Friday, February 26, 2016

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Академич Ж.Амарсанаа - 2016.02.22


Иргэн Д.Ламжав - 2016.02.22

Цэцийн гишүүн Ж.Амарсанааг эгүүлэн татах УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн 65.4 заалтыг зөрчиж байгаа тухай

Энэ сарын 15-26-ны хооронд хуралдахаар товлосон ээлжит бус чуулган төлөвлөсен олон асуудлынхаа хамгийн эхнийхийг буюу Цэцийн гишүүнийг эгүүлэн татах зорилготой ганцхан "Дээд шүүхийн санал” гэгчийг хам хум хэлэлцэн дээрх тогтоолыг батлаад завсарлав.

УИХ-ын зүгээс "Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах Улсын Дээд шүүхийн санал" гэж нэрлээд байгаа, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны нэгдүгээр сарын 26-ны 1/358 тоот албан бичгийг Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь УИХ-д танилцуулжээ.Уг албан бичигт  " УИХ-ын Тамгын газрын өрөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас ирүүлсэн 2016 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 14/214 дугаартай Үндсэн хуулийн Цэцийн гишүүний талаарх албан бичигтэй танилцлаа. Түүнд ... Цэцийн дарга Ж.Амарсанаагаас... Их Хурлын даргад хандаж хүргүүлсэн 2016 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 1/42 дугаартай албан бичиг нь холбогдох хуулийг зөрчсөн нь тогтоож байгааг дурджээ. Уг асуудлаар ... Их Хурал хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зохих шийдвэр гаргахад ... Дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэжээ. 

Thursday, February 25, 2016

Иргэн Д.Ламжав - 2016.02.25

Цэцийн дараагийн даргын талаар ярих болоогүй

УИХ болон Үндсэн хуулийн Цэцийн хооронд үүссэн маргаан яах аргагүй энэ сарын онцлох сэдэв. Тиймээс бид Цэцийн даргыг эгүүлэн татах тухай УИХ-аас гаргасан тогтоол Үндсэн хуулийг хэрхэн зөрчиж байгаа талаар иргэн Д.Ламжавтай ярилцлаа. Түүний хувьд Цэцийн дарга Ж.Амарсанааг ээлжит бус чуулганаар огцруулсан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх гомдлыг энэ сарын 23-нд Цэцэд гаргаад байгаа юм.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн даргыг эгүүлэн татах тогтоол гаргасныг УИХ дахь цөөнхийн бүлэг Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Уг асуудлаар нэгэн иргэн Цэцэд гомдол гаргасан гэсэн. Энэ нь та байжээ?
-Би өргөдлөө энэ сарын 23-нд Үндсэн хуулийн Цэцэд хүргэж өглөө. УИХ-ын ээлжит бус чуулганаар Цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай хэлэлцэж, тогтоол баталлаа. Тэр тогтоол Үндсэн хуулийн 65.4 дэх заалтыг зөрчлөө. Ингэхдээ бүр ноцтой зөрчсөн шүү гэсэн агуулгатай өргөдлийг бичлээ. Үндсэн хуулийн 65.4-т юу гэж заасныг бүтнээр нь харах ёстой. Тэнд Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэж заасан байдаг. Үүн дээр л маш олон зөрчил гарч байгаа юм. Урьд өмнө нь хэзээ ч ийм бүдүүлэг байдал үүсч байгаагүй. Шүүхүүд ялангуяа өндөр төвшний шийдвэр гаргадаг Үндсэн хуулийн Цэцийг түүнчлэн Үндсэн хуулийг өөрийг нь хамгаалах хоёр төрлийн чухал заалтыг хийх ёстой гэж үздэг. Тодруулбал, байгууллага болон гишүүнийг нь хамгаалах гэсэн механизм байдаг. Үндсэн хуульд хамгаалалтын зарчмыг заасан байна. Жишээлбэл, Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн оролцоогүйгээр шийдэж болохгүй. Гэтэл УИХ ямар ч оролцоогүйгээр Үндсэн хуулийг зөрчиж тогтоол гаргалаа.

Эрхзүйч М.Төрбат - 2016.02.23

УИХ-ын дарга Үндсэн хуулийн толгой дээр "заларлаа"

Эрхзүйч М.Төрбаттай ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганы энэ сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах шийдвэр гаргасан. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ шийдвэрийг маш товчоор дүгнэхэд ардчилсан Монгол Улсад Үндсэн хуулийг дээдлэх ёс үгүй болгосон өөрөөр хэлбэл, манай улсад хуулийн засаглал биш эрх мэдэлд шунасан нэг хүний засаглал бий болж байгааг энэ шийдвэр нотоллоо. Харин нөгөө талаараа ард иргэд нэгдэн Үндсэн хуулиа хамгаалах зайлшгүй шаардлагатайг харууллаа гэж дүгнэж байна.

-Тэгэхээр та Үндсэн хуулийн Цэцийн даргыг Үндсэн хууль зөрчин эгүүлэн татах шийдвэр гаргасан гэж үзэж байна уу?
-Тийм. Үндсэн хуулийн 65.4 дэх хэсэгт "Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно" гэж хоёрдмол утгагүйгээр хуульчилсан байдаг. Гэтэл энэ шаардлагын алийг нь ч хангаагүй байхад Цэцийн даргыг эгүүлэн татах шийдвэр гаргасан. Үүнийг хэн ч ойлгоно.

-Үндсэн хуулийн Цэцийн даргыг хууль зөрчсөн гэдгийг тогтоосон албан бичгийг Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн гэсэн. Энэ ямар учиртай юм бол?
-Цэцийн даргыг хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга тогтоолоо гэсэн агуулгатай бичгийг Улсын дээд шүүхэд илгээсэн байдаг. Үүний хариуд Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт  "Энэ талаар тусгайлан саналгүй" гэсэн бичгийг УИХ-д хүргүүлсэн.Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байхгүй гэсэн үг.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин - 2016.02.19

Ж.Амарсанаа Цэцийн гишүүдээ хууль зөрчихөд хүргэсэн

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаагийн хууль зөрчсөн үйлдэл болон эгүүлэн татах хуулийн үндэслэлийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татах асуудал дээр УИХ-д болон иргэдийн дунд маргаантай, зарим талаар ойлголтын зөрүүтэй, талцал байна. Энэ маргааныг тойроод гурван асуудал байна. Нэгдүгээрт цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын санал зэрэгт тавигдах шаардлага мөн үү, гүй юу. Өөрөөр хэлбэл ҮХЦ-ийн дарга, гишүүд хууль зөрчсөн бол зөрчсөн асуудлаар нь цэц шийдвэр гаргах ёстой. Анх илгээсэн байгууллага санал гарах ёстой. Энэ хоёр цугтаа байж асуудал явах ёстой гэж зарим хүмүүс тайлбарлаж байна. Хоёрт нь дээд шүүхийн санал нь “санал” мөн байсан уу үгүй юу гэж маргаж байна. Дээд шүүхийн саналыг УДШ-ийн Ерөнхий шүүгч гаргах ёстой байсан уу, эсвэл УДШ-ийн нийт гишүүн хуралдаж гаргах ёстой байсан уу гэдэг маргаан явж байна. Гуравт нь ҮХЦ-ийн  даргыг хууль зөрчсөн гэдгийг хэн тогтоох вэ гэдэг маргаан байна. Үүнээс бусад нь хийрхэл маягтай байна. Энэ гурван асуудал дээр тайлбар хийе” гэлээ.
УИХ-ын гишүүний тайлбарыг хүргэж байна.

Thursday, February 4, 2016

Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг - 2016.01.29


Иргэн Д.Ламжав - 2016.02.03


Иргэн Д.Ламжав - 2016.02.04

Үндсэн хуулийн бус аргаар шүүхийг атгачихвал их буруу үйлдэл

Ж.НАРАНГЭРЭЛ 

Цаг үеийн асуудлаар иргэн Д.Ламжавтай ярилцлаа. Олон нийт түүнийг “иргэн” гэх тодотголоор нь илүү сайн таньдаг авч МСДН-ыг үүсгэн байгуулалцаж, анхны Үндсэн хуулийг батлалцаж явсан АИХ-ын депатутын нэг гэдгийг тэр бүр мэддэггүй юм билээ. 

-Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой маргааныг та хамгийн сайн мэдэж байгаа. Учир нь та Цэцийн, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх, УИХ-ын Дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай гурван хууль Үндсэн хууль зөрчиж байна гэх мэдээлэл, өргөдлийг Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлсэн. Энэ асуудал одоо Цэцийн даргын суудлаар шийдэгдэх мэт харагдах боллоо. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэгэнт гурван хууль Үндсэн хууль зөрчиж байна гэдэг гомдол хүргүүлснээрээ би УИХ дээр маргаан үүсгэчихсэн яваа. Цэцтэй холбогдсон гурван хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтүүд нь Цэцийн улмаар шүүхийн тогтолцооны институцийн хараат байдалд оруулах хуулиуд байсан учраас Цэцэд өргөдөл гаргасан юм.
Тиймээс Цэц энэ өргөдлөөр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн. Үүнтэй холбогдоод УИХ-ын зүгээс шуудхан хэлэхэд үндэслэл муутай үг хэл гаргаж эхэлж байна. Асуудлын мөн чанар нь би Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу УИХ-аар баталсан хуулиуд нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг тодорхой өргөдөл гаргасан. Цэц Үндсэн хуулиар олгогдсон өөрийнхөө бүрэн эрхийн Xүрээнд маргаан хянан, шийдвэрлэх ажиллагааг үүсгэсэн байгаа.
Миний өргөдлийн шаардлагыг Цэцээс өнгөрсөн сарын 20-21-ний орчимд “энэ асуудалд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа” гэдэг агуулгатайгаар УИХ-д хүргэсэн юм билээ. Ингээд хөөгөөд үзэхээр хууль баталсан учраас УИХ хариуцагч, би нэхэмжлэгч болж байгаа юм.
УИХ миний өргөдөлд хуулийн тайлбар явуулах ёстой, хариуцагчийн итгэмжлэгдсэн томилох учиртай. Энэ тайлбарыг ирүүлэх хугацаа нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэгдүгээр сарын 29. Гэтэл өнөөдөр хоёрдугаар сарын гурван /өчигдөр/. Би өчигдөр /хоёрдугаар сарын 2-нд/ Цэцээс магадалж асуусан.
Хариуцагчийн зүгээс Цэцэд ирүүлэх хуулиар оногдсон үүрэг байхгүй. Энэ байдал Цэцийн Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай хянан шийдвэрлэх үйл ажиллагааг саатуулах зорилготой байж болох юм. Хэрвээ тийм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т заасны дагуу хүсэлт гаргая гэж бодож байгаа. 
Миний өргөдөл бол хоёр удаагийн хурал болохоор болсон. Өмнө нь 2010 онд Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн заалтыг буцаан сэргээж оруулсан. Ингэж оруулахдаа нөгөө зөрчлийг нь улам бүр нэмэгдүүлсэн байгаа юм. Тухайн асуудалд Цэц шийдвэр байна гэдэг нь Үндсэн хуулийн шийдвэр л гэсэн үг.

Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүний нэг, МУИС-ийн зөвлөх профессор Ж.Бямбаа - 2016.02.02

Хуулийн салбарыг улс төрийн тоглоомын талбар болгох боломжийг нээчихлээ

Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүний нэг, МУИС-ийн зөвлөх профессор Ж.Бямбаатай ярилцлаа.

-Ярицлагаа УИХ, Үндсэн хуулийн Цэц хооронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар эхэлье. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Нэгдүгээрт, Цэц, УИХ хооронд үүссэн нөхцөл байдал уг нь хоёр хүний маргааны асуудал биш гэж би бодох юм. Монголын улс төрийн тогтолцоо ямар байх вэ гэдэг үзэл бодол эцэстээ улс төрийн тоглоом болоод хувирчихлаа. Хамгийн гол нь, Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг санаачлагч нь Х.Тэмүүжин байсан нь надад сонин санагдсан.

-Яагаад гэж?
-Х.Тэмүүжин бол Шүүхийн шинэтгэлийн багц хуулийг санаачилсан хүн. Миний мэдэхийн найман хуулийн цөм болсон нь Цэцэд очоод сөхөрсөн. Тэдгээр асуудал нь Үндсэн хуульд нийцээгүй, Үндсэн хуульд байгаагүй үг, санааг илэрхийлсэн гэсэн үг. Нэг ёсондоо Х.Тэмүүжин түүний баг нэлээд бярдаж байгаад бүдэрсэн хэрэг. Хүн хүч чадалтай болоод ирэхээрээ омогтой болдог. Намайг багшилж байхад Х.Тэмүүжин улс төр, онолын асуудал сонирхдог, сурлагадаа ч сайн оюутан байсан. Эрүү, эрхзүй сонирхож байсан эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан манай хүчтэй шавийн нэг гэж хардаг л байлаа. Тэр битгий хэл Монголын төрд их хэрэгтэй хүн болно гэж нэг бус удаа ярилцлага өгч явлаа. Сайд болоход нь ч бас буухад нь ч тэр. Хамгийн гол нь, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрүүд их үндэслэл сайтай, ойлгомжтой байх ёстой. Эрхзүйн, ердийн ухамсрын төвшинд ч бүрэн ойлголт өгөх ёстой. Гэтэл Цэцийн шийдвэрүүд ойлгомжгүй байна гэсэн яриа УИХ-аас байнга гардаг. Хуульчид бид болохоор ойлгоод байдаг юм. Ер нь Цэцийн шийдвэрийг жирийн төвшинд сайн ойлгосон тохиолдолд ямар нэгэн маргаан гарахгүй л дээ. Цэц гаргасан шийдвэрээ Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаад, хамгаалаад, мэтгэлцээд байх хууль зүйн үндэслэл байхгүй, ёс зүйн хувьд ч шаардлагагүй. Шийдвэрийнхээ үндэслэлийг гаргаад ирэхэд л болно шүү дээ.

Tuesday, February 2, 2016

Цэц: Харанхуй дээрээ дарангуй

2016 оны 1 сарын 27

Монголчууд “долоо дордох” гэж ярьцгаадаг. Өнгөрсөн хэдэн өдрүүдэд УИХ болон Үндсэн хуулийн Цэцийн хооронд болсон маргаанаас үүдээд манай Цэц яаж “долоо дордож” болдогийг энэ байгууллагыг удирдан чиглүүлж буй нөхөд харин ч нэг “утгаар нь” үзүүлж байна. “Үндсэн хуулийн Цэц хэдхэн хүний хувийн компани болсон. Хувьцаат компани ч ийм байхгүй” гэж хэлсэн Х.Тэмүүжин гишүүний үг үнэн мэт.

Өнгөрөгч лхагва гариг буюу 2016 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ Цэцийн тухай хуулийн өөрчлөлт болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан билээ. Энэ хоёр хуульд өөрчлөлт оруулснаар Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, төвийг сахих, Цэцийн гишүүд талуудын аль нэг талд орж урьдчилсан дүгнэлт хийхгүй байх, Цэцийн гишүүдийн тэгш эрхийг хангах үүднээс олонхийн шийдвэрээс ялгаатай байр суурь илэрхийлсэн Цэцийн гишүүн тусгай санал бичих, Цэцийн гишүүнээр ажиллах насны дээд хязгаарыг төрийн албаны хуульд заасанчлан 65 насаар тогтоох зэрэг зарчмыг хуульчилж өгсөн билээ.

Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүдийн зүгээс хамгийн их маргаан дагуулсан сэдэв нь насны дээд хязгаар бөгөөд Цэцийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, Цэцийн гишүүн нь маргааныг шийдвэрлэхдээ төвийг сахисан байр сууринаас хандах, тусгай санал бичих зэрэг заалтууд харин ч их дэмжлэг авсан гэж болно. Монгол Улсын Үндсэн хуульд “Цэцийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байна” гэж заасан боловч сүүлд гарсан Цэцэд маргаан хянан шийдвэрлэх журмын тухай хуулиар “Хуралдааны тэмдэглэл байгууллагын нууцад хамаарна” хэмээн зааснаар зөвхөн маргалдагч хоёр тал болон маргааныг шийдвэрлэсэн Цэцийн гишүүдээс бусдад уг мэдээлэл хаалттай болсон юм.

Харин хаалттай хаалганы цаана чухам юу яригддагийг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Цэцийн хуралдаанд оролцсон Х.Тэмүүжин гишүүн зах зухаас нь дэлгэсэн билээ. “Lexus-570”-ийн үнэтэй гэгдээд байгаа “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах эрхгүй” гэдэг дүгнэлтийг Цэцээс гаргасан /үүний дараа сайд С.Баярцогтыг огцруулах тухай О.Баасанхүү гишүүний саналыг УИХ авч хэлэлцээд ”хуулийн үндэслэлгүй” хэмээн үзсэн билээ/ уг хуралдаан дээр хуралдаан даргалагч нь УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг “Танай Засгийн газар ийм бодолтой байхад асуудлаа нам дотроо ярихгүй наашаа ирж маргалаа” хэмээн загнасан байдаг. Өөрөөр хэлбэл тэр өдөр Цэц гуай Засгийн газрын захиа даалгаврыг гүйцэлдүүлжээ гэсэн үг. Үгүй ядахдаа л маргалдагч талуудад тийм ойлголт өгөхийг чармайсан байх нь. “Миний ард АН, Засгийн газар байгаа шүү” гэж. Гэвч уг мэдээллийг шалгая гэхээр “Цэцийн хуралдааны тэмдэглэл байгууллагын нууцад хамаарна” гээд журамдаа заачихсан учраас үзэх боломж байдаггүй.

Уг нь бол манайхаас бусад орны Үндсэн хуулийн шүүхүүдийн хуралдааны тэмдэглэл болон бусад мэдээлэл нийтэд үйлчилдэг номын сангуудад нээлттэй тавигдаж, энэ чиглэлээр суралцдаг оюутнуудад гарын авслага, судлаачдын хувьд ач холбогдол бүхий судлагдахуун болж, эргээд Үндсэн хуулийнхаа хөгжилд маш том түлхэц болдог аж. Тиймээс сая шинээр батлуулсан хуулийн өөрчлөлтөөр Цэцийн хуралдааны тэмдэглэлийг ил болгож, сонирхсон хувь хүн болон маргаандагч талуудад нээлттэй гаргаж өгөхөөр хуульчилсан байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин - 2016.01.28

Үндсэн хуулийн цэц хувийн компани биш

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Өнгөрөгч лхагва гаригт УИХ Үндсэн хуулийн Цэцийн тухай болон холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулсан. Яг ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
-Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, УИХ-ын дэгийн тухай гэсэн гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Сүүлийн 25 жилийн турш маш их маргаантай байсан Үндсэн хуулийн Цэц шүүх мөн үү, биш үү гэдэг асуудал. Үндсэн хуулийн Цэц өөрийгөө “Бид бол шүүх” гэж үздэг, шүүхийн хэмжээний өндөр эрх мэдлийг авсан байгууллага. Хэрэв тийм бол тэр эрх мэдэлтэй нь ижил хэмжээний процессын шударга байдал, хариуцлага шаардах ёстой. Тиймээс шүүхийн хамгийн наад захын шаардлага болох төвийг сахих, ил тод нээлттэй байх зарчмыг хуулиар зохицуулсан. Шийдвэр гаргахтай холбоотойгоор Цэцийн гишүүн тусгай санал бичих эрхийг нь оруулж ирсэн. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд бүгдээрээ ижил тэгш эрхтэй. Хэн нэг дарга дээр нь гарчихаад бусдыгаа командлаад байж болохгүй. Шийдвэр гаргахдаа ч бүгд ижил тэгш оролцоно. Олонхийн саналаас ялгаатай байр суурьтай байгаа бол түүнийгээ тусгай саналаар илэрхийлэх нь шүүхэд байдаг стандарт зарчим. Үүнийг тусгаж оруулж ирсэн. Өөр нэг зүйл нь Цэцийн гишүүдийн тэтгэврийн настай холбоотой.

-Цэцийн гишүүдийн тэтгэврийн насыг 65-аар хязгаарласан. Өмнө нь ийм хязгаар байгаагүй. Гэтэл шинээр ийм хязгаар оруулж ирсэн нь ямар шалтгаан, үр дагавартай вэ?
-Төрийн албаны хуульд маш тодорхой заачихсан байдаг. Төрийн алба хаах насны дээд хязгаарыг 65 гээд заачихсан байгаа. Энэ хууль төрийн байгууллагын бүх шатанд үйлчлэх ёстой. Үндсэн хуулийн шүүх бүхий улс орнууд Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийг томилохдоо хамгийн дээд тал нь 12 жилээр томилдог. Есөн жилээр томилдог улсууд ч байна. Харин манайд хорин хэдэн жилээр томилогдоод ажиллаж байгаа. Сая Герман улс хүртэл Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр ажиллах насыг 67 насаар хязгаарлачихлаа. Насны хязгаар бол олон улсад байдаг жишиг. Өөрсдийгөө Үндсэн хуулийн шүүх гэж хэлж байгаа бол шүүхэд байдаг наад захын стандартыг мөрдөхгүй байж болохгүй. Эрх мэдлээ авахдаа шүүх мөн гэж авчихаад дагаад гарч ирэх ил тод байдал, хариуцлага ороод ирэхээр мөрдөхгүй гэж хэлж болохгүй. Шүүх юм бол шүүх шиг л байх ёстой биз дээ.

-Үндсэн хуулийн Цэц шүүх мөн, биш гэсэн маргаан байдаг. Саяын баталсан хуулиар шүүх мөн гэж үзсэн гэсэн үг үү?
-Шүүхийн эрх мэдлийн хэмжээтэй байгаа учраас шүүгчдэд тавьдаг шаардлагуудыг тавилаа. Гэхдээ манай Үндсэн хуулийн Цэц яг ч шүүх биш л дээ. Хэрвээ шүүхэд байдаг стандартыг тавих юм бол Үндсэн хуулийн Цэцэд байгаа бүх хүн ажлаа өгнө. Хэрвээ Цэц шүүх гэж үзэх юм бол Цэцийн гишүүд бүгд шүүгчээр томилогдох болзол хангах ёстой. Гэтэл шүүгчийн болзол хангах битгий хэл хуульч биш хүн Цэцэд ажиллаж л байгаа шүү дээ. Шүүхэд мэргэжлийн хуульчид ажилладаг. Мэргэжлийн хуульч төдийгүй шүүгч хийхийн тулд маш олон шалгуурыг хангасан байхыг шаарддаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Академич Ж.Амарсанаа - 2016.01.29