Ардчилсан нам Үндсэн хуулийг “сүхдэж” гол судсыг нь тасаллаа
-УИХ-ын ээлжит бус чуулган нээлтийг хийлгэхгүй гэж танай намынхан дөрвөн өдөр гацаасан. Гэвч Баасан гаригт чуулганы нээлтийг хийнгүүтээ Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эргүүлэн татах тогтоолын төслийг хэлэлцээд чуулганаа хаачихсан. Эндээс харахад ээлжит бус чуулганы гол зорилго нь Үндсэн хуулийн Цэцийн даргыг чөлөөлөхөд чиглэгдсэн байжээ гэсэн хардлагыг улс төрийн хүрээнийхэнд төрүүлэх болсон. Танай намын бүлэг Үндсэн хуулийн Цэцийн даргыг чөлөөлсөн УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа?
-УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн тухай өргөдөл Цэцэд оччихсон байгаа. Цэцийн дүгнэлт гарчих вий гэж эмээж, эрх мэдлээ ашиглаж ээлжит бус чуулган гэгчийг зарласан. Тэр чуулганаар бараг 30 шахам хуулийг хэлэлцэхээр эх оронч дүр эсгээд, эцсийн дүндээ айлган сүрдүүлэх, хууран мэхлэх аргаар ирц бүрдүүлж, Үндсэн хуулийн Цэцийн даргыг хугацаанаас нь өмнө хөөж явуулах шийдвэр гарангуут тэр оройноо чуулганыг тараалаа. Ардчилсан нам энэ увайгүй үйлдэл, шийдвэрээрээ Үндсэн хуулийг “сүхдэж”, түүний амин сүнс нь болсон “эрх мэдэл хуваарилах” замаар засаглал тэнцвэртэй, төр тогтвортой байх зарчмыг устгалаа. 1998 онд АН мөнгөнд шунахдаа Эрдэнэт үйлдвэрийн хаалгыг сүхдэж эзэлж авч байсан. Энэ удаад Үндсэн хуулийг сүхдэж төрийн бүх эрх мэдлийг ямар ч хяналтгүй эзэгнэх улс төрийн үйлдэл хийлээ.
Ээлжит бус чуулган гэгчийн тухайд цөөн үг хэлье. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд ээлжит бус чуулган олон удаа хуралдаж байгаагүй. Сүүлийн хоёр удаагийн ээлжит бус чуулган гэгчийг улс төрийн хор хуйвалдаан зохион байгуулах зорилгоор хийлээ. 2015 оны зуны ээлжит бусаар зарим сайд нарыг засгаас хөөж явуулах, Өршөөлийн тухай хууль батлах, сая Үндсэн хуулийн Цэцийн даргыг хөөж явуулах зорилгоор зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл, УИХ удирдаж байгаа хүн муу юм хийхийн тулд зарладаг ийм чуулган болж хувирлаа.
Үндсэн хуулийн заалтаар бол УИХ-ын ээлжит чуулган жилд хоёр удаа хуралддаг. Тухайн чуулганы төгсгөлд дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлыг товлодог. Засгийн газар болон УИХ-ын гишүүд нь түүндээ бэлтгэдэг ийм дэг журамтай юм л даа. Сүүлийн хоёр ээлжит бус чуулган бол Монгол Улсын төрийн түүхэнд, тэр тусмаа УИХ-ын түүхэнд нэг хүний дураар авирлах явдлыг гааруулсан үйл явдал боллоо. Улс төрийн хуйвалдаан зохион байгуулах, хор хутгах, төрийг дампууруулах, төрийг хяналтгүй болгох ийм л зүйлийг нэг хүн дураараа зохион байгуулаад байна. Бид нар Үндсэн хууль зөрчсөн хуралдаанд оролцохгүй гээд мэдэгдэл хийгээд хуралдаанд ороогүй байсан. Тэр үеэр гишүүдийн дунд нээлттэй сонсгол нэртэй жижигхэн болхи хошин шог явлаа.Тэр дээрээ “хуулийн байгууллагын шинэчлэл хийх гэсэн чинь эд нар саад болж байна”, “халамж авдаг хүмүүсийг амьдралыг сайжруулах гэсэн эд нар хуралд орж ирсэнгүй”, “ажил саатуулж байна” гэж нэг мундаг эх оронч баахан юм ярьж байгаад шууд Үндсэн хуулийн Цэцийндаргыг чөлөөлж аваад орой нь хурлаа хаачихсан. Энэ бол эрх баригчид тэр тусмаа АН-ынхан ард түмнийг хэрхэн хууран мэхэлдгээ илчилсэн улс төрийн арчаагүй эмгэнэлт жүжиг байсны нотолгоо. Тэд үүнийхээ горыг тун удахгүй өөрсдөө амсах болно. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр бууна гэдэг үгтэй юм.
-ҮХЦ-ийн даргыг огцруулах үндэслэл байсан гэдгийг зарим хуульч гишүүд тайлбарлаж байна. Цэцийн дарга өөрөө Үндсэн хуулиа зөрчсөн нь УИХ-аас “шийтгэл” хүлээх үндэслэл болсон юм биш үү?
-Наад асуудалд чинь хариулахын тулд эхлээд Үндсэн хуулийн цэцийн мөн чанарыг ойлгох ёстой юм. Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлд “Цэц бол Үндсэн хуулийн сахиулах баталгаа бөгөөд ... зөвхөн Үндсэн хуульд захирагдана ... гишүүдийг нь 6 жилийн хугацаагаар томилно” гээд заачихсан байдаг юм. Энд Цэц хуульд захирагдана гэсэн үг байхгүй байгаа биз. Яагаад гэвэл УИХ-аас баталсан хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж зөрчсөн бол хүчингүй болгодог онцгой эрхтэй учраас тэр. Ингэж л УИХ дураар авирлахыг таслан зогсоох эрхийг Цэцэд өгсөн байдаг. Үүнийг чинь л нөгөө “эрх мэдлийн хуваарилалт, харилцан тэнцвэртэй байх” гээд байгаа юм.
Хоёрдугаарт, Цэцийн гишүүдийг ямар ч тохиолдолд зургаан жил ажиллуулах ёстой юм. Улс төрийн сонгуулийн мөчлөгийг зөрүүлж хараат бус байлгах гэж ийм заалт Үндсэн хуульд оруулсан. Гэтэл сая юу болсон бэ гэхээр Үндсэн хуулийн Цэцийн даргыг чөлөөлснөөр ҮХ-ийн хяналтыг байхгүй болгоод цэцийг өөрийг нь улс төрийн байгууллага болгох ийм л сүүлчийн үйлдлээ хийлээ. Өмнө нь зургаан жилийн хугацаатай Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг хөөж явуулсан. Одоо Үндсэн хуулийн дээд хяналт тавьдаг Цэцийн даргыг хугацаанаас нь өмнө мулталлаа. Одоо Цэцийн даргаар эдний үгнээс гардаггүй, тэдний бүх улс төрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрдөг, бүх дураар авирлах үйлдлийг нь зөвтгөсөн дүгнэлт гаргаж өгдөг хүнийг тавина. Эцсийн дүндээ улс төрийн нэг жижигхэн намын дарга Монгол Улсын Үндсэн хууль дээр гараад хэвтчихсэн ийм л үйлдэл боллоо. Энэ бол Үндсэн хуулийн эргэлт, хатуухан үгээр хэлэх юм бол төрийн эргэлт. Төрийн эргэлт гэхээр чинь дандаа цэргийнхэн төр эзэлж авахыг хэлдэг юм биш. Хууль бус аргаар Үндсэн хууль дээр, төрийн зарчим дээр гарч хэвтэхийг Үндсэн хуулийн эргэлт гэж би хэлээд байгаа юм. За яахав өнөөдөр эд нар өнөөдөр дийлж байна гэж бодоход дараагийн улс төрийн хүчин гарч ирээд эд нараас долоо доор юм хийгээд эхэлвэл яах вэ. Яг ийм үүд хаалгыг эд нээлээ. Өөрөөр хэлбэл, улс төрөөс ангид байж, улс төрийн нам түүний удирдагч нарын улс төрийн сонирхлыг үл харгалзаж, Үндсэн хуульд үнэнч байж, шийдвэр гаргадаг ийм байгууллагыг улс төрийн байгууллага болгох юм хийлээ. Энэ нь цаашдаа Цэцийг эрх ашгаараа сүлжилдсэн, сүлбэлдсэн олигархуудын эрх ашгийг хамгаалдаг улс төрийн байгууллага болгох зорилготой юм. З.Энхболдын цаад талд тав, зургаан олигарх толгойлогчтой фракцууд л байгаа биздээ. Энэ олигарх толгойлогч нар нь нийлж байгаад бүхний дээр гарах сонирхолтой байна. Үндсэн хуулийн Цэц гэдэг чинь техникээр ярих юм бол Үндсэн хуулийн “гал хамгаалагч” гэсэн үг шүү дээ. Үндсэн хуулийг гадны гэмт, ёс бус үйлдлээс хамгаалдаг гал хамгаалагчийг нь сая шатаагаад хаячихлаа. Улс төрийн үр дагавар нь энэ юм. Тэгээд чөлөөлөхдөө дандаа хууль зөрчиж хийсэн. Ж.Амарсанаа гэдэг хүнийг анх илгээсэн байгууллагын (Дээд шүүх) санал, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр хоёрыг авч үзээд хоёулаа “За” гэж хэлсэн бол хугацаанаас нь өмнө чөлөөлөх процесс явагдах ёстой. Дээд шүүх гэдэг ганц Ц.Зоригт биш. Дээд шүүх гэдэг чинь Ц.Зоригт дээр нэмэх нь 25,26 гишүүн байх ёстой. Энэ 25,26 гишүүн хуралдаад санал хурааж байж эргүүлэн татах эсэхийг шийддэг. Гаргасан саналаа цэцэд өгнө. Цэц тухайн саналын зөв гэж үзэх юм бол манай хүнийг чөлөөлнө үү гэсэн саналыг УИХ-д оруулж ирж байж шийдэх ёстой. Ийм бүх цоож байхгүй болсон.Үндсэн хуулийг хамгаалсан бүх цоож байхгүй болсон.