Wednesday, December 16, 2015

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Тэрбишдагва - 2015.12.11






Хуульч, судлаач Д.Үүрцайх - 2015.11.27

ҮХ-ийн өөрчлөлтийг энэ агуулгаар нь хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй
  
Хуульч, судлаач Д.Үүрцайхтай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар ярилцлаа.

-    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төсөл УИХаар хэлэлцэгдэж эхэллээ. УИХ-ын гишүүдийн зарим нь “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад тохиромжгүй үе байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамж энэ УИХ-д байхгүй” гэж тайлбарлаж байгаа бол зарим нь “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон” гэж ярьцгааж байна. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий юу ?
-    Цаг нь мөн үү, биш үү гэдэг бол хоёрдахь асуудал. Нийгмийн суурь гэрээ, Монгол улсын Тусгаар тогтнол, ард түмний бүрэн эрхийн баталгаа гэдэг утгаар нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ул суурьтай, судалгаатай хандах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна уу? Миний хувьд шаардлага байна гэж үзэж байгаа. Эхний ээлжинд төрийн эрх, мэдлийн хувиарлалтыг хяналт, тэнцвэртэй болгох. Ингэхдээ парламентын одоогийн хэт их эрх, мэдлийг болон хариуцлага хүлээдэггүй, эрсдэлд ордоггүй байдлыг засч, өөрчлөх шаардлагатай. Гэхдээ үүнийг өөрчлөх нэрийн дор төрийн эрх, мэдлийнхээ хяналт, тэнцлийн зарчмыг алдагдуулж нэг талд нь хэт их эрх мэдэл өгвөл үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хор учруулах нөхцөл байдал үүсч болзошгүй.

-    Үндсэн хуулийг өөрчлөх тохиромжтой цаг нь мөн үү?
-   Үндсэн хуулийг өөрчлөхдөө УИХ-ын бүрэн эрхийн хугацааны төгсгөлд хэлэлцэх нь зөв үү гэдэг асуудал байна. Мөн улс төрийн болон хууль зүйн хувьд цаг хугацааны боломж байна уу гэдэг асуудал бий. Гэтэл Үндсэн хуулийнийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах шатнаасаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд ард түмний бүрэн эрх, оролцоог хангах, ил тод байх гэж заасан байдаг. Иргэдийн оролцоог яаж хангах ёстойг хүртэл заасан байгаа. Тухайлбал, эрдэмтэн судлаач, улс төрийн намуудын байр, суурийг сонсох гэх мэтчилэн. Гэтэл энэ бүхнийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг биелүүлээгүй, хангаагүй. Үүнийг бүгд мэдэж байгаа. Төсөл хаалттай байж байгаад УИХ-д өргөн баригдсан. Би хувь судлаачийнхаа хувьд олж үзэх гэж хичээсэн боловч чадаагүй байж байгаад өргөн барьсаны дараа нь олж уншсан. Нөгөөтэйгүүр ард нийтээрээ өргөн хэлэлцүүлж байж уг төслөө боловсруулах юм бол нийгмийн зөвшилцөл бий болно. Үндсэн хууль бол нийгэм ард түмэн нь төртэйгээ байгуулж буй гэрээ учир нийгмийн зөвшилцөл дээр тулгуурлаж хийх ёстой байсан. Гэтэл ард иргэдтэйгээ зөвшилцсөнгүй. Тиймээс уг хуулийн төсөл хүлээн зөвшөөрөгдөх чанараа олж авч чадаагүй боломжгүй болжээ.

Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа - 2014.01.13

Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон байхыг үгүйсгэхгүй

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны түүхт 22 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Танд Үндсэн хуулийн өдрийн баярын мэнд хүргэе. Одоогоос 22 жилийн өмнө батлагдсан ардчилсан Үндсэн хуулийн үнэ цэн, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ. Өнөөдөр Үндсэн хууль маань ямар байдалтай байна вэ, хэрэгжиж чадаж байна уу?
-Ардчилсан Үндсэн хууль, шинэ үндсэн хууль гэж томъёолоод байгаа. Буруу ч зүйл биш. Яагаад гэвэл 1992 оноос бодит, жинхэнэ ардчиллын үзэгдэл бий болсон. Тийм учраас бусад хуулиудаасаа ялгахын тулд Ардчилсан Үндсэн хууль гэж ярьж байгаа. Үндсэн хууль өөрөө эрх зүйн үзэл суртлын баримт бичиг. Ардчилал гэдэг бол өөрөө үзэл суртал. Тийм учраас үзэл суртал талаас нь товойлгоод ярьж байхыг үгүйсгэхгүй.
Энэ Үндсэн хууль бол өмнөх Үндсэн хуулиудаасаа ялгаатай. Энэ талаар түүх ярих боломжгүй учраас одоогийн Үндсэн хууль ямар ач холбогдолтой, үзэл сурталтай юм гэдгийг товч ярья. Үндсэн хууль нь хүн, нийгэм, төр гурвын харилцааг зохицуулж байх ёстой. Энэ гурав зөв, тэнцвэртэй харилцаж байвал Үндсэн хууль болоод, бүтээд байна гэсэн үг.
Үндсэн хуулийг ард түмэн өөртөө зориулж зохиосон учраас үүнийхээ үр шимийг хүртэх ёстой. Хамгийн эхлээд Үндсэн хуулийнхаа зүйл заалт, утга санааг өөртөө хэрэглээд, эрүүл оршин ёстой. Боловсролтой, эд хөрөнгөтэй байх ёстой. Энэ бол Үндсэн хуулиасаа олж авах зүйл.
Үндсэн хууль нэгдүгээрт, бусад хуулиар дамжиж хэрэгжинэ. Тийм учраас бусад хууль Үндсэн хуулийнхаа үзэл санааны дагуу гарч байх ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хууль өөрөө шууд амьдралд хэрэгжих ёстой.  Тэгэхээр Үндсэн хууль нэгэнт утга зохиолын бүтээл, хавтастай ном юм чинь ширээн дээр байгаад байвал байгаад л байна. Хэн салхи оруулах вэ гэхээр нөгөө албан тушаалтан, иргэн маань өөрөө уншаад, “Энэ миний авах ёстой, хүртэх ёстой зүйл байна. Энэ буруу байна” гэдгийг ойлгох хэмжээнд байх ёстой. Тэгэхээр иргэдийн улс төрийн соёл, эрх зүйн ухамсар дээшлэх хэмжээгээр Үндсэн хуулийн биелэлт сайжирна. Түүнээс биш нэг өдөр ой тэмдэглээд, эсвэл Үндсэн хуулийг хэвлэж, тараагаад Үндсэн хууль хэрэгжихгүй.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин - 2015.12.07

Ерөнхий сайд хэзээ ч супер эрх мэдэлтэй болж чадахгүй

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. Тэрээр шинэчлэлийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж, эрхзүйн шинэтгэлийг үе шаттайгаар эхлүүлсэн нэгэн. МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшлахын зэрэгцээ Үндсэн хуулийн талаар 15 орчим жил судалгаа хийсэн. 2008 онд УИХ-д анх сонгогдсон гэдгээрээ улстөрчийн хувьд шинэ харагдах ч салбарынхаа асуудлаар “нэг ангийнхаа” хуучцуултай ана мана мэтгэлцдэг, хуульчийнхаа хувьд боловсрол зузаанд тооцогдох нөхөр.
Бид энэ удаа түүнтэй Үндсэн хуулийн өөрчлөлт, өмнө нь сайд байхдаа эхлүүлсэн эрхзүйн салбарын шинэтгэл болоод бусад сэдвээр ярилцлаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал парламентын түвшинд маргаантай байна. Үндсэн хууль судлаач хүнтэй уулзсаных энэ талаар асуух ёстой болов уу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь одоо мөн үү? Үнэхээр өөрчлөх хэрэгцээ, шаардлага байна уу?
-Хүмүүс аз жаргалтай, тайван, эрсдэлгүй, эрх чөлөөтэй амьдрахын тулд түүнийгээ хамгаалах нүдэнд харагддаггүй шилэн байшинг хуулиудаар бий болгодог. Тэр харагддаггүй шилэн байшингийн суурь, араг яс нь Үндсэн хууль. Үндсэн хууль өөрөө зорилго биш, зорилго нь хүмүүс өөрсдөө юм. Хүмүүсийн төлөө Үндсэн хуулийг хийсэн учраас хүн бүр амьдарч байгаа тухайн цаг үедээ Үндсэн хуулиа өөрсдөө сайжруулж, засч янзалж байх ёстой. Бусад улс орнуудын туршлагыг судлаад үзэхэд 20-25 жил тутамд Үндсэн хууль шинэчлэгдэж, сайжирч байх ёстой гэж үздэг юм билээ. Тэгэхээр 1992 онд батлагдсан манай Үндсэн хуульд ч шинэчлэл хийх цаг нь болсон. Би өөрөө энэ чиглэлээр олон жил судалгаа хийсний хувьд хэлэхэд 1992 оны Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааг тогтвортой зохицуулах гэхээсээ илүүтэй шилжилтийн маягийн Үндсэн хууль байсан. Шилжилтийн маягийн Үндсэн хуулиар бид 25 жил явлаа. Одоо шинэ нийгмийнхээ суурь харилцаа, үнэт зүйл, зарчмуудыг илүү тодотгож бэхжүүлсэн, хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэхүйц, бидэнд тулгарч буй шинэ сорилтуудыг даван туулахуйц өөрчлөлт хийх шаардлага бол байна. Цаг нь болсон, болоогүй, энэ хүмүүс хийж чадна, чадахгүйн тухай асуудал биш. Цаг үе болгон өөрсдийн асуудлаа хэлэлцэж, дүгнэж, асуудлыг шийдэх хувилбараа дэвшүүлж явах ёстой. УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр оруулж ирж байгааг би хувьдаа дэмжиж байгаа. Гэхдээ яаран батлая, цаг нь болоогүй гэх хоёр туйлшралаасаа гараад агуулга, шинэчлэх үзэл баримтлалынхаа талаар олон нийтийн хэлэлцүүлгийг маш идэвхтэй явуулах ёстой гэж үзэж байгаа.

МҮАН-ын дарга М.Энхсайхан - 2015.11.20

Хүчтэй Ерөнхийлөгч бүхий Парламентийн засаглал



УИХ дахь АН-ын Бүлгийн хийсэн судалгаа - 2015.12.07

Үндсэн хуулийн талаар ард иргэдээс асуух эсэх талаар авсан судалгааны дүнг намаас гишүүдэд танилцууллаа.

Ардчилсан нам ард түмнээс асуух саналыг гаргаад байгаа. Ард нийтээс асуух санал асуулгын талаар судалгаа явуулахад 

  • Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөхийг 72.6 хувь,
  • Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ард түмнээсээ асуухыг 80.7 хувь, 
  • Сумын Засаг даргыг иргэдийн дундаас нэр дэвшүүлж, нийт иргэдийн саналаар сонгодог болохыг 91.8 хувь,
  • Аймгийн Засаг даргыг ИТХ-аасаа сонгохыг 39.6 хувь, 
  • УИХ-ын гишүүдийн 25 хувь нь гарын үсэг зурж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцдэг одоогийн тогтолцоог халж 51 хувь болгон өөрчилж, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах асуудалд 71 хувь,
  • 3-4 сайд нь УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрч давхар дээлтний тоог цөөрүүлэхийг 76.8 хувь, 
  • Аймгийн төвүүдийг хот болгох асуудалд 67.8 хувь, 
  • Шүүх прокурорын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангахыг 53 хувь, 
  • УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг 15.4 хувь, 
  • Сонгуулийг таван жилд нэг удаа явуулахыг 51 хувь нь “зөв” гэж хариулсан байна.

Ардчилсан намын бүлэг УИХ-ын сонгуулийн саналын хуудас дээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүдээ нэг бүрчлэн бичээд ард иргэдээс авах санал асуулгыг зэрэг явуулах нь зүйтэй юм гэсэн саналын талаар ярилцаж байна. 

Эх сурвалж:

Улс төр судлаач О.Машбат - 2015.12.06


УИХ-ын гишүүн М.Батчимэг - 2015.12.02


Үндсэн хууль судлаач О.Мөнхсайхан - 2015.12.07

Засгийн газрыг яаж байгуулах, УИХ ямар хариуцлага хүлээхийг Үндсэн хуулиар нарийвчлан зохицуулъя

2015 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ төсөлд анализ хийж үзэхэд зарим улс төрчдийн “засаглалын хямрал” гэж нэрлээд буй гүйцэтгэх эрх мэдлийн тогтворгүй, үр нөлөөгүй, тарамдсан байдлыг шийдвэрлэхэд чиглэсэн дэвшилтэд зохицуулалт оржээ. Гэвч, Засгийн газрыг байгуулах ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй, Засгийн газарт итгэл үзүүлээгүй бол УИХ тарах эрсдэлийг бий болгоогүй нь төслийн хамгийн сул тал гэдгийг энэ нийтлэлээр харуулна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан миний бие "1992 оны Үндсэн хууль бол анхны ардчилсан, жинхэнэ Үндсэн хууль," "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хуульд нийцсэн байхын зэрэгцээ судалгаанд үндэслэсэн байх ёстой" гэсэн гарчигтай ярилцлагуудыг өгч байсантай танилцана уу.
Улаанбаатар бодлогын судалгааны төвийн захиалгаар бидний хэсэг судлаачид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөндөгдөж буй асуудлуудыг судалсан тухай өмнө өгүүлсэн.  Энэ багт миний бие засгийн газрыг байгуулах асуудлыг парламентын болон хагас ерөнхийлөгчийн засаглалтай 21 улсад хэрхэн зохицуулдаг талаар харьцуулж судалсан. Англи, Япон, Герман зэрэг ардчилал бэхэжсэн улсууд, мөн Польш, Чех, Эстон зэрэг ардчилал руу харьцангуй амжилттай шилжиж буй пост социалист улсуудыг хамруулсан юм. Энэ нийтлэл уг судалгаанд тулгуурласан болно.

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат - 2015.12.01

Улс удирдаж чадахгүй байгаа хүмүүс Үндсэн хууль өөрчилж чадна гэж үү?

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбаттай уулзаж ярилцлаа.

-Үндсэн хуулийг өөрчлөх асуудал олны анхаарлын төвд байна. 20 гаруй жилмөрдсөн “Эцэг хууль”-ийг өөрчлөх цаг хугацаа болсон уу?
– Эрх мэдлээ булаацалдаж, монгол төрийг сульдаасан эрх баригчид өөрсдийн бий болгосон улстөрийн хямралаа Үндсэн хуулийн хямрал мэтээр сурталчилж, явцуу эрх ашигтаа тохируулж ээлжит халдлагаа хийхээр улайрч байна. Хэдийгээр Үндсэн хуулинд өөрчилж сайжруулчихмаар зарим зүйл, заалт байгааг үгүйсгэхгүй чөөрчлөх цаг нь одоо биш, өөрчлөх хүмүүс нь эд нар биш. Улс удирдаж чадахгүйбайгаа хүмүүс Үндсэн хууль өөрчилж чадна гэж үү. 2000 оны дордуулсан 7 өөрчлөлтийн балаг арилаагүй, хуйвалдаан хийж, гүйцэтгэсэн намууд, хүмүүс улстөр,  ёс суртахууны хариуцлага хүлээгээгүй байхад дахин Үндсэн хуулиар тоглохоор санаархаж буйг ард түмэн хэрхэвч хүлээн зөвшөөрөх ёсгүй.

-Та энэ өөрчлөлтийг дэмжихгүй байгаа юм байна.Таны бодлоор тэр өөрчилж сайжруулчихмаар зүйл, заалт юу вэ?
– Гарцаагүй хийх зарчмын өөрчлөлт бол ард түмний бүрэн эрх буюу нийтийн эрхийн зүйл, заалтыг нэмж оруулах асуудал юм. Ингэснээр эх орон, ард нийт, хувьхүний эрх ашиг зөв эрэмблэгдэнэ. Энэ нэмэлтийг хийснээр төрийн нэрээр эзэнгүйддэг нийтийн өмч, газар, баялаг, үндэсний валют хамгаалагдах, үнэлэгдэх эрх зүйн орчин жинхэнээсээ бүрдэнэ. Ард түмнээсээ асуугаад парламентын засаглалыг сонговол хоёр танхимтай байхасуудлыг нэг тийш шийдвэрлэж, сонгодог парламентын жишгээр Ерөнхий сайдын бүрэн эрхийг өргөжүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд эргүүлэн татах зэрэг хариуцлагын механизмуудыг нэмж, Ерөнхийлөгчийн институтыг байлгасан тохиолдолд засаглалын шинжтэй эрх мэдлийг нь хумиж, төрийн хүндэтгэл, бэлгэдлийн агуулгаар нь үлдээх хэрэгтэй. Шүүх, прокурор, АТГ-ын томилгооноос үүдэлтэй эмзэг байдлыг арилгаж, Цэцийнхэм хэмжээ тогтоож, жижиг УИХ шиг ажилдгийг таслан зогсоож, шүүх эрх мэдлийнхүрээнд оруулбал зохино. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд хот, бүсийн статусыг нэмж баталгаажуулах шаардлагатай. Эрх мэдлээ булаацалдаж Үндсэн хуулиа өөрчлөх гэж өөрчлөхийн оронд энэмэтчлэн олон жил яригдсан, нийгэм хүлээн зөвшөөрсөн өөрчлөлтүүдийг хийвэл тустай юм даа.

Академич, хуульч С.Нарангэрэл - 2015.12.02

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг шинжлэх ухааны үүднээс дэмжих боломжгүй

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлт ба шинжлэх ухаан” онол, арга зүйн хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Тус хэлэлцүүлгийг Шинжлэх ухааны Философийн хүрээлэнгийн хуулийн салбар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, судлаачид хамтран зохион байгуулсан аж. Энэ үеэр академич С.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар гадуур янз бүрийн л яриа гарч байна. Харин энэ удаа эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлж байгаа нь зөв байх. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар та ямар бодолтой явна вэ?
-УИХ-ын нэр бүхий 40 гаруй гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьчихлаа. Өргөн барина гэдэг бол үндсэндээ албан ёсны болж хэлэлцүүлэг хийхэд бэлэн болсон хэрэг юм. Бид хэлэлцүүлгээрээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд шинжлэх ухааны дүгнэлт, шүүмж гаргах гол зорилгыг агуулсан. Юуны өмнө яг төсөлд бол урьдчилаад эрдэмтэд, судлаачдын дүгнэлтийг аваагүй юм билээ. Тийм учраас бид санал дүгнэлтээ зайлшгүй өгөх шаардлагатай.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг - 2015.11.25



Баабар - 2015.11.30

"ӨДРИЙН СОНИН"
2015.11.30

1990 оны хувьсгалын ид үед шинэ Үндсэн хууль боловсруулах комисс тухайн үеийн АИХ-ын даргаар ахлуулан байгуулагдсан юм. Комиссын бүрэлдэхүүнд тухайн үед байгуулагдсан улс төрийн намууд төдийгүй нийгмийн янз бүрийн бүлэглэлийн эрх ашгийг төлөөлсөн байгууллагын төлөөлөгчид багтсан. Уг комисс жил хагас ажиллаад шинэ Үндсэн хуулийн төслөө Улсын бага хуралд хүлээлгэж өгсөн. Үүнийг УБХ цааш нь Ардын их хуралд өргөн барьсан. 430 гишүүн бүхий АИХ үүнийг 76 хоногийн турш хэлэлцээд 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталснаар Монгол Улсын түүхийн нэгээхэн шинэ хуудас нээгдсэн билээ.
Энэ нь Монголын дөрөв дах Үндсэн хууль байлаа. Яг үнэндээ бидэнд төр нийгмийн байгууламжийн зураглалыг бие даан боловсруулж хуульчилсан туршлага бараг үгүй байв. Анхны Үндсэн хуулийг Коминтерний төлөөлөгч асан Ринчино, Рыскулов нар би хийсэн, би хийсэн хэмээн хоорондоо маргалдаж улмаар хүчтэй муудалцаж байлаа. 1940 оны Үндсэн хууль нь 1937 оны Сталины Үндсэн хуулийн санаагаар зохиогдсон зөвлөлтүүдийн бүтээл байв. Хөрөнгө хурааж мал нийгэмчилснээр БНМАУ нь хувийн өмч гээч юм огт үгүй нийгмийн шинэ хэлбэрт орлоо гэж үзээд зохиогдсон. 1960 оны Үндсэн хууль нь хууль эрхийн хувьд хүчин төгөлдөр бус байжээ. Юу гэвэл тухайн үеийн Ардын их хурал үүнийг батлаагүй. Дивтаат нөхөд эсэргүүцээд батлаагүй юм биш, хэлэлцэх явцад нь Цэдэнбал үүнийг дахин засварлах хэрэгтэй гэж буцааж аваад ноороглон засварласан боловч түүнээ дахин албан ёсны хууль тогтоох байгууллагаар оруулалгүй тэр чигт нь “мартчихсан” юм.

Төрийн өндөрлөгүүд зөвшилцөлд хүрчээ, харин улстөрчид...

Б.ӨНӨРТОГТОХ
2015 ОНЫ 12 САРЫН 2

Н.Батбаяр нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл болон Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нийгмийн сүлжээнд анхаарал татсан сэдэв болоод байгаа.
Улстөрчдийн талцал хуваагдлын шалтгаан болж буй ч улс орны хэмжээнд зайлшгүй хийх ёстой энэ том шийдвэр өнөөгийн танхимд тухалж буй 76 хүнийг хэн нь хэн бэ гэдгийг нэг ёсондоо харуулж буй. Дордохын долоон өөрчлөлтөөр эхэлсэн эцэг хуулийн зөрчил, засаглалын хямралд хүргэж буй том өөрчлөлтийг хийх хүсэл сонирхол энэ танхимд буй 76 хүний хэдэд нь байна вэ гэдэг нь бас л сонирхол татах сэдэв.
Монгол Улсын Үндсэн хууль 23 жилийн өмнө батлагдахдаа тийм төгс төгөлдөр байсан уу гэвэл тийм биш. Суурь үндэс нь сайн болсон ч жил тутам өөрчлөгдөж буй нийгмийн хөгжил, хүмүүсийн сэтгэхүй оюуны хөгжлийг зарим талаараа гүйцэж чадахгүй хоцрогдож байсан гэдгийг судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.

ХҮН-ын нарийн бичгийн дарга, эрх зүйч Т.Бат-Оргил - 2015.12.02

Үндсэн хуулийг тооцоо, судалгаанд тулгуурлаж өөрчилдөг

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл тойрсон асуудлаар Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга, эрх зүйч Т.Бат-Оргилтой ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлтэй та танилцсан байх. Зарим заалт нь нэлээд шүүмжлэл дагуулаад байна л даа.
-Аливаа юм хөгжиж, дэвшиж байх нь зүйн хэрэг. Гэвч өөрчлөлт болгон сайн болдоггүй. Үндсэн хууль бол үндэсний хэмжээний асар том, тулгуур бичиг баримт. Тиймээс хэрхэн сайжруулах вэ гэдгээ бодох ёстой. Онолын үндэс, практик судалгаа, тоо баримттай, мэргэжлийн хүмүүсийн маш өргөн оролцоотой хэлэлцүүлэг хийж, үндэсний хэмжээнд зөвшилцөж  байж л Үндсэн хуулийг өөрчлөх учиртай. Гэвч УИХ-аас байгуулсан ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүсийг оруулсангүй. Эрх мэдлээ өргөтгөх хуулийг УИХ өөрөө санаачилсан нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж байна. Журмын тухай хуулийг зөрчиж өөрчлөлт хийвэл төрийн эсрэг гэмт хэрэг болно. Ийм чухал ажлын хэсгийг яагаад олон нийтэд нэр хүнд муутай Н.Батбаяр гишүүнээр ахлуулсныг ойлгоогүй. Тооцоо, судалгаанд суурилж өөрчилдгөөс биш, хэн нэг бөөгийн төсөөллөөр үүнийг  хийхгүй.
Үндсэн хуулиа сайжруулахын тулд эрх мэдлийн хуваарилалт хаана, яаж гажуудсаныг тогтоох ёстой. 25 жилийн туршлага байгаа учраас бид судалж, баримтаар нотолж байж өөрчлөх саналаа үндэслэлтэй дэвшүүлэх нь зөв. Эрүүл мэндийн салбарыг яаж өөрчлөх вэ гэдгийг энгийн иргэдээс асуувал тоймтой зүйл ярихгүй. Тогтолцоо ингэж гажуудсан учраас ингэж өөрчилбөл арилна гэдгийг зөвхөн мэргэжлийн, тэр дотроо захиргааны шинжлэх ухаан, системээ мэддэг  хүмүүс л ярьж чадна.
Монгол Улс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гурван хэлбэрийн засаглалтай. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг үгүйсгэсэн. Парламент 99  гишүүнтэй байна гэдэг тоог ямар судалгаа, тооцоонд үндэслэж гаргасан нь тодорхойгүй. Олон улсын жишигт бол хүн амын гуравдугаар зэргийн язгуураар тооцож  энэ  тоог гаргадаг.

МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл - 2015.12.02

Үндсэн хуулийг цэгцлэх ёстой
-Сонгуулийн дараа цэгцтэй ажиллаж чадах төртэй болж чадахгүй бол сонгууль хийхийн утга учир байхгүй-
МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлээс дараах тодруулгыг хийлээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжиж байгаа юу. Бодлогын нам болж төлөвших ёстой гэж үзэж?
-Улс төрийн намуудын тухай хуулийг цаг алдалгүй хэлэлцэх ёстой. Харамсалтай нь, хугацаа алдаж орж ирлээ. Яагаад гэвэл энэ хууль Сонгуулийн хууль болоод бусад хуульдаа нөлөөлнө.
Өөрчлөлтийн хувьд нам бодлогын нам болж төлөвших ёстой гэсэнтэй санал нэгдэж байгаа. Одоо масс нам голлож байна. Массын тогтолцоо нь аль болох хүний хүчин зүйлээс хамааралтай, маш олон гишүүнчлэлтэй болдог. Бодлого ярих ерөөсөө хамаагүй. Нам нь гишүүдээ барьцаалдаг, гишүүн нь намаа барьцаалдаг. Гишүүддээ барьцаалагдсан нам үндэсний хэмжээнд бий болсон сүлжээгээ байнга тэжээх шаардлагатай. Ингэхийн тулд асар их мөнгө хэрэгтэй болдог. Төрийн албанд өөрийнхөө боловсон хүчнийг байршуулаад тодорхой эрх мэдэлд хүргээд, тэр эрх мэдлээрээ дамжуулж намаа санхүүжүүлэх ажлыг хийдэг. Тийм учраас массын намууд бодлогын нам болж өөрчлөгдөх нь чухал.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БОЛОН ҮЙЛ ЯВДАЛ, ЦАГ ХУГАЦААНЫ ДАВХЦАЛ

ДАШБАЛБАРЫН МӨНГӨНДАЛАЙ
2015.12.01

“Өдрийн сонин”-ы 1999 оны арванхоёрдугаар сарын 25-ны дугаарт “Үндсэн хуульд анх удаа өөрчлөлт орууллаа” гэсэн чуулганы сурвалжлага эхний нүүрт нийтлэгдсэн нь шарласан хуудаснаа түүх болон үлджээ. Үндсэн хуулийг өөрчлөхөөр ярьж буй энэ цаг мөчид сошиал ертөнцөөр 1999 онд Үндсэн хууль өөрчилсөн мэдээлэлтэй “Өдрийн сонин”-ы тэр өдрийн дугаарыг нэгэн уншигч дэлгэсэн нь анхаарал татав. Олон хүн тэр үеийн Үндсэн хуулийн өөрчлөлт одоогийн өөрчлөх гэж байгаа хувилбарын тухай сэтгэгдлээ бичиж бүтэн өдрийн сэдэв болж орхив. Тэр үед радио, телевизээр энэ тухай мэдээлэл гарч байсан нь дамжиггүй. Гэхдээ зарим нь мэдээллээ устгаж, заримыг нь фондонд ганц нэг хувь хадгалан үлдсэн байдаг. Үүнийг жирийн нэг уншигч, үзэгч олон жилийн дараа дахин олж үзэхэд тийм ч амар биш, ер нь л бүтэхгүй болов уу. Харин сонин олон мянган хувь хэвлэгдэн, цагаан дээр хараар баримт болон уншигч, захиалагчдын гар дээр үлдсэн төдийгүй, номын санд ч дугаар бүрээрээ хадгалагдсан байдаг. Тухайн үед “Өдрийн сонин” 25000 хувь хэвлэгдэж байлаа. Үндсэн хуульд ямар өөрчлөлт, ямар хугацаанд оруулж байсныг бидний ихэнх нь мартчихсан байхад өнгөрсөн он жилүүд, тэр үед өрнөж байсан үйл явдлууд ингэж л сонины шарласан хуудаснаа түүх, он цагийн гэрч, баримт болон үлддэг аж.

Хуулийн багш Г.Цэрэнжамц - 2015.11.16

Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх УИХ-д байхгүй


Сайн байна уу? та таньд энэ өдрийн мэнд хүргье. Та эхлээд манай уншигчидад өөрийгөө танилцуулаач.
Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Намайг Г.Цэрэнжамц гэдэг. Монголын Үндэсний Их Сургуулийн Хууль зүй удирдлдагын сургуульд 4 дэх жилдээ багшилж байна.

Та ямар хичээл орж байгаа вэ?
Анх багшилж эхлээд Үндсэн хуулийн эрх зүй орж байгаа энэ хичээлээр мэргэшхийн тулд судалгаа хийж Магистрын дипломын ажлаа Төрийн эрх мэдэл хувиарлах онол: хэрэгжиж буй практик онцлог сэдвээр хамгаалсан энэ сэдэв маань Үндсэн хуулийн эрх зүйн онолын асуудал л даа. Энэ жил Докторын 2 дугаар курсдээ сурж, Үндсэн хуулийн эрх зүйгээр судалгаа хийж байна.

Үндсэн хууль гэж юу вэ?
“Үндсэн хууль” хэмээх ухагдахууны үүсэл, хөгжил нь 200 гаруй жилийн түүхтэй бөгөөд үүгээрээ хүн төрөлхтний төрт ёс, эрх зүйн түүхэнд асар их үүрэг гүйцэтгэсээр ирсэн эрх зүйн үндсэн эх сурвалж юм. Үндсэн хууль нь “Constitutio” гэсэн латин гаралтай “тогтоох” гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд эртний болон дундад зууны соёл иргэншлийн үед “Эзэн хааны зарлиг” гэсэн утгаар хэрэглэгдэж байсан бол хөрөнгөтний засаглал тогтсон тэр үеэс эхлэн улс төр, эрх зүйн практикт бодитой хэрэгжиж, “Тулгуур хууль” гэсэн бодит утгаараа хэрэглэгдэх болжээ. Анх 1787 онд АНУ-д, 1791 онд Францад Үндсэн хуулийг батлан гаргасан явдал нь Үндсэн хуулиар хязгаарласан засаглалыг хөгжүүлэх үндэс болж, өнөөдөр дэлхийн дийлэнх улс орон өөрийн орны нийгэм, улс төр, эдийн засаг, төрийн тогтолцоо, иргэдийн эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлсэн тулгуур хуультай болж чаджээ.
Үндсэн хууль нь явцуу утгаараа парламентад өөрт зориулагдсан хууль юм. УИХ-н гишүүн хүний ширээний өврийн дэвтэр Үндсэн хууль байж аливаа хууль тогтоомжийг зөвхөн Үндсэн хуульд нийцүүлэн батлуулахын төлөө өөрийн мэдлэг чадвараа зориулах ёстой бөгөөд түүнд үл нийцсэн хууль тогтоомжийн үйлчлэлийг таслан зогсоож байхад парламентад ёсны үндсэн үүрэг, хууль зүйн утга агуулга оршдог. Үндсэн хуулиас болоод төрийн байгууллага, албан тушаалтнууд дур зоргоороо авирлаж чадахгүй байгаа бол Үндсэн хууль үүргээ сайн биелүүлж байгаа хэрэг юм.

Үндсэн хууль судлаач О.Мөнхсайхан - 2015.11.13

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хуульд нийцсэн байхын зэрэгцээ судалгаанд үндэслэсэн байх ёстой

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт олон нийт, судлаачид, улс төрчдийн яриа, мэтгэлцээний гол сэдэв болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ талаар судлаачийн байр суурийг хүргэх үүднээс МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайханд анх хандахад тэрээр эхлээд Үндсэн хуулийнхаа ач холбогдол, нийгэмд гүйцэтгэж ирсэн үүргийг ярих хэрэгтэй гэж хэлсэн юм. Тиймээс, доктор О.Мөнхсайхан “1992 оны Үндсэн хууль бол анхны ардчилсан, жинхэнэ Үндсэн хууль” гэсэн гарчигтай ярилцлагыг 2015 оны 4-р сарын 14-нд өгч хэвлүүлсэн. Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьсан учраас төслийн талаар түүнээс хоёр ярилцлага нэмж авсан. Эхнийхийг нь өнөөдөр нийтэлж, дараагийн ярилцлагыг ойрын өдөрт та бүхэнд хүргэх болно. 

-Урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хуульчилсан журмыг зөрчиж байна гэх судлаачид, улс төрчид байна. Эндээс яриагаа эхлэх үү?
-2015 оны 11-р сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтээс санал асуулга авах тогтоолын төслийн хамт УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсан. Энэ төсөл нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Нэгд, оролцоог хангаагүй нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.1-ийг зөрчсөн. Төслийн танилцуулгад судлаачдын саналыг авсан гэж бичсэн боловч саналаа өгсөн судлаач хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй байгаа. Хоёрт, уг хуулийн 8.1-т заасан “УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилга гаргахдаа УИХ-ын бүрэн эрхийн хугацааг сунгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг 5 жил байна гэж бичжээ. Хуулийн илэрхий хориглолтыг үл тоосон. Гуравт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил нь дур зоргын байж болохгүй гэсэн уг хуулийн 5.1.4-ийг зөрчсөн.Дур зоргын биш гэдэг нь нэг талаар хуульд нийцсэн байх, нөгөө талаар үндэслэлтэй хандах гэсэн үг. Хууль яаж зөрчсөн талаар түрүүн хэлсэн. Мөн, судалгаа, үндэслэл нь тодорхойгүй зохицуулалт олон байна. Жишээ нь, Эх хууль, 9 яам, УИХ-ын 99 гишүүн гэдэг ч юм уу 9-ийн тооны билэгдлийг бодож оруулсан гэх зүйлс оржээ. Ардчилсан нийгэмд Үндсэн хуулиа ийм юм хэлж өөрчилдөггүй. Уг нь, эдгээр өөрчлөлтийн судалгаа, үндэслэл юу вэ гэдгийг хэлэлцэх ёстой л доо. Дөрөвт, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 13.1-ийг зөрчсөн төсөл оруулсан. Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш30-аас доошгүй хоногийн дараа санал асуулга явуулна гэснийг зөрчиж, Ажлын хэсэг 11-р сарын 6-нд төслөө өргөн барьчхаад УИХ-ын шийдвэр ч гараагүй байхад 20-хон хоногийн дараа буюу 11 сарын 26-нд санал асуулга явуулна гэсэн. 30 хоног өгч байгаа нь иргэд ямар өөрчлөлт хийх гэж байгаа талаар мэдээлэл олж авах, бодох, саналаа солилцох, мэргэжилтнүүдийн байр суурийг сонсоход зориулагдсан юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу төслийн 1-р хэлэлцүүлгийг хийж УИХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүйн саналаар, 2-р хэлэлцүүлгийг хийж УИХ-ын нийт гишүүдийн 3/4-өөс доошгүйн саналаар дэмжсэний дараа санал асуулга явуулах зохицуулалттай. Гэтэл, эдгээр хэлэлцүүлгээ ч хийгээгүй байж санал асуулга явуулах төсөл өргөн барьчихсан нь энэ өөрчлөлтийг үнэхээр хийх зорилготой байсан эсэхэд ч эргэлзэхэд хүргэж байна. Процессын талаас нь ярихад ийм их асуудал байна, агуулга талаас нь ч засах зүйл бишгүй.

Tuesday, December 8, 2015

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл - 2015.12.01

Үндсэн хуулийнхаа үр шимийг дор хаяж 50 жил турших хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй Үндсэн хуулийн өөрчлөлт болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой олон ээдрээтэй асуудал үүсч болохыг мэргэжлийн судлаач, улстөрчид хэлж байна. Таны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсвэл оруулахгүй байх ямар бодит үндэслэл байна вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүрэн эрх УИХ-д байгаа. Аль ч парламентад энэ бүрэн эрх байдаг. Парламентын гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэг авч байж тухайн парламент Үндсэн хуулиа өөрчилдөг. 
Миний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан гишүүдийн нэг биш. Гэхдээ УИХ-аар энэ асуудал ороод ирвэл зүйл заалт болгоныг нь дэмжиж кнопоо дарах гэж яарахгүй. Учир нь нухацтай бодож үзэх, аажуу хэлэлцэх маш олон асуудлыг хэтэрхий богино хугацаанд хэлэлцээд явах вий гэсэн болгоомжлол байгаа.
Давчуу хугацаанд яарч хийсэн үндсэн өөрчлөлт улс орны ирээдүйн 20, 30 жилийн амьдралыг тодорхойлно гэдэг утгаараа надад болгоомжлол төрүүлээд байгаа юм. Аливаа орны ардчилал төлөвшихийн тулд ардчилсан институцууд төлөвших хэрэгтэй байдаг. Ардчилсан институц гэдэгт мэдээж ИТХ, Засаг дарга, Засгийн газар, УИХ болоод улс төрийн намууд багтаж байдаг. 
Мөн улс төрийн сонголтод оролцож буй иргэд гээд ардчилсан процесст оролцож байгаа бүх субъектийн төлөвшил жигд, хялбархан явагдаж чаддаггүй. Тодорхой хэмжээний төлөвшил парламент дээр байлаа гэхэд яг түүнтэй адил эрх хэмжээг орон нутагт хэрэгжүүлж байгаа ИТХ дээр тэр төлөвшил нь өөр цаг хугацаанд явагддаг.
Парламентыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын төлөвшил нь тус тусдаа өөрийн онцлогоор зохион байгуулагддаг. Энэ бүхнээс үндэслээд үзвэл бид 1992 онд үндэсний зөвшилцлөөр бүтээсэн Үндсэн хуулийнхаа үр шимийг бүрэн үзэж чадаагүй гэж хэлнэ.

Улс төр судлаач С.Мөнхбат - 2015.11.27

Үндсэн хуулийн өөрчлөлт “алаг цоог” байна

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, судлаач С.Мөнхбаттай Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.  
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг чуулганаар яриад эхэллээ. Нэлээд олон шүүмжлэл гарч байгаа ч хамгийн гол нь энэ өөрчлөлт ард түмний дэмжлэгийг авч чадах уу гэдэг эргэлзээ байна. Үүний тулд ард нийтийн санал асуулга явуулна гэж байгаа. Гэхдээ энэ мэт хүчин зүйлсээс үүдэлтэйгээр Үндсэн хуулийн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны хувьд боломжгүй болчихов уу гэж харж байна. Та судлаачийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Цаг хугацааны боломж байхгүй. Нэгдүгээрт, сарын дараа он гарах гэж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард түмэн ямар ч мэдээлэлгүй байна. Ард түмэн мэдээлэлгүй байгаа үед ямар томъёоллоор санал асуулга явуулах вэ гэдэг нь ч тодорхойгүй байгаа. Ийм үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь эргээд ноцтой үр дагавар бий болгож болзошгүй. Үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцүүлээд, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиудыг өргөн барьсан. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд бусад органик хуулиудыг өргөн барьж байгаа нь хэт цаг хугацаанд шахагдсан. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг өөрчлөх дэс дараалал, процедурын хувьд жудаггүй зүйл болоод байна л даа. Тийм учраас судлаачид бид ямар байр суурьтай байгаа вэ гэхээр Үндсэн хууль өөрөө нийгмийн зөвшилцөл, гэрээний биелэл болсон улс төрийн эрх зүйн том бичиг баримт. Үүнийг өөрчлөхийн тулд заавал ард түмний байр суурийг ойртуулах ёстой. Мөн парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намуудын байр суурийг нэгтгэх ёстой. Ажлын хэсгийн есөн гишүүн хуулийн төслийг өөрчлөн найруулж, өргөн барьчихаад, түүнийгээ батлуулаад явна гэдэг боломжгүй зүйл.