаа субъект нь хамгийн чухал. Тухайлбал, Ерөнхий прокурорыг Ерөнхий сайдын санал болгосноор Ерөнхийлөгч томилно гэж байгаа. Ерөнхийлөгч буцаасан ч гэсэн дараагийн ерөнхий прокурорыг дахиад л Ерөнхий сайд санал болгоод, оруулаад ирнэ. Тэгвэл хуулийн биелэлтэд хяналт тавьдаг, төрийн нэрийн өмнөөс хүнийг ялладаг байгууллагын тэргүүнийг гүйцэтгэх засаглалын тэргүүн оруулж ирнэ гэхээр юу гэсэн үг вэ. Ерөнхий сайдад хөрөнгө мөнгө, төсөв гээд бүх зүйл бий. Дээр нь прокурор, хуулийн байгууллагатайгаа нийлж байгаад, төсөв мөнгө шамшигдуулснаа хэрэгсэхгүй болгодог буруу жишиг тогтвол яах билээ. Энэ мэт ноцтой үр дагавар дагуулж болохоор зүйл заалтууд байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлт эрх мэдлийн тэнцвэрийг хангах ёстой гэж байгаа. Тэгвэл одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөөр тэрхүү эрх мэдлийн тэнцвэрийг хангах нөхцөл байдал харагдаж байна уу?
-Харагдахгүй байна. Алаг цоог, өрөөл татанхай хүн маягтай байна. Уг нь гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэл нь харилцан уялдаа холбоотой, төрийн гурван салаа мөчир юм. Төр гэдэг институцид байгаа нэг л эрх мэдэл бий. Тэр эрх мэдлийг гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох гэж гурав хувааж байгаа юм. Түүнээс биш аль нэг нь дээр байна гэсэн үг биш. Манайхан парламентаасаа Засгийн газар нь байгуулагддаг учраас парламент Засгийн газрынхаа дээр байна гэж ойлгоод байдаг. Гэтэл тийм биш. Тэр гурван эрх мэдэл харилцан эрх тэгш байж, бас бие биенийгээ хянадаг, бие биенийхээ үйл ажиллагааг нөхцөлдүүлдэг байх ёстой. Тэр механизмыг л хийж өгөх ёстой. Энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд харагдахгүй байна. 

-Одоо бол Ерөнхий сайд л супер эрх мэдэлтэй болох нөхцөл байдал харагдаад байгаа?
-Засгийн газар хараат бус ажиллаж чадахгүй, Ерөнхий сайдын эрх мэдэл дутаад байна гэдэг. Тэгэнгүүт эрх мэдэлтэй болгох ёстой юм байна гээд хэтэрхий туйшлраад. Мэдээж тодорхой эрх мэдэл шаардлагатай гэдгийг ойлгож байна. Юу гэхээр кабинетээ өөрөө бүрдүүлдэг, огцруулдаг, хариуцлагаа хүлээдэг ч юм уу. Тэр эрх мэдлийг олгож болно. Гэтэл зүгээр л нэг савлагаатай. Ерөнхийлөгч, УИХ-аас хамаг эрх мэдлийг салгаж аваад, Ерөнхий сайдад механикаар наагаад байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:
Л.Энхдэлгэр 

No comments:

Post a Comment