Үндсэн хуулийн эдийн засгийн шинэчлэл хийх хэрэгтэй
Үндсэн хуулийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдөртэй холбогдуулан Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн хорооны гишүүн, хуульч Д.Оросоогоос зарим зүйлийг тодрууллаа.
-Үндсэн хуулийн эдийн засгийн зохицуулалт сул гэж судлаачид ярьдаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалгаа хийж байгаа. Эдийн засгийн талаар ямар зохицуулалт тусгах нь зүйтэй гэж үзэж байна вэ?
-Үндсэн хууль, эдийн засаг хоёр салшгүй уялдаатай. Бид Үндсэн хуулийн эдийн засгийн шинэчлэл хийх цаг болсон гэж үзэж байна. Ер нь Үндсэн хуулийн эдийн засгийн онолд улс орны төсөв, татвар, өр зээл, байгалийн баялагтай холбоотой эдийн засгийн гол асуудлыг шийдвэрлэх зарчим, стандарт, хязгаарлалт, зохицуулалтыг Үндсэн хуульд заавал тусгаж өгөх ёстой гэж үздэг.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар төрийн эдийн засгийн эрх мэдлийг хянаж, хязгаарлах ёстой гэдэг юм. Төрийн эдийн засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар хянаж хязгаарлаагүйгээс төр дур зоргоор ажиллах үндэс бүрдэж, улмаар улсын төсвийг алдагдалтай батлах нь хэвийн үзэгдэл болж хувирдаг, чөлөөт зах зээлийн зарчмаар явж буй бизнесийн үйл ажиллагаатай төр хутгалдаж, хувийн хэвшилтэй өрсөлдөнө, байгалийн баялгаа өөрсдөө ашиглаж чадахгүй даяаршлын эргүүлэгт алдчихна, өрийн дарамтад орох өндөр эрсдэл учирдаг нь нэгэнт тодорхой болсон зүйл. Ийм үр дагавар бий болдог учраас Үндсэн хуульд эдийн засагтай холбоотойгоор төрийн эрх мэдлийн хязгаарлалт, стандарт, зарчмыг тусгах шаардлагатай.
-Жишээ нь, Үндсэн хуульдаа ямар заалт тусгаж, төрийн эрх мэдлийг хязгаарлаж болох вэ?
-Зарим улс Үндсэн хуульдаа эдийн засгийн онолын зарчмыг суулгаж өгсөн байдаг. Жишээ нь, “Төсвийн орлого, зарлага тэнцвэртэй байна” гээд Үндсэн хуульдаа заасан нь хэзээ ч төсвөө алдагдалтай батлах боломжгүй болдог. Мөн Парламент Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийг өөрийн дураар нэмэхгүй, зөвхөн хянаж батална гэж тусгасан байх жишээтэй.
Гэтэл манай Үндсэн хуульд ийм заалт байхгүй. Тиймээс Засгийн газрын боловсруулж, өргөн мэдүүлсэн төсвийг УИХ өөрийн үзэмжээр нэмж танигдахын аргагүй болтол өөрчилдөг. Ингэхээр Засгийн газрын хэрэгжүүлэх гэж зорьсон бодлого, үйл ажиллагаа эдийн засгийн утгаараа алдагдаж, улстөрчдийн тойрогтоо зарцуулах мөнгөний төсөв болж байгаа юм. Парламентын эрх хэмжээг төсөвтэй холбоотойгоор Үндсэн хуулиар ингэж хязгаарладаг зарчим байна.
-Уг нь манай улс Төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хууль баталж байсан шүү дээ. Яагаад заавал Үндсэн хуульд хязгаарлалт тусгах ёстой вэ?
-Салбар хуулийг амархан өөрчлөөд баталчихна. Үндсэн хуулийг маш өндөр босготойгоор өөрчилдөг учраас дагаж мөрдөхөөс өөр аргагүй. Манай Үндсэн хуульд эдийн засагтай холбоотойгоор төрийн эрх мэдлийн зохицуулалт харьцангуй ерөнхий хийгээд бага тусгагдсан байгаа юм.
Эцэстээ манай улсад төсөв, санхүүгийн сахилга бат алдагдаж, байгалийн нөөцийг ашиглахтай холбоотой эргэлзээтэй шийдвэр ил тод биш гаргаад байгаа нь бид эдийн засгаа Үндсэн хуулиараа бүрэн хамгаалж чадаагүйг харуулж байна. Тиймээс Үндсэн хуулийн эдийн засгийн зарчим, стандартыг Үндсэн хуульдаа тусгаж, шинэчлэл хийх шаардлагатай.